Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 212/МА2020/00057

 

А.Зийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Баян-Ө аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч М.Нямбаяр, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Баян-Ө аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 130/ШШ2020/00499 дүгээр шийдвэртэй, тус аймгийн Ө сумын 11 дүгээр багийн 3-36 байрны 8 тоотод оршин суугч, Х банкны Баян-Ө салбарын төв тооцооны төвд борлуулалтын үйлчилгээний ажилтан ажилтай Найман овогт Айбекийн Зийн нэхэмжлэлтэй, Ө сумын 5 дугаар баг, Х голын 00 тоотод оршин суугч, Ш овогт Д-н Т, Улаанбаатар хотын Б дүүргийн 14 дүгээр хороо, 205 дугаар байрны 25 тоотод оршин суугч, Д овогт Ж-н Б нарт холбогдох иргэний хэргийг хариуцагч Ж.Бы давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Ж.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н, хариуцагч Ж.Б/цахим сүлжээгээр/ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үндэслэлгүй хөрөнгөжсөн 2940000 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлд: Миний бие Х банкны Баян-Ө салбарын төв тооцооны төвд борлуулалтын үйлчилгээний ажилтай. Миний бие 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр тооцооны төвд теллерээр ажиллаж байхад хариуцагч Д.Т надад ирж үйлчлүүлсэн. Миний бие андууран гүйлгээ хийж түүний Х банкны 000000 тоот данснаас 47940000 төгрөгийг Ж.Бы Х банкны 000000тоот дансанд шилжүүлсэн байсан. Д.Т болон Ж.Б хоёр танил хүн байсан учир Д.Т нь тухайн өдөр Ж.Б тай утсаар холбогдож дансанд буруу мөнгө орсныг тайлбарлан даруйхан буцааж шилжүүлэхийг шаардсан боловч Ж.Б нь 36000000 төгрөг, 12 дугаар сарын 21-ний өдөр 6000000 төгрөг, 12 дугаар сарын 26-ны өдөр 3000000 төгрөг шилжүүлэн өгч 2940000 төгрөг үлдсэн байсан. Д.Т надад чамаас болж би мөнгөө буцааж авч чадахгүй байна. Чамайг ажлын хариуцлага алдсан гэж гомдол мэдүүлж ажлаас хөөлгөнө, яаралтай 2940000 төгрөг надад олж өг гэж шаардсан тул 2940000 төгрөгийг төрсөн ах болох А.Ааас зээлдэж аваад Д.Тад өгсөн. Тэгээд би Ж.Баас үлдэгдэл мөнгөө шаардсан боловч Д.Таас авах өр, төлбөр тооцоотой байсан, би 2940000 төгрөгийг өгөхгүй хэмээн тайлбар хэлээд шилжүүлэхээс татгалзсан. Д.Т нь тухайн үед надад Ж.Бд өглөгтэй гэдгийг нууж, надаас 2940000 төгрөг авч явж намайг хохироосон. Иймд Д.Таас 2940000 төгрөг гаргуулан намайг хохиролгүй болгож өгнө үү. гэжээ.

 

