Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2019/0647/З |
Дугаар | 206 |
Огноо | 2020-06-03 |
Маргааны төрөл | Татвар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 206
“БХ” ХХК-ийн гомдолтой,
ТЕГ-ын УТОХГ-ын УБ нарт холбогдох
зөрчлийн хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч шүүгч: Ч.Тунгалаг
Шүүгчид: М.Батсуурь
Г.Банзрагч
Д.Мөнхтуяа
Илтгэгч шүүгч: П.Соёл-Эрдэнэ
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал
Гомдлын шаардлага: 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 0300275 дугаар шийтгэлийн хуудсаар оногдуулсан 101,081,606.60 төгрөгийн төлбөрөөс 97,943,180.90 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2019/0924 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 143 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч: гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Анхбаяр, Б.Батбаяр, хариуцагч Ц.Сарантуяа, Ж.Янжмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Алтанхүү, Ц.Тогосмаа нарыг оролцуулж,
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2019/0924 дүгээр шийдвэрээр: Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 13 дугаар зүйлийн 13.9, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 15 дугаар зүйлийн 15.1.7, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003 оны/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг тус тус баримтлан ТЕГ-ын УТОХГ-ын татварын УБ-дын “2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 0300275 дугаар шийтгэлийн хуудсаар оногдуулсан 101,081,606.60 төгрөгийн төлбөрөөс 97,943,180.90 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий “БХ” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 143 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 924 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагч “БХ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
3. Гомдол гаргагч “БХ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтанцэцэг, өмгөөлөгч Б.Батбаяр нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхээс “2014 онд үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус компанийн хувь нийлүүлэгч, гүйцэтгэх захирал нарт шилжүүлэх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ аваагүй, харин 2017 онд улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөлийг 2014 онд шилжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй буюу 2017 онд өмчлөлд шилжсэн” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Хөрөнгө оруулагчийн биеийн байдал муудсаны улмаас Монгол улсад ирж чадахгүй байсаар 2017 оны 09 сард ирэхэд үл хөдлөх хөрөнгүүдийг шилжүүлэхээр нотариатад хандахад нотариат тухайн өдрөөр гэрээг баталж өгсөн. Үүнийг татварын УБ- нар 2017 онд үл хөдлөх хөрөнгө зарсан гэж үзсэн. Үл хөдлөх хөрөнгүүдийг 2014 онд зарж борлуулснаа журмын дагуу тайлагнасан байтал 2017 онд зөвхөн өмчлөл шилжүүлэх гэрээ хийсний төлөө борлуулалт хийсэн гэж үзсэн нь үндэслэлгүй юм.
4. Хэрэгт авагдсан баримтаас харахад тухайн хяналт шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгжийн удирдлага, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь байхгүй байхад хяналт шалгалтыг явуулсан байна. Өөрөөр хэлбэл, байгууллагыг Компанийн тухай хуульд зааснаар итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг нь байхгүй байхад хэрхэн хяналт шалгалт явуулсан нь тодорхойгүй байна.
5. Гомдол гаргагч 2014 онд татвар төлсөн ч 2017 онд дахин төлөх ёстой гэдэг бодит нөхцөл байдалтай холбоогүй шийдвэрийг анхан болон давж заалдах шатны шүүх гаргасан нь хуулийн болон бодит байдалд нийцэхгүй байна. Учир нь тус компанийг төлөөлөх эрх бүхий этгээд буюу гүйцэтгэх захирал Чен Жиэнмин нь Монгол Улсын хилээр 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдөр орж ирсэн байтал хяналт шалгалтын үйл ажиллагааг 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр эхэлсэн, 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр гүйцэтгэх захирал Чен Жиэнминтэй ярилцлага хийхдээ хэлмэрч, орчуулагч томилохгүйгээр ярилцлага хийж тэмдэглэл дээр гарын үсэг зуруулсан, Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлд татвар төлөгчийн эрхэд 17.1.5-д “эрх, хууль ёсны ашиг сонирхлоо биечлэн болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэргэшсэн зөвлөх өөрөө дамжуулан хамгаалах, татварын хяналт шалгалтад биечлэн байлцах” гэж заасны дагуу татварын хяналт шалгалтад оролцуулаагүй, тайлбар гаргаж өгөхийг зөвшөөрөөгүй. 17.1.6-д “татварын албанаас гаргасан акт, дүгнэлт, бусад баримт бичигтэй танилцах, үндэслэлгүй буюу хуульд нийцээгүй гэж үзвэл танилцсанаас хойш 30 хоногийн дотор гомдлоо захиргааны болон шүүхийн журмаар гаргах” гэж заасны дагуу баримт бичигтэй танилцахыг хүсэхэд 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 11 цаг 50 минутад холбогдогчид танилцуулсан гэж тэмдэглэл дээрээ бичсэн атлаа танилцуулаагүй. Татварын хяналт шалгалтын үйл ажиллагаатай танилцахаар очиход 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хэлмэрч орчуулагч томилсон боловч хяналт шалгалтын үйл ажиллагаагаа бүрэн танилцуулаагүй. Шийтгэлийн хуудсыг шуудангаар илгээсэн нь манай компани дээр 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр ирсэн.
