Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 1540

 

 

 

 

 

                  2020        05          05

                                     101/ШШ2020/01540

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ж-гийн гаргасан,

 

Хариуцагч: Лд холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 3,199,195.00 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т, нарийн бичгийн дарга М.Дорждэрэм оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Манай байгууллага хариуцагч Лтой 2011 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хамтран ажиллах гурван талт зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулж, нийт 3,000,000.00 төгрөгийг сарын 0.5 хувийн хүүтэй 60 сарын хугацаатай зээлдүүлсэн.

 

Бид, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар хариуцагчийн эзэмшлийн ... тоот хашаанд байрлалтай 1,200 м.кв талбайтай 10 жилийн хугацаатай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмшлийн газрыг барьцаалсан. Гэтэл зээлдэгч тал зээлийн гэрээний дагуу төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүй, удаа дараа зөрчиж зээлийн хугацаа хэтрэлт 2,200 хоногт хүрсэн.

 

Энэ талаар хариуцагчид мэдэгдсэн боловч тэрээр төлнө гэсэн бичиг өгч, 100,000.00 төгрөгөөс өөр төлбөрийг дахин төлсөнгүй. Талуудын байгуулсан гэрээнд зааснаар хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд хүү, нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан. Иймээс манай байгууллагаас үндсэн зээлийн үлдэгдэл 2,547,616.00 төгрөг, зээлийн хүү 429,091.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 211,488.00 төгрөг, нотариатын зардал 11,000.00 төгрөг, нийт 3,199,195.00 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн ба шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулах хүсэлтэй байна” гэв.

 

Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

 

“Би, Ж-тай 2011 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хамтран ажиллах гурван талт зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулж, 3,000,000.00 төгрөгийг сарын 0.5 хувийн хүүтэй 60 сарын хугацаатай зээлсэн.

 

Уг мөнгөнөөс нэг бүрийн 800,000.00 төгрөг, нийт 2,400,000.00 төгрөгөөр 3 ширхэг үнээ худалдан авч, 2013 оны 12 дугаар сарын хүртэл цэцэрлэгийн хүүхдүүдийг сүү, цагаан идээгээр хангах зорилгоор ажилласан. Гэвч гэр бүлийн хүний бие гэнэт өвдөж, бид нар Улаанбаатар хотод ирж үзүүлээд улмаар БНСУ-д эмчлүүлэхээр 2014 оны 01 дүгээр сард яваад 2017 оны 03 дугаар сард буцаж ирсэн.

 

Гэтэл энэ хугацаанд айлд байсан үхэр зуданд хорогдсон. Миний бие өнгөрсөн хугацаанд зээлийг тодорхой хэмжээнд төлсөн, өнөөдрийн байдлаар 1,700,000.00 төгрөгийг төлөх ёстой ба одоо надад санхүүгийн боломж байхгүй тул зээлийн төлбөрөөс чөлөөлж өгнө үү” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                               

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Жгаас хариуцагч Лод холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,199,195.00 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл тус компаниас хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Ж болон хариуцагч Л нар 2011 оны 10 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 3,000,000.00 төгрөгийг сүү, цагаан идээ боловсруулах төслийг санхүүжүүлэх зорилгоор сарын 0.5 хувийн хүүтэй 60 сарын хугацаатай зээлэхээр тохирчээ /х.х-ийн 8-12 хуудас/.

 

Түүнчлэн зохигчид уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар барьцааны гэрээ байгуулж, хариуцагч Лын эзэмшлийн ... дугаар хашаа хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1,200 м.кв талбайтай газар газар эзэмших эрхийг барьцаалсан байна /х.х-ийн 13-17 хуудас/.

 

Энэхүү газрыг хариуцагч Лод Завхан аймгийн Отгон сумын Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 45 тоот захирамжаар 10 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр олгожээ /х.х.-ийн 20 хуудас/

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заажээ.

 

Тодруулбал, энэ хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно” гэж заасны дагуу тус хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдэгчийн хувьд зээлийг буцаан төлөх болон зээлдүүлэгч зээлийг шаардах эрх, үүрэг үүсэх гол үндэслэл нь гэрээгээр тохиролцсон мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлсэн байх ёстой.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн тус шүүхэд өгсөн хариу тайлбарт тус тус дурдсанаар зохигчид зээлийн гэрээний зүйл болох 3,000,000.00 төгрөгийг хүлээн авсан эсэх талаар маргаагүй.

 

Иймд, зохигчдын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэв.

