Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2020/00968

 

 

 

 

 

2020 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2020/00968

 

 

Б.Р - групп ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2020/00417 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Р - групп ХХК-ийн хариуцагч Д. П ид холбогдуулан гаргасан түрээсийн гэрээний үүрэгт 271 000 000 төгрөг гаргуулах иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Түвшинжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Р - групп ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Д. П той 18/02 дугаар түрээсийн гэрээ байгуулж, БНСУ-д үйлдвэрлэсэн Хьюндай робэкс /Hyundai robex/ маркийн 2****Н улсын дугаартай экскаваторыг сарын 30 000 000 төгрөгөөр 5 сарын хугацаатай түрээслүүлэхээр тохирсон. Түрээслэгч нь түрээсийн төлбөрөө хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутам төлөөгүй төлбөрийн дүнгийн 0.5 хувиар тооцож түрээслүүлэгчид алданги төлөх, техникийн очих, ирэх тээвэрлэлтийн зардал, тээвэрлэлтийн эрсдэлийг 2 талдаа хариуцах, ажилчдын хоол, унааны зардал, газартай харьцах болон түргэн элэгдэх эд анги бүрийг хариуцахаар тохирсон. Түрээслүүлэгч тал нь түрээсийн техникийг Ховд аймгийн Цэцэг сумын Цагаан эрэг дахь вольфрамын уурхайн ажлын талбайд аваачиж 2 сарын турш ажиллуулсан. Түрээслэгч тал нь түрээсийн гэрээний хугацаанд улсын тусгай хамгаалалттай газарт нөхөн сэргээлт хийх нэрээр хууль бусаар вольфрам олборлосон, авлига өгсөн гэсэн хэргээр Авлигатай тэмцэх газарт шалгагдаж улмаар түрээслүүлэгч талын экскаваторыг битүүмжлүүлсэн байдаг. Үүнээс хойш манай компани Авлигатай тэмцэх газар болон Нийслэлийн прокурорын газарт түрээсийн техникийг буцаан авах талаар удаа дараа хүсэлт гаргаснаар 1 жилийн дараа экскаватороо авахаар болж трайлер хөлслөн өөрсдийн зардлаар татаж авсан. Түрээсийн техникийг буцаан хүлээн авах үед явах эд ангийн чиглүүлэгч, редуктор эвдэрсэн, урд салхины шил хагарсан, 2 ширхэг аккумулятор алдагдсан байсан. Манай компани уг техникийг Ховд аймгийн Цэцэг сумаас буцааж тээвэрлэхэд нийт 11 500 000 төгрөг төлсөн. Мөн 10 сарын турш техник битүүмжлэгдэн хөдөлгөөнгүй болсноос болж манай компани Өмнөговь аймаг дахь ажлаа гүйцэтгэх экскаваторгүй болж 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 3 сар 26 хоногийн хугацаанд 3 өөр компаниас экскаватор түрээслэн ажил гүйцэтгүүлж илүү зардал гарган хохирсон бөгөөд нэг компанийн түрээсийн төлбөрийг өнөөдрийг хүртэл өгч чадаагүй байна. Иймд гэрээний онцгой нөхцөлийн 1, ерөнхий нөхцөлийн 3.5-д заасны дагуу түрээсийн гэрээний үндсэн хугацааны үлдэгдэл 3 сарын түрээсийн төлбөр 90 000 000 төгрөг, түрээсийн гэрээний 7.3-д заасан алданги 45 000 000 төгрөг, олох ёстой байсан орлого 120 000 000 төгрөг, хоёр талын тээврийн хөлсөнд төлсөн 11 500 000 төгрөг, техникийг битүүмжлэхдээ хөлөөр явуулсны улмаас явах эд ангийг солиулсан засварт төлсөн 4 500 000 төгрөг, нийт 271 000 000 төгрөгийг хариуцагч Д. П оос гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д. П шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2018 онд Ховд аймгийн Цэцэг сумын Цагаан эрэг гэх газар Өгөөжтэй өв ХХК-ийн нөхөн сэргээлтийн ажилд менежерээр ажиллаж байсан. Өгөөжтэй өв ХХК-ийн хөрөнгө оруулагчаар ажиллаж байсан БНХАУ-ын иргэн Чү экскаватор түрээслүүлэх хүмүүстэй гэрээ хийх шаардлагатай байна, чи гэрээ хийхэд туслаад өгөөч гэсэн хүсэлтийн дагуу 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Б.Р - групп ХХК-ийн захирал Г.О уулзаж өөрийн нэрээр гэрээ байгуулан эхний сарын буюу 5 дугаар сард ажиллах түрээсийн төлбөр 28 000 000 төгрөгийг хүлээлгэн өгсөн. Гэрээг Өгөөжтэй өв ХХК-ийн хөрөнгө оруулагч Чү-ийн өмнөөс хийж байгаа гэдгийг тухайн үед захирал Г. О сайн мэдэж байсан. Үйл ажиллагаа хэвийн явагдаж байтал 2018 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Цагдаагийн байгууллага, Авилгатай тэмцэх газраас Өгөөжтэй өв ХХК нь хууль бусаар ашигт малтмал олборлож байна гэж бүх ажиллагааг зогсоон, тэнд ажиллаж байсан техник хэрэгсэл, машин механизм, тоног төхөөрөмжийг бүгдийг нь зогсоож лацдан битүүмжилсэн. Тухайн үед биднээс шалтгаалахгүйгээр ийм асуудал үүссэнийг нэхэмжлэгч тал мэдсэн. Гэрээний 2.3.4-д давагдашгүй хүчин зүйл гэж үйлчлэлд өртсөн талын хяналтаас гадуур, урьдчилж тооцох ба даван туулах боломжгүй, гэрээ байгуулсны дараа үүссэнээс болж гэрээгээр хүлээсэн үүргээ хэсэгчлэн болон бүрэн биелүүлэх боломжгүй эсвэл саатуулсан /гал түймэр, үер, ус, иргэний бослого, үймээн, төр засгийн шийдвэр, тогтоол/ нөхцлийг хэлнэ гэж тусгасан. Мөн гэрээний 9 дүгээр зүйлд заасан давагдашгүй хүчин зүйл гэсэн заалтын дагуу экскаваторыг ашиглах боломжгүй байсан энэ хугацаанд түрээсэлсэн техникийг огт ашиглаагүй, төлбөрийг хариуцах үндэслэл байхгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа төлбөрийг хариуцах ямар нэг хууль зүйн үндэслэлгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.2, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д. П оос 179 185 933 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Р - групп ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 91 814 067 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 512 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д. П оос 1 053 880 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Р - групп ХХК-д олгон, хариуцагч Д. П шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрч шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Д. П давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч нь БНХАУ-ын иргэн Чү-гээс 2 сарын төлбөр болох 56 000 000 төгрөгийг авсан. Би БНХАУ-ын иргэн Чү-гийн хүсэлтээр гэрээнд гарын үсэг зурсан нь үнэн, гэхдээ экскаваторыг хүлээж аваагүй, түрээсийн мөнгө ч надаас гараагүй би мөнгө өгөөгүй байхад шүүх ингэж шийдвэрлэсэнд маш их гомдолтой байна. Нэхэмжлэгч тал БНХАУ-ын иргэн Чү олдохгүй болохоор намайг хариуцагчаар татсан байх гэтэл шүүх хэргийг тал бүрээс нь бодитойгоор дүгнээгүй.