6. Үл хөдлөх хөрөнгийн албан татварыг 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн татварын хэлтэс нь хуучин бүртгэлтэй байсан үнээрээ тооцоолол хийж 1,737,477.00 төгрөгийн татварыг төлүүлсэн. Иймд, энэ 3,656,250.00 төгрөгийг хасаж тооцох ёстой.
7. 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан 0300275 тоот шийтгэлийн хуудсаар ногдуулсан татвар, торгууль, алданги нь 2014 онд тайлагнасан татварыг дахин давхардуулж ногдуулсан, 2014 оны жилийн эцсээр Эдийн засгийн ил тод байдлын хүрээнд бүх тайлангаа холбогдох хууль журмын дагуу гаргаж тухайн үед нь харьяалагдах санхүү, татварын алба нь хүлээн авсан тайлангуудыг үгүйсгэсэн Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлд “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэл” гэсний 1-д “Дараах тохиолдолд эрх бүхий албан тушаалтан прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулна” гэснийг зөрчин тийнхүү бүртгүүлээгүй. Тус зүйлийн 2-д “Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхгүйг илрүүлсэн, эсхүл гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор шалгаж, дараах шийдвэрийн аль нэгийг гаргана” гэсний 2.3-д хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх гэснийг зөрчсөн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.
8. Нөгөөтэйгүүр тухайн асуудлыг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан үндэслэл огт тогтоогдоогүй байсан. Өөрөөр хэлбэл, тус хуулийн 6.6 дугаар зүйл “Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх” гэсний 1-д “Дараах үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ”, 1.1-д “зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлд явуулах шаардлагагүй”, 1.2-т “зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн”, 1.3-т “зөрчил үйлдсэн болох нь стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжөөр нотлогдсон” бол гэсний аль нэг үндэслэлд тухайн асуудал хамаарахгүй байна.
9. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, гомдлыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
10. Гомдол гаргагч “БХ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хүрэлбаатар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шүүх Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “борлуулалт” гэж бараа бусдын өмчлөлд шилжүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхийг”, 13 дугаар зүйлийн 13.9-д “Бараа, ажил, үйлчилгээг үйлдвэрлэлийн дотоод эргэлтэд ашигласнаас бусад хэлбэрээр бусдад үнэ төлбөргүй шилжүүлсэн буюу хувийнхаа хэрэгцээнд ашигласан бол нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхгүй” гэж заасныг буруу тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.
11. Учир нь хуульд зааснаар “борлуулалт” гэж барааг бусдын өмчлөлд шилжүүлсэн гэдэг нь манай компанид хамааралгүй, хувь хүнд, мөн өөр хуулийн этгээдийн өмчлөлд шилжүүлэхийг “борлуулалт” гэж ойлгохоор байна. Гэтэл дээрх үл хөдлөх хөрөнгийг шилжүүлж авсан этгээд нь тус компанийн гүйцэтгэх захирал Чен Жиэнмин энэ нь компанийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг гүйцэтгэх захирлын өмчлөлд шилжүүлсэн нь бусдад шилжүүлсэн буюу Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан “борлуулалт” биш юм. Тодруулбал, барааг бусдын өмчлөлд шилжүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхийг дээрх 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан “борлуулалт” гэдэг нь тодорхой нэг хариу төлбөртэй, ашиг олгосон тохиолдолд “борлуулалт” гэж үзэх бөгөөд ямарваа нэг хариу төлбөргүй, ашиг олоогүй тохиолдолд ба бараа борлуулсан гэж үзэхгүй юм. Иймээс компанийн гүйцэтгэх захирал, хувь нийлүүлэгчид өөрийн үл хөдлөх хөрөнгийг шилжүүлснийг “бараа борлуулсан” гэж үзэх үндэслэлгүй бөгөөд энэ зөвхөн ногдол ашиг юм. Тиймээс манай компанийн зүгээс эдгээр хөрөнгийн үл хөдлөх албан татвар болох 1,7337,476.96 төгрөгийг 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн Татварын хэлтэст төлсөн.