 

Тус гэрээгээр хариуцагч Л нь зээлийн гэрээний зүйл 3,000,00.000 төгрөгийг ашигласан хугацааны хүү болох 560,689.41 төгрөгийн хамт 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулах үүрэг хүлээсэн байна.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, мөн 208 дугаар зүйлийн  208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус заасан. Тайлбарлабал, зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч нь үүргийг тогтоосон газар, хугацаандаа гүйцэтгэх ёстой бөгөөд тодорхой хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй тохиолдолд түүнийг үүргээ зөрчсөнд тооцох ба үүний улмаас зээлдүүлэгчид буюу нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээнэ.

 

Гэтэл хариуцагч буюу зээлдэгч тэрээр өнгөрсөн хугацаанд үндсэн зээлээс 452,384.00 төгрөг, зээлийн хүүгээс 224,026.00 төгрөгийг төлсөн байна. Хэдийгээр хариуцагчаас зээлийн үлдэгдлийг 1,700,000.00 төгрөг байх ёстой гэсэн боловч тэрхүү тайлбараа баримтаар нотлоогүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж, мөн 107 дугаар зүйлийн 107.3-д “Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана” гэж тус тус заажээ.

 

Өөрөөр хэлбэл, тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй ба хариуцагч Л нь 1,860,689.00 төгрөгийг нэхэмжлэгч буюу зээлдэгч Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих санд төлсөн гэдгээ баримтаар нотлохгүй байна.

 

Нэхэмжлэгч Ж-аас хариуцагч Лод холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 2,547,616.00 төгрөг, зээлийн хүү 429,091.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 211,488.00 төгрөг, нотариатын зардал 11,000.00 төгрөг, нийт 3,199,195.00 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд тооцжээ.

 

Гэтэл Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д ”Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно” гэж заасан. Тодруулбал, энэ төрлийн зээлийн гэрээний харилцаанд талууд харилцан тохиролцон гагцхүү хүү тооцож болох ба нэхэмжлэгч нь тус хуулийн 451 дүгээр зүйлд заасан банк, зээлийн үйл ажиллагааг ашиг олох хэлбэрээр эрхэлдэг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байгуулагдсан хуулийн этгээд биш тул 452 дугаар зүйлийн 452.2-т “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй” гэж заасны дагуу нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй юм.

 

Мөн нэхэмжлэгч нь зээлийн хүүг 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд нэхэмжилж байгаа тохиолдолд талууд үүнийг хүлээн зөвшөөрч, харилцан хүсэл зоригоо илэрхийлж, бичгээр гэрээг байгуулсан байх учиртай. Тайлбарлавал, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж, мөн 42 дугаар зүйлийн 42.2-т “Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэж тус тус зааснаар талууд нэгдмэл хүсэл зоригт тулгуурлан хугацааг сунгасан байх ёстой.

 

Гэвч шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар зохигчид зээлийн хугацааг 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүртэл сунгаагүй байх тул хариуцагч Лыг Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж заасны дагуу хугацааг сунгахыг зөвшөөрсөн гэж шууд үзэхгүй тул нэхэмжлэгч нь энэ хүртэлх хугацааны зээлийн хүүг нэхэмжлэх эрхгүй байна.

Ингээд шүүхээс хариуцагчийн төлбөл зохих үндсэн зээл, зээлийн хүүг тооцвол үндсэн зээл 3,000,000.00 төгрөгөөс 452,384.00 төгрөг төлөгдөж, 2,547,616.00 төгрөг, зээлийн хүү 560,689.41 төгрөгөөс 224,026.00 төгрөг төлөгдсөн тул 336,663.41 төгрөг, нийт 2,884,279.41 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасан. Гэвч хэрэгт авагдсан 11,000.00 төгрөгийн нотариатын зардлыг уг нэхэмжлэлийг гаргахтай холбоотойгоор нотариатаар гэрчлүүлсэн гэсэн баримт хэрэгт авагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь нэхэмжлэл дэх баримтуудыг нотариатаар гэрчлүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан боловч тухайн нотариатын төлбөр төлсөн баримт нь эдгээр нотлох баримтыг гэрчлэхэд төлсөн зардал гэдгийг шууд нотлохгүй байна /х.х-ийн 6 хуудас/.

 

Нэхэмжлэгчээс хариуцагчид холбогдуулан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлага гаргасан.

