Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 142/ШШ2020/00067

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Амарын гудамжид байрших Голомт банк ХХК-ийн Орхон салбарын /регистрийн дугаар 2075377/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг 5-4 байрны 4 тоотод оршин суух Г овгийн Т-гийн Э /регистрийн дугаар ...../-д холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 13 990 781,31 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, хариуцагч Т.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Голомт банк ХХК-ийн Орхон салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Т-гийн Э нь картын зээлээ графикийн дагуу төлөхгүй хугацаа хэтэрч байна. 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар үндсэн зээл 10 563 043,74 төгрөг, хүү 2 800 203,66 төгрөг, эрх хэтрүүлсэн 627 533,91 төгрөг, нийт 13 990 781,31 төгрөгийн зээлийн өртэй байгаа юм. Одоогоор ажлаа хэвийн хийж байгаа боловч зээлээ төлөхгүй байгаа юм. Иймд Т-гийн Э-гийн хариуцах дээр дурьдсан зээлийн нийт үлдэгдэл буюу зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр болох 13 990 781,31 төгрөгийг төлүүлэх арга хэмжээ авч богино хугацаанд банкыг хохиролгүй болгож өгнө үү. Мөн улсын тэмдэгтийн хураамж болох 227 904 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Т.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ЗГ999750372 тоот картын /би өөрөө захиалаагүй бөгөөд хэвлэгдсэн ирсэн болно/ гэрээгээр Голомт банкнаас сарын 3,5 хувийн хүүтэй кредит картын зээл олгогдсон. Тус зээл нь өндөр хүүтэй тул өөр банкнаас бага хүүтэй зээл авахаар хөөцөлдөх хүсэлттэй байсан ч 2019 оны 01 дүгээр сараас арилжааны банкнууд зээлийн хэмжээ болон хугацааг багасгасан, мөн ажлын цаг зав болохгүй, эргэн төлөх мөнгөний бололцоо байхгүй байсаар үндсэн зээлээ төлж чадалгүй хугацаа хэтэрсэн. Дээрх нэхэмжилсэн 13 990 781,31 төгрөгийг бүрэн төлөх боломжгүй бөгөөд үндсэн зээл болох 10 563 043,74 төгрөгийг л төлөх хүсэлттэй байна. Энэ 10 563 043,74 төгрөгийг 2020 оны 02 дугаар сараас сар бүрийн 28-ны өдөр 450 000 төгрөгөөр төлөх хүсэлттэй байна” гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Голомт банк ХХК-ийн Орхон салбар хариуцагч Т.Э-д холбогдуулан кредит карт эзэмшигчтэй байгуулсан зээлийн гэрээний үүрэг нийт 13 990 781,31 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч Т.Э дээрх нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн үлдэгдэл 10 563 043,74 төгрөгийн төлбөрийг зөвшөөрч бусад хэсгийг эс зөвшөөрч мэтгэлцсэн.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангаж шийдвэрлэлээ.

Голомт банк ХХК-ийн Орхон салбар хариуцагч Т.Э нар 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр кредит карт эзэмшигчтэй байгуулах ЗГ/999750372 дугаартай гэрээг байгуулсны улмаас хариуцагч тус банкны кредит картыг эзэмшсэн бөгөөд уг гэрээгээр кредит картны зээлийн эрхийн хэмжээ 15 000 000 төгрөг байхаар тохиролцсон байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.

Нэхэмжлэгчээс хариуцагчид холбогдуулан 13 990 781,31 төгрөгийг нэхэмжлэхдээ үндсэн зээл 10 563 043,74 төгрөг, хүү 2 800 203,66 төгрөг, эрх хэтрүүлсэн 627 533,91 төгрөгийг нэхэмжилсэн.

Хэдийгээр нэхэмжлэгч хуульд заасны дагуу зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол зээлдэгчээс хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй ч зохигчдын хооронд байгуулсан ЗГ/99970372 дугаартай гэрээнд бэлэн болон бэлэн бус гүйлгээний хүү, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү хэд байх талаар тусгаагүй, зээлийг эргэн төлөх хугацаа тодорхойгүй, зээлийн хүүг юунд үндэслэн яаж тооцсон нь тогтоогдохгүй байх тул хариуцагчаас хүү 2 800 203,66 төгрөг, эрх хэтрүүлсэн 627 533,91 төгрөгийг гаргуулах боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч зээлийн хүү болон эрх хэтрүүлсэн хүү шаардаж буй шаардлагын үндэслэлийг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй ба тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар өөрийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй байна.

Харин хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “үндсэн зээл 15 000 000 төгрөгийн үлдэгдэл 10 563 043,74 төгрөгийг төлөх боломжтой” гэж тайлбарлаж байх тул хариуцагчаас 10 563 043,74 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Голомт банк ХХК-ийн Орхон салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 427 737 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227 904 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Э-гаас 113 952 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Голомт банк ХХК-ны Орхон салбарт олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон          

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д заасныг баримтлан хариуцагч Т.Э-гаас 10 563 043,74 төгрөгийг гаргуулж Голомт банк ХХК-ийн Орхон салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 427 737,57 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227 904 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Э-гаас 113 952 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Р.ҮҮРИЙНТУЯА