| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүйсэнбекийн Көбеш |
| Хэргийн индекс | 130/2020/00307/И |
| Дугаар | 212/МА2020/00059 |
| Огноо | 2020-09-03 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 212/МА2020/00059
ХХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч
М.Хийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч М.Нямбаяр, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 130/ШШ2020/00586 дугаар шийдвэртэй, тус аймгийн Бугат суманд үйл ажиллагаа явуулдаг ХХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хийн нэхэмжлэлтэй, Бугат сумын Эрүүл мэндийн төвд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Ж.А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд, хариуцагчийн төлөөлөгч Г.Д, өмгөөлөгч А.С нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Бугат сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/03 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай.
Нэхэмжлэлд: "Х" ХХК нь 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Бугат сумын Эрүүл мэндийн төвтэй "Баян-Өлгий аймгийн Бугат сумын Эрүүл, мэндийн төвийн зарим ажил, үйлчилгээг гүйцэтгүүлэх тухай" гэрээг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 02-ыг хүртэл буюу 3 жилийн хугацаатай байгуулсан. Гэтэл Бугат сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчээр томилогдсон Г. Д нь 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс гэрээг цуцалсан нь буруу болохыг тогтоож Монгол улсын дээд шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 001/ХТ2018/01789 тогтоолоор нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн. Тус компани нь 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр "Баян-Өлгий аймгийн Бугат сумын Эрүүл мэндийн төвийн зарим ажил, үйлчилгээг гүйцэтгэх гэрээ"-г 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2022 оны 1 дүгээр сарын 22-ыг хүртэл 3 жилийн хугацаагаар байгуулсан. Гэтэл Бугат сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч Г.Д нь албан тушаалын байдлыг хэтрүүлэн Бугат сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн "Ажил гүйцэтгэх гэрээг цуцлах тухай" Б/03 тушаал гаргасан явдалд гомдолтой байна. Тус компани нь Бугат сумын Эрүүл мэндийн төвийн уурын зуухны барилга байгууламж, ажлын байр, тоног төхөөрөмж, газрын хамт 3 жилийн хугацаатайгаар түрээсээр эзэмшүүлэхээр харилцан тохиролцсон байна. Түрээслэгчийн талаас 2018 оны 01 дүгээр сарын 01-ээс 2019 оны 12 дугаар сарын 01-ийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ сайн гүйцэтгэж ирсэн ба ямар нэгэн зөрчил, дутагдал гаргаж байгаагүй, түрээсэлсэн хөрөнгийг зохих ёсоор ашиглан, гарсан эвдрэл гэмтлийг цаг тухайд нь сэргээн засварлах, харуул хамгаалалт, орчны цэвэрлэгээ, галын аюулгүй байдлыг зохих түвшинд ханган ажиллаж ирсэн Талуудын хооронд байгуулсан гэрээний 5 зүйлийн 5.1-т гэрээний үйлчлэх хугацааг 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх хугацаатайгаар байгуулав. 5.2-т Гэрээний заасан хугацааны эцэст хоёр тал хамтран уг гэрээг дүгнэн, гэрээнд заасан ажил үйлчилгээгээ зохих журмын дагуу гүйцэтгэсэн нөхцөлд гэрээгээ сунган ажиллуулна., 5.3. Гэрээг нэг талын санаачилгаар цуцлах эрхгүй ба гэрээг дүгнэх, сунгах эсэх асуудалд аливаа этгээд хөндлөнгөөр оролцохыг хориглоно". гэж заасан. Гэтэл Бугат сумын Эрүүл мэндийн төвийн дарга Г.Д нь албан тушаалын байдлыг хэтрүүлэн тус компанитай байгуулсан гэрээг ямар ч хүндэтгэн үзэх шалтгаангүй цуцалсан. Тухайн гэрээг талуудын аль нэг талын санаачилгаар цуцлах эрхгүй ба хэрвээ гэрээг цуцалсан тохиолдолд хуульд заасан үндэслэл, журмыг заавал баримтлах үүрэгтэй. Г.Д нь тухайн албан тушаалд ажиллах шаардлагыг хангахгүй байгаа тул тэрээр гэрээг цуцлах эрхгүй этгээд гэж үзэж байна. Учир нь тухайн албан тушаалд хүний их эмчийн мэргэжилтэй хүн ажиллах ёстой. Иймд Бугат сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн "Ажил гүйцэтгэх гэрээг цуцлах тухай" 03 дугаартай тушаалыг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.
Хариуцагчийн тайлбарт: Баян-Өлгий аймгийн Бугат сумын "Х" ХХК-ийн захирал Ж.А төсвийн байгууллагын зарим ажил үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх тухай ажлаар 2018 оны 12 сарын 07-ны өдөр уг гэрээг 2020 он хүртэл 3 жилээр байгуулсан. Бугат сумын ЭМТ-ийн эрхлэгч Г.Д миний бие албан тушаалын байдлыг хэрэгжүүлж ажил гүйцэтгэх гэрээг цуцлах тухай Б/03 тушаалыг гомдолтой гэснийг 2017 оны Бугат сумын төсөвт байгууллагуудыг нэгдсэн халаалтад холбох аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт орж 2017 оны 4 дүгээр сараас эхэлж "А" ХХК нь сумын төвд нэгдсэн халаалтад холбох зураг төсөвт захиалга өгч газраа сонгох барилгын зөвшөөрөл авсан. Сумын Засаг даргын захирамж гарсан тул сумын төвд байгаа сургууль, дотуур байр, цэцэрлэг, хүн эмнэлэг, ЗДТГ, соёлын төвийг нэгдсэн халаалтад холбохоор сумын Засаг дарга "А" ХХК-ний захирал дээрх байгууллагын дарга, эрхлэгч нартай хүлээн зөвшөөрсөн гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу 2017 оны 10 дугаар сард ЭМТ-ийг нэгдсэн халаалтад холбож 2017 оны 10 дугаар сараас 2018 оны 12 дугаар сар хүртэл "А" ХХК нь нэгдсэн халаалтыг бага оврын зуухны төсвөөр санхүүжүүлж гүйцэтгэж байсан. Гэтэл "Х" ХХК 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд тухайн халаалтын ажлыг манай кампани гүйцэтгэх ёстой гэсэн утгаар нэхэмжлэл гаргаж, Сум дундын анхан шатны шүүхийн 130/ШШ2018/016, давж заалдах шүүхийн 2018 оны 05 сарын 29 өдрийн 212/МА2018/0062 дугаар магадлал, УДШ-ийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 001/ХТ2018/01789 дугаар тогтоолоор "Х" ХХК-ний нэхэмжлэлийг хангасан шүүхийн эцсийн шийдвэр гарсан. Миний бие 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 01 дугаартай дээрх шүүхийн шийдвэрийг хүндэтгэн "Х" ХХК-тай гэрээ байгуулсны дараа 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Бугат сумын ЗД-ийн орлогч бөгөөд ЗД-ийн үүргийг гүйцэтгэгч К.Хнамайг ЭМТ-ийн эрхлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн. "Х" ХХК нь "А" ХХК-ний нэгдсэн халаалтад холбосон шугамыг тасалж, урьд халааж байсан бага оврын зууханд холбосон байна. 2018 оны 12 дугаар 10-ны өдөр ЭМТ-ийн эрхлэгчээр түр томилогдсон О.С 2018 оны 12 дугаарын сарын 20-ны өдөр "А" ХХК-тай гэрээ байгуулсан боловч 2019 оны 01 дүгээр сараас эхлэн "Х" ХХК-нд 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл бага оврын зуухаар халааж байсан. "А" ХХК нь 2018 онд нэгдсэн халаалтад холбогдсон учраас улсын төсвийн 1м3-1298 төгрөгөөр тооцож халаалтын санхүүжилтийг ЭМ-ийн яамнаас нэгдсэн халаалтын тарифаар баталж өгсөн. Миний бие 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр сумын Засаг даргын захирамж болон шүүхийн шийдвэрээр ЭМТ-ийн эрхлэгчээр эргүүлэн томилогдсон. "Х" ХХК 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 5 дугаар сарын 15, мөн тус оны 10 дугаар сараас 2020 оны 02 дугаар сарын 30-ны өдөр хүртэл төсвөөс батлагдсан санхүүжилтийг нэхэмжлэл падаанаар шилжүүлэн авч байсан. 2019 оны 10 дугаар сараас "А" ХХК нь 2019 оны 01 дүгээр сараас улсын төсөвт халаалтын санхүүжилтийг нэгдсэн халаалтын төсвөөр баталж өгсөн манай компани авах ёстой гэж маргасан. Би "А" ХХК болон "Х" ХХК-ний захирал нарыг хоорондоо тохиролцох талаар санал болгосон боловч хоорондоо тохиролцоогүй учраас 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр тус 2 компанийн гэрээг цуцалсан. 