Хариуцагч Д.Тын тайлбарт: Миний бие хувиараа бизнес эрхэлдэг бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод бизнес эрхэлдэг түнш Золжаргалын 5099086534 тоот данс руу 47940000 төгрөг шилжүүлэхээр Х банкны Баян-Ө аймаг дахь салбарын тусгай үйлчилгээний өрөөнд ороход нэг теллер сууж байсан. Би тэгэхээр нь зарлагын баримт авч Золжаргалын данс, мөнгөний хэмжээ, утасны дугаараа бичиж теллерт өгсөн. Теллер зарлагын баримт аваад миний 000000 тоот данснаас 47940000 төгрөгийн шилжүүлэг хийж надад баримтын хувийг өгсөн. Би тухайн үед зарлагын баримтыг анзаарч үзээгүй. Орой 16 цагийн үед Золжаргал над руу утасдаж мөнгө ороогүй байна яасан вэ гэхээр нь нөгөө теллерт дахин очиж учрыг тодруулахад теллер 000000тоот данс руу буруу шилжүүлсэн байсан. Дээрх данс нь Бгэгчийн данс байсан. Теллер түүн рүү яриад дараа нь түүний утасны дугаарыг надад өгч залгаж ярихыг хүссэн. Би энэ теллерийг өмнө нь таньдаггүй байсан ба А.З гэгч болохыг тэр үед мэдсэн. Би түүний өгсөн утасны дугаараар Бтай утсаар ярихад би яаж мэдэх юм бэ гээд утсаа тасалсан. Хэсэг хугацааны дараа дахин залгахад надад бас энд тэндээс мөнгө шилжиж ирдэг, би яаж мэдэх юм вэ, мөнгийг буруу шилжүүлсэн банкны ажилтны буруу шүү дээ, мөнгө орох нь орсон байна гээд 36000000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Дараа нь 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 6000000 төгрөг, 12 дугаар сарын 26-ны өдөр 3000000 төгрөг шилжүүлж өгсөн. Үлдсэн 2940000 төгрөгийг шилжүүлж өгөөгүй. Би тэгэхээр нь А.Зд энэ чиний буруутай үйл ажиллагаа, миний буруу биш, миний дутуу мөнгийг олж өг гэж шаардлага тавихад 2940000 төгрөгийг надад төлж өгсөн. А.З нэхэмжлэлдээ намайг Бы өмнө нь таньдаг байсан, үлдсэн 2940000 төгрөгийг БД.Таас авах авлагын оронд авсан гэж хэлсэн гэж үндэслэлгүй худал бичсэн байна. Би Бгэж хүнийг танихгүй бөгөөд түүнтэй биечлэн уулзаж байгаагүй. Харин тэр үед энэ хүнтэй утсаар харьцаж бараа захиалж аваад мөнгийг нь тэр өдөр шилжүүлсэн. Би өдөр хэд хэдэн хүний данс руу шилжүүлэг хийлгэсэн. Тэрний нэг нь Бгэдэг хүн юм. Гэхдээ Бд өгөх ямар нэгэн өглөг байхгүй. Би тухайн үед энэ асуудлыг банкны удирдлагад мэдэгдэх гэхэд А.З нь та хэлээд хэрэггүй, та удирдлагад хэлэх юм бол намайг ажлын хариуцлага алдсан гэж ажлаас гаргана, би мөнгөний учрыг олж өгье гэхээр нь тэр хүний амьдралыг бодоод удирдлагад нь хэлээгүй. Дараа нь А.З 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр над руу утсаар ярьж би нөгөө үлдэгдэл 2940000 төгрөгийг Баас нэхэмжилж авах гэсэн юм, та энэ талаар тодорхойлолт бичиж өгөөч гэхээр нь тодорхойлолт бичиж нотариатаар гэрчлүүлж өгсөн. Тэр баримтыг нотлох баримт болгож дараа нь надаас мөнгө нэхнэ гэж тэр үед бодоогүй. Миний бие А.Зээс илүү мөнгө төгрөг аваагүй. Өөрийн дутуу мөнгөө л авсан. Тэр тухайн өдөр өөрийн буруутай үйл ажиллагаанаас болж буруу данс руу мөнгө илгээсэн тул хохиролгүй болгох ёстой. Хэрэв тухайн үед шилжүүлгийг зөв хийсэн бол ийм асуудал үүсэхгүй байсан. Түүний нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

Хариуцагч Ж.Бы тайлбарт: Миний бие нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Хариуцагч Д.Тын тайлбараар энэхүү мөнгийг төлөхгүй бөгөөд Ж.Быг танихгүй, түүгд өгөх өр зээлгүй байсан гэсэн байгаа нь үндэслэлгүй байна. Миний бие хүнсний бараа бүтээгдэхүүн худалдаалдаг бөгөөд Д.Т нь надаас сүүлийн 10 орчим жилийн хугацаанд байнга бараа бүтээгдэхүүн худалдаж авдаг, бизнесийн харилцаатай сайн мэдэх хүн билээ. Гэтэл тэрээр шүүхэд тайлбар гаргахдаа намайг мэдэхгүй, надад төлөх төлбөргүй байсан гэх хариу тайлбар гаргасны улмаас нэхэмжлэгч нь намайг хамтран хариуцагчаар оролцуулах хүсэлт гаргасан байна. Миний бие тухайн үед Д.Тад өгсөн барааны мөнгөө түүнтэй ярьж тохирсны дагуу авч үлдсэн. Хэрэв Д.Т уг мөнгийг надад өгөх ёсгүй байсан гэж үзэж байгаа бол уг асуудлаараа надтай заргалдах хэрэгтэй. Харин би нэхэмжлэгч А.Зийн өмнө хууль болон гэрээгээр ямар нэгэн үүрэг хүлээгээгүй тул нэхэмжлэлийн шаардлагын надад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