12. Нөгөөтэйгүүр Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-д “Бараа, ажил, үйлчилгээг үйлдвэрлэлийн дотоод эргэлтэд ашигласнаас бусад хэлбэрээр бусдад үнэ төлбөргүй шилжүүлсэн буюу хувийнхаа хэрэгцээнд ашигласан бол нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхгүй” гэж заасан тухайд: Баянгол дүүргийн 1-р хороо, 2-р хороолол, Хатанбаатар Магсаржавын гудамж 9А байр, 17F тоот байрлах үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2205031406 дугаар бүхий гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгө, 9А байрны 19G тоот байрлах үл хөдлөх эд хөрөнгүүд нь хоёулаа үйлчилгээний зориулалттай, өмчлөлдөө шилжүүлж авсан этгээдүүд нь компанийн гүйцэтгэх захирал, хөрөнгө оруулагчид шилжүүлсэн нь барааг дотоод эргэлтэд шилжүүлж, компанийн үйл ажиллагаанд ашиглаж байгаа бөгөөд хувийн хэрэгцээнд ашиглаагүй.
13. Хуулийн дээрх заалтаас үзэхэд барааг дотоодын эргэлтэд ашигласан тохиолдолд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхгүй бөгөөд харин “бусдад үнэ төлбөргүй шилжүүлсэн, хувийнхаа хэрэгцээнд ашигласан бол нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөхгүй” гэжээ. Гэтэл манай компани нь эдгээр үл хөдлөх хөрөнгийг бусдад буюу компанид хамааралгүй хувь хүнд, хуулийн этгээдэд “борлуулаагүй, үнэ төлбөргүй шилжүүлээгүй, хувийнхаа хэрэгцээнд ашиглаагүй” болно.
14. Тиймээс татварын УБ-ийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 0300275 дугаар шийтгэлийн хуудас хууль бус болжээ. Мөн шийтгэлийн төрлийг Зөрчлийн тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд дараахь шийтгэл оногдуулна”, 1.1-д “торгох шийтгэл”, 1.2-т “Баривчлах шийтгэл”, 1.3-т “эрх хасах шийтгэл”, 2-т “торгох, баривчлах шийтгэлийг үндсэн, эрх хасах шийтгэлийг нэмэгдэл шийтгэлийн хэлбэрээр оногдуулна” гэж тодорхойлон заажээ.
15. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1-д “Татварын хуулиар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол хүн, хуулийн этгээдийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын 0,1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааснаар үзэхэд татварын УБ- нар хэрэв зөрчил гэж үзсэн бол зөвхөн торгууль оногдуулахаар байсан. Гэтэл татварын УБ-ийн 2019 оны 00300275 дугаар шийтгэлийн хуудсаар манай компанид 65,296,454.50 төгрөгийн нөхөн татвар, 14,159,577.50 төгрөгийн алданги тооцсон нь хууль бус болжээ.
16. Иймд, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг хангаж өгнө үү.
ХЯНАВАЛ:
17. Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
18. Гомдол гаргагч “БХ” ХХК нь 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 0300275 дугаар шийтгэлийн хуудсаар оногдуулсан 101,081,606 төгрөгийн төлбөрөөс “97,943,180 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах” гомдлын шаардлага гаргасан.
19. “Бэлэглэлийн гэрээгээр үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэхдээ нэмэгдсэн өртгийн албан татвар төлөөгүй” гэх үндэслэлийн тухайд: Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-д “Бараа, ажил, үйлчилгээг үйлдвэрлэлийн дотоод эргэлтэд ашигласнаас бусад хэлбэрээр бусдад үнэ төлбөргүй шилжүүлсэн буюу хувийнхаа хэрэгцээнд ашигласан бол нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхгүй” гэж заасан, гомдол гаргагч хуулийн этгээд нь өөрийн өмчлөлийн орон сууцыг компанийн захирал болон ерөнхий захирал нарт бэлэглэхдээ дээрх хуульд заасан татварыг төлөх үүрэгтэй байна.
