Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 212/МА2020/00056

 

Ж.Аы нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 130/ШШ2020/00441 дүгээр шийдвэртэй, Өлгий сумын 6 дугаар багт оршин суух Б  овогт Ж-ны Аы нэхэмжлэлтэй, Б сумын .. дугаар багт оршин суух Х овогт Оийн Нд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Өмирбекийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Х, нэхэмжлэгч Ж.А, хариуцагчийн өмгөөлөгч А.С нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай.

Нэхэмжлэлд: Миний бие Ж.А 2016 онд О.Нтой танилцаж гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2016 онд хүү Н.Е маань төрсөн. Бид 2016-2018 оны хооронд өрх тусгаарлан амьдраагүй бөгөөд хадам аав ээж, нөхрийн дүү нартай хамт нэг гэрт амьдарсан. Тэр хугацаанд байнгын гэр бүлийн хүчирхийлэл дарамтад байсан. Нөхөр маань архи уух, РС тоглох, биллиард тоглох зэрэг хоногоор гэрээсээ явж ирэхгүй байх, ирсэн үедээ согтуу ирж зодох, хэрэлдэх, танхайрах гэх мэт зүй бус тохиолдол их гардаг. Гэр бүлийн бусад гишүүд болох хадам аав, ээж, дүү нар нь нөхрийн маань талд орж хамтдаа загнаж, гадаа хөөгөөд гаргаж оруулдаггүй байсан. Энэ нь хүүхдийн цаашдын хүмүүжил эрүүл бойжиход хүндрэлтэй, ажиллахад хүртэл саадтай байсан тул цаашид ажил хөдөлмөр эрхлэх, тусдаа амьдрах зорилгоор Улаанбаатар хот руу ирсэн. Нөхөр маань хамт ажил хийнэ гээд ирсэн боловч олсон бүх мөнгөө хадам ээжид өгдөг. Хотод нэг удаа хүүгээ авхуулсан ч нөхөр маань хамт өсгөж хүмүүжүүлэх үүргээсээ татгалзаж хэрүүл маргаан үүсгэсэн тул түр хугацаагаар буцаад өөрийнхөө ээжид явуулсан байхад хадам ээж хүүхдийг маань хүчээр аваад явсан. Тэрнээс хойш хүүхдийг маань өгөхгүй байгаа. Хадам ээж хүүхдийг маань авсны дараа нөхөр маань хамт ажиллаж, амьдрахгүй гээд гэр лүүгээ яваад өгсөн. Тэрнээс хойш хэд хэдэн удаа хүүхдийг маань уйлуулаад дууг нь утсаар сонсгож дарамталдаг байсан. Тэрнээс хойш тус тусын амьдралтай болсон. Цаашид зан харилцааны тааламжгүй байдлын улмаас хамтран амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж, 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү Н.Ейг миний асрамжид үлдээж, тэтгэлгийг хуулийг дагуу эцэг О.Ноос гаргуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагатай танилцаж эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Ж.А бид хоёр бие биедээ дурлаж, хайртай болж 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Баяннуур суманд гэр бүл болсон. Ж.А бид хоёр гэр бүл болохоосоо өмнө би аав ээжээсээ тавуулаа бөгөөд намайг айлын том хүү нь гэдгийг Ж.А сайн мэдэж байсан. ... миний хадам ээж маань надад та нар хэдий болтол ингэж амьдрах юм бэ, тусдаа амьдрах цаг нь болсон. Бусдын адил амьдрах хэрэгтэй байна гэж үглэдэг болсон. Түүнчлэн хадам аав маань надад ингэж яваад байх юм уу, машинтай болоорой гэж хэлдэг байсан. Эхнэр бид хоёрт ямар ч мөнгө байхгүй байсан тул хадам аав ээж нарын эдгээр үгс надад маш их дарамттай байдаг байсан. Нөгөө талдаа эхнэр маань гал дээр тос асгасан мэтээр чиний аав ээж чинь боломжтой хүмүүс яагаад бид хоёрт аймгийн төвөөс байр авч өгч тусдаа гаргаж өгөхгүй байгаа юм бэ, чи машинтай болооч гэж үгээр дарамталдаг байсан. Тэгэхээр нь би эхнэртээ заавал яагаад манай аав ээж хоёр байр авч өгөх ёстой гэж, чиний аав ээж хоёр санхүүгийн хувьд боломжтой, тэд ч гэсэн байр авахад тусалж болно шүү дээ гэж үг хэлэхэд Ж.А нь огцом уурлаж агсарч будаа агшаагчийн залгуурыг савж гэр доторх эд зүйлийг эвдсэн. Тэгэхээр нь аав ээж хоёр маань болиулсан. Маргааш нь эхнэр маань хүүгээ авч таксигаар аймгийн төвд төрхөм рүүгээ яваад өгсөн. Араас нь би аавыгаа дагуулж бас хэд хэдэн хамаатны хүмүүсийн хамт аймгийн төвд байдаг хадам аав ээжийн гэрт очиж хэдийгээр бидэнд хийсэн гэм буруу байхгүй ч гэсэн уучлалт гуйсан. Тэгтэл хадам аав ээж бидэнд хандаж Баяннуурт биш, аймгийн төвд биш Улаанбаатар хот руу явж ажиллаж амьдраарай гэж хэлсэн. Тэгээд 2018 оны 03 дугаар сарын үед бид хүүгээ аав ээж дээрээ үлдээж Улаанбаатар хот руу явсан. Миний бие Улаанбаатар барилга болон зам засварын компанид ажилласан. Би тухайн үед сарын 600000 төгрөгийн цалин хөлс авдаг байсан ба цалингаасаа ойр зуурын хэрэгцээндээ зориулж 100-150 гаруй мянган төгрөгийг өөртөө авч үлдээд бусдыг нь эхнэртээ сар бүр тушаадаг байсан. 2018 оны 10 дугаар сард жолооны үнэмлэхийн төлбөр болох 300,000 төгрөгийг тушаах гэтэл эхнэр маань уурлаж чи уг мөнгийг хөдөө ээж рүүгээ явуулах гэж байна уу, ээж чинь үхэж далд ороосой гэж үндэслэлгүйгээр хардаж сэрдэж дарамталж дүүгийнхээ хамт намайг зодож гэрээс хөөсөн. Өөрөөр хэлбэл Ж.А бид хоёр 2018 оны 10 дугаар сараас хойш тус тусдаа амьдарч байна. Хүү маань одоо 3 нас 2 сартай ба Ж.А бид хоёрыг аав ээж нь гэж мэдэхгүй, харин миний аав Оээж Гнарыг төрсөн аав ээж нь гэж ойлгодог, тэд нарт дассан байгаа. Тийм учраас төрсөн эхийн хайр халамжийг олигтой хүртээгүй бага насны хүүхэд Егийн эрх ашгийг дордуулж Ж.Аы асрамжид өгөхгүй байхыг эрхэм шүүхээс хүсье. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас гэрлэлт цуцлуулахаас бусдыг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 130/ШШ2020/00441 дүгээр шийдвэрээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Х  овогт Оийн Н, Бовогт Жы А нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү Н.Ейг эх нь болох Ж.Аы асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү Н.Ейг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг нь болох О.Ноор тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэжээ.

Хариуцагчийн давж заалдах гомдолд: Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 130/ШШ2020/00441 дугаар шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэрэгт цугларсан нотлох баримтад зөв дүгнэлт хийгээгүй, ингэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй гэсэн үндэслэлээр дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгч Ж.А бид хоёр 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр гэр бүл болсон, бидний дундаас 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Н.Е төрсөн бөгөөд Н.Е нь 2018 оны 3 дугаар сараас хойш миний эцэг эх О , Г  бид нарын асрамжид байгаа. Миний бие хүүхдээ бодож гэрлэлтээ цуцлуулахыг хүсэхгүй байгаа ба шүүхээс нэхэмжлэгч бид хоёрыг эвлэрүүлэх арга хэмжээ авч өгөхийг хүссэн боловч шүүх биднийг эвлэрүүлэх талаас ямар ч санаачилга гаргаагүйд гомдолтой байна. Хүү маань одоо 3 нас 4 сартай ба А бид хоёрыг аав ээж нь гэж мэдэхгүй, харин миний аав Оээж Гнарыг төрсөн аав ээж нь гэж ойлгодог, тэд нарт дассан байгаа. Хэрэв Ег нэхэмжлэгч Аы асрамжид үлдээсэн тохиолдолд хүү маань өвөө эмээгээ санаж шарлаж өвдөх болно. Нөгөөтээгүүр, Улаанбаатар хотод айлын хажуу өрөөг түрээслэн амьдардаг, өдөрт 8-10 гаруй цаг тасралтгүй ажилладаг, түүнчлэн 280,000 гаруй мянган төгрөгийн орлоготой А нь Е хүүхдийг асарч хамгаалж чадахгүй гэдэг нь тов тодорхой юм. /Холбогдох нотлох баримтууд хавтаст хэрэгт байгаа/ Иймд төрсөн эхийн хайр халамжийг олигтой хүртээгүй бага насны хүүхэд Егийн эрх ашгийн үүднээс анхан шатны шүүхийн шийдвэрт даруй өөрчлөлт оруулж өгнө үү. Жич: Тус шүүхийн шүүгч Д.Көбеш нь нэхэмжлэгч Аы маш ойрын төрлийн хамаатан ах нь болдог тул түүнээс татгалзаж байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Ж.А нь хариуцагч О.Нд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүү Н.Ег өөрийн асрамжид үлдээж, эцэг О.Ноор хүүхдээ тэжээн тэтгүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд, зохигчийн тайлбар зэргийг харьцуулан судалбал, Ж.А, О.Н нар нь 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр гэр бүл болсноос хойш таарамжгүй харьцааны улмаас 2018 оноос тус тусдаа амьдарч байгаа, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд болон шүүхийн өмнөх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад гэрлэгчид эвлэрээгүй, эвлэрэхээс татгалзсан буюу нэхэмжлэгч гэр бүлээ үргэлжлүүлэх сонирхолгүй, нэг гэр бүлд хамтран амьдрахаас татгалзаж байгаа, хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа нэхэмжлэгчийн гэрлэлт цуцлуулахаас бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгох талаар тайлбар гаргасан зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Ж.А, О.Н нарын гэрлэлтийг цуцалж, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар хүү Н.Ег эх Ж.Аы асрамжид үлдээж, эцэг О.Ноор тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй, хуульд нийцсэн байна.

 

Хүүхдийн нас, ахуйн нөхцөл, бололцоо, эхийн халамж, ёс суртахууны байдал, эх нь өөрөө хүүхдээ өсгөж, тэжээн тэтгэж байсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан хүү Н.Ег эх Ж.Аы асрамжид үлдээхээр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт нийцсэн тул хариуцагчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Гэр бүлийн тухай хуульд зааснаар эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хүү Н.Ег эцэг О.Ноор тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт Шүүх шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, энэ хугацаанд гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авна. Шүүх гэрлэгчдийг эвлэрүүлэхэд авах бүх талын арга хэмжээг эвлэрүүлэн зуучлагчаар дамжуулан хэрэгжүүлнэ. гэж хуульчилсан бөгөөд хариуцагч нь шүүхээс талуудыг эвлэрүүлэх талаар арга хэмжээ аваагүй гэж давж заалдах гомдол гаргажээ. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас гэрлэгчид болох О.Н, Ж.А нарт эвлэрүүлэх арга хэмжээ авсан боловч өргөдөл гаргагч Ж.А, уригдсан тал О.Н нар нь эвлэрэхээс татгалзсан тул 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон нь хэрэгт авагдсан тул хариуцагчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээв.

Хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104,040.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 130/ШШ2020/00441 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104,040.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ТУЯА

 

ШҮҮГЧИД М.НЯМБАЯР

С.ӨМИРБЕК