Баян-Ө аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 130/ШШ2020/00499 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1-ийг тус тус баримтлан хамтран хариуцагч Дэлэг овогт Жамбалдоржийн Баас 2940000 (хоёр сая есөн зуун дөчин мянга) төгрөг гаргуулан нэхэмжлэгч Найман овогт Айбекийн Зд олгож, хариуцагч Д.Тад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Ж.Бы давж заалдах гомдлын агуулга: Иргэн А.Зийн нэхэмжлэлтэй, Д.Т, Ж.Бнарт холбогдох иргэний хэргийн хариуцагч Ж.Бминий бие Баян-Ө аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 сарын 05-ны өдрийн 130/ШШ2020/00499 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1Миний бие Нарантуул захад хүнсний бараа бүтээгдэхүүн худалдаалдаг бөгөөд Д.Т нь надаас сүүлийн 10 орчим жилийн хугацаанд байнга бараа бүтээгдэхүүн худалдаж авдаг, бид бизнесийн харилцаатай хүмүүс бөгөөд А.Зийн нэхэмжлээд байгаа 2.940.000 /хоёр сая есөн зуун дөчин мянга/ төгрөг нь Д.Таас надад өгөх ёстой байсан барааны тооцооны үлдэгдэл байсан. Тиймээс би Д.Таас авах ёстой байсан тооцоогоо авч үлдээд үлдэгдэл мөнгийг шилжүүлсэн. Энэ нь 2018 оны 12 дугаар сарын сүүлээр болсон үйл явдал бөгөөд бүтэн 1 жил гаруй хугацаанд А.З ч, Д.Т ч тэр надаас уг мөнгийг буцаан авах талаар нэг ч удаа шаардлага гаргаж байгаагүй байж жил гаруйн дараа уг мөнгийг надаас нэхэмжилж байгаа нь эдгээр хүмүүс уг мөнгийг надаас авах зорилгоор хуйвалдаан зохион байгуулсан гэж үзэхэд хүргэж байна. Шүүх энэ хэрэгт нэхэмжлэгч А.З, хариуцагч Д.Т нарын тайлбарлаж буй гүйлгээ андуурч хийсэн" гэх асуудлаар дүгнэлт хийхийн тулд дансны хуулга бус данснаас дансны хооронд гүйлгээ хийсэн мөнгөн шилжүүлгийн баримтыг заавал нягтлах ёстой байсан. Хэрэв уг баримтад Д.Т өөрөө гарын үсэг зурсан л бол хариуцлагыг уг гүйлгээг хийсэн теллер А.З бус Д.Т өөрөө хүлээнэ. Нэхэмжлэл, хариу тайлбар зэргээс харахад тухайн гүйлгээг хийхдээ хариуцагч Д.Т өөрийн биеэр банкин дээр очиж хийсэн байгаа учраас мөнгөн гүйлгээний баримт үйлдэгдсэн байх ёстой. Уг баримтыг авахгүйгээр дан ганц нэхэмжлэгч А.Зийн би гүйлгээг андуурч хийсэн юм гэх тайлбараар хариуцагч Д.Тын эд хөрөнгөд гэм хор учруулсан учраас гэм хорыг арилгасан юм байна гэж дүгнэж болохгүй. Эндээс үүдэн хариуцагч Д.Т нэхэмжлэгч А.Зээр 2.940.000 төгрөг төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байсан эсэх /улмаар уг маргаанд хариуцагч Д.Тын татгалзал үндэслэлтэй байсан эсэх асуудлыг шийдэл гарах учиртай./ Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хийсэн дүгнэлтээс харахад нэхэмжлэгч А.З хариуцагч Д.Тын данс руу 2018 оны 12 сарын 25-ны өдөр 5.940.000 /таван сая есөн зуун дөчин мянга/ төгрөг шилжүүлсэн байх бөгөөд 2018 оны 12 сарын 25-ны өдөр Д.Т А.Зийн данс руу 3.000.000 /гурван сая/ төгрөг шилжүүлсэн байна. Энэ үйл баримтаас харахад эдгээр хүмүүс хоорондоо санхүүгийн харилцаатай байсан гэж үзэхээр байхад шүүх энэ талаар дүгнэлт хийлгүйгээр, баримт нотолгоо цуглуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна. Учир нь нэхэмжлэгч А.З шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагч Д.Т буруу гүйлгээ хийсэн асуудлаар банкны захиргаанд мэдэгдэнэ гэж айлгаж байгаад 2.940.000 төгрөг авсан хэмээн тайлбарладаг. Хариуцагч Д.Т уг мөнгийг л авсан талаар нэхэмжлэл, тайлбартаа дурдаад байгаа атал дансны хуулгаар эдгээр хүмүүсийн хооронд өгсөн, авсан мөнгөний хэмжээ 5.940.000 төгрөг байсан болох нь нотлогдож байгаа учраас энэ нь эргэлзээ төрүүлэх хангалттай үндэслэл болж байна.

2. Шүүх хуулийг буруу хэрэглэсэн байна. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан "... үүрэг гүйцэтгэгч этгээд ... гэдэгт нэхэмжлэгч А.З огт хамааралгүй. Өөрөөр хэлбэл би А.Зээс ямар нэгэн мөнгө аваагүй тул түүний хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй. Хэрэв намайг Д.Таас авах авлага байхгүй гэж үзэж байвал энэ нь Д.Т бид хоёрын хоорондын асуудал.

3. Шүүх иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Хариуцагч Ж.Бнадад уг шүүх хуралдааны товыг огт мэдэгдээгүй, хэргийн материалтай танилцуулаагүй, нотлох баримт /гар утасны мессеж/-д үзлэг хийлгэх хүсэлтийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хэрэв уг үзлэг хийлгэх хүсэлтийг хангаж мессежинд үзлэг хийсэн бол Д.Т бид хоёрын хооронд төлбөр тооцооны үүрэг байсан болох нь бүрэн нотлогдох байсан. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Нэхэмжлэгч А.З нь хариуцагч Д.Тад холбогдуулан 2940000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй байна. Нэхэмжлэгчийн хүсэлтээр уг хэрэгт Ж.Быг хамтран хариуцагчаар татсан ба Ж.Бнь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх Х банкны Баян-Ө салбарын теллерээр ажиллаж байсан А.З нь үйлчлүүлэгч Д.Тын мөнгийг андуурч, алдаатай гүйлгээ хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч Д.Тад үлдсэн 2940000 төгрөгийг төлж өгсөн боловч хамтран хариуцагч Ж.Бнь Х банкны Баян-Ө салбараас андуурч шилжүүлсэн 47.940.000 төгрөгөөс 45.000.000 төгрөгийг буцаан шилжүүлэн өгч, үлдсэн 2940000 төгрөгийг буцааж өгөөгүй нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж дүгнэж хамтран хариуцагч Ж.Баас 2940000 төгрөг гаргуулж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч А.З нь 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч Д.Тын Х банкин дахь данснаас 47.000.000 төгрөгийг андуурч хамтран хариуцагч Ж.Бы 000000тоот данс руу шилжүүлсэн, Ж.Баас буцааж Д.Тын данс руу 45.000.000 төгрөгийг шилжүүлсэн нь хэргийн баримтаар тогтоогдсон боловч үлдсэн 2940000 төгрөгийг Д.Таас авах авлагатай гэж шилжүүлэхээс татгалзсаныг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж уг мөнгийг А.З нь Ж.Баас буцаан шаардах эрхтэй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасантай нийцээгүй байна. Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө буцаан шаардахад, хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон, мөн үүрэг гүйцэтгүүлэгч шаардлага гаргаж болохооргүй үлэмж маргаантай бол гэсэн эдгээр нөхцөл тогтоогдох учиртай.

 

Нэхэмжлэгч А.З нь хариуцагч Д.Тын хүсэлтээр гүйлгээ хийхдээ андуурч Ж.Бы дансанд 47.940.000 төгрөг шилжүүлсэн, уг мөнгөнөөс 45.000.000 төгрөгийг Ж.Бнь Д.Тын данс руу буцааж шилжүүлсэн, 2940000 төгрөгийг буцааж өгөөгүй тул нэхэмжлэгч А.З нь уг мөнгийг хариуцагч Д.Тад төлж өгсөн тухай баримт хэрэгт авагджээ. Дээрх үйл баримтаас үзвэл зохигчийн хэн алинд харилцан үүрэг үүссэн, уг үүргийн дагуу нэхэмжлэгч А.З хамтран хариуцагч Ж.Бд хөрөнгө шилжүүлсэн гэх үндэслэлгүй байна. Харин нэхэмжлэгч А.Зийн өөрийн буруутай үйл ажиллагаанаас болсон гэж үзэж хариуцагч Д.Тын шаардсанаар 2940000 төгрөгийг төлж өгснийг хамтран хариуцагч Ж.Быг нэхэмжлэгчийн хөрөнгийг өөрийн мэдэлд авч, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж дүгнэх боломжгүй, нэхэмжлэгч нь уг мөнгийг хамтран хариуцагчаас шаардах эрхгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч А.Зийн хариуцагч Д.Тын шаардсанаар түүний мөнгийг андуурч шилжүүлсэнд өөрийгөө буруутай гэж үзэж Д.Тад төлсөн мөнгийг хамтран хариуцагч төлөх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан эрх зүйн үр дагавар үүсэхгүй юм. Хамтран хариуцагч Ж.Бнь хариуцагч Д.Таас авлагатай бол нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэй юм. Харин алдаатай гүйлгээний мөнгийг завшиж, буцааж өгөхөөс татгалзсан бол энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлэгдэх учиртай.

 

Нэгэнт нэхэмжлэгч А.З хамтран хариуцагч Ж.Бнарын хооронд ямар нэгэн үүрэг үүсээгүй, хариуцагч Д.Т нь нэхэмжлэгч А.Зийн алдаатай гүйлгээ хийж буруу шилжүүлсэн мөнгийг Ж.Баас нэхэмжлэхгүйгээр нэхэмжлэгч А.Зийн буруутай үйл ажиллагаанаас болсон гэж түүнээр төлүүлж авсан нь нэхэмжлэгч А.З болон хариуцагч Д.Т нарын хооронд ямар нэгэн үүрэг үүсээгүй байхад 2940000 төгрөгийг төлүүлж авснаар хариуцагч Д.Тыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж уг мөнгийг хариуцагч Д.Таар төлүүлэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 492.1.2 дахь хэсэгт заасан хоёр тохиолдолд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй ба мөн хуулийн 493 дугаар зүйлийн 493.1-д бол буцаан шаардах шаардлагад хамаарах зүйлсийг заасан байх тул маргааныг шийдвэрлэхэд Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дэх заалт хамааралгүй гэж үзэж шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас уг зүйлийг хасах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хамтран хариуцагч Ж.Бы давж заалдах гомдлын зарим хэсгийг нь хүлээн авах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Ө аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 130/ШШ2020/00499 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг 1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Шеруши ожых овогт Долдабайн Таас 2.940.000.00 (хоёр сая есөн зуун дөчин мянга) төгрөг гаргуулан нэхэмжлэгч Найман овогт Айбекийн Зд олгож, хамтран хариуцагч Ж.Бд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж, 2 дахь заалтыг 2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57 дугаар зүйлийн 57.1-ийг баримтлан нэхэмжлэгч А.Зийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61.990.00 (жаран нэгэн мянга есөн зуун ер) төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Д.Таас 61.990.00 (жаран нэгэн мянга есөн зуун ер) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Зд олгосугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хамтран хариуцагч Ж.Бы давж заалдах гомдлын зарим хэсгийн хүлээж авсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хамтран хариуцагч Ж.Бы давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61.990.00 төгрөгийг буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ӨМИРБЕК

 

 

ШҮҮГЧИД М.НЯМБАЯР

 

Д.КӨБЕШ