Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2017/00789

 

 

 

 

 

 

Ч.Сэр-Одын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 181/ШШ2017/00156 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Ч.Сэр-Одын нэхэмжлэлтэй

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ч.Сэр-Од

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баянчимэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ч.Сэр-Одын нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 2309 дугаартай захирамжаар 51 940 059 төгрөг Ч.Сэр-Од надаас гаргуулж Рилайне ББСБ-д олгохоор шийдвэрлэсний дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байна. Ч.Сэр-Од миний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршооллын хотхон /13361/ Дорнийн гудамж 13/5 байрны 108 тоот 51,27 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг шийдвэр гүйцэтгэх албанаас 59 216 850 төгрөгөөр үнэлэн дуудлага худалдаанд оруулан худалдахаар болсонд гомдолтой байна. Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шүүхэд гаргасан хариу тайлбарт: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 2309 дугаартай захирамжаар Ч.Сэр-Од, Ц.Мөнхцог нараас 51 940 059 төгрөгийг гаргуулж Рилайне ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр авагч хүсэлт гаргасан тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2014 оны 6 дугаар сарын 09-ний өдөр үүсгэн төлбөр төлөгч Ч.Сэр-Од, Ц.Мөнхцог нарт шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаатай мэдэгдлүүдийг гардуулсан.

Шийдвэр гүйцэтгэгчийн заасан хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршооллын хотхон /13361/ Дорнийн гудамж 13/5 байрны 108 тоот 51,27 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу төлбөр төлөгч, авагч нараас үнийн саналаа өгөхийг удаа дараа шаардан авсан.

Үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нар үнийг харилцан тохиролцоогүй тул 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 111 дугаартай тогтоолоор Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилсон.

Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-нь дээрх үл хөдлөх хөрөнгийг 84 595 500 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээний тайланг төлбөр төлөгч Ц.Мөнхцогт баталгаат шуудангаар, Ч.Сэр-Одод биечлэн мэдэгдсэн.

Дээрх орон сууцыг шинжээчийн тогтоосон үнэ болох 84 595 500 төгрөгийн 70% буюу 59 216 850 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр нийтэд мэдээлсэн боловч үнийн санал ирээгүй. Төлбөр төлөгч Ч.Сэр-Одод 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр биечлэн, Ц.Мөнхцогт баталгаат шуудангаар тус тус мэдэгдэл тогтоолыг гардуулж өгсөн.

Шинжээчийн тогтоосон үнэ болох 84 595 500 төгрөгийн 50% буюу 42 297 750 төгрөгөөр 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн дуудлага худалдаанд оруулахаар нийтэд мэдээллэсэн.

Орон сууцыг үнэлүүлэхдээ бид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн заасны дагуу л ажиллагаа хийж шинжээчээр үнэлүүлж байгаа юм. Төлбөр төлөгч төлбөрөө төлөхгүйгээр үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж байгаа бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 2309 дугаартай шүүгчийн захирамжаар Ч.Сэр-Од, Ц.Мөнхцог нараас 51 940 059 төгрөгийг гаргуулж Рилайне ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийн дагуу явагдсан ажиллагаа болох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний Хэргийн Анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 03 сарын 21-ны өдрийн 2309 дугаартай захирамжаар 51 940 059 төгрөгийг Ч.Сэр-Од надаас гаргуулж " Рилайне ББСБ"-д олгохоор шийдвэрлэсэн. Үүний дагуу Баянзүрх дүүргийн 2 хороо, Хоршооллын хотхон / 13361 / Доржийн гудамж, 13/5 байрны 108 тоот 51,27мкв талбайтай 2 өрөө орон сууцыг Шийдвэр Гүйцэтгэх Албанаас 59 216 850 төгрөгөөр үнэлсэн үнэлгээнд гомдол гаргасан.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь 2016 оны 07 сарын 28-ны өдрийн 111 дугаартай "Хөрөнгийн Үнэлгээний Төв" ХХК-ийг шинжээчээр томилсон тогтоолыг төлбөр төлөгчид мэдэгдээгүй. Үнэлгээ тогтоосон тогтоолооо мэдэгдсэн бол " Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай" хуулийн 37-дугаар зүйл 37.3 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргах байсан. Үл хөдлөх эд хөрөнгө зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлэгдсэн. Иймд 2017 оны 01 сарын 11-ний өдрийн 181/ШШ2017/00156 тоот шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Ч.Сэр-Од үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжилснийг х Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 2309 дугаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 11ий өдрийн 12886 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 1492 дугаартай гүйцэтгэх хуудсыг тус тус үндэслэн Ц.Мөнхцогийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршооллын хотхон, Дорнийн гудамж 13/5 байрны 108 тоот орон сууцыг 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 179/01 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2016 оны 07 дугаар сарын 04ий өдрийн 179/02 дугаар тогтоолоор хураасан ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нь төлбөрт хураагдсан эд хөрөнгийн зах зээлийн үнийг төлбөр авагчтай харилцан тохиролцож тогтоох, хэрэв тохиролцоогүй тохиолдолд үнэлгээчнээр зах зээлийн үнэлгээг тогтоолгох талаар 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэгч Ч.Сэр-Одод биечлэн, 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 3/23684 дугаар албан бичгээр Ц.Мөнхцогтод мэдэгдсэн байна.

 

Төлбөр төлөгч тал шийдвэр гүйцэтгэгчээс тогтоосон хугацаанд эд хөрөнгийн үнийн санал ирүүлээгүй, төлбөр авагч Рилайне ББСБ нь шинжээч томилон үнэлүүлэх хүсэлт гаргаснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2016 оны 07 дугаар сарын 28ы өдрийн 111 дугаартай тогтоолоор Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилж, төлбөрт хураагдсан эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 37.2.2 дахь заалтад "төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу тохиролцоогүй бол үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ" гэж заасантай нийцжээ.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр төлбөр төлөгч Ч.Сэр-Од, Ц.Мөнхцог нарт маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 84 595 500 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайланг мэдэгдсэн нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь шинжээчийн тогтоосон үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасны дагуу 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах байтал эд хөрөнгийн үнэлгээний талаарх мэдэгдлийг 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хуулиар тогтоосон хугацааг 3 хоногоор хэтрүүлсэн бөгөөд нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй, гомдол гаргах хугацааг шүүхээс сэргээлгэх талаар хүсэлт гаргаагүй, шүүх энэ үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Маргаан бүхий орон сууцны үнийг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн гэх тайлбараа баримтаар нотлоогүй байх тул нэхэмжлэгчийн энэ талаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 181/ШШ2017/00156 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. 119 119.4, 119.7 , 7 14 뿿 㺺 .

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

А.МӨНХЗУЛ