Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 212/МА2020/00055

 

И.Еы нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Жамбалсүрэн, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 130/ШШ2020/00515 дугаар шийдвэртэй, Өлгий сумын 10 дугаар багт оршин суух И күйк овогт И-ын Еы нэхэмжлэлтэй, Өлгий сумын Ховд гол багт үйл ажиллагаа явуулдаг Д- ХХК-нд /захирал Х овогт Б-ын Н/ холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Е, нэхэмжлэгч И.Е, хариуцагч Б.Н, хариуцагчийн өмгөөлөгч Т.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээгээр гүйцэтгэсэн ажлын хөлс 1.800.000.00 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлд: Миний бие И.Е сантехникийн ажил үйлчилгээг хоёр хүүхдийн хамт хийж гүйцэтгэдэг. Би 2013 оны 10 дугаар сард Д- ХХК-ийн захирал болох иргэн Б.Нтай харилцан тохиролцож Булган сумын халуун усны сантехникийн ажлыг хийж гүйцэтгэхээр амаар тохиролцож, уг ажлыг миний бие хоёр хүүхдийн хамт хийж гүйцэтгэсэн. Урьд нь Б.Нтай байнга хамтран ажиллаж байсан ба түүний бариулсан гэх Өлгий сумын 3 дугаар багт байрлах шинэ захын хажуу дахь халуун усны сантехникийн ажлыг хийж гүйцэтгэж мөнгийг нь тухайн үед авч байсан. Үүний дараа Булган сумын халуун усны сантехникийн ажлыг хийж гүйцэтгэхээр болж бид 2000000.00 төгрөгөөр ажлыг үнэлэн тохиролцсон. Би түүнд итгэж ажлыг ямар нэгэн гэрээ хэлэлцээргүй, урьдчилгаа хөлс авахгүйгээр эхлүүлэн хийж гүйцэтгэсэн. Манай талын зүгээс бүх ажлыг хийж гүйцэтгэсэн. Тэрээр ажлаа хийж гүйцэтгэсний дараа төлбөрөө дараа нь өгнө гэсэн. Би түүнд итгэж дараа авна гэж бодож тухайн үед мөнгөө асуухгүйгээр хүлээцтэй хандаж ирсэн. Мөнгө асуух үед өгнө гэсээр байгаад миний бие Казакстан улсад явахаар болж мөнгөний шаардлага гарч түүнээс мөнгөө асуухад тэрээр 2015 оны зун 200000.00 төгрөгийг надад өгсөн. Дараа нь өгнө хүлээж бай гэсээр байгаад өгөхгүй болохоор нь би 2015 оны 11 дүгээр сард шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан. Эвлэрүүлэн зуучлагчаас 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр уригдагч тал болох Б.Ныг эвлэрүүлэх ажиллагаанд удаа дараа дуудсан боловч хүрэлцэн ирээгүй гэх үндэслэлээр дуусгавар болгосон шийдвэр гаргаж байсан. Миний бие одоо хүртэл дээрх мөнгөө авч чадахгүй байгаа учраас шүүхэд хандаж байгаа. Иймд иргэн Б.Наас 1800000.00 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

