Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 189

 

“ЮЭД” ХХК-ийн гомдолтой,

НМХГ-ын БОГГЗЗ-н ХУБ-д холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:         Д.Мөнхтуяа

Шүүгчид:                       М.Батсуурь

                                       Б.Мөнхтуяа

                                       Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч:              П.Соёл-Эрдэнэ

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

Гомдлын шаардлага: НМХГ-ын байгаль орчин, газар геодези, зураг зүйн ХУБ-ийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1702000095 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2020/0084 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 211 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарангарав, хариуцагч Б.Отгонцэнгэл нарыг оролцуулж,

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2020/0084 дүгээр шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1 дэх хэсгийг баримтлан, НМХГ-ын, Байгаль орчин, газар геодези, зураг зүйн ХУБ-ийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1702000095 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай “ЮЭД” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 211 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 84 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Гомдол гаргагч “ЮЭД” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарангарав хяналтын журмаар гаргасан гомдолдоо: НМХГ-ын Байгаль орчин, газар геодези зураг зүйн ХУБ-ийн зүгээс Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 5/3465 дугаар албан тоотыг үндэслэж шалгалт хийж 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1702000095 дугаар шийтгэлийг оногдуулсан байдаг. Гэтэл үндэслэж буй албан тоот нь “Нар-Урт” ХХК-аас гомдол мэдээлэл гаргасан тул шалга” гэсэн байдаг. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангасны үндсэн дээр Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 09/1212 дүгээр албан бичгээр “Нар-Урт” ХХК-ийн зүгээс манай байгууллагад хандаагүй, албан бичиг байхгүй” гэсэн.

4. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэл нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн 1.2-т "...хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас зөрчлийн талаар гомдол гаргасан, эсхүл мэдээлсэн” байхыг хуулиар шаардсан. Тэгвэл зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэл байхгүй буюу “Нар-Урт” ХХК гомдол гаргаагүй байхад ажиллагаа явуулж байгаа нь төрийн албан хаагч нарын эрх мэдлээ хэтрүүлсэн байж болзошгүй, зөрчил шалган шийдвэрлэх журам зөрчсөн үйлдэл болсон байхад шүүх “Нар-Урт” ХХК нь хүсэлт гаргасан гэж анхан шатны шүүх хурал дүгнэсэн, харин давж заалдах шатны шүүхээс Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “Зөрчил арилгуулах тухай” 5/3765 дугаар албан бичгийг үндэслэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэл болсон гэж үзсэн.

5. Гэтэл Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “Зөрчил арилгуулах тухай” 5/3765 дугаар албан бичиг нь “Нар-Урт” ХХК-аас батлагдсан төлөвлөлтийн дагуу орц гарцыг чөлөөлж өгөх талаар хүсэлт ирүүлсэн тул зохих арга хэмжээг авна уу гэх агуулгатай байгаа боловч “Нар-Урт” ХХК нь төрийн байгууллагад хандаагүй, нөгөөтэйгүүр “Нар-Урт” ХХК нь маргаан бүхий газраар орц гарцын ерөнхий төлөвлөгөө байдаггүйг шүүх буруу дүгнэсэн гэж үзэж байна. Зөрчлийн хэргийг шалгах, хянан шийдвэрлэх журмыг хуульдаа маш тодорхой заасан атал журмаа зөрчсөн үйл байдлыг зөвтгөж дүгнэсэн, хүн, хуулийн этгээдээс гомдол гараагүй, гомдлын шаардлага үндэслэлгүй /орц, гарц төлөвлөгөөгүй/ байхад процессын зөрчил нь үндсэн зөрчилд нөлөөлөхгүй бол шүүх зөвтгөж дүгнээд байгаа нь шүүхийн шийдвэрүүд эргэлзээ бүхий болсон.

6. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Засаг дарга нь газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт гаргасан шийдвэрийнхээ биелэлтэд хяналт тавих, энэ талаарх Засаг даргын тайланг хэлэлцэж дүгнэх....” тухай зааж газартай холбоотой асуудал болон Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т заасан асуудлаар буюу зөрчилд дурдагдаж буй асуудлыг сум дүүргийн Засаг дарга хариуцахаар заасан байдаг ба энэ талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/149 дүгээр Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгт хамааралгүй асуудлыг жагсаалт шинэчлэн батлах тухай тушаалыг баталсан ба тушаалын хавсралтын 42-т “Засаг дарга арга хэмжээ авахаар тодорхой заасан атал НМХГ-ын байцаагч нь эрх мэдлээ хэтрүүлэн шалгаж, шийтгэл оногдуулсан нь хууль бус юм. Нөгөөтэйгүүр “ЮЭД” ХХК-ийн зүгээс 2014 оны 10 дугаар сард пандус барихдаа “Классик лэнд" ХХК-иар барилгын гадна тохижилтын зургийг хийлгэсэн юм. Барилгын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.12-т "...барилга байгууламжийн зураг төслийн холбогдох хэсгийг боловсруулсан зохиогч зураг төслийг баталгаажуулан, мэргэжлийн хариуцлага хүлээнэ" заасан атал манай компанид хариуцлага тооцож байгаа нь үндэслэлгүй. Байцаагчийн шийтгэлийн хуудсыг даган гарсан даалгаварт барилгыг буюу пандусыг буулгах тухай байдаг ба барилга, байгууламж гэдэг ялгааг заагийг мэдэхгүйгээр эрх зүйн зөрүүтэй үр дагавар үүсгэхээр байгааг анхаарч үзсэнгүй.

7. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар нь төрийн байгууллага бөгөөд Төрийн хяналт шалгалтын хуулийн дагуу 51, 52, 53 дугаар зүйлд заасны дагуу төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, гүйцэтгэлийн шалгалтуудыг удирдамжийн дагуу, эсвэл онцгой нөхцөлийн дагуу хийх ёстой атал “Нар Урт” ХХК-ийн эрх ашгийг хамгаалах замаар, эрх мэдлээ хэтрүүлэн шалгалт хийсэн нь үндэслэлгүй юм.

8. Иймд, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, 2017 оны 1702000095 дугаар шийтгэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

9. Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.  

10. Гомдол гаргагч “ЮЭД” ХХК-иас НМХГ-ын байгаль орчин, газар геодези, зураг зүйн ХУБ-ийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1702000095 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага гаргасан бөгөөд энэ шийтгэлийн хуудсаар “зөвшөөрөлгүйгээр газар ашигласан” гэх үндэслэлээр 5,000,000 төгрөгийн төлбөр оногдуулсан байна.

11. Гомдол гаргагчаас “хяналт шалгалтыг удирдамжгүйгээр явуулсан, нийтийн эзэмшлийн зам талбайд тухайн дүүргийн Засаг дарга хяналт тавихаас улсын байцаагч хяналт тавих ёсгүй, пандус нь барилга биш, барилгын гаднах тохижилт байхад байцаагч барилга байгууламж хоёрыг ялгахгүйгээр “барилга” гэж үзэж байгаа нь үндэслэлгүй” гэж, хариуцагчаас “нийт 111 мкв газрыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй ашигласан, хувийн компаниар хийлгэсэн зургийг эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсан гэж үзэхгүй” гэж тус тус маргажээ.

12. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасныг маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэхэд улсын байцаагчийн үйлдсэн шийтгэлийн хуудас хууль зөрчөөгүй, энэ талаар шүүхүүд зөв дүгнэсэн байна.

13. Гомдол гаргагч хуулийн этгээд нь Нийслэлийн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/895 дугаар захирамжаар 767 мкв газар эзэмших эрхтэй атлаа газрын хэмжээг хэтрүүлэн, нийт 111,21 мкв газар илүү хашаалж, ашиглаж байсан болох нь хэрэгт авагдсан маргаан бүхий газрын зураг, хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдсон байна. Харин сүүлд гомдол гаргагч хуулийн этгээд нь газрын хэмжээг нэмэгдүүлж, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/1111 дүгээр захирамжаар 1100 мкв газар эзэмших эрхтэй болсон, ингэснээр маргаан бүхий газар дээр барьсан пандусыг буулгах шаардлагагүй болсон, одоо хэргийн оролцогчид нь зөвхөн “торгуулийг хүчингүй болгуулах” хүрээнд маргаж байна.

14. Нэгэнт улсын байцаагчаас шийтгэлийн хуудас үйлдэх үед гомдол гаргагч хуулийн этгээд зөвшөөрөлгүй газар ашигласан болох нь тогтоогдсон тул торгууль оногдуулсан нь хуульд нийцсэн, гомдол гаргагчийн ““Нар-Урт” ХХК нь маргаан бүхий газраар орц гарцын ерөнхий төлөвлөгөө байдаггүй” тухай гомдол нь маргааны үйл баримтад ач холбогдолгүй, орц гарц төлөвлөгдсөн эсэхээс үл хамааран, гомдол гаргагч нь Засаг даргын захирамжид заасан газрын хэмжээгээр газар ашиглах үүрэгтэй.   

15. Гомдол гаргагчийн “зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэл байхгүй буюу “Нар-Урт” ХХК гомдол гаргаагүй байхад хяналт шалгалт явуулж байгаа нь төрийн албан хаагч нар эрх мэдлээ хэтрүүлсэн байж болзошгүй” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 5/3765 дугаар албан бичгээр Нийслэлийн газрын албанд хандан, “Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр 13 дугаар хороолол, Дамдинсүрэнгийн гудамжинд байрлах “Нар урт” ХХК-иас батлагдсан төлөвлөлтийн дагуу орц гарцыг чөлөөлж өгөх талаар хүсэлт ирүүлсэн байна, тухайн байршил дээр “ЮЭД” ХХК нь “хашаа барьсан, ...галын аюулаас хамгаалах шаардлагыг зөрчсөн, иймд батлагдсан зургийн агуу авто замын орц гарцыг чөлөөлж галын аюулгүй байдлын норм дүрмийг хангуулж, холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэж, зохих арга хэмжээ авна уу” гэсэн байна.

16. Иймээс захиргааны байгууллагыг “эрх мэдлээ хэтрүүлж хяналт шалгалт хийсэн” гэж үзэхгүй, холбогдох захиргааны байгууллагын албан бичгийг үндэслэн хяналт шалгалт хийсэн, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 521-д “төлөвлөгөөт бус шалгалтыг ...эрх бүхий байгууллагын шийдвэрээр ...хийнэ” гэж заасантай нийцжээ.

17. Мөн гомдол гаргагчийн “Засаг дарга арга хэмжээ авахаар тодорхой заасан атал НМХГ-ын байцаагч нь эрх мэдлээ хэтрүүлэн шалгаж, шийтгэл оногдуулсан нь хууль бус” гэх гомдол үндэслэлгүй, учир нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10-т “мэргэжлийн ХУБ- нь Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлд заасан зөрчлийг шалган шийдвэрлэх” гэж, Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1 дэх хэсэгт “эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан” гэж заасан тул мэргэжлийн ХУБ- нь тухайн зөрчилд хариуцлага тооцох бүрэн эрхтэй.

18. Гомдол гаргагчийн энэхүү маргаанд хэрэглэх байсан гэх Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/149 дүгээр тушаалаар батлагдсан “Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгт хамааралгүй асуудлын жагсаалт”-ын холбогдох заалт нь Засаг даргын албадан чөлөөлөх захирамж гаргах харилцааг зохицуулсан тул энэ маргааны үйл баримтад хамааралгүй тушаал байна.

19. Иймээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2020/0084 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 211 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар гомдол гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.МӨНХТУЯА

                   ШҮҮГЧ                                                                  П.СОЁЛ-ЭРДЭНЭ