Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2020/00894

 

 

 

 

 

2020 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2020/00894

 

 

 

М.Б -гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2020/00786 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч М.Б -гийн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч М.Б - шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 01405 дугаартай захирамжаар М.Б аас 923 997 667 төгрөгийг гаргуулж, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны харъяа, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж миний өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204065540 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам гудамжны 4 тоотод байрлах 289.8 м.кв талбай бүхий орон сууц, гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 803 580 000 төгрөгөөр үнэлснийг 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 4/1399 дугаартай мэдэгдлээр мэдэгдсэнийг мөн сарын 21-ний өдөр хүлээн авсан болно.

Дээрх миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг зах зээлийн үнэлгээнээс хэт багаар буюу 803 580 000 төгрөгөөр үнэлсэн байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Мөн эдгээр үл хөдлөх хөрөнгүүдийг талууд анх гэрээг байгуулахдаа 900 000 000 төгрөгөөр үнэлж байгуулсан тул уг үнээс доогуур үнэлсэнд гомдолтой байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч М.Б д шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдэхэд шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс санаатай зайлсхийсэн тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан М.Б -гийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол Нарны Зам 82 дугаар байрны 4 тоот орон сууц, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 144/01 дугаартай тогтоолоор битүүмжилж, 2019 оны 12 дугаар 13-ны өдрийн 144/04 дугаартай тогтоолоор хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талууд үнийн саналаа харилцан тохиролцоогүй тул 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 48 дугаартай тогтоолоор шинжээч томилж, үнэлэгдсэн үнэлгээг талуудад мөн сарын 13-ны өдрийн 4/1399 дугаартай мэдэгдлээр мэдэгдсэн.

Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр оруулсан боловч үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй бөгөөд гуравдагч этгээд М.Б - шинжээчийн үнэлсэн үнэлгээг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжпэл гаргаснаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 03054 дугаартай захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн.

Иймээс нэхэмжлэгч өөрийн үл хөдлөх хөрөнгүүдийг зах зээлийн үнээс хэт багаар үнэлсэн гэдгээ баримтаар нотолж чадаагүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг баримтлан М.Б -гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээн шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч М.Б - давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгчээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу шинжээч томилж үнэлгээ хийлгүүлэх хүсэлт гаргахад хүлээн авалгүй шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогчийн мэтгэлцэх зарчмыг хангах боломжийг хязгаарлаж хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Иймд дээрх шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлд заасны дагуу давж заалдах гомдол гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч М.Б - нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах гомдол гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2017/01405 дугаар захирамжаар Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны харъяа Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, М.Б нар эвлэрэн хэлэлцэж 923 997 667 төгрөгийг тогтоосон хуваарийн дагуу төлөх, төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. /хх 20-21/

Уг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт бичигдсэн гүйцэтгэх хуудсыг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж барьцааны зүйл болох М.Б ы өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам гудамж, 82 байр, 4 тоотод байрлах 289.8 м.кв талбай бүхий орон сууцыг битүүмжилж, хураан авсан, мөн төлбөр төлөгч, төлбөр авагч нар дуудлага худалдаагаар худалдан борлуулах үл хөдлөх эд хөрөнгийн доод үнийг тохироогүйн улмаас шинжээч томилсон үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ. /хх19,28,39/ Дээрх ажиллагаанд зохигчид маргаангүй, үл хөдлөх эд хөрөнгийн үнийг тогтоосон шинжээчийн үнэлгээ нь маргааны зүйл болсон байна.

Энэ тохиолдолд нэхэмжлэгч дуудлага худалдаагаар худалдан борлуулах гэж буй орон сууцны үнэ шинжээчийн тогтоосон үнээс дээгүүр байгаа гэдгийг өөрөө нотлох үүргийг хүлээнэ. Хэрэгт нэхэмжлэгчийн гомдлын үндэслэлийг нотолсон баримт авагдаагүй байх тул түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

Шинжээч Виннэр вэй ХХК нь барьцааны хөрөнгийг үнэлэхдээ жишиг үнэ, өртгийн, орлогын аргыг ашиглан Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам гудамж, 82 байр, 4 тоот орон сууцыг 803 580 000 төгрөгөөр үнэлсэн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан журамд нийцсэн байна. /хх48-54 дахь тал/ Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

Мөн нэхэмжлэгчийн шинжээч томилуулах хүсэлтийг хангахгүй орхисон шүүхийн ажиллагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасанд нийцжээ.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч Иргэний хуулийн холбогдох заалтыг баримтлаагүй байгааг зөвтгөн өөрчлөх боломжтой байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2020/00786 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг баримтлан М.Б -гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

Ч.ЦЭНД