Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 260

 

Б.С-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын ахлах прокурор О.Мөнхбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 313 дугаар шийтгэх тогтоол, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 10 дугаар магадлалтай, Б.С-д холбогдох 1914004120312 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаярын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1987 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, эмэгтэй, дээд боловсролтой, дууны найруулагч мэргэжилтэй, ял шийтгэлгүй, У овогт Б.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.С-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэжээ.

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын 3, 7 дахь заалтуудад өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.С-н давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр гаргасан гомдолдоо “Шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. хохирогч Д.А нь Б.С-н ээжийг нь зодох, аав руу нь мөн зодохоор дайрах, хэл амаар доромжлох гэх мэтчилэн хууль бус ичгүүр сонжуургүй үйлдлийг удаа дараалан удтал үргэлжлүүлсэн гэх бөгөөд хамгийн сүүлд шүүгдэгчийн гэрт орж ирэн мөн л агсамнаж, унтаж байсан хүүхдийнх нь дээрээс суух үед тэрээр ширээний хулдааснаас татаж босох үед ширээн дээр байсан аяга хохирогч гэх Д.А-н нүүрэнд цохигдсон талаар авагдсан байна. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субъектив санаа зорилго нь санаатай үйлдлээс үүдэлтэй байх бөгөөд эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1-т зааснаар” өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцохоор заасан байна. Анхан болон давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ дээрх нөхцөл байдлыг анхаараагүй орхигдуулж, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, миний үйлчлүүлэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэн түүний эрх зүйн байдлыг дордуулсан. Өөрөөр хэлбэл, миний үйлчлүүлэгч Б.С-н үйлдэл нь хор уршиг учирч болохыг урьдчилан мэдэх боломжтой болгоомжгүй үйлдэл юм гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Харин хавтаст хэрэгт авагдсан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гол үндэслэл болоод байгаа С.С-н мэдүүлэг нь Б.С-н үйлдлээс улбаатайгаар Д.А-н хамарт аяга цохигдсон үйл баримтыг л гэрчилснээс Б.Сод-Эрдэнэ нь шууд санаатайгаар аяга аваад шидсэн, эсхүл аяга барьж байгаад гараараа цохисны алин болохыг тодруулан тогтоож чадаагүй эргэлзээ бүхий нотлох баримт юм. Иймд хэрэгт авагдсан баримтууд болон бусад нөхцөл байдлыг харгалзан үзэж шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон ахлах прокурор О.Мөнхбаатар хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.С-д холбогдох хэргийг хянан хэлэлцсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал хэргийн бодит байдалд нийцсэн байна. Б.С нь хохирогчтой маргалдаж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаярын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.С-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

 

Прокуророос Б.С-г  2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Байдрагийн гүүр гэх газарт иргэн Д.А-н нүүрэн тус газарт аяга шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Прокуророос шалгаж тогтоон хоёр шатны шүүхээс хийсэн үйл баримтын дүгнэлт зөрүүгүй, хэргийн байдалтай нийцэж байгаа боловч түүнд өгсөн эрх зүйн дүгнэлт  ач холбогдол бүхий бөгөөд шүүхийн шийдвэрт ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарахгүй орхигдуулснаас бодит байдалд нийцсэн хууль зүйн дүгнэлт болж чадаагүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Б.С нь Д.А-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах болсон шалтгаан нөхцөл нь түүний үйлдлийг Эрүүгийн хуульд заасан өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэж үзэхэд хүргэх хангалттай үндэслэл болж байна.

 

Хавтаст хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хохирогч гэх Д.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шүүгдэгчийн эх Х.Х-тэй маргаан үүсгэж, биед нь халдсан, Б.С-н зүгээс халдлагыг түр хугацаанд няцаасны дараа гэрт нь нэвтэрч дахин маргаан үүсгэж, хэрүүл тэмцэл үүсгэсэн, согтуурхсандаа орон дээр байсан Б.С-н бага насны хүүхэд дээр суух үйлдэл хийх үед Б.С нь Д.А-н үйлдлийг таслан зогсоох зорилгоор аяга шидэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг аргагүй хамгаалалтын хүрээнд хийгдсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Орчин үеийн эрүүгийн эрх зүйд аргагүй хамгаалалтын хүрээ хязгаарыг илүү өргөн хүрээнд авч үзэж, халдагч этгээдийн зөвхөн тулгарсан довтолгооноос гадна үргэлжилсэн довтолгоон, халдлагын үед өөрийн боломжит үедээ хамгаалалт хэрэглэх боломжийг зөвшөөрсөн. Халдагч этгээдийн зүгээс халдлага, довтолгоо хийгдэх нь энгийн ухамсрын хүрээнд ойлгомжтой болсон, аюул занал бодитой оршиж халдлага үргэлжилж буй үед өрсөж хамгаалах нь аргагүй хамгаалалтын хүрээнд хийгдсэн хууль ёсны үйлдэлд тооцогдоно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж, халдагч этгээдэд гэм хор учруулан өөрийн болон бусдын амь нас эрүүл мэндийг хамгаалах  эрхийг иргэнд хуулиар зөвшөөрсөн бөгөөд энэхүү тохиолдолд аргагүй хамгаалалт хийсэн хүний санаа сэдэл, учруулсан хохирол нь бодит агуулгаараа нийгэмд ашигтай буюу гэмт хэргийн нийгмийн хор аюулыг үгүйсгэдгээрээ чухал ач холбогдолтой байдаг. Үргэлжилсэн довтолгооны үед довтолгооны аль ч цаг хугацааны хэсэгт хамгаалалт хийж болох ба цаашид халдлага үргэлжлэх нь тодорхой, хүний амь нас эрүүл мэндэд аюул занал бодитой оршин байсаар буй бол ээлжит тулгарсан халдлагыг хүлээхийг хамгаалагчаас шаардах байдлаар иргэний аргагүй хамгаалалт хийх эрхийг хязгаарлах нь аргагүй хамгаалалтын үр нөлөөг багасгаж хамгаалагчийн амь нас, эрүүл мэндийг илүү эрсдэлд оруулах сөрөг нөлөө бий болгоно.

 

Өөрөөр хэлбэл, үргэлжилсэн довтолгооны үед халдагч этгээдийн зүгээс дахин халдлага үйлдэх нь тухайн нөхцөл байдалд бодитоор бүрдэж, түүний нийгэмд аюултай, хууль бус үйлдлийн улмаас өөрийн эсхүл бусдын амь нас, эрүүл мэндэд аюул учрах нь нэгэнт тодорхой болсон тохиолдолд халдагч этгээдээс дахин довтолгоон эхлүүлэхийг хүлээх нь аргагүй хамгаалалтыг хэрэгжүүлэх боломжит цаг хугацаа, магадлалыг бууруулдаг бөгөөд объектив нөхцөл байдалд зөв дүгнэлт хийсний үндсэн дээр өрсөж хамгаалалт хийж буй үйлдлийг аргагүй хамгаалалтын хүрээнд хийгдсэн гэж үзнэ.     

 

Харин өөрийн буруутай буюу хууль бус, ёс суртахуунгүй үйл ажиллагааны улмаас бусдыг өдөөн турхирч довтлогч этгээдийн сэтгэл зүйн хэвийн байдлыг алдагдуулж, үйлдэлдээ зөв дүгнэлт өгөх, үйлдлээ сонгож чадахгүй нөхцөл байдалд санаатайгаар хүргэж, халдлага ирүүлэх суурь нөхцөл шалтгааныг бий болгож, улмаар довтолгоон ирүүлэхэд хариу үйлдэл хийснийг хуурамч хамгаалалт гэх бөгөөд аргагүй хамгаалалтад үл тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болно.          

 

Иймд Баянхонгор аймгийн Прокурорын газраас Б.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8-д заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.С-г цагаатгаж, Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 313 дугаар шийтгэх тогтоол, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 10 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 313 дугаар шийтгэх тогтоол, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 10 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, прокуророос шүүгдэгч Б.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8-д зааснаар хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгасугай.

                 

 

                                             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                                             ШҮҮГЧ                                                          Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                  Д.ГАНЗОРИГ

                                                                                                                  Ч.ХОСБАЯР

                                                                                                                  Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН