| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтуяагийн Халиунбаяр |
| Хэргийн индекс | 128/2017/0895/З |
| Дугаар | 221/МА2018/0381 |
| Огноо | 2018-07-04 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 221/МА2018/0381
“З ч м” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, гуравдагч этгээдийн өмгөөлөгч З.С нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2018/0263 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “З ч м” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газар, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2018/0263 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 9 дүгээр зүйлийн 9.1.3, 10 дугаар зүйлийн 10.1.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “З ч м” ХХК-ийн “Дорноговь аймгийн Алтанширээ, Дэлгэрэх сумдын нутаг 15823.53 га бүхий “Б” нэртэй талбайд зарласан /Талбайн код: СШ 00-0/ тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт хууль бус байсан болохыг тогтоолгох, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/193 дугаар “Комиссын дүгнэлт, үнэлгээний дүнг баталгаажуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 627 дугаар “Сонгон шалгаруулалтаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “З ч м” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ашигт малтмал, газрын тосны газар, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэрэгт Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 сарын 24-ний өдрийн 128/ШШ2018/0263 дугаар шийдвэрийг 2018 оны 05 сарын 14-ний өдөр гардаж аваад эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:
1. Ашигт малтмал, газрын тосны газраас хууль, журмыг зөрчиж тусгай хэрэгцээний газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгох хязгаарлагдмал сонгон шалгаруулалт зарласан тухайд:
“З ч м” ХХК-ийн эзэмшиж, хайгуулын үйл ажиллагаа явуулж улмаар тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон Дорноговь аймгийн Алтанширээ, Дэлгэрэх сумдын нутаг “М т” нэртэй газрыг Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 05 сарын 30-ны өдрийн 04/08 дугаар “Газрыг аймгийн тусгай хэрэгцээнд авах тухай” тогтоолоор “Б” нэртэй 15873 га газрыг 5 жилийн хугацаатайгаар бичил уурхайн зориулалтаар аймгийн тусгай хэрэгцээнд авч шийдвэрлэсэн.
Дээрх газрыг Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.11 дэх хэсэгт “Бичил уурхайн зориулалтаар олгосон газар” гэсэн зориулалтаар газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан бөгөөд 5 жилийн хугацаанд зөвхөн уг зориулалтаар буюу газрыг бичил уурхайн зориулалтаар олгож байж хуульд, журамд нийцэх байсан. Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсэгт “Газрыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу үндсэн зориулалтаар нь үр ашигтай зохистой эзэмших, ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх” нь төрөөс газрын талаар баримтлах зарчим болох талаар хуульчилсан байдаг.
Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.23 дахь хэсэгт “бичил уурхай эрхлэх” гэж үйлдвэрлэлийн аргаар ашиглахад эдийн засгийн үр ашиггүй орд, ашиглалтын болон технологийн хаягдлаар бий болсон талбайд ашигт малтмал олборлох зорилгоор Иргэний хуулийн 481.1-д заасны дагуу бүртгэгдээгүй нөхөрлөлийн, Иргэний хуулийн 35 дугаар зүйлд заасан нөхөрлөл болон 36.4-д заасан хоршооны хэлбэрээр зохион байгуулагдсан иргэдийн эрхэлж байгаа үйл ажиллагааг” ойлгохоор зохицуулсан. Ашигт малтмал, газрын тосны газраас дээрх аймгийн тусгай хэрэгцээнд буй СШ 00-0 кодтой талбайд 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох хязгаарлагдмал сонгон шалгаруулалтыг зарласан.
Гэтэл Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 05 сарын 24-ний өдрийн 24 дүгээр тогтоолоор батлагдсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын 1.2-т “Энэхүү журам нь ус, цацраг идэвхт элемент агуулсан хүдэр, газрын тос, байгалийн хий, түгээмэл тархацтайгаас бусад төрлийн ашигт малтмалыг бичил уурхайгаар олборлох үйл ажиллагаанд хамаарна” хэмээн заасан байтал бичил уурхайгаар олборлох гэж заасныг хасч, зориулалтыг зөрчиж сонгон шалгаруулалтыг явуулсан байдаг.