20. Гомдол гаргагчийн “барааг дотоод эргэлтэд шилжүүлж, компанийн үйл ажиллагаанд ашиглаж байгаа бөгөөд хувийн хэрэгцээнд ашиглаагүй, ашиг олоогүй, бараа борлуулаагүй” гэх гомдол үндэслэлгүй бөгөөд хүн амьдран суух зориулалттай орон сууцыг бусдад шилжүүлсэн үйлдлийг компанийн хувийн хэрэгцээнд, үндсэн үйл ажиллагааны зорилгоор ашигласан гэж үзэхгүй.
21. “Үл хөдлөх хөрөнгийг урамшуулал болгон олгохдоо хувь хүний орлогын албан татвар төлөөгүй” гэх үндэслэлийн тухайд: Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал дээр ажил олгогчоос нэмж олгож байгаа тухайн ажилтнаас албан үүргээ гүйцэтгэхэд шууд холбогдолгүй дараахь бараа, үйлчилгээний орлогыг албан татвар ногдох шууд бус орлогод хамруулна”, 26 дугаар зүйлийн 26.1.1-д “энэ хуулийн 11 дүгээр зүйл, 15.1-д заасан орлогын дүнд 23.1-д заасан хувиар, ...албан татвар ногдуулж, холбогдох төсөвт шилжүүлэх” гэж тус тус заасан. Энэ тохиолдолд орон сууцыг урамшуулал хэлбэрээр ерөнхий захирал, гүйцэтгэх захирал нарт олгосон тул хувь хүний орлогын албан татварыг суутгах үүрэгтэй байсан, энэ талаар шүүхүүд зөв дүгнэжээ.
22. Гомдол гаргагчийн “2014 онд орон сууцыг шилжүүлсэн, 2017 онд шилжүүлээгүй” гэх гомдол нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, харин 2017 онд бусдад шилжүүлсэн болох нь Хувь нийлүүлэгчдийн хурлын 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн тогтоол, 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн үл хөдлөх хөрөнгийн бэлэглэлийн гэрээ, 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тус тус тогтоогдсон байна.
23. “Үл хөдлөх хөрөнгийн албан татвар төлөөгүй” гэх үндэслэлийн тухайд: гомдол гаргагчаас “татварыг төлсөн, мөн шилжүүлж авсан тал нь төлөхөөр тохиролцсон байсан” гэж маргасан байна. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч хуулийн этгээд нь үл хөдлөх эд хөрөнгийн жилийн албан татварыг улирал бүрийн сүүлийн сарын 15-ны дотор тэнцүү хэмжээгээр тооцож төлнө” гэж заасан. Тухайн тохиолдолд гомдол гаргагч үл хөдлөх хөрөнгийн татвар төлсөн баримт байхгүй, ийм баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул шийтгэлийн хуудас үндэслэлтэй байна.
24. Гомдол гаргагчийн “Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар тайлагнасан” гэх гомдлын тухайд: энэхүү шийтгэлийн хуудсаар 2017-2018 оны татвар ногдуулалт төлөлтийн байдалд хяналт шалгалт хийсэн, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль нь 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан, 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх зөрчилд хамаарах тул хэрэгт ач холбогдолгүй байна. Нөгөө талаар гомдол гаргагчаас хяналт шалгалтын явцад “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу тайлагнасан” гэх баримтыг гаргаж өгөөгүй тул захиргааны байгууллагыг буруутгах үндэслэлгүй.
25. “Зөрчил шалгах ажиллагааны явцад орчуулагчтай оролцох эрхээр хангаагүйгээс холбогдох баримтыг гаргаж өгч чадаагүй, Х.Идэнбаяр нь санхүүгийн үйл ажиллагааг орчуулах боломжгүй байсан” гэх гомдлын тухайд: 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр гүйцэтгэх захиралтай ярилцлага хийхэд орчуулагчаар Х.Идэнбаярыг оролцуулсан, тэрээр “орчуулга хийх боломжгүй” талаар тайлбарлаж байгаагүй, ярилцлагын тэмдэглэлд гарын үсэг зурсан, 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Х.Идэнбаярыг орчуулагчаар томилох тухай тогтоол гарсан, энэ ажиллагаатай холбогдуулан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорт гомдол гаргаагүй тул тухайн асуудлаар шүүхэд маргах эрхгүй.
26. Иймээс шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2019/0924 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 143 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар гомдол гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