 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй” гэж, мөн 165 дугаар зүйлийн 165.1-д “Бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ” гэж заасан.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар зохигчдын хооронд байгуулсан барьцааны зүйл болох газар эзэмших эрх нь зээлдэгчийн хөрөнгө байх тул Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д “Барьцаалуулагч нь үүрэг гүйцэтгэгч, эсхүл гуравдагч этгээд байж болно” гэж заасантай нийцэж байна.  

 

Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7-д “газар эзэмших эрхээ энэ хуульд заасан журмын дагуу барьцаалах эрхтэй” гэж, мөн 35.3.6-д “энэ хуульд заасны дагуу эрхийн гэрчилгээгээ барьцаалах, шилжүүлэх тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлэх” гэж, түүнчлэн 38 дугаар зүйлийн 38.5-д “газар эзэмшигч нь газар эзэмших эрхээ Иргэний хуульд нийцүүлэн барьцаалж болох бөгөөд энэ тохиолдолд сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлж, эрхийн гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэл хийлгэнэ” гэж тус тус заасан.

 

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-д “Хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрх барьцааны зүйл байна” гэж, мөн 164 дүгээр зүйлийн 164.1-д “Эрх барьцаалахад энэ хуулийн 153-160 дугаар зүйлийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна” гэж тус тус зааснаар ийнхүү газар эзэмших эрхийг бусдад барьцаалуулах бол үл хөдлөх хөрөнгө дээр суурилсан салшгүй холбоотой эрх учраас хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлэх ёстой бөгөөд талууд 2011 оны 10 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан газар эзэмших эрх барьцаалах тухай тухай гэрээг харъяа сумын газрын даамалд бүртгүүлсэн ба барьцаалуулахыг сумын засаг дарга зөвшөөрсөн байна /х.х-ийн 24 хуудас/.

 

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагч нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол барьцаалагч нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй” гэж, түүнчлэн 41.2-т “Энэ хуулийн 41.1-д заасан барьцаалагчийн шаардлагыг биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулахаар барьцааны зүйлийг худалдахыг шаардах эрхтэй” гэж, мөн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч энэ талаар шаардлага тавихад үл биелүүлсэн тохиолдолд түүний хүсэлтээр шүүхийн шийдвэрээр барьцааны зүйлийг албадан худалдахаар тус тус зохицуулсан.

 

Нэгэнт үүрэг гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хугацаандаа биелүүлээгүй, зээл, зээлийн хүүг төлөөгүй бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч болох нэхэмжлэгч тал барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүсч байх тул барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрч байна.  

 

Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна” гэж зааснаар тус хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д заасны дагуу бий болсон үүргийн талууд нөгөө талаасаа хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг шаардах зарим эрх тодорхой хугацаагаар хязгаарлагддаг.

 

Энэ хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна” гэж заасан. Өөрөөр хэлбэл, эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх зүйн харилцаанд оролцсон этгээд хуульд заасан буюу заагаагүй тодорхой төрлийн гэрээг холбогдох этгээдтэй байгуулсан бөгөөд тухайн этгээд гэрээний үүргээ зөрчсөнөөс улбаалан зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар иргэний эрх зүйн хамгаалалтыг шүүхийн журмаар хэрэгжүүлэх тохиолдолд уг этгээдэд холбогдуулан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байдаг.

 

Тодруулбал, гэрээгээр хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх шаардлагыг дээр дурдсанаар 3 жилийн хугацаанд гаргахад хөөн хэлэлцэх тус хугацааг хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д заасны дагуу шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох бөгөөд талуудын байгуулсан гэрээний хөөн хэлэлцэх хугацаа 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр дууссан байна.

 

            Гэвч хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч нь 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр зээлийг төлнө гэдгээ бичгээр илэрхийлж, улмаар 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэгчид 100,000.00 төгрөгийг төлсөн байна. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д “Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэж, мөн 82 дугаар зүйлийн 82.2-т “Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг үүрэг гүйцэтгэгч мэдээгүй байхдаа үүргийн гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд үүргийн гүйцэтгэлээс татгалзах эрхгүй” гэж тус тус заасны дагуу гэрээтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болоогүй гэж үзнэ.

 

Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус үндэслэн хариуцагчаас 2,884,279.41 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 314,915.86 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг тус тус үндэслэн хариуцагч Лоос 2,884,279.41 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Жд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 314,915.86 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг баримтлан хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох хариуцагчийн эзэмшлийн ... хашаа хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1,200 м.кв талбайтай газар эзэмших эрхийг шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 61,098.00 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МАНДАЛБАЯР