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 09 сарын 27-ны өдрийн 287 дугаар тогтоолоор батлагдсан “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох, ашиглах журам”-ын 2.1.11-д “Газрын тухай хуулийн 16.1.11-д заасан бичил уурхайн зориулалттай газар нь Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.23-т заасан үйл ажиллагааг эрхлэх зориулалтаар газар ашиглах зөвшөөрөл авсан байх”-аар зохицуулсныг зөрчсөн.
Мөн гол баримтлах хууль тогтоомж болох Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д “Энэ хуулийн 17.4-т заасны дагуу ялгасан талбай нь дараах шаардлагыг хангасан байна” гээд мөн хуулийн 17.5.2 дах хэсэгт “тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар, нөөцөд авсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй байх” хэмээн заасныг шууд зөрчиж тусгай хэрэгцээний газартай давхцалтай газарт сонгон шалгаруулалтыг явуулсан.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 02 сарын 07-ны өдрийн 28 дугаар тогтоолоор батлагдсан “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах журам”, 2017 оны 09 сарын 27-ны өдрийн 287 дугаар тогтоолоор батлагдсан “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох, ашиглах журам”-д тус тус зааснаар тусгай хэрэгцээнд авсан газрыг зориулалтын дагуу ашиглаж, ашиглуулах, тусгай хэрэгцээнд авсан газрын зориулалтыг өөрчлөх, хуулиар зөвшөөрөөгүй үйл ажиллагаа явуулахыг хориглох, тухайн газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, улсын тусгай хэрэгцээнээс гаргах үндэслэл бүрдээгүй, эсхүл шаардлагагүй тохиолдолд тусгай хэрэгцээнээс гаргахгүй байхаар зохицуулсан байдаг.
Иймээс тусгай хэрэгцээний газрыг зөвхөн зориулалтын дагуу ашиглах бөгөөд тусгай хэрэгцээнээс гаргах тохиолдолд хууль, журамд заасан тодорхой нөхцөл, шаардлага хангагдсан тохиолдолд тусгай хэрэгцээнээс гаргаж өөр зориулалтаар ашиглах боломж бүрдэх байтал тусгай хэрэгцээний газартай давхцаагүй байх хуулийн шаардлагыг зөрчиж зориулалтын бусаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт явуулсан нь анхнаасаа үндэслэлгүй байсан буюу тусгай хэрэгцээний газартай давхцалтай бол тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэл болдог тул хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг явуулах бол газрыг тусгай хэрэгцээнээс гаргах ёстой байсан.
Түүнчлэн нэхэмжлэгчийн зүгээс Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны А/129 дүгээр тушаалаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ыг хууль бус талаар маргаж нэхэмжлэл гаргасныг тус журмын үндсэн дээр нэхэмжлэгчийн эрх зөрчигдөж байгааг зөвшөөрч нэхэмжлэлийг хүлээн авсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаас аж ахуй нэгж байгууллагуудаас тус журамтай холбоотой ихээхэн гомдол гаргасныг хүлээн авч шинээр журам батлахдаа уг хязгаарлагдмал хүрээнд зохион байгуулах зохицуулалтыг тусгалгүйгээр баталсан юм.
Ингээд хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь сайн дураар биелүүлсэн буюу зөвшөөрснийг баталж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны өдрийн 221/Ш32018/0397 дугаар захирамж гарсан болно.
Мөн хамгийн гол эргэлзээ төрүүлж буй явдал нь дээрх журмын 1 дүгээр зүйлийн 1.6-д “Орон нутгийн хөгжлийг дэмжих зоршгоор орон нутгийн тусгай хэрэгцээний газартай давхцалтай эсхүл хууль бус олборлолтонд өртсөн талбайтай сонгон шалгаруулалтын талбай нь давхцаж байвал тухайн орон нутагт үүсгэн байгуулагдсан орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн дунд хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох сонгон шалгаруулалтыг хязгаарлагдмал байдлаар зохион явуулж болно” гэжээ.
Гэтэл “Ф м к” ХХК нь орон нутагт үүсгэн байгуулагдаагүй, тэр ч байтугай орон нутгийн өмчит компани биш болох нь хавтаст хэрэгт авагдсан тус компанийн гэрчилгээ, дүрмээр тогтоогдож байхад шүүгч үндэслэлгүй дүгнэлт хийн, хууль, журмыг буруугаар тайлбарлан хэрэглэсэн.
Иймээс хууль, журам зөрчиж хязгаарлагдмал хүрээнд сонгон шалгаруулалт явагдсан байдаг.
2. Хязгаарлагдмал хүрээнд сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан нь “З ч м” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тухайд:
Шүүхээс “...нэхэмжлэгчээс тухайн сонгон шалгаруулалтад оролцуулаагүй үйл баргшттай маргадаггүй боловч сонгон шалгаруулалт хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлагыг гаргасан. “Ф м к” ХХК нийт 78.4 оноо авч шалгарсан нь тус сонгон шалгаруулалтад оролцоогүй нэхэмжлэгч “З ч м” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Учир нь нэхэмжлэгчийн зүгээс эсрэгээрээ сонгон шалгаруулалтад оролцуулаагүй үйл баримттай маргаж, хууль бусаар хязгаарлагдмал хүрээнд сонгон шалгаруулалт явуулсан нь нэхэмжлэгчийн сонгон шалгаруулалтад эрх тэгш байдлаар оролцож Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрх зөрчигдөж, шалгаруулалтад оролцох эрхийг үндэслэлгүйгээр хязгаарлаж эрхийг зөрчиж байна хэмээн маргаж байтал шүүхээс ямар үндэслэл зааж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж дүгнэсэн нь тодорхойгүй байна.
Өөрөөр хэлбэл хязгаарлагдмал хүрээнд сонгон шалгаруулалт зарласан нь ямар хуулийн зохицуулалттай нийцэж, хууль зөрчөөгүй талаар дүгнэлт хийгээгүй.
Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Энэ хуулийн 7.1-д заасан хуулийн этгээд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ энэ хуулийн 10.1.2-т заасан журмын дагуу төрийн захиргааны байгууллагад гаргах бөгөөд түүнд дараахь баримт бичгийг хавсаргана”, мөн хуулийн 7.1-д “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд энэ хуульд өөрөөр заагаагүй бол сонгон шалгаруулалтын журмаар олгоно” хэмээн тус хуулиар сонгон шалгаруулалтыг хуулийн 7.1-д заасан хуулийн этгээдүүдээс хязгаарлаж тодорхой хүрээнд явуулж болох диспозитив хэм хэмжээ огт байхгүй төдийгүй сонгон шалгаруулалтад хуулийн 7.1-д заасан шаардлага хангасан ямар ч хуулийн этгээд оролцож болохыг хуулийн 18.1-д хуульчилсан.
Иймээс нэхэмжлэгчийн хууль ёсны дагуу явагдаж буй сонгон шалгаруулалтад оролцох эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж нэхэмжлэл гаргасан байтал шүүх энэ хүрээнд үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй.
Мөн шүүхээс “..сонгон шалгаруулалт хууль журмын дагуу явагдсан эсэх... маргаан бүхий талбайд тусгай зөвшөөрөл олгосон зэрэг асуудал нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэхийг дүгнэлт өгч, хэргийг нэг мөр шүүхийн шийдвэрээр шийдвэрлэх нь зүйтэй” гэсэн атлаа сонгон шалгаруулалт хууль журмын дагуу явагдсан эсэхэд дүгнэлт өгөөгүй зөвхөн А/129 дүгээр журмын дагуу явагдсан тул хууль ёсны гэж үзэж хууль тогтоомжийг хэрэглэлгүй дүгнэлт хийсэн төдийгүй сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч оролцоогүй тул эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөөгүй гэж өнгөц дүгнэлт хийн нөхцөл байдалд үнэлэлт өгч хуулийн зохицуулалттай уялдуулалгүй маргааныг шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 сарын 24-ний өдрийн 128/ШШ2018/0263 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх маргаан бүхий актууд хууль зөрчөөгүй, мөн нэхэмжлэгч “З ч м” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “З ч м” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газар болон тус газрын Кадастрын хэлтэст холбогдуулан “Дорноговь аймгийн Алтанширээ, Дэлгэрэх сумдын нутаг “Б” нэртэй 15823.53 га талбайд зарласан /Талбайн код: СШ 00-0/ тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт хууль бус байсан болохыг тогтоолгох, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Комиссын дүгнэлт, үнэлгээний дүнг баталгаажуулах тухай” А/193 дугаар тушаалыг, мөн газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “Сонгон шалгаруулалтаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” 627 дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгчээс дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...зөвхөн орон нутгийн компаниуд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад оролцох эрхтэй хязгаарлагдмал хүрээнд сонгон шалгаруулалтыг явуулж байгаа нь манай компанийн Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрх зөрчсөн, тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад оролцох эрхийг үндэслэлгүйгээр хязгаарласан, ...орон нутгийн тусгай хэрэгцээ гэх нэрээр өнгөлөн далдалж, түүнийхээ дараагаар нь ашигт малтмалын сонгон шалгаруулалтын талбайд хамааруулан цөөн тооны үгсэн хуйвалдаж орон нутагтаа хамтарсан хувьцаа эзэмшил бүхий компаниуд л тухайн талбайд тусгай зөвшөөрөл эзэмших эрх авахаар зохион байгуулалтын шинжтэй үйл ажиллагаа явуулж байгаа нь илт хууль зөрчсөн...” гэж маргажээ.
Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газраас 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Алтанширээ, Дэлгэрэх сумдын нутаг “Б” нэртэй СШ 00-0 кодтой 15823.53 га талбайд ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох хязгаарлагдмал сонгон шалгаруулалтыг зарлаж, уг сонгон шалгаруулалтад зөвхөн гуравдагч этгээд “Ф м к” ХХК оролцсон байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын “...хууль бусаар хязгаарлагдмал хүрээнд сонгон шалгаруулалт явуулсан нь нэхэмжлэгчийн сонгон шалгаруулалтад эрх тэгш байдлаар оролцох, ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрх зөрчсөн...” гэх үндэслэлийн тухайд:
Маргаан бүхий сонгон шалгаруулалт нь Ашигт малтмалын тухай хууль болон тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/129 дүгээр тушаалаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын дагуу зохион байгуулагдсан байна.
Тодруулбал, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны А/129 дүгээр тушаалаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.6-д “Орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор орон нутгийн тусгай хэрэгцээний газартай давхцалтай эсхүл хууль бус олборлолтод өртсөн талбайтай сонгон шалгаруулалтын талбай нь давхцаж байвал тухайн орон нутагт үүсгэн байгуулагдсан орон нутгийн өмчит болон орон нутгийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн дунд хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох сонгон шалгаруулалтыг хязгаарлагдмал байдлаар зохион байгуулж болно” гэж заасны дагуу хариуцагч захиргааны байгууллагаас сонгон шалгаруулалтыг хязгаарлагдмал хүрээнд зохион байгуулсныг буруутгах үндэслэлгүй, энэхүү сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
Түүнчлэн тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 04/08 дугаар тогтоолоор 5 жилийн хугацаатай бичил уурхайн зориулалтаар аймгийн тусгай хэрэгцээнд авсан Дорноговь аймгийн Алтанширээ, Дэлгэрэх сумдын нутагт байрлах “Б” нэртэй 15823.53 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор сонгон шалгаруулалт зарласан нь Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т заасантай нийцэж байх тул “тусгай хэрэгцээний газартай давхцалтай газарт сонгон шалгаруулалт явуулсан” гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй юм.
Иймд хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газраас зарласан Дорноговь аймгийн Алтанширээ, Дэлгэрэх сумдын нутаг “Б” нэртэй 15823.53 га талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг хууль бус байсан болохыг тогтоох, улмаар комиссын дүгнэлт, үнэлгээний дүнг баталгаажуулсан Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/193 дугаар тушаал, гуравдагч этгээд “Ф м к” ХХК-д ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн мөн газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 627 дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2018/0263 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР