Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 46

 

 

 

 

 

2020 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 207/МА2020/00046

 

 

*******ын нэхэмжлэлтэй,

хариуцагч Орхон аймаг дахь Шүүхийн

шийдвэр гүйцэтгэх газар, 437 дугаар

нээлттэй хорих ангид холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05ы өдрийн 142/ШШ2020/00182 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 437 дугаар нээлттэй хорих ангид холбогдох,

2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн, 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтүвшингийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 02 дугаар сарын 28ы өдөр хүлээн авч, шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтүвшин, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* нь Орхон аймгийн Төрийн банкинд 120.000.000 төгрөгийн төлбөр төлөхөөр Орхон аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс шийдвэрлэгдсэн байдаг бөгөөд шийдвэрт гүйцэтгэх хуудас бичигдсэнээр төлбөр төлөгч болдог. Төлбөр төлөгчийн 6 автомашины зогсоол, орон сууц зэрэг үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн. ******* нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Н.Ганбатыг сонгон авч итгэмжлэл хийлгэн шийдвэр гүйцэтгэгч Э.Нармандахад хүргүүлсэн. Түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганбат нь төлбөр төлөх саналыг 2018 оны 11 дүгээр сард шийдвэр гүйцэтгэгч Э.Нармандахад өгсөн. Гэтэл 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 17 цаг 37 минутад итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганбатад утсаар миний битүүмжлэгдсэн 6 авто зогсоолын хоёр дахь дуудлага худалдаа явагдаж нэг зогсоолыг зарсан гэж мэдэгджээ. Шийдвэр гүйцэтгэгч Э.Нармандах хоёр удаагийн дуудлага худалдаа явуулсан гэх боловч энэ тухай дуудлага худалдаа явуулах шийдвэрээ төлбөр төлөгч надад болон итгэмжлэгдсэн төлөөлөгчид огт танилцуулаагүй төлбөр төлөгч дуудлага худалдаанд оролцох хяналт тавих эрхийг хангаагүй гагцхүү төлбөр төлөгч гэсэн үүднээс хүний өндөр үнэтэй үл хөдлөх хөрөнгийг үнэгүйдүүлж хувийн ашиг сонирхлын байр сууринаас хандсан гэж үзэж байна. Иймд Орхон аймгийн шийдвэр гүйцэтгэгч Э.Нармандахын зохион байгуулсан төлбөр төлөгч ******* миний үл хөдлөх хөрөнгө 6 автомашины зогсоолын хууль бус дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нармандах, Б.Эрдэнэболд нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 284 дугаар шийдвэрээр *******аас 122.671.365 төгрөг гаргуулж Төрийн банкны Орхон салбарт олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу төлбөр төлөгч *******ын арилжааны банкууд дахь харилцах болон хадгаламжийн дансыг битүүмжилж эд хөрөнгийн талаар холбогдох байгууллагаас лавлагаа авахад Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 5-24а тоот авто гражийн 17, 18, 21, 22, 23, 46 тоот авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө илэрсэн. Төлбөр төлөгч *******ын өмчлөлийн Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 5-24 дүгээр байрны ард байрлах А-17, 18, 21, 22, 23, 46 тоот авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр битүүмжилж, 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хураах ажиллагаа явуулсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талуудаас үнийн санал авч талуудын харилцан тохиролцсон үнэ болох нэг зогсоолыг 20.000.000 төгрөг, нийт 120.000.000 төгрөгийн 70% буюу 84.000.000 төгрөгөөр 2016 оны 12 дугаар сарын 23-нд анхны 50% буюу 60.000.000 төгрөгөөр 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулсан боловч Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 164 дугаар шийдвэрээр анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолуудыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Тус газраас албадан дуудлага худалдааг дахин явуулахаар талуудаас үнийн санал авахад зөрүүтэй санал өгсөн тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу шинжээчээр үнэлгээ тогтоолгохоор Итгэлт Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж үнэлгээ хийлгэхэд нэг зогсоолыг 22.000.000 төгрөгөөр 6 зогсоолыг нийт 132.000.000 төгрөгөөр үнэлсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д заасны дагуу шинжээчийн дүгнэлтийг талуудын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт танилцуулсан болно. Төлбөр төлөгч шинжээчийн үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжпэлийг хүлээн авч иргэний үүсгэн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 142/ШШ2018/00957 дугаар шйидвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 12/06 дугаар Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолоор Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 5-24 дүгээр байрны ард байрлах А-17, 18, 21, 22, 23, 46 тоотод байрлах нэг бүр нь 18 м.кв, нийт 108 м.кв талбай бүхий 6 ширхэг авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар шинжээчийн тогтоосон үнэлгээний 70% болох зогсоол нэг бүрийг 15.400.000 нийт 92.400.000 төгрөгөөр 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 10.00 цагт зохион байгуулагдах дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн. Албадан дуудлага худалдааны тогтоолыг мэдэгдлийн хамт төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганбатын Төв шуудангийн 1872 хайрцагаар хүргүүлэхээр 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 11.28 цагт шуудангийн ажилтанд хүлээлгэн өгсөн, төлбөр төлөгч *******тай дуудлага худалдааны тогтоол гардуулж өгөх хэрэгтэй байна гэж утсаар ярихадби хотод байдаг гээд Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 16 дугаар хороо 4-28 тоот хаягаар явуулж болно гэсний дагуу шуудангаар явуулсан боловч хаягтаа байдаггүй, утсаар нь холбогдоод ирж авна гэсэн боловч аваагүй хадгалалтын хугацаа дууссан гэсэн тайлбартайгаар шуудангаас буцаж ирсэн. Төлбөр төлөгч М.Мэндбаяр болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын утас руу удаа дараа залгахад утсаа авахгүй, холбогдохгүй байсан. Анхны албадан дуудлага худалдаанд оролцогч бүртгүүлээгүй, үнийн санал ирүүлээгүй болно. Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01/01 дугаар Хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолоор Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт зааснаар шинжээчийн тогтоосон үнийн 50% буюу зогсоол нэг бүрийг 11.000.000 нийт 66.000.000 төгрөгөөр 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 10.00 цагт зохион байгуулагдах албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн. Албадан дуудлага худалдааны тогтоолыг мэдэгдлийн хамт төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганбаттай утсаар ярьсны дагуу гэрийн хаяг болох /өөрийнх нь хэлж өгснөөр/ Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо нарны зам үйлдвэрчин хотхон 61-259 тоот хаягаар шуудангаар хүргүүлсэн боловч өөрөө гэртээ байсан мөртлөө гарч ирж авахаас татгалзсан, хаалгаа онгойлгоогүй гэсэн тайлбартайгаар буцаж ирсэн. Шуудангаас ирэнгүүт Н.Ганбат өмгөөлөгчийн утас руу удаа дараа залгасан боловч утас нь холбогдохгүй байсан. Тус газраас зохион байгуулсан хоёр дахь дуудлага худалдаагаар 22 дугаар зогсоол 12.000.000 төгрөгөөр худалдан борлуулагдаж бусад 5 зогсоолд үнийн санал ирүүлээгүй болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу талуудад шуудангаар албадан дуудлага худалдааны тогтоол, мэдэгдлийг хүргүүлсэн болно. Төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганбат болон төлбөр төлөгчид баталгаат шуудангаар болон утсаар албадан дуудлага худалдаа зохион байгуулах талаар мэдэгдсэн бөгөөд өөрөө шуудангаар хүргүүлсэн тогтоол, мэдэгдлийг хүлээн авахаас татгалзсан нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад саад болохгүй болно. Иймд төлбөр төлөгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү? Дуудлага худалдааг хуульд заасан журмын дагуу явуулж байсан. Тийм учраас хэргийг нотлох баримтын хүрээнд эцэслэн шийдвэрлэж өгнө үү гэв.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05ы өдрийн 142/ШШ2020/00182 дугаар шийдвэрээр:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2, 66.3-т заасныг баримтлан хариуцагч Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангид холбогдох төлбөр төлөгч *******ын төлбөрт хураагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2101019544, Ү-210019540 дугаартай Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн 5-24-р байрны ард байрлах А-17, 18, 21, 22, 23, 46 тоотод байрлах нэг бүр нь 18 м2, нийт 108 м2 талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулах 2018 оны 12 сарын 21, 2019 оны 01 сарын 22-ны өдрийн албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтүвшин давж заалдсан гомдолдоо:

