Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 1058

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж, 

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батням,

            Улсын яллагч Ч.Алтансүх,

            Хохирогч Г.Төгсжаргал,

            Хохирогч, шүүгдэгч Р.Э , түүний өмгөөлөгч Х.Ундрах-Оргил,

            Хохирогч, шүүгдэгч Н.Т ,

            Шүүгдэгч Н.Ц , тэдгээрийн өмгөөлөгч нар Ц.Даваажаргал, Л.Учралгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

            Баянзүрх прокурорын газраас шүүгдэгч Р.Э , Н.Т , Н.Ц  нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 01115 0464 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:       

        

1. Монгол Улсын иргэн, 1979 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэдээлэл   инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн   тоотод түр оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар  , хэрэг хариуцах чадвартай, Ц овогт Р  Э .

 

2. Монгол Улсын иргэн, 1993 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэнд дунд боловсролтой,   мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн   оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар  , хэрэг хариуцах чадвартай, Б овогт Н Т.

 

3. Монгол Улсын иргэн, 1992 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой,   мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-4, нөхөр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн   түр оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар  , хэрэг хариуцах чадвартай, Б овогт Н Ц .

 

Холбогдсон гэмт хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Р.Э  нь 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монгол” пабын гадна иргэн Н.Т тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч Н.Т  нь 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монгол” пабын гадна иргэн Р.Э тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч Н.Ц  нь 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монгол” пабын гадна иргэн Г.Төгсжаргалтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Н.Ц  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:…”Би 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс А.Хашбал гэдэг хүнээс 20 м2 түрээслэсэн. Тэрнээс хойш “00 асуудлыг яахав” гэхээр “манайх нэг обьект болохоор дундаа 00 эзэмшинэ” гэж А.Хашбал надад хэлж байсан. Бид нар 5 сараас хойш түрээслэсэн. Энэ хүмүүс болохоор шинэ жилийн өмнө 11 сараас түрээслэсэн. Энэ хүмүүс гэж Р.Э  болон Г.Төгсжаргал нар юм. “Манайх үйлчилгээний байгууллага болохоор 6 авдар пиво оруулаад тавьчих 2 авдар пиво оруулаад тавьчих” гээд бид нарыг утсаар дарамталдаг байсан. Бид нарын ихэнх нь эмэгтэйчүүд болохоор Р.Э  нь байнга 00 орох болгонд харааж зүхдэг. Тэр болгоныг би тэвчээд А.Хашбал гэдэг түрээслэгчид удаа дараа хэлж байсан. Би эхнэрт нь хэлж байсан. Миний хэлсэнийг Р.Э , эхнэр хоёр нь тоохгүй болохоор нөхрөөрөө нэг хэлүүлээд үзье дээ гэж бодож байсан. 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр би нөхөртөө “чи нэг хэлээд өгөөч адилхан эр хүн байна даа” гэж хэлсэн. Энэ хүмүүсийг ойлгох байх гэж бодсон. Тэгтэл Р.Э  манай нөхрийг “гадаа гараад ир, чамд ямар хамаатай юм бэ, бацаан минь” гээд эхлээд нэг цохисон. Тэгээд “энэ зүгээр эхний сануулга шүү” гэсэн. Тэгэхээр нь би учирлаж А.Хашбал ахтай тохирсон байхад яагаад ингээд байгаа юм бэ.”  гэв. 

 

Шүүгдэгч Н.Т  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:…”Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна....” гэв.

 

Шүүгдэгч, хохирогч Р.Э  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

…”Өмгөөлөгч нарын асуусан асуултанд хариулна. Мэдүүлэг өгөхгүй.” гэв.

 

Хохирогч Г.Төгсжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: …”2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Н.Ц гаднаас 1 ажилчинтайгаа мөн  гадны 1 хүнтэй 3-уулаа хамт орж ирж бие зассан. Ариун цэврийн өрөөнөөс гарч ирээд манай нөхөр болох Р.Э нь “ариун цэврийн өрөө орсон төлбөрөө төл” гэж хэлсэн. Тэгтэл “яахаараа  чамд мөнгө өгдөг юм” гэж хэлээд хашгирч доромжилсон. Мөн текин дээр байсан гэрлийг Н.Ц шидэх гэж байсан. Манай нөхөр бид хоёр ажлын байран дээрээ эрүүл байсан. Н.Ц гаднаас согтуу орж ирсэн. Манай нөхөр “олон нийтийн газар бүдүүлэг аашлах хэрэггүй гар” гэж хэлсэн. Тэгтэл Н.Ц улам манай нөхөр рүү дайрч давшилсан. Н.Ц гарч яваад буцаж орж ирэхдээ нөхөртэйгөө хамт орж ирсэн. Нөхөр нь орж ирээд манай нөхрийг “хоёулаа гараад ир үзчихье” гэж байсан. Манай нөхөр “та нар олон нийтийн газар болиоч” гэж шаардлага тавьсан. Манай нөхөр хувцсаа өмсөөд гарсан. Би араас нь хувцсаа өмсөөд гарахад манай нөхрийг буланд шахчихсан хэл амаар доромжилсон дайрсан байдалтай байсан. Би “та нар болиочээ” гэхэд Н.Ц эргэж хараад намайг шууд үсдэж дараад зулгаагаад өшиглөж, цээж рүү зодсон. Би зодуулчихаад А.Хашбал гэдэг хүнийг орж дуудсан. Нэг харахад Н.Түвшинбаяр гэж хүн манай нөхрийг газар цемент дээр мөргөж унагаагаад хэд хэдэн удаа гараараа цохиж байсан. Би гомдолтой байна. Тухайн үед миний үс туг тугаараа унаад халцарчихсан байсан учраас би 750.000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Иймд эмчилгээ хийлгэсэн төлбөр болох 750.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-3/, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст Р.Э ын гаргасан өргөдөл /хх-4/, хохирогч Г.Төгсжаргалын өгсөн мэдүүлэг /хх-16/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 2152 дугаартай дүгнэлт /хх-25/, шүүгдэгч Н.Т ын АСАП сангийн мэдээлэл /хх-56/, шүүгдэгч Р.Э ын ял шалгах хуудас /хх-67/, хохирол нэхэмжилсэн баримтууд /хх-95-97/, өмгөөлөгч Х.Ундрах-Оргилын гаргасан хүсэлт /хх-98/, шүүгдэгч Н.Ц ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-111/, шүүгдэгч Н.Т ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-117/, шүүгдэгч Р.Э ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-119/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 572 дугаартай дүгнэлт /хх-130/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай баримт /хх-131-132/, “Гоо төрх” ХХК эмчилгээний гоо сайханы салоны тодорхойлолт /хх-135/, гэрч А.Хашбалын өгсөн мэдүүлэг /хх-178/, “Натур эмнэлэг” компьютерт томографийн оношлогоо /хх-42/, Р.Э ын хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-11/, Н.Т ын хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-13-14/, Н.Ц ын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-18-20/, гэрч А.Хашбалын өгсөн мэдүүлэг /хх-21-23/, шинжээч эмч Т.Амартүвшинг байцаасан тэмдэглэл /хх-181/, Н.Т ын хувийн байдлын тухай баримтууд /хх-182-188/ зэрэг болно.      

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Тухайн хэрэг учрал болсон өдөр буюу 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монгол” пабын түрээслэгчид болох Р.Э , Н.Т , Н.Ц , Г.Төгсжаргал нар нь хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж харилцан зодолдож бие биедээ хөнгөн хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон. Харин дээрхи зодооны үед Н.Ц  Г.Төгсжаргал нар нь мөн адил харилцан зодолдсон боловч Н.Ц ын биед гэмтлийн зэрэг тогтоогдоогүй байна.

 

Дээр дурьдсан үйл баримт дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

Мөрдөн байцаалтад хохирогч Р.Э ын өгсөн: “…Өнөөдөр 23 цагийн үед бид ажил дээрээ байж байгад манай эхнэр Г.Төгсжаргал хажуу талд үсчиний талбай түрээслэдэг зүс мэдэх эмэгтэй нойлд гадны хүн оруулсанаас болж хоорондоо маргалдсан. Тэгээд нөгөө хүүхэн гарч яваад нөхрөө дагуулаад орж ирээд нөхөр нь намайг гараад ир ийшээ гарч уулзая үзье гээд би тэгье гээд хамт гарсан. Мөн эхнэрүүд  дагаад хамт гарсан. Гадаа гараад эхнэрүүд хоорондоо маргалдаж зууралдаад нөгөө залуу намайг арагш ташиж унагаад би босч ирээд бид хоёр хэл амаар дахин маргалдаж дахиад намайг нүүр рүү нэлээд хэдэн удаа цохисон би арагшаа савж унахдаа цементэн зам мөргөсөн. Тэгээд хүмүүс биднийг салгаж би баар руугаа гүйж ороод цагдаа руу ирсэн.” /хх-11/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Н.Т ын өгсөн: “…2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр 22 цагийн орчим би эхнэрээ ажлаас авах гэж очиход манай эхнэр Н.Ц  нь надад хандаж “Монгол” нэртэй пабыг түрээслэн ажиллуулдаг хүмүүс намайг ариун цэврийн өрөө оруулахгүй байна, уг нь түрээслэгч нь ариун цэврийн өрөө дундынх шүү гэж хэлсэн чи ороод хэлэх үү” гэж хэлсэн. Ингээд би “Монгол” паб руу орж түрээслэгч залуу болох Р.Э д хандаж “чи яагаад манай эхнэрийг ариун цэврийн өрөөнд оруулахгүй бйагаа юм бэ” гэж хэлэхэд “чи хэн юм бэ чамд хамаагүй” гэж хэлээд намайг харааж доромжлоод байхаар нь тэр залууд учирлаж “би танай хажуугийн өрөөг түрээсэлдэг юм, энэ ариун цэврийн өрөө чинь дундаа ашиглах ёстой” гэж хэлсэн. Тэгтэл Р.Э нь “чамд хамаагүй, хоёулаа гарч байгаад учраа олъё” гэж хэлээд гарахаар нь би араас нь гарахад Р.Э манай эхнэр Н.Ц хэрэлдэж байхаар нь би эхнэрээ өмөөрч Р.Э хэрэлдэж маргалдсан. Тэгтэл Р.Э эхнэр болох Г.Т гарч ирээд манай эхнэртэй маргалдаж хоёр биенээ үсдээд байхаар нь би очиж салгасан чинь тэр хоёр дахин маргалдсан.  Тэгтэл Р.Э  манай  эхнэрийн  үснээс  зулгаахаар  нь  би Р.Э татаад түлхэж унагаатал Р.Э босч ирээд “чи намайг цохилоо” гэж хэлээд намайг цохиж бид хоёр зодолдсон...Р.Э гартаа барьсан эд зүйлээр миний духны хэсэгт 3-4 удаа цохиж нүүр маажиж гэдэснээс хазсан.” /хх-14/ гэх мэдүүлэг,

 

              Мөрдөн байцаалтад хохирогч Г.Төгсжаргалын өгсөн: “...2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр 22 цагийн үед манай хажуугийн өрөөг түрээслэгч болох үсчин Н.Ц нь үл таних хоёр эмэгтэйн хамт манай пабын ариун цэврийн өрөөнд бие зассан ба манай нөхөр Р.Э нь үл таних эмэгтэйгээс нь ариун цэврийн өрөөнд орсоны төлбөр болох 200 төгрөгийг нэхэхэд Н.Ц нь “би яахаараа ариун цэврийн өрөөний төлбөр төлөх ётой юм бэ” гэж хэлээд манай нөхөр рүү дайрч давшилаад орилж хашгираад байсан тул манай нөхөр Р.Э нь Н.Ц хамт явж байсан хоёр эмэгтэйг “гар зайл” гэж хэлээд хөөж гаргасан. Удалгүй Н.Ц нь нөхөр Н.Түвшинбаярыг дагуулж орж ирээд “чи яахаараа надаас ариун цэврийн өрөөнд орсон төлбөр нэхэж байдаг юм бэ” гэж хэлээд манай нөхөр Р.Э доромжлоод байсан ба Р.Э бид хоёрын хувьд Н.Ц Н.Түвшинбаяр нарыг “гар” гэсэн шаардлага тавихад гарахгүй байсан. Иймд манай нөхөр Р.Э нь Н.Ц Н.Түвшинбаяр нарыг дагуулаад гадагшаа гарсан ба би 3 минутын дараа гадагшаа гарахад Н.Ц Н.Түвшинбаяр нар манай нөхөр Р.Э хэрэлдээд байхаар нь би очиж “та нар одоо болиоч ээ” гэж хэлэхэд Н.Ц нь эргэж хараад миний цээж рүү цохиж, үснээс зулгааж доош дараад өшиглөж цохиод байсан. Ингээд удалгүй маргаан болсон.” /хх-17/ гэх мэдүүлэг,

 

              Мөрдөн байцааалтад гэрч А.Хашбалын  өгсөн: “…Би Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монгол” нэртэй пабыг 2017 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс Р.Э , мөн түүний хажууд байрлах өрөөг 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс Н.Ц нарт тус тус түрээслүүлж байгаа. Би 2018 оны 1 дүгээр сарын         30-ны өдөр 22 цаг өнгөрч байхад “Монгол” паб караокены вип өрөөнд хүнтэй уулзаад сууж байхад Р.Э эхнэр Г.Т өрөөнд орж ирээд “гадаа зодоон болоод байна, та гараад ир” гэж хэлэхээр нь би гадагшаа гарахад “Монгол” пабын гадна талд Р.Э Н.Түвшинбаяр нар 2 биенээ заамдаад, зодолдоод байж байсан. Тэгэхээр нь би Р.Э Н.Түвшинбаяр нарын дундуур орж зодооныг салгах гэхэд тэр 2 салахгүй маргалдаад байсан. Тэгтэл нөгөө талд 2 эхнэрүүд нь болох нь Г.Т Н.Ц нар мөн зууралдаад 2 биенийхээ үснээс зулгаагаад байхаар нь би очиж салгасан. Энэ үед Н.Түвшинбаяр нь Р.Э дээр гараад суучихсан байсан. …Тухайн үед 2 эмэгтэй хоорондоо зууралдаж авсан байсан. Харин 2 эрэгтэй нь хоорондоо зууралдаж бие биенээ хоорондоо яг л адилхан цохиж зодоод байсан.” /хх-22, 175/ гэх мэдүүлэг,

 

              Мөрдөн байцаалтад шинжээч эмч Т.Амартүвшинг байцаасан тэмдэглэлд: “…Уг дүгнэлтийг гаргахдаа прокурорын шинжээч томилсон тогтоолоор асуусан асуултанд л хариулт хүн өөрөө өөртөө учруулах боломжтой гэж дүгнэлт гаргасан. Тэрнээс биш уг гэмтлийг Н.Т  өөрөө өөртөө учруулсан байна гэж гаргасан дүгнэлт биш. Н.Т ын биед учирсан тархи доргилт гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа. Уг гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” /хх-181/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад Н.Т ын яллагдагчаар өгсөн: “…Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Би сонсгож байгаа зүйл анги болон үйлдсэн хэрэгэ хүлээн зөвшөөрч байна.”/хх-82-83/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад Н.Ц ын яллагдагчаар өгсөн: “…Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон Г.Төгсжаргалын биед учирсан зулайн хухайн зөөлөн эдийн няцрал гэмтлийг би түүний биед учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Харин гуянд цус хуралт гэмтлийг би түүний биед учруулаагүй. Би сонсгож байгаа зүйл анги болон үйлдсэн хэрэгэ хүлээн зөвшөөрч байна.”/хх-87-88, 112-113/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн №2152 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. Р.Э ын биед зүүн нүдний дээд доод зовхи, зүүн нүдний алимны салстад цус хуралт, зүүн хацрын төвгөрт зулгарал, баруун ухархайн дотор хана, зүүн ухархайн дотор хана хугарал, хамрын таславч зүүн тийш мурийлт гэмтэл тогтоогдлоо.

         2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

         3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” /хх-25/ гэх дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн №2158 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. Г.Төгсжаргалын биед зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

         2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

         3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” /хх-29/ гэх дүгнэлт,

 

  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн №2349 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. Н.Т ын биед тархи доргилт, баруун шанаа, зүүн шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

         2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

         3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

5. Дээрхи гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” /хх-33/ гэх дүгнэлт,  

 

  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн №2302 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

  1. Н.Ц ын биед гэмтэл тогтоогдсонгүй.” /хх-37/ гэх дүгнэлт,  

 

  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн №571 дугаартай хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэд:

1. Урьд гаргасан хүний биед хийсэн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2302 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

2. Н.Ц ын ураг зулбасан нь гэмтэлтэй шалтгаант холбоогүй байна.” /хх-128/ гэх дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн №572 дугаартай хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэд:

1. Урьд гаргасан хүний биед хийсэн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2349 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

2. Н.Т ын биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Н.Т ын биед учирсан тархи доргилт бүхий гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Н.Т ын биед учирсан баруун шанаа, зүүн шанаанд зулгаралт бүхий гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

 

                  Хохирол нэхэмжилсэн баримтууд /хх-95-97, 134-135, 141-162/,

                  Шүүгдэгч нарын ял шалгах хуудас /хх-54, 59, 67/, 

                  Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-55, 60, 68/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч, хохирогч нар нь харилцан зодолдож бие биедээ хөнгөн хохирол учруулсныг өөрсдөө хүлээсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нар дээрхи болсон үйл явдлыг адил  бөгөөд бие биеэсээ хараат бусаар мэдүүлсэн, хохирогч нарын эрүүл мэндэд учирсан хохирлыг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоосон байна.