2019 оны 10 дугаар сараас эхлэн АЭХЗХ, СЗДМХГ-аас "Х" ХХК нь халаалтын зөвшөөрөлгүй учраас гэрээг цуцалж "А" ХХК-тай гэрээ байгуулахыг удаа дараа шаардсан байсан. "Х" ХХК-ний 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэргийн анхан шатны шүүхэд ЭМТ-ийн даргын 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/03 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгох нэхэмжлэл гаргасан. "А" ХХК нь ЭМТ-ийн амрах байрыг нэгдсэн халаалтад холбосон учраас хэвээр үлдээсэн байгаа. "А" ХХК нь их хэмжээний халаалтын мөнгийг нэхэмжилсэн. ЗГ-ийн 2017 оны 337-дугаар тогтоолоор төвлөрсөн халаалтад холбохыг үүрэг болгосноор Бугат сумын бүх төсөвт байгууллагууд төвлөрсөн халаалтад 2018 оны 01 дүгээр сарны 01-ний өдрөөс эхлэн холбогдсон. Нэхэмжлэгч "Х" ХХК-ний дулаан эрчим хүчээр хангах чиг үүрэг нь дуусгавар болсон. Бид нэг жил шүүхийн шийдвэрийг хүндэтгэсэн. Хоёр кампани хоорондоо маргаантай, санхүүгийн зөрчилтэй, халаалтын зөвшөөрөлгүй байгаа тул хугацаанаас нь өмнө гэрээг цуцалсан. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлд хүндэтгэн үзэх үндэслэлээр гэрээнээс татгалзах эрхийг заасан ба Бугат сумын ЭМТ эрчим хүч, дулаанаар хангах талаар дэвшилтэт технологи нэвтэрсэн тул гэрээг цуцалсан. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1-д зааснаар гэрээгээ дуусгавар болгох хугацааг харгалзахгүй гэрээнээс татгалзах үндэслэл болсон. ЗГ-ийн 2003 оны 233 дугаар тогтоолын хавсралт 3 дахь хэсгийн 3.5-д заасан талууд гэрээг жил бүр дүгнэж, цаашид сунгах, цуцлах эсэхийг шийдвэрлэнэ гэснийг зөрчиж байгуулсан байна. Өөрөөр хэлбэл 1 жилээр байгуулж жил бүр дүгнэж, сунгах, цуцлах асуудлыг шийдвэрлэх ёстой. ЗГ-ийн 2003 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 233 дугаар тогтоолын үндсэн дээр байгуулсан зарим ажил, үйлчилгээг гүйцэтгэх 2019 оны 12 дугаар сарын 07-ний гэрээг мөн тогтоолын 3.5-д заасныг зөрчиж байгуулсан тул захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д зааснаар илт хууль бус эрхийн акт болно. Захиргааны ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-д зааснаар цуцлах үндэслэлтэй. Хоёр талын байгуулсан гэрээ маргаантай. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний талууд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлохоор заасан. Мөн Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2-д ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэх дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй гэж заасан. Тухайн халаалтын санхүүжилтийг улсын төсвөөс ЭМТ-ийн төсвийн захирагч зарцуулах эрхтэй. Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.8-д төсвийг зохистой удирдаж авлага, өр төлбөр үүсгэхгүй байх, 8 дугаар зүйлийн 8.9.1-д төсвийн шууд захирагч жилийн төсвийн гүйцэтгэлийг хянах, 16 дугаар зүйлийн 16.5.2-д батлагдсан төсөв хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхий захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулахад нь хяналт тавих, 16.5.5-д батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах, 16.5.7-д байгууллагын санхүү болон төсвийн гүйцэтгэлийн мэдээ тайлан үр дүнгийн гэрээний биелэлт үнэн зөв гаргах, тогтоосон хугацаанд тайлагнах гэсэн заалтыг хангаж байна. Иймд "Х" ХХК-ний нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 130/ШШ2020/00586 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 221 дүгээр зүйлийн 221.1, 221.3, 225 дугаар зүйлийн 225.1, 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг тус тус баримтлан Баян-Өлгий аймгийн Бугат сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2020 оны 02 дугаар сарын 20-ний өдрийн Б/03 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэрэгт цугларсан нотлох баримтад зөв дүгнэлт хийгээгүй, ингэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй гэсэн үндэслэлээр дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.