Нэхэмжлэгч И.Е шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа: Миний бие шүүхэд Б.Нд холбогдуулан Булган суманд шинээр баригдсан халуун усны сантехникийн ажлыг хийж гүйцэтгэсний ажлын хөлснөөс үлдсэн 1800000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Уг барилгын ажлыг тендерээр Б.Ны Д ХХК нь авсан байна. Иймд хариуцагчаар би Д ХХК-ний захирал Б.Н гэж тодорхойлж, миний нэхэмжилсэн уг маргаан бүхий Булган сумын халуун усны сантехникийн ажлын хөлснөөс үлдсэн 1800000.00 төгрөгийг Д ХХК-ний захирал Б.Наас гаргуулж хохиролгүй болгож өгөхийг хүсье. гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: Би сантехникч И.Етай 2013 онд аман гэрээ хийж, Өлгий сумын 10 дугаар баг болон Булган суманд 6 хүний халуун усыг нийтэд нь 2.0 сая төгрөгийн хөлсөөр хийлгэхээр тохирч, уг ажлын хөлсийг тухайн үед бүрэн төлж барагдуулсан байсан. Дээрх хоёр халуун усны барилгын ажил нь Орон нутгийн хөрөнгө оруулалтын сангийн мөнгөөр баригдсан ба би халууны усны барилгын төсөвт тусгагдсан батлагдсан халаалт болон усан хангамж /сантехникийн ажил/ сантехникийн ажлын хөлсийг тодорхой тусгаж өгсөн байгаа тул би уг төсөвт тусгасны дагуу цалин хөлсийг нь бүрэн олгосон. Тухайлбал Өлгий болон Булган суманд баригдсан 2 халуун усны барилгын төсөвт өртөг нь ижил бөгөөд барилгын зураг төсөв нь 2013 онд хийгдэж байсан. Уг төсөвт заасны дагуу халуун усны барилгын халаалт болон усан хангамжийн ажлын зардалд 629.398 төгрөг тусгагдсан бөгөөд үүн дээрээ ИТА /инженер техникийн ажлын цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын байгууллага хариуцан төлөх шимтгэл, ажлын багаж, хувцас, хэрэгслийн зардлыг/ нэмж тооцвол нийт ажиллах хүчний зардал 1.121.788 төгрөг болж байгаа. Тэгэхээр би И.Ед 2 халуун усны ажлын хөлсөнд нийт 2.200.000 төгрөг төлсөн байдаг. Харин ажлаа хүлээлгэж өгөөд явсны дараа 4-5 жилийн дараа надаас үндэслэлгүй ажлын хөлс нэхээд байгаа нь ойлгомжгүй хэвээр байна. Мөн Булган суманд баригдсан халуун усны халаалтын шугамаас доголдол гарсан тул сумын ЗДТГ-аас дуудсан тул бид дахин очиж, засвар, өөрчлөлт хийж, илүү зардал гаргасан. Иймд И.Еы гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 130/ШШ2020/00515 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан хариуцагч Д ХХК /захирал Б.Н/-аас сантехникийн ажлыг гүйцэтгэсний хөлснөөс үлдсэн 1800000 /нэг сая найман зуун мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ители күйк овогт Илиясын Ед олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын давж заалдах гомдлын агуулга: И.Еы нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч Д компанийн захирал Б.Н би анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, мөн хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1-д заасныг тус тус үндэслэн давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Хариуцагч Б.Н би иргэн И.Етай аман гэрээ байгуулж Өлгий сумын 13 дугаар баг болон Булган суманд баригдсан 6 хүний халуун ус /6x7 метрийн хэмжээтэй, жижиг айлын хувийн сууцны дайтай/-ны доторх сантехникийн ажлыг барилга тус бүрд 1.0 сая төгрөгөөр тохирч хийлгэсэн ба хөлсийг нь тухайн үед бүрэн төлж барагдуулсан байсан. Энэ маргаантай хэрэг урьд нь 3 шатны шүүхээр орсон байдаг. Уг шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Уг төсөвт заасны дагуу халуун усны барилгын халаалт болон усан хангамжийн ажлын зардалд 629,398 төгрөг тусгагдсан бөгөөд үүн дээр ИТА /инженер техникийн ажлын цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал.ажлын багаж, хувцас, хэрэгслийн/ зардлыг нэмж тооцвол нийт ажиллах хүчний зардал 1.121.788 төгрөг болж байна... гэж тодорхойлсон атлаа дараагийн хэсэгтээ ...Булган сумын халуун усны санхүүгийн материалын цалингийн зардлын тооцооны баганын 52-67 гэж мөн зөв тодорхойлсон атлаа шууд залгуулаад 72-75 дугаар багана дээр бичигдсэн үндсэн ажилтан болон туслах ажилтны цалингийн тооцоогоор ажлын хөлсийг цувуулж бичээд 1.993.375.764 төгрөг гарч байна гэж буруу тодорхойлсон байх юм. Харин үндсэн ажлын цалин 647.519 төгрөг гарч байгаа. Талбайн ИТА-ны цалин 110,078 төгрөг, нэмэгдэл цалин 239.582 төгрөгийг нэмээд бүгд 997.679 төгрөг гарч байгаа. Гэтэл ажлын хөлсийг тохирохдоо бид 2 тооны халуун усны хөлсийг амаар 2 сая төгрөгөөр тохирч байсан ба төсөвт тусгасан ажиллах хүчний зардлыг нарийвчлан тооцоолоогүй, харин ажилчдын унаа, хоол хүнсний зардлыг би хариуцан төлсөн юм. И.Е болон бусад ажилчид бүгд инженер техникийн ажилтан биш ажлыг гардан гүйцэтгэгч нар тул инженер техникийн ажилтны зардал тэдэнд олгогдохгүй. Төсвийн гүйцэтгэл, задаргааг нэгэнт мэргэжлийн бус хүн учраас ойлгохгүй байгаа нь харагдаж байгаа ба ингэсэн тохиолдолд мэргэжлийн шинжээч томилон оролцуулах ёстой байсан. Харин гэрч гэх Е.Батырбек нь нэхэмжлэгч Еы төрсөн хүүхэд бөгөөд түүний мэдүүлэг ач холбогдолтой биш юм. Мөн гэрч Өзгерисбек, Хуланмерген, Азатхан, Кенпейл нар нь зөвхөн 2 халуун усны барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн талаар шүүхэд мэдүүлсэн болохоос хэдэн төгрөгөөр тохирч ажил гүйцэтгэсэн талаар мэдүүлээгүй. Гэтэл шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40,2 дахь заалтыг зөрчин өөрийн таамаглалаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбарыг үндэслэн шийдвэр гаргасан нь хуульд нийцээгүй байна гэж үзээд би гомдол гаргаж байгаа болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй тул уг шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч И.Е нь хариуцагч Д ХХК-нд холбогдуулан хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 1800000.00 төгрөг гаргуулахаар шаардаж үндэслэлээ бид амаар гэрээ байгуулж, 2 халуун усны сантехникийн ажлыг тус бүр 2 сая төгрөгийн хөлсөөр хийхээр тохирсон тул үлдэгдэл 1800000.00 төгрөгийг гаргуулна. гэж, хариуцагч эс зөвшөөрч 2 халуун усны сантехникийн ажлыг нийтэд нь 2 сая төгрөгөөр тохирсон, хөлсийг бүрэн төлсөн. гэж маргажээ.

Талууд амаар гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч И.Е нь Өлгий сумын 10 дугаар баг болон Булган сум дахь 6 хүний халуун усны сантехникийн ажлыг хийж гүйцэтгэсэн байх ба гэрээний агуулга, талуудын эрх, үүргээс дүгнэвэл Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. Зохигчид гэрээ байгуулагдсан эсэх, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй. Харин тохиролцсон ажил, үйлчилгээнд төлөх ёстой хөлсний хэмжээ, төлбөр бүрэн төлөгдсөн эсэхэд маргажээ.

Нэхэмжлэгч нь Өлгий сумын 10 дугаар баг болон Булган сум дахь 6 хүний халуун усны халаалтын сантехникийн ажил болон зуух хуваах, зуух суурилуулах, сантехникийн системүүдийг холбох, 4 өрөөнд шүршүүрийн усан хангамжийг суурилуулах зэрэг ажлыг хийж гүйцэтгэсэн болох нь хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байх тул Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэсэн байна гэж үзэж, ажиллуулагч буюу Д ХХК-аас ажлын хөлсний үлдэгдэл 1800000.00 төгрөгийг гаргаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Хариуцагч хэдийгээр Өлгий сумын 10 дугаар баг болон Булган сум дахь 6 хүний халуун усны сантехникийн ажлыг нийтэд нь 2 сая төгрөгөөр хийлгэхээр тохиролцсон гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь хариуцагчийн тайлбараас өөр нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Харин нэхэмжлэгч нь уг ажлыг тус тусад нь ажлын хөлстэй байхаар тохиролцсон гэжээ. Өлгий сум болон Булган сумдад баригдсан халуун усны барилга нь тус тусдаа төсөвтэй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон ба хариуцагчийн татгалзал нь дээрх нотлох баримтуудаар үгүйсгэгдсэн, нэхэмжлэлийн үндэслэл баримтаар тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй байна. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 130/ШШ2020/00515 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43750.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД Д.ЖАМБАЛСҮРЭН

Д.КӨБЕШ