 

Иймд шүүгдэгч Р.Э , Н.Т , Н.Ц  нарын 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монгол” пабын гадна хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, харилцан зодолдож тус тус эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул тэднийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Ундрах-Оргилын гаргасан: “… Тиймээс санаатайгаар бусдад учруулсан гэмтэл биш гэж үзэж байна. Мөн Н.Түвшинбаяр нь хэрэг гарсанаас хойш 4-5 хоногийн дараа Р.Э уулзсан. Уулзах гээд  Р.Э дээр очиход нүүрэнд нь ямар ч шарх сорви байгаагүй. Өөрөө ч харин хэрэгт холбоотой тийм учраас аргалъя гэдэг байр сууринаас очсон байдаг нөхцөл байдал харагдаж байгаа. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дүгээр зүйлд зааснаар “эрүүгийн хэрэгт хамаарах бүхий л нотлох баримтыг цуглуулсан боловч сэжигтэн яллагдагч шүүгдэгч нь гэм буруутай эсэхэд эргэлзээ гарах юм бол шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэнэ” гэж үзэж байгаа. Тиймээс гэм буруугүйд тооцож цагаатгах хангалттай үндэслэлтэй байна гэж үзэж байна” гэх тайлбар гарган мэтгэлцэж байх боловч мөрдөн байцаалтад хохирогч Н.Т ын өгсөн:…” Тэгтэл Р.Э эхнэр болох Г.Т гарч ирээд манай эхнэртэй маргалдаж хоёр биенээ үсдээд байхаар нь би очиж салгасан чинь тэр хоёр дахин маргалдсан.  Тэгтэл Р.Э  манай  эхнэрийн  үснээс  зулгаахаар  нь  би Р.Э татаад түлхэж унагаатал Р.Э босч ирээд “чи намайг цохилоо” гэж хэлээд намайг цохиж бид хоёр зодолдсон...Р.Э гартаа барьсан эд зүйлээр миний духны хэсэгт 3-4 удаа цохиж нүүр маажиж гэдэснээс хазсан.” /хх-14/ гэх мэдүүлэг, мөн мөрдөн байцаалтад гэрч А.Хашбалын өгсөн: ……Тухайн үед 2 эмэгтэй хоорондоо зууралдаж авсан байсан. Харин 2 эрэгтэй нь хоорондоо зууралдаж бие биенээ хоорондоо яг л адилхан цохиж зодоод байсан.” /хх-22, 175/ гэх мэдүүлэг болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлахад шүүгдэгч Р.Э  нь дээрхи гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон гэж үзлээ.

 

Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын хувьд нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Дээрхи байдлаар шүүгдэгч Р.Э , Н.Т , Н.Ц  нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүхээс шүүгдэгч Н.Т , Н.Ц  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шаардлагатай тул  прокурорын саналын хүрээнд буюу шүүгдэгч тус бүрт 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

 

Харин шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Р.Э д 300 цаг нийтэд тус ажил хийлгэх ял шийтгэл оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Н.Т , Н.Ц  нарт оногдуулсан торгох ялыг хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.

 

Шүүгдэгч Р.Э , Н.Т , Н.Ц  нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүх дараах байдлаар шийдвэрлэв. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Төгсжаргал нь “Гоо төрх” ХХК-нд эмчилгээ хийлгэсэн гэж шүүгдэгч Н.Ц оос 750.000 төгрөг, хохирогч Н.Т  “Ану” үсчин, гоо сайханы салоноор лазер эмчилгээ хийлгэсэн гэж шүүгдэгч Р.Э аас 2.500.000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн боловч нотлох баримтын шаардлага хангаагүй үндэслэлээр энэ шийтгэх тогтоолын хүрээнд хангах боломжгүй бөгөөд холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Харин эмчилгээнд зарцуулсан төлбөр болох нотлох баримтын шаардлага хангасан 355.000 төгрөгийг шүүгдэгч Р.Э аас гаргуулж хохирогч Н.Т т, мөн шүүгдэгч Н.Т аас 490.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Р.Э д тус тус олгохоор тогтов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.8  дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Шүүгдэгч Ц овогт Р  Э , Б овогт Н Т, Б овогт Н Ц  нарыг тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Т , Н.Ц   нарт 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар, Р.Э ыг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Н.Т , Н.Ц   нарт оногдуулсан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Н.Т , Н.Ц  нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар Р.Э  нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

            6. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Р.Э , Н.Т , Н.Ц  нар нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан

ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

            7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар Р.Э аас 355.000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Т т, Н.Т аас 490.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Р.Э д тус тус олгосугай.

           

8. Хохирогч Г.Төгсжаргалын 750.000 төгрөг, хохирогч Н.Т ын 2.500.000 төгрөгийг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

 

9. Хохирогч нар нь эмчилгээний зардал болон цаашид гарах гэм хорын зардалтай холбогдуулан гаргах баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

          10. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

        11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,                                        Э.ЧИНГИС

ШҮҮГЧ