Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2017/00353

 

“Альфа транс” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2016/00899 дүгээр шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2020 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч “Альфа транс” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Цайны зам трейд” ХХК-д холбогдох,

Тээвэр зуучлалын хөлс, алдангид 67 235 759.25 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ганчимэг, Э.Байрта, хариуцагчийн өмгөөлөгч Б.Адалбек, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бид 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Тээвэр зуучлалын үйлчилгээний гэрээ байгуулан ажилласан. Гэрээгээр Монгол Улсын нутаг дэвсгэрт орж гарах экспорт, импортын тээвэрт зуучийн үйлчилгээ үзүүлэх, “Цайны Зам Трейд” ХХК нь үйлчилгээний хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээж, манай компани нь 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр, 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Гүрж Улсаас Монгол Улс хүртэлх тээврийг амжилттай зохион байгуулж, гэрээний үүргийг тогтоосон газарт, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар биелүүлсэн. “Цайны зам Трейд” ХХК нь гэрээнд заасны дагуу 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн дотор 13 700 ам.доллар, 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 14 700 ам.доллар, нийт 28 400 ам.доллар төлөх үүрэгтэй байсан бөгөөд уг төлбөрөөс 22 468 03 ам.долларыг үлдэгдэлтэй байна. Мөн гэрээгээр алданги тооцоход 11 234 045 ам.доллар болсон.Иймд “Цайны зам Трейд” ХХК-иас нийт 33 702 135 ам.доллар буюу 67 235 759 төгрөгийг гаргуулж өгнө үү. Гэрээнд заасны дагуу давагдашгүй хүчин зүйл болоогүй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:Хариуцагч нь 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр тээвэр зуучлалын гэрээ байгуулж, Гүрж улсаас ногоон цай оруулж ирсэн. Энэ үед Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхээс “Цайны Зам Трейд” ХХК-д холбогдох иргэний хэрэгтэй холбоотойгоор хөрөнгө хамгаалах захирамж гарч, гаалийн агуулахад байгаа манай барааг битүүмжилсэн. Үүний улмаас цай хөгзөрч устгалд оруулж, манай байгууллага борлуулалт хийхгүй алдагдалд орсон. Иймд үндсэн төлбөр болох 22 468 ам.долларыг нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцож төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Дээрх нөхцөл байдлыг харгалзан Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасны дагуу алдангийг багасгаж тооцож өгнө үү гэжээ. 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх  2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2016/00899 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Цайны зам трейд” ХХК-иас 66 535 429 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Альфа Транс” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 700 330.24 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 559 130 төгрөгөөс 494 128 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “Цайны зам трейд” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 490 627 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Альфа транс” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн илүү төлсөн 65 001 төгрөгийг Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2603030349 тоот данснаас буцаан гаргуулж “Альфа Транс” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2020 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2016/00899 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “66 535 429” гэснийг “57 181 308” гэж, “700 330.24” гэснийг “10 054 451.24” гэж, 2 дах заалтын “490 627” гэснийг “443 857” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Цайны Зам трейд” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 268 860 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:...Талууд ачаа тээвэрлэн ирсэн хугацаан дээр маргаагүй бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримт болох Олон улсын төмөр замын тээврийн баримт болон “Цайны зам трейд” ХХК-ийн 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 39 тоот, 2016 оны 5 дугаар сарын 02-ны 40 тоот албан бичиг, “Альфа транс” ХХК-ийн 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 56/1 тоот албан бичиг, тайлбар зэрэг баримтаар эхний ачааг 2015 оны 11 дүгээр сарын 28-нд, дараагийн ачааг 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод амжилттай тээвэрлэн ирүүлсэн болох нь тогтоогдож байх атал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлага хангасан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан үнэлэлгүйгээр шийдвэрлэсэн нь шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж дүгнэж байна.Талууд 001 тоот баримт нь 2015 оны 11 дүгээр сарын 28-наас 2016 оны 4 дүгээр сарын 15-ны хооронд нягтлан бодох бүртгэлээр нэхэмжлэгч талын үзүүлсэн үйлчилгээ түүний дүн болон хариуцагч талын үндсэн төлбөрөөс төлсөн дүнг байгууллагын нягтлан бодогч нар нягтлан бодох бүртгэлийн баримтаар тулгаж үндсэн төлбөрийн дүнг баталгаажуулсан тооцооны акт болохоос гэрээнд заасан алданги чөлөөлөх төлбөрийн хугацаа сунгах тухай тохиролцоо биш болох нь нэхэмжлэгч талын үндсэн төлбөр болон алдангийг төлөх тухай 56/1 тоот албан бичиг, хариуцагч талаас 40 тоот хариу албан бичиг, хариуцагчаас шүүхэд гаргасан гомдлын шаардлага зэрэг баримтаас хангалттай нотлогдох бөгөөд Шүүх тодорхой үйл баримт, цаг хугацааны дэс дараалал, баримт материалыг тал бүрээс нь харьцуулж үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна.Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176.2.3 дах хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн 183/ШШ2016/00899 тоот шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн 2020 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                                                                ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул магадлалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч “Альфа транс” ХХК нь хариуцагч “Цайны Зам Трейд” ХХК-д холбогдуулан тээвэр зуучлалын гэрээний үүргийн биелэлт, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн хариуцлагад алданги гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч “Цайны Зам Трейд” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Зохигчид 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр тээвэр зуучийн үйлчилгээний гэрээ байгуулсан ба уг гэрээгээр зууч буюу “Альфа транс” ХХК нь үйлчлүүлэгч буюу “Цайны Зам Трейд” ХХК-ийн захиалгаар экспорт, импортын тээвэрт зуучийн үйлчилгээ үзүүлэх, “Цайны Зам Трейд” ХХК нь үйлчилгээний хөлс төлөх үүрэг хүлээсэн нь Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1.-д заасан зуучлалын гэрээний зохицуулалтад нийцжээ. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1.-д зааснаар зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээдэг.

Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1.-д зааснаар аж ахуйн үндсэн үйл ажиллагааны хүрээнд худалдах-худалдан авах, даатгал, тээвэр, эд хөрөнгө хөлслөх, эсхүл худалдааны бусад үйл ажиллагаанд зуучлал явуулж байгаа этгээд худалдааны зуучлагчийн эрх эдэлж, үүрэг хүлээдэг тул нэхэмжлэгч “Альфа транс” ХХК-ийг худалдааны зуучлагч гэж үзэх үндэслэлтэй юм. 

Дээрх гэрээний 3.4.-т үйлчлүүлэгч хугацаандаа хөлсөө төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр талууд тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6.-д заасан зохицуулалтад нийцжээ.  

Нэхэмжлэгч “Альфа транс” ХХК хариуцагчаас гэрээний үүргийн биелэлтэд 22 468.09 ам.доллар, алдангид 11 234.04 ам.доллар гаргуулахаар шаардсаныг анхан шатны шүүх Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1., 232 дугаар зүйлийн 232.6.-д зааснаар хангасан нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.   

Хариуцагч “Цайны Зам Трейд” ХХК нь шүүхийн өөр шийдвэрийн дагуу бараа битүүмжлэгдсэнээс болж борлуулалт хийгээгүй, улмаар төлбөрийг бүрэн төлж чадаагүй учир нөхцөл байдлыг харгалзан алдангийн хэмжээг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8.-д зааснаар багасгахыг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд хүссэн бөгөөд гэрээний үүргийн талаар тооцоо нийлэхэд алдангийн асуудлыг талууд тусгаагүй байдлыг хариуцагч мэтгэлцээний үндэслэл болгоогүй байна.

Давж заалдах шатны шүүх талуудын 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн хоорондох тооцооны үлдэгдлийг тогтоосон баримтад алдангийн талаар заагаагүй гэж алдангийн хэмжээг хасч тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд алданги тооцох талаар талууд гэрээндээ тохиролцсон ба алданги шаардах эрхийг үүрэг гүйцэтгүүлэгч эдлэх тул тооцоо нийлсэнээс хойш төлбөр төлөгдөөгүй нөхцөлд тооцоо нийлэх актад алданги тусгаагүй явдал нь алданги шаардах үүрэг гүйцэтгүүлэгчийн эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй юм. Харин тооцоо нийлсэн актаар үүрэг гүйцэтгэгч төлбөрөө бүрэн төлсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч алданги шаардах эрхээ алдсан эсэх асуудал яригдах боломжтой.

Нөгөө талаар давж заалдах шатны шүүх ачааг тээвэрлэн ирүүлсэн хугацаа хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул гэрээний 3.1.-д заасан төлбөр төлөх хугацааг тодорхойлох боломжгүй гэж үзсэн нь учир дутагдалтай болжээ. Нэхэмжлэгч ачааны олон улсын төмөр замын падааны хуулбарууд, хариуцагчид хүргүүлсэн цахим захидлуудын хувийг нэхэмжлэлдээ хавсарган шүүхэд ирүүлсэн ба хариуцагч тэдгээрийг баримтаар үгүйсгээгүй байна.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2020 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2016/00899 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 148 616 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 П.ЗОЛЗАЯА

        ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН