Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2022/00121

 

                                 “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                иргэний хэргийн  тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2020/00417 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 968 дугаар магадлалтай,

“,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

,,,,,,,,,,,,,,,,,,ид холбогдох

Түрээсийн гэрээний үүрэгт 271,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч,,,,,,,,,,,,,,,,,,,, , нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,” ХХК нь хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,ид холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 271,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2020/00417 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.2, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,оос 179,185,933 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 91,814,067 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 968 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2020/00417 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нямсүрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.05.01-ний өдрийн 968 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүхээс тус хэргийг хянан хэлэлцэж анхан шатны шүүхээр дахин хянуулахаар буцаасан нь үндэслэлгүй.

4.1. “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,” ХХК болон ,,,,,,,,,,,,,,,,,, нарын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээнд “Өгөөжтэй өв” ХХК нь хамааралгүй этгээд болох тухай: 2018.04.27-ны өдөр “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,” ХХК болон ,,,,,,,,,,,,,,,,,, нар нь 27-21 УН улсын дугаартай экскаваторыг сарын 30,000,000 төгрөгөөр, 2 сарын хугацаатай түрээслэхээр харилцан тохиролцож түрээсийн гэрээ байгуулсан. Тус гэрээнд ,,,,,,,,,,,,,,,,,, нь өөрөө гарын үсэг зурж баталгаажуулсан бөгөөд түрээсийн гэрээний төлбөрт 56,000,000 төгрөгийг өөрийн данснаас гүйлгээний утга дээр өөрийн нэрийг бичиж шилжүүлсэн байдаг. Гэтэл шүүхийн журмаар хэргийг хянан шийдвэрлэх явцад өөрөө түрээслээгүй “Өгөөжтэй өв” ХХК-ийн өмнөөс гэрээ байгуулсан гэдэг боловч үүнийг нотлох ямар ч үндэслэл бүхий нотлох баримт тогтоогдоогүй. “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,” ХХК-ийн зүгээс гэрээ байгуулагдсан цагаас хойш гэрээ байгуулсан этгээд болох ,,,,,,,,,,,,,,,,,,той харилцаж ирсэн, харин “Өгөөжтэй өв” ХХК-тай огт харилцаж байгаагүй. Өөрөөр хэлбэл “Өгөөжтэй өв” ХХК нь тус түрээсийн гэрээний харилцаанд хамааралгүй этгээд юм. Хэрэв ,,,,,,,,,,,,,,,,,, нь “Өгөөжтэй өв” ХХК-ийн буруутай үйлдлээс хамаарч хохирсон бол өөрт учирсан хохирлоо тус байгууллагаас нэхэмжлэх бүрэн боломжтой. Харин “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,” ХХК-ийн зүгээс гэрээний үүргийн гүйцэтгэлийг түрээслэгч ,,,,,,,,,,,,,,,,,,оос нэхэмжлэх нь хууль зүйн үндэслэлтэй болно.

4.2. Түрээсийн гэрээний зүйл болох экскаваторын тухай: 27-21 УН улсын дугаартай экскаваторын өмчлөгч нь “Гашууны гол” ХХК бөгөөд тус компани нь “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,” ХХК-д ихээхэн хэмжээний өртэй юм. “Гашууны гол” ХХК-ийн зүгээс өр төлбөрөө барагдуулах зорилгоор түрээсийн гэрээний зүйл болох экскаваторыг “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,” ХХК-д шилжүүлэн өгсөн байдаг. Манай байгууллагын зүгээс Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасны дагуу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж түрээсийн гэрээний зүйлийг ,,,,,,,,,,,,,,,,,,ийн эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн ба энэхүү асуудлын хүрээнд ямар нэгэн зөрчил үүсээгүй. Дээрх нөхцөл байдлаас дүгнэн үзвэл “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,” ХХК болон ,,,,,,,,,,,,,,,,,, нарын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан. Түрээсийн гэрээний дагуу ,,,,,,,,,,,,,,,,,,ид түрээсийн зүйл болох экскаваторыг шилжүүлэн өгсөн. Гэтэл түрээслэгч нь өөрийн хариуцлагагүй үйлдлийн улмаас түрээсийн зүйлийг ашиглаж чадаагүй бөгөөд түрээсийн гэрээний хугацааг хэтрүүлсэн.

4.3. Энэ үйлдлээсээ хамаарч өөр компанийн өмнөөс гэрээ байгуулсан, “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,” ХХК-ийн захирал ,,,,,,,,,,,,,,, нь энэ талаар мэдэж байсан гэх мэтчилэн ямар ч баримт нотолгоогүйгээр шүүхийн өмнө худал мэдүүлэг өгч байна. Хэрэв үнэхээр ,,,,,,,,,,,,,,,,,, нь “Өгөөжтэй өв” ХХК-ийн өмнөөс гэрээ байгуулсан бол энэ тухай ямар нэгэн байдлаар гэрээнд дурдаж тус компанийг төлөөлөх эрхтэй этгээд болохоо нотлохыг манай байгууллагын зүгээс шаардах байсан. Гэсэн хэдий ч ,,,,,,,,,,,,,,,,,, нь гэрээ байгуулах үедээ ямар нэгэн этгээдээс хамааралгүйгээр бүрэн төлөөлөн гэрээ байгуулсан. Түүнчлэн ,,,,,,,,,,,,,,,,,,ийн шүүхийн шатанд гаргаж өгсөн тодорхойлолт болон холбогдох баримтуудыг түүний төлөөлөн гэрээ байгуулсан гэх БНХАУ-ын иргэн Чү нь гаргаагүй. Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

6. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,” ХХК-аас хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,ид холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 271,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, хариуцагчаас 179,185,933 төгрөг гаргуулж  нэхэмжлэгчид олгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаажээ.

7. Хариуцагч анхнаасаа “маргаан бүхий гэрээг хувь хүнийхээ хувьд бус харин ажиллаж байсан компанийг төлөөлж (“Өгөөжтэй өв” ХХК) тус компанийн хөрөнгө оруулагчийн хүсэлтийн дагуу байгуулсан” гэж маргаж, холбогдох баримтаа шүүхэд өгсөн байхад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ “...хариуцагчийг түрээсийн гэрээний хувьд өөр этгээд буюу “Өгөөжтэй өв” ХХК-ийн хөрөнгө оруулагчийн хүсэл зориг байгаа талаар гэрээ байгуулах үедээ нэхэмжлэгчид мэдэгдсэн гэж үзэх, мөн хариуцагчийн татгалзалд дурдсанчлан нэхэмжлэгч түүнтэй гэрээ байгуулахаас өмнө гэрээний нөхцөлийг “Өгөөжтэй өв” ХХК-ийн хөрөнгө оруулагчтай урьдчилан тохирсон гэх байдал тус тус хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй…” гэж дүгнэхдээ хэргийн үйл баримтыг бүрэн тодруулах, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүргээ хангалттай хэрэгжүүлсэн гэж үзэхээргүй байна.

8. Иймд давж заалдах шатны шүүхээс “... хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,, нь түрээсийн зүйлийн үр шимийг хүртэж байсан, талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхэд эргэлзээтэй, маргааны үйл баримт тогтоогдоогүйгээс гадна энэ хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр “Өгөөжтэй өв” ХХК-ийн эрх, ашигт сөргөөр нөлөөлөх эсэх талаар тодруулах ажиллагаа явуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу...” гэсэн үндэслэлээр хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасныг буруутгах боломжгүй.

9. Дээрх үйл баримтыг бүрэн тодруулсны үндсэн дээр талуудын хооронд түрээсийн эрх зүйн харилцаа бодитойгоор үүссэн эсэх, тухайн тохиолдолд Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг хэрэглэх эсэх нь тодорхой болох тул хяналтын шатны шүүхээс зөвхөн хууль хэрэглээний хувьд дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.

10. Иймд, шүүх бүрэлдэхүүн “магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх” тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг (Тодорхойлох хэсгийн 4-т) хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 968 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 1,053,880 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                   Г.АЛТАНЧИМЭГ

                             ШҮҮГЧИД                                                        Г.БАНЗРАГЧ

                                                                                                      П.ЗОЛЗАЯА

                                                                                                      Х.ЭРДЭНЭСУВД