Мөн шүүх цагдаагийн байгууллагаас түрээсийн зүйлийг эд мөрийн баримтаар тооцон хураан авсан байдал нь хариуцагчийн хяналтаас гадуур урьдчилан тооцох ба даван туулах боломжгүй нөхцөлд хамаарахгүй гэж үзээд хариуцагч миний тайлбар, маргааныг хүлээн авах боломжгүй гэж үзсэн нь хуулийн ямар ч үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх хэт нэг талыг барьж Иргэний хуулийн 292 дугаар зүйлийн 292.4 дэх хэсэгт заасныг үндэслэн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгээс үзвэл Өгөөжтэй өв" ХХК-ийг хариуцагч гэж ойлгогдохоор байна. Өгөөжтэй өв" ХХК-д холбогдуулаад түрээсийн зүйлийг битүүмжлэн, хураасан байхад шүүх хариуцагч Д. П надаас шалтгаалсан мэтээр шүүхийн шийдвэрт бичсэн нь хэрэгт авагдсан Нийслэлийн прокурорын газрын 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 1469 дүгээр тогтоол, мөрдөгчийн 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн тогтоолуудаар нотлогдож байхад нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлээгүй.

Түрээсийн зүйлийг ашиглаж чадаагүй нь хариуцагч миний буруугаас болоогүй гэдэг нь хэрэгт авагдсан баримтууд болон зохигчдын тайлбараар нотлогдож байгаа. Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.1-т... хөлслөгчийн буруугүйгээр хөлслөн авсан эд хөрөнгийг ашиглах боломжгүй болсон бол хөлс төлөхөөс татгалзах эрхтэй..., үүнийг шүүх анхаарч үзээгүй. Нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа нотолж, түүнтэй холбоотой баримтаа нотлоогүй. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтууд нь түрээсийн гэрээний хугацаа давхацсан, мөн дансаар нэг ч мөнгө шилжүүлсэн баримт байхгүй, зарлага, орлого байхгүй байхад үүнийг нотлох баримтаар үнэлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасанд нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Б.Р - групп ХХК нь хариуцагч Д. П ид холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 271 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Хариуцагч Д. П нь нэхэмжлэгч Б.Р - групп ХХК-тай түрээсийн гэрээ байгуулсан, 2 сарын түрээсийн төлбөрт 28 000 000 төгрөгийг тушаасан үйл баримтад маргаангүй. Харин Өгөөж өв ХХК-ийн хөрөнгө оруулагч БНХАУ-ын иргэн Чү-гийн хүсэлтээр гэрээнд гарын үсэг зурсан гэдгийг Б.Р - групп ХХК-ийн захирал Г. О мэдэж байсан тул түрээсийн үүргийг хариуцахгүй гэж тайлбарлан гэрээ байгуулсан хүсэл зоригийн илэрхийллийн талаар маргаж байна.

Хэрэгт Өгөөж өв ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн тус компанийн хөрөнгө оруулагч БНХАУ-ын иргэн Чү-гийн нэрийн өмнөөс түрээсийн гэрээг Д. П хийсэн нь үнэн гэсэн тодорхойлолт, хариуцагч Д. П ийн Өгөөж өв ХХК-д менежерээр ажилладаг үйл баримтыг нотлох цалингийн тодорхойлолт зэрэг бичгийн баримтууд авагдсан. /хх 37-43/ Мөн Авлигатай тэмцэх газраас Өгөөж өв ХХК-д холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, тус компанийн үйл ажиллагаа явуулж байсан тоног төхөөрөмжүүдийг хураан авсан жагсаалтад маргааны зүйл болох 27-21 УН улсын дугаартай Хьюндай маркийн экскаватор бүртгэгдсэн болох нь хэргийн 82-84 дүгээр талд авагдсан прокурорын зөвшөөрөл, мөрдөгчийн тогтоол зэрэг баримтаар нотлогджээ.

Дээрхээс дүгнэвэл хариуцагч Д. П нь түрээсийн зүйлийн үр шимийг хүртэж байсан, талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхэд эргэлзээтэй, маргааны үйл баримт тогтоогдоогүй байхаас гадна энэ хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр Өгөөж өв ХХК-ийн эрх, ашигт сөргөөр нөлөөлөх эсэх талаар тодруулах ажиллагаа явуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй.

Түүнчлэн түрээсийн гэрээний зүйл болох тээврийн хэрэгсэл нь хэний эзэмшилд бүртгэлтэй талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Давж заалдах шатны шүүхээс дээрх алдааг залруулан хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримтыг тогтоон хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2020/00417 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 053 879 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Ч.ЦЭНД