Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 912

 

Р.Э, Н.Т, Н.Цнарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Ч.Алтансүх,

хохирогч Г.Төгсжаргал,

хохирогч, шүүгдэгч Р.Э, түүний өмгөөлөгч Х.У,

хохирогч, шүүгдэгч Н.Т, шүүгдэгч Н.Цнарын өмгөөлөгч П.У,

нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 1058 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч, шүүгдэгч Р.Э, түүний өмгөөлөгч Х.У нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Р.Э, Н.Т, Н.Цнарт холбогдох 1806011150464 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

Ц овгийн  Р.Э, 1979 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэдээлэл технологийн инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт .................. оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ................/;

Бо овгийн Н.Т, 1993 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, монтёр мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ....................... оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ....................../;

Б овгийн  Н.Ц, 1992 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт ........................... оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: .................../;

Р.Э нь 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монгол” пабын гадна иргэн Н.Ттай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,

Н.Т нь 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монгол” пабын гадна иргэн Р.Этай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,

Н.Цнь 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монгол” пабын гадна иргэн Г.Т-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газар: Р.Э, Н.Т, Н.Цнарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Р.Э, Н.Т, Н.Цнарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Т, Н.Цнарыг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар, Р.Эыг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар Н.Т, Н.Цнарт оногдуулсан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.Т, Н.Цнар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар Р.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Р.Э, Н.Түвшинжаргал, Н.Цнар нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан  ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар Р.Эаас 355.000 төгрөг гаргуулж хохирогч Н.Тт, Н.Таас 490.000 төгрөг гаргуулж, хохирогч Р.Эд тус тус олгох, хохирогч Г.Т-ын 750.000 төгрөгийн, хохирогч Н.Тын 2.500.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нар нь эмчилгээний зардал болон цаашид гарах гэм хорын зардалтай холбогдуулан гаргах баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч, шүүгдэгч Р.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн дугаар 1058 тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн. Энэ хэрэгт холбогдогч Н.Т нь худал баримт цуглуулан намайг гүтгэж ийм хэрэгт оролцуулсан тул дээрх шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй. Иймд гомдлыг хүлээн авч хянаж өгнө үү. ...” гэв.

Хохирогч, шүүгдэгч Р.Эын өмгөөлөгч Х.У давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний үйлчлүүлэгч Р.Эыг 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монгол” пабын гадна иргэн Э.Н.Ттай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 7 дугаар сарын 25-ны 1058 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэснийг үл зөвшөөрч байна.

Баримтаас үзэхэд Р.Э нь өөрийн ажиллуулж байсан “Монгол” паб нэртэй үйлчилгээний /00/ буюу бие засах газраар үйлчлүүлсэн хүнээс төлбөр авах талаар Н.Н.Цтой хамт явсан хүмүүст хэлэхэд, Н.Цнь хэрүүл маргаан өдөөн хоргоож, өөрийн гэр бүлийн хүн болох Н.Тыг дуудан дахин маргалдаж, зодоон болох эх үүсвэрийг тавьсан нөхцөл байдал тогтоогддог.

Нөгөөтэйгүүр шүүх өөрөө, энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын хувьд нийгэмд тогтсон хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзсэн атлаа, ... гэмт хэрэг гарах болсон нөхцөл, байдал, маргааныг өдөөн хоргоосон, эхлүүлсэн, ёс суртахууны доголдол гаргасан, нэгнийхээ тавьсан шаардлагыг үл тоосон үйлдэл гаргасан Н.Т, Н.Цнарт 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шаардлага тавьсаныхаа төлөө бусдад зодуулчихаад байгаа Р.Эын үйлдэлд буруу дүгнэлт өгч 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байгаа нь буруу юм.

 Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцээгүй дүгнэлт хийсэн байна.

Түүнчлэн миний үйлчлүүлэгч Р.Э нь гэмт хэрэг гарсан даруйд цагдаагийн байгууллагад мэдэгдэж, болсон явдлын талаар хэрэг бүртгэлт, шүүхийн шатанд тодорхой мэдүүлсээр байтал гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Р.Эын “... нөгөө хүүхэн гарч нөхрөө дагуулж орж ирээд нөхөр нь намайг гараад ир ийшээ гарч уулзая гээд би тэгье гээд хамт гарсан мөн эхнэрүүд гарсан, гадаа эхнэрүүд хоорондоо маргалдаж, зууралдаад нөгөө залуу намайг ташиж, арагш унагаад маргалдахад нүүр лүү хэд хэдэн удаа цохисон. Би арагшаа савж унахдаа цементэн зам мөргөсөн гэх мэдүүлэг, гэрч А.Хашбалын “... Н.Т нь Р.Эын дээр гарсан зодож байсан, харин Р.Эыг зодож байхыг хараагүй гэх мэдүүлэг болон Н.Тын биед үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлт зэргээс үзэхэд Р.Э нь Н.Тын биед гэмтэл учруулсан нь эргэлзээтэй, хангалттай нотлогдоогүй гэж үзнэ.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6, 39.7, 39.8, 39.9 дүгээр зүйлүүдэд зааснаар хэргийг шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Г.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хэрэг гарсан өдөр би Н.Цгэх хүнд зодуулж байсан. Н.Т нь манай нөхрийг хэд хэдэн удаа тархи руу нь мөргөж дагзаар нь газар унагаасан. Энэ талаар А.Х харсан бөгөөд гэрчилж чадна. Анх гэрээ байгуулахад ариун цэврийн өрөөгөө дундаа хэрэглэнэ гэж тохироогүй бөгөөд энэ талаар гэрээнд заагаагүй. Миний нөхөр Н.Тыг ямар нэгэн байдлаар цохиж зодоогүй бөгөөд тэр Р.Эыг мөргөж унагаах явцдаа өөрөө өөртөө хөнгөн гэмтэл учруулсан. ...” гэв.

Хохирогч, шүүгдэгч Н.Т, шүүгдэгч Н.Цнарын өмгөөлөгч П.У тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий зөв гарсан. Р.Эын үйлдлийн улмаас миний үйлчлүүлэгчид хөнгөн хохирол учирсан бөгөөд энэ талаар хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдсон. Р.Эын зүгээс миний үйлчлүүлэгчийг өөрөө өөртөө гэмтэл учруулсан байх боломжтой, худал баримт цуглуулж намайг гүтгэж байна гэж хэлдэг. Үүний дагуу шинжээч эмч Амартүвшингээс асуухад “энэ гэмтлийг хүн өөрөө өөртөө учруулах боломжтой. Гэхдээ энэ гэмтлийг өөрөө өөртөө учруулсан гэж хэлэхгүй” гэж мэдүүлсэн байдаг. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс өөрийн үйлчлүүлэгчээ энэ гэмт хэрэг үйлдсэн гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа юм шиг, эсхүл ял ялгамжтай оногдуулсан гэж гомдол гаргаж байгаа юм шиг өөр өөр зүйл хэлж байна. Шударга ёсны зарчимд үндэслэн, Р.Эын хийсэн үйлдэлдээ гэмшихгүй байгаа, үнэлэлт дүгнэлт хийхгүй байгаа байдлыг анхан шатны шүүхээс харгалзан үзэж ялыг ялгамжтай оногдуулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэх саналтай байна. ...” гэв.

Прокурор Ч.Алтансүх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Хоёр хүн хоорондоо харилцан зодолдсоны улмаас хөнгөн зэргийн гэмтэл учирсан байдаг. Нийтэд тустай ажил хийлгэх ял, торгох ялыг хөнгөн, хүнд гэж ялгасан зүйл байхгүй. Р.Э нь анхан шатны шүүх хуралдаанаас эхлэн гэм буруугийн талаар болон ял шийтгэлийн талаар хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Ийм учраас шүүхээс ялыг ялгамжтай оногдуулсан гэж үзэж байна. Зарим шаардлага хангаагүй нотлох баримтуудыг жич бүрдүүлэн нэхэмжлэхээр шүүхийн шийтгэх тогтоолд заасан байгаа. Анхан шатны шүүх хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэсэн учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Р.Э, Н.Т, Н.Цнарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангажээ.

Р.Э, Н.Т, Н.Цнар нь 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монгол” пабын гадна хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар харилцан зодолдож, Р.Э нь Н.Тын, Н.Т нь Р.Эын, Н.Цнь Г.Төгсжаргалын эрүүл мэндэд нь тус тус хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Р.Эын “... 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр 00-д гадны хүн оруулснаас болж маргалдаж, зууралдаад нөгөө залуу намайг арагш ташиж унагаагаад, би босч ирээд дахин маргалдахад миний нүүр лүү хэд хэдэн удаа цохисон. Би арагшаа савж унахдаа цементэн зам мөргөж унасан. ...” /1хх-11/,

хохирогч Н.Тын “... 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Р.Э нь манай эхнэрийн үснээс зулгаахаар нь, би татаад, Р.Эыг түлхэж унагаатал босч ирээд “чи намайг цохилоо” гээд намайг цохиж, бид хоёр зодолдсон. ...” /1хх-14/,

хохирогч Г.Т-ын “... 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 22 цагийн үед Н.Цнь үл таних 2 эмэгтэйн хамт манай ариун цэврийн өрөөнд бие засах үед манай нөхөр Р.Э төлбөр 200 төгрөгийг нэхэхэд Н.Ц“би яахаараа төлбөр төлөх ёстой юм бэ” гээд дайрч давшилаад, орилж хашгираад байхаар нь манай нөхөр “зайл” гээд хөөж гаргасан. ... Н.Ц, Р.Э нар нь манай нөхөртэй хэрэлдээд байхаар нь би очоод “болиоч ээ” гэж хэлэхэд Н.Цнь эргэж хараад миний цээж рүү цохиж, үснээс зулгааж доош дараад, өшиглөж цохиод байсан. ...” /1хх-16-17/,

гэрч А.Х-ын “... Н.Ц, Төгсжаргал нар хоёр биенийхээ үснээс зулгаагаад зууралдаад байсан ба бие биеэ цохиж харагдаагүй. Харин Р.Э, Н.Т нар зайнаас хоёр биенээ нүүрэн тус газраа 1-2 удаа цохиж, заамдалцаад байсан. Ариун цэврийн өрөөг дундаа ашиглах талаар би өмнө нь хэлж байсан. Н.Цнь урьд надад хандаж, “Р.Э,  Т нар нь ариун цэврийн өрөөнд оруулахгүй байна.” гэсэн гомдол гаргахаар нь би тэд нартай уулзаж, “ариун цэврийн өрөөг дундаа ашиглана шүү” гэж хэлж байсан. ...” /1хх-22-23/,

Н.Н.Цын яллагдагчаар өгсөн “... Тухайн өдөр би Т-ын үснээс зулгаасан. Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, Г.Т-ын биед учирсан, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтлийг би учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Харин гуянд цус хуралт гэмтлийг би учруулаагүй. ...” /1хх-112-114/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 2152 дугаартай “... Р.Эын биед зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний алимны салстад цус хуралт, зүүн хацрын төвгөрт зулгарал, баруун ухархайн дотор хана, зүүн ухархайн дотор хана хугарал, хамрын таславч зүүн тийш мурийлт бүхий хөнгөн гэмтэл тогтоогдлоо. ...” гэх /1хх-25/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 2158 дугаартай “... Г.Т-н биед зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун гуянд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл тогтоогдлоо. ...” гэх /1хх-29/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 2349 дугаартай “... Н.Тын биед тархи доргилт, баруун шанаа, зүүн шанаанд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл тогтоогдлоо. ...” /1хх-33/ гэх дүгнэлтүүд зэрэг хавтас хэрэгт авагдаж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасан зохицуулалтын хүрээнд тэгш эрхтэй оролцох субъектуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, Р.Э, Н.Т, Н.Цнарыг тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Т, Н.Цнарт 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар, Р.Эыг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж шийдвэрлэсэн нь тэдний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирчээ.

Шүүгдэгч Р.Э, түүний өмгөөлөгч Х.У нар нь “... анхан шатны шүүх Р.Эыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, мөн Р.Э нь Н.Тын биед гэмтэл учруулсан нь эргэлзээтэй, хангалттай нотлогдоогүй байх тул хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Р.Э нь нэг объектэд түрээслэж байсан байрны ариун цэврийн өрөөнд “төлбөр авч байж оруулна” гэсэн зүй бус үйлдлээс маргаан үүссэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа зэрэгт дүгнэлт хийж, ял шийтгэлийг ялгамжтай оногдуулсан нь тохирсон байх ба шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгч Р.Э, Х.У нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 1058 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 1058 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Р.Э, Х.У нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                    ШҮҮГЧИД                                                       О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                                                                                           Д.ОЮУНЧУЛУУН