Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 29

 

 

 

 

 

2020 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 207/МА2020/00029

 

 

******* ХХК-ийн Орхон салбарын

нэхэмжлэлтэй, хариуцагч *******д

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Баттөр, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 142/ШШ2020/00067 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн Орхон салбарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэг 13.990.781.31 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батзоригийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батзориг, хариуцагч *******, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн Орхон салбарын захирал О.Хаянхярваа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Тогоохүүгийн Энх-Амгалан нь картын зээлээ графикийн дагуу төлөхгүй хугацаа хэтэрч байна. 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар үндсэн зээл 10.563.043.74 төгрөг, хүү 2.800.203.66 төгрөг, эрх хэтрүүлсэн 627.533.91 төгрөг, нийт 13.990.781.31 төгрөгийн зээлийн өртэй байгаа юм. Одоогоор ажлаа хэвийн хийж байгаа боловч зээлээ төлөхгүй байгаа юм. Иймд Тогоохүүгийн Энх-Амгалангийн хариуцах дээр дурьдсан зээлийн нийт үлдэгдэл буюу зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр болох 13.990.781.31 төгрөгийг төлүүлэх арга хэмжээ авч богино хугацаанд банкыг хохиролгүй болгож өгнө үү. Мөн улсын тэмдэгтийн хураамж болох 227.904 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ЗГ999750372 тоот картын /би өөрөө захиалаагүй бөгөөд хэвлэгдсэн ирсэн болно/ гэрээгээр *******наас сарын 3,5 хувийн хүүтэй кредит картын зээл олгогдсон. Тус зээл нь өндөр хүүтэй тул өөр банкнаас бага хүүтэй зээл авахаар хөөцөлдөх хүсэлттэй байсан ч 2019 оны 01 дүгээр сараас арилжааны банкнууд зээлийн хэмжээ болон хугацааг багасгасан, мөн ажлын цаг зав болохгүй, эргэн төлөх мөнгөний бололцоо байхгүй байсаар үндсэн зээлээ төлж чадалгүй хугацаа хэтэрсэн. Дээрх нэхэмжилсэн 13.990.781.31 төгрөгийг бүрэн төлөх боломжгүй бөгөөд үндсэн зээл болох 10.563.043.74 төгрөгийг л төлөх хүсэлттэй байна. Энэ 10.563.043.74 төгрөгийг 2020 оны 02 дугаар сараас сар бүрийн 28-ны өдөр 450.000 төгрөгөөр төлөх хүсэлттэй байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 142/ШШ2020/00067 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д заасныг баримтлан хариуцагч *******гаас 10.563.043.74 төгрөгийг гаргуулж ******* ХХК-ийн Орхон салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3.427.737.57 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227.904 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 113.952 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батзориг шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Тус харилцагч 15.000.000 төгрөгний зээлийн эрхтэй кредит карт авч хүү болон үндсэн төлбөрөө хугацаандаа төлөөгүй өнөөдрийн байдлаар 12 сар буюу 370 хоног ямарч төлбөр хийгээгүй байж кредит картын хүүгийн төлбөр, торгуулийн төлбөрөө шүүх хурал дээр төлж чадахгүй, зөвхөн үндсэн төлбөрөө төлнө, хүүгийн төлбөрийг харилцагч зөвшөөрөхгүй байсан. Иймд шүүхээс харилцагчийн үндсэн төлбөр болох 10.563.043.74 төгрөгийг харилцагчаар гаргуулахаар шийдсэн. Тус харилцагч банкнаас хүүгүй зээл аваагүй, бэлэн 3,5% /сарын/ бэлэн бус 2,5% /сарын/ хүүтэй карт авсан гэдгээ хүлээн зөвшөөрөн гэрээ байгуулан авч байсан. Шүүх хуралд дээр тайлбар хийхдээ зуны 3 сар амралтаа аваад төлж чадахгүй болсон гэсэн боловч үнэндээ тэрнээс өмнө ч харилцагч картын төлбөрөө төлөхгүй байсан нь зээлийн хугацаа хэтрэлтээс харагдаж байгаа юм. Банкны зүгээс харилцагчид цаг тухай бүр картын төлбөрөө төлж барагдуулах тал дээр сануулж байнга холбоотой байсан. Харилцагч 2019 оны 09 дүгээр сард ирж тооцооны төвийн захирал Ж. Ганчимэгтэй ирж уулзан шүүхийн эвлэрүүлэн зуучлах төвөөр орж картын хүүг зогсоож цаашид яаж төлөх талаар ярилцаж байсан. Өөрөө хариуцлага алдаж эргэж ирээгүй учир сар бүр картын хүү нэмэгдсээр өдий хүрсэнг дурдаж болно. Иймд Орхон аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрийг үндэслэн гомдол гаргаж байгаагаа үүгээр илэрхийлж байна. Тус харилцагчаар үндсэн хүү торгуулийн хүү эрх хэтрүүлсэн төлбөр болох 3.427.737 төгрөгийг гаргуулж *******ы Орхон салбарт олгуулж байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү? гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч *******ны Орхон салбар хариуцагч *******д холбогдуулан зээлийн төлбөр 13.990.781 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч ... кредит картыг би өөрөө захиалж аваагүй,тус зээл өндөр хүүтэй тул зээлээ төлж чадахгүйд хүрсэн, зээлийн хүү, хугацаа хэтрүүлсний хүү төлөх боломжгүй гэх тайлбар гаргаж мэтгэлцжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар тус банкнаас хариуцагч ******* 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Кредит картын гэрээ байгуулж 15.000.000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, сарын бэлэн-3,5 хувь, бэлэн бус-2 хувийн хүүтэй зээлж, гэрээний үүргээ зөрчиж зээлийн үндсэн төлбөрийг төлөөгүй болох нь тогтоогдсон байна.

Шүүх нэхэмжлэгч тус банкны Орхон салбар зээлийн хүү, эрх хэтрүүлсэн хүү шаардаж шаардлага, үндэслэлийг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагаас нийт 3.427.737.57 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу кредит карт эзэмшигчтэй байгуулсан зээлийн гэрээнд талууд зээлийн хугацаа, эрх хэтрүүлсэний хүүг хэрхэн тооцох талаар тохиролцоогүй гэрээний гол нөхцлийг тодорхойлоогүй байх ба энэ талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан ... харилцагч банкнаас хүүгүй зээл аваагүй, бэлэн 3,5% /сарын/ бэлэн бус 2,5% /сарын/ хүүтэй карт авсан гэдгээ хүлээн зөвшөөрөн гэрээ байгуулсан боловч зээлийн хүү төлөх боломжгүй гэж байгаа нь үндэслэлгүй байна ... гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батзоригийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 142/ШШ2020/00067 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батзоригийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батзоригийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 69.800 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ

ШҮҮГЧИД Б.БАТТӨР

Б.ОЮУНЦЭЦЭГ