Нэхэмжлэгч тал хавтаст хэргийн 5 дугаар талд авагдсан Баян-Өлгий аймгийн Бугат сумын Эрүүл мэндийн төвийн зарим ажил, үйлчилгээг гүйцэтгэх гэрээ-ний 1 дэх хэсэгт заасан ажил үйлчилгээг хангалтгүй биелүүлсэн учир хариуцагчийн зүгээс 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр тушаал гаргаж гэрээг цуцлах болсон. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад захиргааны байгууллага /хариуцагч/ дээрх тушаалыг гаргахдаа талуудын хооронд байгуулагдсан гэрээг бүхэлдээ цуцалсан мэт алдаа гаргасан болохоо анзаарч улмаар уг актыг хуульд нийцүүлэн гаргасан. Өөрөөр хэлбэл Бугат сумын Эрүүл мэндийн төвийн зарим ажил, үйлчилгээг гүйцэтгэх гэрээний Нүүрс, түлээ, дулааны талаар үзүүлэх ажил үйлчилгээ-ээс бусад хэсгүүд одоогийн байдлаар хүчин төгөлдөр бөгөөд нэхэмжлэгч ХХХК уг гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэсээр байгаа болно. Гэрээг нэг талын санаачилгаар цуцлах болсон шалтгаан буюу маргаан бүхий актыг дараах үндэслэлээр гаргах болсон. Үүнд:
Бугат сумын Эрүүл мэндийн төв нь хүн амд эрүүл мэндийн тусламж. үйлчилгээ үзүүлэх зорилго, үндсэн чиг үүрэг бүхий хуулийн этгээд учраас онцгой объектуудын төрөлд хамаардаг. Иймээс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 04-7-002/001 дугаар албан шаардлага /ХХ-ийн 32-р хуудас/, Эрчим хүчний сайдын 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 109 дугаар тушаал /ХХ-ийн 33-р хуудас/, Бугат сумын Засаг даргын 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 141 тоот албан мэдэгдэл /ХХ-ийн 34-р хуудас/, аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 20/27 дугаар албан мэдэгдэл /ХХ-ийн 35-р хуудас/, Баян- Өлгий аймгийн Зохицуулах зөвлөлийн 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 05 дугаар тогтоол /ХХ-ийн 36-р хуудас/ зэргээр дулааны талаар ажил үйлчилгээг үзүүлж буй ХХХК-тай байгуулсан гэрээг цуцлахыг хариуцагчид үүрэг болгосон. Учир нь нэхэмжлэгч ХХХК нь бөөний худалдааны, газар тариалан, фермер болон аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Эрчим хүчний тухай хууль тогтоомжид заасны дагуу дулааны эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл аваагүй байсан. Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлээгүй, холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь :
Анхан шатны шүүх Иргэний хуулийн ажил гүйцэтгэх гэрээний болон үүрэг зөрчсөнөөс үүсэх хариуцлагатай холбоотой заалтыг талуудын хооронд үүссэн маргаантай харилцаанд буруу тайлбарлаж хэрэглэсэн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Зохигчдын хооронд 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 01 дугаартай тус сумын Эрүүл мэндийн төвийн зарим ажил үйлчилгээг гүйцэтгэх гэрээ 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл 3 жилийн хугацаатай байгуулагдсан бөгөөд нэхэмжлэгч ХХХК нь уг гэрээгээр хүлээсэн үүргийнхээ хүрээнд тус Эрүүл мэндийн төвийн байрны халаалтад хэрэглэдэг нүүрс, түлээ болон хүнсний бүтээгдэхүүнээр хангаж ажиллах, тус төвийн санхүүжилтээр олгосон зардалд багтааж ажиллахаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулжээ.
Хариуцагч тус төвийн зарим ажил үйлчилгээг гүйцэтгэх тухай урт хугацааны гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах болсон үндэслэлээ 2019 оны 10 дугаар сараас эхлэн ХХХК нь халаалтын тусгай зөвшөөрөлгүй учраас гэрээг цуцалж, А ХХК-тай гэрээ байгуулахыг удаа дараа шаардсан, Засгийн газрын 2017 оны 337 дугаар тогтоолын 7.3-т төвлөрсөн халаалтад холбохыг үүрэг болгосноор Бугат сумын бүх төсөвт байгууллагууд төвлөрсөн халаалтад 2018 оны 01 дүгээр сараас эхлэн холбогдсон. ХХХК-ийн дулаан эрчим хүчээр хангах чиг үүрэг нь дуусгавар болсон. Бид нэг жил шүүхийн шийдвэрийг хүндэтгэсэн. Халаалтын зөвшөөрөлгүй байгаа тул хугацаанаас нь өмнө гэрээг цуцалсан гэж тайлбарлажээ. Хариуцагч анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээсэн Улсын Дээд шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 001/ХТ2018/01789 дүгээр тогтоолыг үндэслэн ХХХК-ийн захирал Ж.Алтынгүлтэй 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 01 дугаартай тус сумын Эрүүл мэндийн төвийн зарим ажил үйлчилгээг гүйцэтгэх гэрээ байгуулж, талууд хүсэл зоригоо бүрэн илэрхийлсэн, хүчин төгөлдөр, эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ байна. Энэхүү талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчиж байгуулсан хэлцэл болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон байхад ХХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, гэрээг ноцтой зөрчсөн эсэх нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй байх тул гэрээг цуцлах үндэслэл тогтоогдохгүй байна гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна.
Эрчим хүчний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д Хуулийн этгээд дараах үйл ажиллагааг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ,12.1.4-д дулаан дамжуулах гэж, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.-д Энэ зүйлд заасан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхэлнэ. 15.8.2.эрчим хүчний эх үүсвэр, шугам сүлжээ барьж байгуулах, 15.8.3. эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, диспетчерийн зохицуулалт хийх, түгээх, хангах, борлуулах үйл ажиллагаа эрхлэх гэж заасан байхад нэхэмжлэгч ХХХК нь эрчим хүч үйлдвэрлэх, борлуулах, түгээх, хангах тусгай зөвшөөрөлгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогджээ.
Хариуцагчаас шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 35 дугаартай Захиргааны актыг хуульд нийцүүлэх тухай тушаал гаргаж 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/03 дугаар тушаалын 1 дүгээр заалтын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан Зарим ажил, үйлчилгээг гүйцэтгэх тухай 01 дугаартай гэрээг гэснийг 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан 01 тоот Баян-Өлгий аймгийн Бугат сумын Эрүүл мэндийн төвийн зарим ажил, үйлчилгээг гүйцэтгэх гэрээ-ний 1 дэх хэсэг Нүүрс, түлээ, дулааны талаар үзүүлэх ажил үйлчилгээ гэсэн хэсгийг цуцалсугай гэж өөрчилж, уг гэрээний 2,3 дахь заалтад заасан ажил үйлчилгээг нэхэмжлэгч ХХХК гүйцэтгэж байгаа болох нь зохигчдын тайлбараар тогтоогджээ.
Зохигчдын хороонд байгуулагдсан 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 01 дугаартай тус сумын Эрүүл мэндийн төвийн зарим ажил үйлчилгээг гүйцэтгэх гэрээ нь Эрчим хүчний тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн гэж заасантай нийцээгүй байх тул хариуцагчийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан 01 дугаартай Баян-Өлгий аймгийн Бугат сумын Эрүүл мэндийн төвийн зарим ажил, үйлчилгээг гүйцэтгэх гэрээ-ний 1 дэх хэсэг Нүүрс, түлээ, дулааны талаар үзүүлэх ажил үйлчилгээ гэсэн хэсгийг цуцалсан нь үндэслэлтэй, хуульд нийцсэн байна.
Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, Эрчим хүчний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1,12.1.4, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.8.2, 15.8.3-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч ХХХК-ийн хариуцагч Бугат сумын Эрүүл мэндийн төвд холбогдуулан гаргасан Бугат сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээг цуцлах тухай Б/03 дугаартай тушаалыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 130/ШШ2020/00586 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, Эрчим хүчний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1,12.1.4, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.8.2, 15.8.3-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч ХХХК-ийн хариуцагч Бугат сумын Эрүүл мэндийн төвд холбогдуулан гаргасан Бугат сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээг цуцлах тухай Б/03 дугаартай тушаалыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээж авсугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ХХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ШҮҮГЧИД М.НЯМБАЯР
Д.КӨБЕШ