Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 210/ма2020/01387

 

2020 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2020/01387

 

Ж-гийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч С.Энхтөр, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 101/ШШ2020/01540 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч ж-гийн нэхэмжлэлтэй хариуцагч М.Л-од холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 3 199 195 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Учралбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Л-той 2011 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хамтран ажиллах гурван талт зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулж, 3 000 000 төгрөгийг сарын 0,5 хувийн хүүтэй 60 сарын хугацаатай зээлдүүлсэн. Гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар Завхан аймаг, Отгон сум, 1 дүгээр гудамж, 5 тоот хашаанд байрлалтай 1 200 м.кв талбайтай 10 жилийн хугацаатай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмшлийн газрыг барьцаалсан. Гэтэл зээлдэгч тал зээлийн гэрээний дагуу төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүй, удаа дараа зөрчиж зээлийн хугацаа хэтрэлт 2 200 хоногт хүрсэн.

Энэ талаар хариуцагчид мэдэгдсэн боловч тэрээр төлнө гэсэн бичиг өгч, 100 000 төгрөгөөс өөр төлбөр төлөөнгүй. Талуудын байгуулсан гэрээнд зааснаар хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд хүү, нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан. Иймээс манай байгууллагаас зээлийн үлдэгдэл 2 547 616 төгрөг, хүү 429 091 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 211 488 төгрөг, нотариатын зардал 11 000 төгрөг, нийт 3 199 195 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн ба шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан гаргасан хариу тайлбартаа: Өнгөрсөн хугацаанд зээлийг тодорхой хэмжээнд төлсөн, 1 700 000 төгрөгийг төлөх ёстой, санхүүгийн боломж байхгүй тул зээлийн төлбөрөөс чөлөөлж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн хариуцагч М.Л-оос 2 884 279 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих санд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 314 915 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг баримтлан хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох хариуцагчийн эзэмшлийн Завхан аймаг, Отгон сум, 1 дүгээр гудамж, 5 дугаар хашаа хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1 200 м.кв талбайтай газар эзэмших эрхийг шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 61 098 00 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: 2016 оны 10 дугаар сарын 26 хүртэлх буюу гэрээний хугацаа дууссан өдөр хүртэл хүү тооцож нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх гэрээний хугацаа дууссанаас хойш зуулийн хүүг тооцсон гэж үзсэн. Талууданы хооронд байгуулсан гэрээний 5.2.2-д сар бүрийн 25-нд үл маргах журмаар зээл, хүүг төлөхөөр тохиролцсон боловч гэрээний хугацаа дуусгавар болохоос өмнө хариуцагч нь 2 200 хоногийн зөрчилтэй байсан нь санхүүгийн тооцооллыг баримтаар тогтоогдож байгаа. Шүүх хэргийг шидвэрлэхдээ нотлох баримтыг дутуу үнэлж хугацаа хэтэрсэн хоногийг хасч, нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон. Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар зөв харьцуулан үнэлж чадаагүй байна. Гэвч талууд бүрэн мэтгэлцсэн, зохигчийн эрхийг хангасан, хэргийн үйл баримт бүрэн тогтоогдсон байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харъяа Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас хариуцагч М.Л-од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3 199 195 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /1-р хх1, 35/

Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2011 оны 10 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулж, 3 000 000 төгрөгийг сарын 0,5 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлдүүлэхээр тохирч, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Завхан аймаг, Отгон сум, 1 дүгээр гудамж, 5 дугаар хашаа хаягт байрлах, хариуцагчийн эзэмшилийн, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1 200 м.кв талбайтай газар эзэмших эрхийг барьцаалсан үйл баримт тогтоогдсон. /1-р хх8-12, 13-17/.

Зээлийн гэрээний зүйл болох 3 000 000 төгрөгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэнд талууд маргаангүй. Мөн зээлийн гэрээний хугацаа хэтэрч хариуцагч үүргээ биелүүлэхгүй байгаа үйл баримт тогтоогджээ.

Зохигч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулсан анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Хариуцагч нь 1 700 000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар баримтаар нотлоогүй. Нотлох үүргийн хуваарилалтаар 1 860 689 төгрөгийг төлсөн гэдгээ хариуцагч нотлох үүрэгтэй бөгөөд нотлох үүргээ хэрэгжүүлэгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээгээр тохиролцсон хугацаанд хүү тооцох эрхтэй бөгөөд банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдийн адилаар нэмэгдүүлсэн хүү тооцох, гэрээний хэтэрсэн хугацааны хүү тооцохоор шаардах эрхгүй. Талуудын хооронд байгуулсан гэрээнд нэмэгдүүлсэн хүү төлөх талаар тохиролцсон зүйлгүй, нэхэмжлэгч нь субъектын хувьд ч нэмэгдүүлсэн хүү шаардах эрх бүхий этгээд биш юм. Энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дах хэсэгт зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулна. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдахаар заасан.

Бичгээр байгуулвал зохих хэлцлийн хувьд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дах хэсэгт зааснаар энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм. Хэргийн 9-12 дугаар талд авагдсан зээлийн гэрээнд гэрээний хугацаа 5 жил, хүү сарын 0,5 хувь гэж тохиролцсон байна.

Шүүхээс хариуцагчийн төлбөл зохих зээл, хүүг тооцохдоо зээл 3 000 000 төгрөг, үүнээс төлөгдсөн 452 384 төгрөгийг хасч 2 547 616 төгрөг, хүү 560 689 төгрөгөөс 224 026 төгрөг төлөгдсөнийг хасч 336 663 төгрөг, нийт 2 884 279 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

Харин нотариатын зардалд 11 000 төгрөг төлсөн баримт хэрэгт авагдсан байх тул уг зардлыг хохиролд тооцон гаргуулах нь зүйтэй. Зээлдэгч үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх үүссэн. Иймд 2 985 279 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад агуулгыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэсэгчлэн хангав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 101/ШШ2020/01540 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 2 884 279 гэснийг 2 895 279 гэж, 314 915 гэснийг 303 915 гэж,

-тогтоох хэсэгийн 2 дахь заалтад 61 098 гэснийг 61 274 тус тус өөрчлөн, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэсэгчлэн хангасугай.

2. Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Ш.ОЮУНХАНД