Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2020/0089

 

Дорноговь аймгийн Айраг сумын

иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга

 Б.Т-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ч нарыг оролцуулан, Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 23 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Дорноговь аймгийн Айраг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Т-ийн нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүү, хяналт аудитын албаны дарга, хяналт шалгалтын улсын ахлах байцаагчид холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 23 дугаар шийдвэрээр: Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2, Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, 103.2-т заасныг тус тус баримтлан Дорноговь аймгийн Айраг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Т-ийн Дорноговь аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга, хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Х.О-д холбогдуулан гаргасан “Дорноговь аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн “Төсөвт нөхөн төлүүлөх тухай” 24/01-08 дугаар актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Т нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “... иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Н.Б үүрэгт ажилдаа удаа дараа хариуцлагагүй хандсаны улмаас ажлаас чөлөөлөгдсөн.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Т миний бие иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн хамтын шийдвэр гаргаж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар ажлаас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 15 дугаар шийдвэрээр 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Н.Б-ийг эгүүлэн ажилд томилон тухайн шийдвэрийн дагуу 2017 оны 02 дугаар сарын 17-ний өдрөөс 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх 6,198,360 төгрөгийг цалингийн сангаас гаргуулан хохиролыг нөхөн олгосон нь төрд ямар нэгэн хохирол учруулаагүй. Миний бие иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн ажлыг давхар хийж гүйцэтгэж явсан бөгөөд 2017 онд батлагдсан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цалингийн сангийн 32,245,900 төгрөгт багтаан 30,396,346 төгрөгийн гүйцэтгэлтэйгээр төсвийн тайланд тусгагдсаныг Айраг сумын төрийн сангийн дарга, байгууллагын нягтлан нар гэрчилж, санхүүгийн баримтыг бүрдүүлэн өгсөн боловч эдгээр нөхцөлийг харгалзан үзэлгүй шийдвэр гаргасаныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул гомдлыг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг бүрэн тодруулаагүй, үүнтэй холбоотой шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулалгүйгээр хэргийн үйл баримтыг дутуу дүгнэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4-д заасны дагуу шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.Т-ээс “Дорноговь аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн “Төсөвт нөхөн төлүүлөх тухай” 24/01-08 дугаар актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ “...Н.Б-ийг эгүүлэн томилсон шийдвэрийн дагуу 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх 6,198,360 төгрөгийг цалингийн сангаас гаргуулан хохирлыг нөхөн олгосон. Дээрх хугацаанд түр орлон гүйцэтгэгчээр Н.Т-г 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс томилон 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр чөлөөлсөн, бусад хугацаанд миний бие нарийн бичгийн ажлыг давхар хийж гүйцэтгэсэн ... дээрх хохирол учраагүй, хамтын шийдвэр байсан” хэмээн тайлбарлан маргажээ.

Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ”, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-д заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж заасан байна.

Хэрэгт авагдсан Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар шийдвэрээр Дорноговь аймгийн Айраг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд Н.Б-ийг эгүүлэн тогтоож, түүнд 2017 оны 02 дугаар сарын 17-ний өдрөөс 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх ажлын 105 хоногийн 6,198,360 төгрөгийг Дорноговь аймгийн Айраг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төсвөөс гаргуулахаар шийдвэрлэж, тус хурлын төсвөөс 6,198,360 төгрөгийг олгосон болох нь тогтоогдож байна.

Анхан шатны шүүх “...албан тушаалтны буруутай, хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг тэргүүн ээлжинд төр буюу тухайн албан тушаалтны ажиллаж буй байгууллага хариуцан барагдуулж, үүний дараа албан тушаалтнаас хохирлыг нөхөн төлүүлэх, энэ үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцахаар журамлан заасан, хуулийн дээрх зохицуулалтууд нь буруутай албан тушаалтнаас дахин хууль бус шийдвэр гаргахгүй байх, төсвийн хөрөнгийг үр ашиггүй, хэмнэлтгүй зарцуулахаас сэргийлэх зорилготой, төсөв хэтэрсэн, хэтрээгүй байхаас үл хамааран дээрх үйл ажиллагаа нь зайлшгүй хэрэгжихээр байна” хэмээн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч бодит байдалд төсөвт хэдэн төгрөгийн хохирол учирсан, үүнийг маргаан бүхий актыг гаргахдаа тогтоосон эсэх, Дорноговь аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын алба нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд шалгалт хийж, хохирлыг хариуцан барагдуулах эрхтэй этгээд мөн эсэхэд дүгнэлт хийлгүйгээр шийдвэрлэсэн нь буруу байна.

Тодруулбал, анхан шатны шүүх энэ тохиолдолд гэм буруутай албан тушаалтан нь Дорноговь аймгийн Айраг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Т боловч Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т зааснаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нутгийн өөрөө удирдах байгууллага болохын хувьд Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.2-т заасан гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг хэн хариуцах, мөн хуулийн 103.3-д дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж байхгүй бол хохирлыг төлүүлэх үүргийг төрийн аудитын байгууллага хариуцна гэж зааснаар Дорноговь аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын алба сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төсөвт учирсан хохирлыг төлүүлэх үүрэгтэй эсэхийг холбогдох хуулийн заалтуудтай уялдуулан дүгнэлт хийх шаардлагатай.

Түүнчлэн нэхэмжлэгчээс “...түр орлон гүйцэтгэгчээр Н.Т-ыг 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс томилон 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр чөлөөлсөн, бусад хугацаанд миний бие нарийн бичгийн ажлыг давхар хийж гүйцэтгэсэн” гэж тайлбарлан маргаж буй тохиолдолд бодит хохирлыг буюу түр орлон гүйцэтгэгчээр Н.Т ажилласан хугацаандаа хэдэн төгрөгийн цалин авсан, түүний ажиллаагүй хугацаа буюу бусад хугацаанд нэхэмжлэгч нарийн бичгийн ажлыг давхар хийсэн эсэх, тус хугацаанд цалин авсан эсэхийг бүрэн гүйцэд тодруулсны үндсэн дээр хариуцагч улсын байцаагчийн акт хууль зүйн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгөх нь зүйтэй.

Иймд дээр дурдсан үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 23 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

                                  ШҮҮГЧ                                                       Э.ЗОРИГТБААТАР

                                   ШҮҮГЧ                                                       Д.БААТАРХҮҮ