Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 205

 

ДГА-ийн А сумын ИТХ-ын дарга Б.Т-гийн нэхэмжлэлтэй,

ДГА-ийн ЗД-ын дэргэдэх СХАА-ны дарга, ХШУАБ-д

холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:          Ч.Тунгалаг

Шүүгчид:                         М.Батсуурь

                                         Г.Банзрагч

                                         Д.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч:                П.Соёл-Эрдэнэ

Нарийн бичгийн дарга:  Т.Даваажаргал

Нэхэмжлэлийн шаардлага: Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн тогтоосон 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 24/01-08 дугаар актыг хүчингүй болгуулах,

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 115/ШШ2019/0023 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 89 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Чимэг, хариуцагч Х.Оюунтуяа нарыг оролцуулж,

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 115/ШШ2019/0023 дугаар шийдвэрээр: Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2, Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, 103.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Дорноговь аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга, хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Х.Оюунтуяагийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 24/01-08 дугаар актыг хүчингүй болгуулах тухай ДГА-ийн А сумын ИТХ-ын дарга Б.Т-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 89 дүгээр магадлалаар: Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 23 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Хариуцагч Х.Оюунтуяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Монгол Улсын Төсвийн тухай хууль нь төсвийн байгууллага, түүний албан тушаалтан, Засгийн газрын болон орон нутгийн тусгай сан, төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг гэрээний үндсэн дээр хэрэгжүүлдэг болон хууль тогтоомжийн дагуу төсөвт орлого төвлөрүүлэх үүрэг хүлээдэг төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд хамаарах төдийгүй төсвийг төлөвлөх, батлах, хэрэгжүүлэх, тайлагнахад төсвийн тогтвортой байдал, иж бүрэн, үнэн зөв байдлыг хангасан байх, санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх, хариуцлагатай байх зарчмуудыг баримтлах байдлаар хэрэгждэг.

5. Төлбөрийн акт тогтоосон үндэслэл нь: Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т “Бүх шатны Засаг дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 8.1.1-т “хууль тогтоомж Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар, түүний байгууллагын болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн биелэлтийг нутаг дэвсгэртээ оршдог нийт байгууллага, аж ахуйн нэгжид тэдгээрийн харьяалал, өмчийн төрөл хэлбэрийг харгалзахгүйгээр хянан шалгах”, 8.2-т “Аймаг, нийслэлийн Засаг даргын тусгай бүрэн эрх”, 8.2.3-т “сум, дүүрэг, харьяа байгууллага, аж ахуйн нэгжийн төрийн өмчийн эд хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт, бүртгэл санхүүгийн үйл ажиллагаанд баримтын шалгалт хийх арга хэмжээ авна” гэж заасны дагуу тухайн жилийн хяналт шалгалтын төлөвлөгөөг аймгийн Засаг дарга баталдаг ба 2019 онд санхүүгийн хяналт болон дотоод аудитад хамрагдах байгууллагын нэрсийг 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр баталсан. Уг төлөвлөгөөнд тусгагдсан байгууллагын нэрсийн жагсаалтын 19-д Айраг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэр тусгагдсан.

6. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 3 дугаар зүйлд “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж”, 3.1-т “Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэлд, аймаг нь суманд, сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана”, Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйл 14.1-т “Дараах албан тушаалтан төсвийн ерөнхийлөн захирагч байна”, 14.1.17-т “аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга тухайн шатны орон нутгийн энэ хуулийн 14.1.15, 14.1.16-д зааснаас бусад төсвийн” гэж тус тус зааснаас үзэхэд аймаг гэсэн статуст орон нутгийн төсвийн ерөнхийлөн захирагч 2 байдаг ба тодруулбал, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болон аймгийн Засаг дарга нар юм. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болон сумын Засаг дарга нар нь сумын статусын хувьд тухай шатны төсвийн ерөнхийлөн захирагч хэдий ч аймгийн хэмжээний төсвийн ерөнхийлөн захирагчийн доод шатны төсөв захирагчид юм. Иймээс аймгийн засаг даргын эрхлэх асуудлын хүрээний дотоод аудитын нэгж нь сумын хэмжээний төсвийн байгууллагын санхүү болон бусад үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын батлуулсан төлөвлөгөө, удирдамжийн хүрээнд хяналт, шалгалтыг гүйцэтгэх бүрэн эрхтэй.

7. Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ”, 103.2-т “Энэ хуулийн 103.1-д заасан гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын Дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцна” гэж тодорхой зааж өгснийг үндэслэн дээрх актыг тогтоосон.

8. Санхүүгийн хяналт, аудитын албыг Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 327 дугаар тогтоолоор 21 аймагт байгуулсан бөгөөд тус албанд нь орон нутгийн төсвийн хөрөнгийн ур өгөөжийг нэмэгдүүлэх, тэр хэмжээгээр ард, иргэдэд хүрч буй төрийн үйлчилгээг сайжруулахад гол анхаарлаа хандуулж, ажилладаг ба сумдын орон нутгийн төсвийн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийж, эрсдэлийг үнэлж, зөвлөгөө, зөвлөмж өгөхдөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан шийдвэрийг онцгойлон авч үздэг.

9. Иймээс Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн уг магадлал нь манай байгууллагын болоод цаашлаад 21 аймгийн хэмжээнд харьяа сумдын төсөвт байгууллагуудын санхүүгийн үйл ажиллагааг шалгаж болох, эс болох талаар эргэлзээтэй байдал үүсгээд байгаа тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

10. Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлалыг хүчингүй болгож, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэлээ.  

11. Нэхэмжлэгч Б.Т-гээс Дорноговь аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 24/01-08 дугаар актыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан. Энэхүү актаар “ДГА-ийн А сумын ИТХ-ын дарга Б.Т-гээс хууль бус шийдвэр гаргасны улмаас учирсан хохирол 6,198,360.00 төгрөгийг гаргуулахаар” тогтоосон, харин нэхэмжлэгчээс “хурлын нарийн бичгийн даргыг ажлаас халах шийдвэр нь Хурлын Тэргүүлэгчдийн хамтын шийдвэр байсан, батлагдсан төсвийн хүрээнд цалин олгосон тул төрд хохирол учраагүй” гэж маргажээ.

12. Н.Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн Айраг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдох “Дорноговь аймгийн Айраг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 02, 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 04 дүгээр захирамжуудыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах” шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэж, Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 115/ШШ2017/0015 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 221/МА2017/0700 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 492 дугаар тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байжээ.

13. Уг хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр “...хурлын дарга Б.Т- өөрийн чиг үүрэгт хамааралгүй, Тэргүүлэгчдийн чиг үүрэгт хамаарах асуудлаар шийдвэр гаргасан, Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар Н.Бат-Эрдэнэ ямар зөрчил гаргасан, хэрхэн тогтоогдсон, ямар албан үүргийг хэдэн удаа биелүүлээгүй талаар хэлэлцүүлээгүй болох”-ыг дүгнэсэн байна. Иймээс нэхэмжлэгчийн “Н.Бат-Эрдэнийг ажлаас халах шийдвэрийг дангаараа гаргаагүй, хамтын шийдвэр байсан” гэх тайлбар няцаагдсан, энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

14. Төрийн аудитын хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.1-т “төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллага нь орон нутгийн захиргааны болон төсвийн байгууллагуудын үйл ажиллагааны үр дүн, санхүүгийн тайланд аудит хийх” гэж заасан. Иймээс нэхэмжлэгчийн “Засаг даргын дэргэдэх дотоод аудитын байгууллага хяналт, шалгалт хийх эрхгүй” гэх гомдол үндэслэлгүй, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь төрийн чиг үүргийг хэрэгжүүлж байгаа орон нутгийн байгууллага мөн тул Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.15-д “аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төсвийн ерөнхийлөн захирагч байна”, 16 дугаар зүйлийн 16.5.5-д “Төсвийн шууд захирагч нь батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах” гэж зааснаар улсын байцаагч нь төсвийн зарцуулалтын хүрээнд хяналт, шалгалт хийж, акт тогтоох эрхтэй байна.

15. Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.2-т “Энэ хуулийн 103.1-д заасан гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцна” гэж заасан, энэ тохиолдолд нэхэмжлэгчээс “иргэдийн Хурлын дээд шатны байгууллага нь Засаг даргын дэргэдэх аудит биш” гэж маргаж байгаа боловч хуулийн дээрх заалтаар аймгийн Засаг даргын бүтцэд багтах Санхүүгийн хяналт, аудитын албаны чиг үүргийг хязгаарлаагүй, Төрийн аудитын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Төрийн аудитын байгууллага санхүүгийн тайлангийн, гүйцэтгэлийн болон нийцлийн аудит хийнэ,...” гэж заасантай нийцэж байна.

16. Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Төрийн аудитын байгууллагын тогтолцоо нь төрийн аудитын дээд байгууллага, түүний харьяа төрөлжсөн болон орон нутаг дахь салбар байгууллагаас бүрдэнэ. Төрийн аудитын дээд байгууллага нь Үндэсний аудитын газар, төрийн аудитын төрөлжсөн болон орон нутаг дахь салбар байгууллага нь аудитын төрөл болон нутаг дэвсгэрийн зарчмаар зохион байгуулагдсан аудитын байгууллага байна” гэж заасан, Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албыг зөвхөн Засаг даргын дотоод хяналтын байгууллага гэж үзэхгүй, энэ асуудлыг тодруулах тухай давж заалдах шатны шүүхийн дүгнэлт буруу байна.

17. Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.3-т “Энэ хуулийн 103.2-т заасан дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж байхгүй бол гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг төрийн аудитын байгууллага хариуцна” гэж заасан, энэ тохиолдолд иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд “дээд шатны байгууллага” гэж байхгүй тул төрийн аудитын байгууллага санхүүгийн хяналт шалгалт явуулж, хохирол төлүүлэхээр шийдсэн нь хуулийн зөрчилгүй юм.

18. Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т “санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх зарчимтай”, 6 дугаар зүйлийн 6.4.1-д “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах” гэж заасан, нэхэмжлэгч Б.Т- нь Хурлын даргын чиг үүргийг хэрэгжүүлэхдээ Н.Бат-Эрдэнийг хууль бусаар ажлаас халсан шийдвэр гаргаж, нэг албан тушаалд хоёр этгээдэд цалин олгож, төсвийн хөрөнгийг үр ашиггүй, хяналтгүй зарцуулсан, албан тушаалын чиг үүргээ бодитоор гүйцэтгээгүй Н.Бат-Эрдэнэд цалин олгосон тул нэхэмжлэгчийн “төрд хохирол учруулаагүй” гэх тайлбар үндэслэлгүй байна.

19. Гэтэл давж заалдах шатны шүүхээс “бодит байдалд төсөвт хэдэн төгрөгийн хохирол учирсныг тогтоолгох”-оор хэргийг хэлэлцүүлэхээр буцаасан нь үндэслэлгүй болжээ. Түүнчлэн давж заалдах шатны шүүхийн “түр орлон гүйцэтгэгчээр Э.Туулыг томилж, нарийн бичгийн даргын ажлыг давхар хийж гүйцэтгэсэн” эсэхийг тодруулах тухай дүгнэлт хэрэгт ач холбогдолгүй, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр ажилгүй байсан хугацааны цалин хөлс 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх 6,198,360.00 төгрөгийг Н.Бат-Эрдэнэд олгохоор шийдвэрлэсний үр дагаврыг буруу шийдвэр гаргасан иргэдийн Төлөөлөгчийн Хурлын дарга хариуцахаар байна.

20. Иймээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 89 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 115/ШШ2019/0023 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ч.ТУНГАЛАГ

                     ШҮҮГЧ                                                                  П.СОЁЛ-ЭРДЭНЭ