Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2020/00351

 

 

 

 

2020 оны 02 сарын 05 өдөр               Дугаар 183/ШШ2020/00351                                 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч- ................ байрлах “Б” СӨХ  ны нэхэмжлэлтэй,

хариуцагч- Хан-уул дүүрэг, ....................тоотод оршин суух, А /РД-

хариуцагч- Хан-уул дүүрэг, .........тоотод оршин суух, В  нарт холбогдох,

зоорийн давхрыг зориулалтын дагуу ашиглахыг даалгаж, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд амьдарч байгаа иргэдийг албадан нүүлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б......, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ......., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хан-Уул дүүргийн ............. орон сууцыг анх “Б” ХХК нь 2008 оны 06-р сараас 2009 оны 10-р сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд барьж дуусган, 2009 оны 12-р сарын 18-ны өдөр 239\2009 дугаартай барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комиссын актаар 42 айлын орон сууц, 50 машины дулаан зогсорлтой байхаар байнгын ашиглалтанд оруулсан байна.Тус хотхон нь зоорийн давхартай бөгөөд тухайн зоорийн давхар нь агуулахын зориулалттай боловч айл амьдарч, зориулалт бусаар ашигласан нь оршин суугчдын тав тух, эрүүл аюулгүй амьдрах нөхцлийг алдагдуулж байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт 2018 оны 8-р сарын 29-ний өдөр хандахад манай холбооноос хүргүүлсэн хүсэлтийн дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд даргын баталсан 2018 оны 09-р сарын 17-ны өдрийн 02-03\483 дугаартай “Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай” удирдамжийг үндэслэн Б 42 айлын орон сууцны барилгад 2018 оны 09-р сарын 24-ний өдөр хяналт шалгалт хийгээд, 2018 оны 10-р сарын 01-ний 02-03\3720 тоот Барилга ашиглалтын тухай албан бичиг ирүүлсэн. Уг албан бичигт дурьдсанаар тус орон сууцны зоорийн давхарт зургийн урлан, хөгжмийн сургууль, иргэд амьдрах зэргээр үйл ажиллагаа явуулан ашиглаж байгаа нь ГХ-14/2006 шифртэй зураг төсөлд зоорийн давхрын зориулалтыг агуулах гэж төлөвлөсөнтэй зөрчилдөж байгаа нь Зөрчлийн тухай хуулийн 12.4 дүгээр зүйлийн 4 дэх заалт, Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дахь заалтуудын хэрэгжилтийг хангахгүй байна гэжээ.Дээрх албан бичгийг үндэслэн зоорин давхарт байрлах айл амьдарч байгаа иргэдэд албан шаардлага хүргүүлсэн боловч удаа дараа биелүүлэхгүй байсан ба Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт 2019 оны 07-р сарын 22-ны өдрийн 36 тоот албан бичгээр уг зөрчлийг арилгаж өгнө үү хэмээн дахин хүсэлт гаргаж, хүргүүлсэн.Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хүсэлтийг хүлээн авч, 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 02-07-119/1409 тоот Улсын байцаагчийн дүгнэлт гаргасан.Уг дүгнэлтээр зоорийн давхрыг батлагдсан ГХ-14/2006 шифртэй зураг төсөлд төлөвлөгдсөн зориулалтыг өөрчлөн ашиглаж байгаа нь “Орон сууцны тухай” хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх заалтыг, Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3 дахь заалтын хэрэгжилтийг тус тус хангахгүй байна гэжээ.Дүгнэлтийг зоорийн давхарт айл амьдруулж байгаа хүмүүст албан ёсоор хүргүүлсэн боловч шийдвэрлэж, арга хэмжээ авахгүй байгаа тул Б хотхоны 2-р орцны зоорийн давхарыг зориулалтын дагуу ашиглахыг хариуцагч нарт даалгаж, агуулахын зориулалттай өрөөнд айл амьдруулж байгаад шүүхийн захирамж гаргуулан албадан нүүлгэж өгнө үү? гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б хотхон нь 42 айлын орон сууц байгаа. Оршин суугчидаас зоорийн давхарт айл амьдруулж байгаад гомдол гаргаснаар 2018 онд нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хандснаар агуулахын зориулалтаар ашиглах мэдэгдэл өгсөн байдаг. Улсын байцаагчийн дүгнэлт гарч зөрчлөөр арга хэмжээ авсан гэж сонссон. Энэ байрны зоорийн давхарт 20 хүн амьдарч, гал гарах, архи дарс уух, хогоо ил задгай хаях зэргээр нийтийн эрх ашгийг хөндөж байгаа тул зоорийн давхарыг зориулалтын дагуу ашиглахыг даалгах нэхэмжлэл гаргасан. Би өөрөө энэ сууц өмчлөгчдийн холбооны захиралаар ажиллаж байхдаа улсын байцаагчийн дүгнэлтийн дагуу гарсан мэдэгдлийг Вд ажлын байран дээр нь аваачиж өгөхөд зөвшөөрөхгүй гэж татгалзсан тул шүүхэд хандсан гэв.

 

Хариуцагч Н.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Б” СӨХ-ны гаргасан Б хотхоны 2-р орцны зоорийн давхарыг зориулалтын дагуу ашиглахыг даалгаж, агуулахын зориулалттай өрөөнд айл амьдруулж байгаад шүүхийн захирамж гаргуулан албадан нүүлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Мэргэжпийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 02-07-119/1409 дугаартай дүгнэлтэд маргаан бүхийн хотхоны зоорийн давхарт байрлах агуулахуудын зориулалт, ашиглалтыг тодорхой болгох үүргийг улсын экспертүүдэд өгч байсан талаар дурдсан байдаг.Мөн тус дүгнэлтэд Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэг, Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна гэсэн дүгнэлтийг л гаргасан бөгөөд амьдарч байгаа айл, өрхийг албадан нүүлгэх, хүн амьдрах боломжгүй гэх дүгнэлт гараагүй билээ.Дээрх хуулийн заалтуудаас харахад “орон сууцны байшингийн үндсэн хийц, бүтээцийг анхны зураг төслөөс өөрчлөх, нэмэлт ачаалал өгөх, давхарлах, өргөтгөл хийхийг хориглох болон барилга байгууламжийн үндсэн хийц, бүтээцийг арчлан хамгаалах, зориулалтыг өөрчлөхгүй байхаар зохицуулсан байна.Иймд нэхэмжлэгчийн гаргасан Б хотхоны 2-р орцны зоорийн давхарыг зориулалтын дагуу ашиглахыг даалгах, агуулахын зориулалттай өрөөнд айл амьдруулж байгаад шүүхийн захирамж гаргуулан албадан нүүлгүүлэх тухай иэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагчийн нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улсын байцаагчийн дүгнэлтэд агуулахын зориулалт хэрхэн ашиглах талаар дурдаагүй байдаг. Харин орон сууцны тухай хуулийн хэрэгжилт хангаагүй талаар дурдсан, нэхэмжлэгчээс мэдэгдэл өгөхдөө 2020 оны 5 дугаар сар гэж хугацаа заасан мэдэгдэл өгчихөөд шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Мөн хэнийг тухайн зоорийн давхараас нүүлгэх нь тодорхойгүй байгаа. Хариуцагч нарт зоорийн давхарын зориулалтын дагуу ашиглаагүй үндэслэлээр зөрчлийн тухай хуульд зааснаар арга хэмжээ авагдсан эсэхийг мэдэхгүй байна. Хариуцагч нарын зүгээс нэхэмжлэгч нь хугацаа заасан мэдэгдэл өгчихөөд уг хугацаа нь болоогүй байхад шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасанд маргаж байгаа гэв.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Б” СӨХолбоо нь хариуцагч Н.А, Т.В нарт холбогдуулан Б хотхоны 42 айлын орон сууцны 2-р орцны зоорийн давхарыг зориулалтын дагуу ашиглахыг, агуулахын зориулалттай өрөөнд амьдруулж байгаа айл болон иргэдийг албадан гаргахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан /хх-1-2/.

 

“Б” СӨХолбооны гүйцэтгэх захиралаар О......г 2019-10-12-ны өдрөөс томилсон болох Б СӨХолбооны удирдах зөвлөлийн 2019-10-12-ны өдрийн 19/06 дугаар тогтоолын нотариатаар баталгаажуулсан хуулбараар тогтоогдож /хх-38/ байх бөгөөд нэхэмжлэгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүрэн төлөөлөн оролцох эрхийг 2019-11-18-ны өдрийн 58, 2020-01-29-ний өдрийн 20/1 тоот итгэмжлэлээр Б......өд олгосон байна.

 

Хариуцагч Т.В нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө бүрэн төлөөлөн оролцох эрхийг 2019-11-15-ны өдрийн итгэмжлэлээр хариуцагч Н.Ат хоёр жилийн хугацаатай /хх-36/ олгохдоо итгэмжлэлийн хугацаанд гуравдагч этгээдэд шилжүүлэх эрхгүйгээр эрх олгосон, хариуцагч Н.А нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө бүрэн төлөөлөн оролцох эрхийг 2019-12-16-ны өдрийн итгэмжлэлээр М.Цэнгүүнд нэг жилийн хугацаатай /хх-56/ олгож, хариуцагч Т.В нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө бүрэн төлөөлөн оролцох эрхийг 2020-02-04-ний өдрийн итгэмжлэлээр М......... тус тус олгосон байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч нар Б хотхоны 42 айлын орон сууцны 2-р орцны зоорийн давхарт агуулахын зориулалттай өрөөнд хүн амьдруулж байгаа нь оршин суугчдын эрх ашиг сонирхлыг хөндөж, улсын байцаагчийн дүгнэлт гарсан боловч уг үйлдлээ таслан зогсоохгүй байгаа гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэсэлээ тодорхойлсон.

 

Хариуцагч тал зоорийн давхарт хүн амьдарч болох боломжтой, агуулахын зориулалтаар ч ашиглах боломжтой талбай байгаа, улсын байцаагчийн дүгнэлтэд хэрхэн ашиглах талаар дурдаагүй, хагас подвалийн зориулалттай талбай байгаа, сууц өмчлөгчдийн холбоо нь хугацаатай мэдэгдэл өгчихөөд хугацаа нь болоогүй байхад шүүхэд нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж татгалзсан тайлбар гаргасан.

 

Гэтэл Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4.1.3-т нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий, хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоог сууц өмчлөгчдийн холбоо гэж тодорхойлсон бөгөөд мөн хуулийн 4.1.2-т сууц өмчлөгч гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь сууцыг захиран зарцуулах эрх бүхий этгээдийг ойлгоно гэж тодорхойлсон.

 

Тиймээс Иргэний хуулийн 148.2.1-д орон сууц өмчлөгч нь дангаар өмчлөх өмчлөлийн зүйлээ эзэмшиж, ашиглаж, хадгалж хамгаалахдаа бусад өмчлөгчийн хамтын аж байдлын хэв журмыг зөрчихгүй байх, 148.2.6-т дангаар өмчлөх болон дундын өмчлөлийн зүйлийг бусад этгээдийн ашиглалтад шилжүүлсэн тохиолдолд тухайн этгээдээс энэ хуулийн 148.2.1-148.2.3-т заасан үүргийг биелүүлээгүйгээс үүсэх үүргийг хамтран хариуцах үүрэгтэй гэж тус тус заасан.

 

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Т.В нь Хан-Уул дүүрэг, 1-р хороо, стадион оргил /17011/, махатма гандигийн гудамж, 25 дугаар байрны зоорийн давхарын хэсэгт агуулахын зориулалттай 338,4 м.кв талбайтай 8, 9, 10, 11, 12, 13 дугаартай, улсын бүртгэлийн Ү-..... дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох нь Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ..... дугаартай 2010 оны 02 дугаар сарын 08-ны өдөр олгогдсон гэрчилгээгээр тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн засаг даргаас Б 25 дугаар байруудыг хамруулан 9911367 регистрийн дугаартай Б СӨХолбоог бүртгэж 2018-03-22-ны өдөр 18/55 дугаартай гэрчилгээ олгож, хаягийг 15 дугаар хороо махатма гандигийн гудамж гэж тусгасан байна /хх-4/.

 

“Б” ХХК-ний 50 машины дулаан гарааш зогсоолтой үйлчилгээтэй 42 айлын орон сууцны барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комиссын 239/2009 дугаартай акт 2009-12-18-ны өдөр гарсан /хх-9-11/ байх бөгөөд барилга ашиглалтын тухай Мэргэжлийн хяналтын газрын 02-03/3720 дугаартай албан бичиг 2018-10-01-ний өдөр “Б” СӨХолбоонд хаяглагдсан /хх-14/, Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 02-07-119/1409 дугаартай дүгнэлт мөн нэхэмжлэгч байгууллагад 2019-09-24-ний өдөр хаяглагдан хүргэгдсэн байна /хх-17/.

 

Дээрх Мэргэжлийн хяналтын газрын албан бичиг, улсын байцаагчийн дүгнэлтэд дурдснаар Б 42 айлын орон сууцны барилгад хийсэн хяналт шалгалтаар улсын комиссын акт 42 айлын орон сууц, 50 машины дулаан зогсоолтой байхаар байнгын ашиглалтанд оруулсан, тус орон сууцны зоорийн давхарт зургийн урлан, хөгжмийн сургууль, иргэд амьдрах зэргээр үйл ажиллагаа явуулан ашиглаж байгаа нь ГХ-14/2006 шифртэй зураг төсөлд зоорийн давхарын зориулалтыг агуулах гэж төлөвлөсөнтэй зөрчилдөж байгаа талаар, зураг төсөлд төлөвлөгдсөн зориулалтыг өөрчлөн ашиглаж байгаа нь Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан орон сууцны байшингийн үндсэн хийц, бүтээцийг анхны зураг төслөөс өөрчлөх, нэмэлт ачаалал өгч давхарлах, өргөтгөл хийхийг хориглоно, Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-т заасан барилга байгууламжийн үндсэн хийц, бүтээцийг арчлан хамгаалах, зориулалтыг өөрчлөхгүй байх барилга байгууламжийг өмчлөгч, эзэмшигчийн үүрэг гэсэн хуулийн заалтын хэрэгжилтийг хангахгүй байгаа талаар тус тус дурдсан байна.

 

Түүнчлэн “Б” СӨХолбооноос тус хотхоны зоорийн давхарт үйл ажиллагаа явуулж буй иргэд аж ахуйн нэгжүүдэд 2019-04-23-ны өдөр шаардлага /хх-16/, хариуцагч Ат 2019-09-25-ны өдөр мэдэгдэл /хх-19/, 2019-10-03-ны өдөр хотхоны 2-р орцны зоорийн давхарыг өмчлөгч нарт мэдэгдэл /хх-22/ тус тус өгч, зоорийн давхарыг зориулалтын дагуу ашиглах, 2020-05-20-ны дотор агуулахыг зориулалтын дагуу ашиглахыг мэдэгдсэн байна.

 

Дээрх мэдэгдлээр “Б” СӨХолбоо 2020 оны 05-р сарын 20-ны дотор зоорийн давхарыг агуулахын зориулалтын дагуу ашиглахыг мэдэгдэж шаардсан байх бөгөөд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...мэдэгдэлд хугацаа заачихаад шүүхэд хандсан нь үндэслэлгүй...” гэх тайлбар өөрөө үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгчээс олгосон дээрх мэдэгдэл нь заасан хугацааны дотор зориулалтын дагуу ашиглахыг мэдэгдсэн байх бөгөөд тодорхой хугацааны дараа зориулалтын дагуу ашиглаарай гэсэн агуулгатай мэдэгдэл гаргаагүй байна.

 

Хариуцагч Т.В нь нийтийн зориулалттай орон сууцны зоорийн давхарын хэсэгт агуулахын зориулалттай 8-13 хүртэл дугаарлагдсан 6 өрөөг өмчилдөг байх бөгөөд дээрх өрөөний 3-т нь хүн амьдруулж байгаа үйл баримтыг үгүйсгэж маргаагүй, гагцхүү мэдэгдэлд заасан хугацаанаас өмнө шүүхэд хандсан хариуцагч тал маргасан.

 

Иргэний хуулийн 149 дүгээр зүйлийн 149.1-д орон сууц өмчлөгчдийн шаардах эрхийн талаар, орон сууц өмчлөгч нь мөн хуулийн 148.2-т заасан үүргээ ноцтой буюу удаа дараа зөрчиж, түүнд холбооноос бичгээр сануулсаар байхад гурван сарын дотор уг зөрчлийг таслан зогсоож, арилгах арга хэмжээ аваагүй бол хуулийн 149.2-т зааснаар сууц өмчлөгчдийн холбоо өөрийн төлөөлөгчөөрөө дамжуулан шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13.2.7-д зааснаар орон сууц өмчлөгч нь сууцныхаа зориулалт, төлөвлөлт, үндсэн бүтээц, хийц, инженерийн шугам сүлжээг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрчлөхгүй байх үүрэгтэй, 13.2.8-д зааснаар сууц өмчлөх эрхээ бусдад шилжүүлэхдээ холбоонд мэдэгдэх үүрэгтэй байна.

 

Тиймээс хариуцагч Т.В нь 25-р байрны зоорийн давхарын хэсэгт агуулахын зориулалтаар өмчилж байгаа үл хөдлөх эд хөрөнгөд хүн амьдруулж байгаа үйлдэл нь тухайн байрны оршин суугчдийн эрх ашиг болон орон сууцны ашиглалтыг хэвийн байдлыг хангахгүй байгаа болох нь хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Т.Вд холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар зохигчдын тайлбар нь нотолгооны хэрэгсэлд хамаарах тул агуулахын зориулалттай талбайд айл, хүн амьдруулж байгаа нь оршин суугчид, орон сууцны хэвийн ажиллагааг алдагдуулж байна гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг хариуцагч нар үгүйсгэсэн, татгалзсан үндэслэл тайлбараа нотлоогүй гэж үзэхээр байна.

 

Мөн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг үгүйсгэж, татгалзаж байгаа тохиолдолд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгждэг тул хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар ...шаардлагыг үгүйсгэх, татгалзах, үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй оролцоно.

 

Харин хариуцагчаар татагдсан Н.А нь 25-р байрны зоорийн давхарт агуулахын зориулалтаар үл хөдлөх эд хөрөнгө өмчилдөг эсэх нь тодорхойгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй бөгөөд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа хариуцагч Вгийн өмчилдөг объектод хүн амьдарч байгаа талаар тайлбарлсан тул хариуцагч Н.Ат холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 149 дүгээр зүйлийн 149.2, 149.1.1, 148 дугаар зүйлийн 148.2.1, 148.2.2-т заасныг тус тус баримтлан хариуцагч Хараацай овогт Төмөрбаатарын В-д Хан-Уул дүүрэг, ............ байрны зоорийн давхарын хэсэгт өмчилдөг үл хөдлөх эд хөрөнгийг агуулахын зориулалтаар ашиглахыг, агуулахын зориулалттай 3 өрөөнд амьдруулж байгаа хүмүүсийг албадан гаргахыг тус тус даалгаж, нэхэмжлэлийн энэ хэсэгт хамаарах шаардлагыг хангаж, хариуцагч Хараацай овогт Вгийн Ат холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Вгаас 140.400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б СӨХолбоонд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                     Д.ЯНЖИНДУЛАМ