2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 10 цагт зохион байгуулсан албадан дуудлага худалдаагаар зарагдсан 22 дугаартай авто зогсоолын өмчлөгч *******ыг оролцуулалгүйгээр уг дуудлага худалдааг явуулсан нь хууль зөрчсөн байх тул уг дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү? гэсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй болно. Орхон аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 284 дугаар шийдвэрээр *******аас 122.671.365 төгрөг гаргуулж, Төрийн банк ХХК-ийн Орхон салбарт олгохоор шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийг гүйцэтгэх явцдаа *******ын өмчлөлийн 6 тооны авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр битүүмжилж 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хураан авчээ. Дээрх үл хөдлөх хөрөнгийг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага удаа дараа албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэж байсан байх ба тэр болгонд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1., 175.3. дахь заалтуудыг удаа дараа зөрчиж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулж төлбөр төлүүлж байгаа тохиолдолд шүүхийн шийдвэрийг төлбөр авагчийн хүссэнээр гаргуулах хуулийн зохицуулалттай байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар гаргасан тайлбартаа үнийн санал авч дуудлага худалдаа явуулсан талаар дурджээ. Тэгвэл Иргэний хуулийн 13 дугаар бүлэг нь барьцаа эд хөрөнгийг хэрхэн үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлага, эрх ашигт нийцүүлж төлбөрийг барагдуулах талаар тогтоосон хуулийн заалт гэж ойлгож болохоос зөвхөн шийдвэр гүйцэтгэлийн байгууллага дуудлага худалдааг өөрийн дураар зохион байгуулж, зөвхөн үнийн саналыг нь сонсохдоо энэ хуулийн 177 дугаар заалтыг тасдан авч хэрэглэж байхаар зохицуулсан хууль огт биш юм. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ... Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.3.-т заасан байна. Нэхэмжлэгч бусдад төлөх төлбөртэй гэдгээ мэдэж байсан, түүнд тухай бүрт нь мэдэгдэж байсан боловч эрхээ эдлэхийг хүсээгүй байх бөгөөд эрхийг хүчээр эдлүүлэх боломжгүй, эрх нь зөрчигдөж болзошгүй тул өөрөө ухамсарлаж энэ талаар санаачлага гаргах шаардлагатай байжээ ... гэж дүгнээд дуудлага худалдааг хүчингүй болгох үндэслэл болохгүй байна гэжээ. Үүнийг юу гэж ойлгох вэ? Эрх чинь зөрчигдөж магадгүй, нэгэнт эрх чинь зөрчигдсөн бол хохь чинь ээ гэсэнтэй ижил дүгнэлт байна. Хуулийн байгууллага тэр тусмаа шүүх ийм байдлаар хандах эрх бий юу? Үндсэн хуулинд заасан эрх тэгш эрхтэй байх зарчим алдагдаагүй юу? Иргэний хуулийн 9 дүгээр заалт нь иргэний зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой гэсэн байна. Өөрөө анхаарал сэрэмжтэй байгаагүй эрхээ эдлэхээр гүйж ирээгүй гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч ******* нь Орхон аймаг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан төлбөр төлөгч *******ын төлбөрт хураагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2101019544, Ү-210019540 дугаартай Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн 5-24 дүгээр байрны ард байрлах А-17, 18, 21, 22, 23, 46 тоотод байрлах нэг бүр нь 18 м2, нийт 108 м2 талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 12/06 дугаар албадан дуудлага худалдаа зохион байгуулах тогтоол, 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01/01 дугаар хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолын дагуу явагдсан 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн, 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2., 66.3.-т зааснаар албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 284 дугаар шүүхийн тогтоолоор ******* нь хариуцагчид 122.286.673 төгрөг төлөхийг зөвшөөрсөн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Шүүгчийн 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 200 дугаар шүүхийн гүйцэтгэх тухай хуудас бичигдэж хуулийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагджээ.

Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 12/06 дугаар албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолоор *******ын төлбөрт хураагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2101019544, Ү-210019540 дугаар авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг шинжээчийн үнэлгээ болох 132.000.000 төгрөгийн 70 хувь болох 92.400.000 төгрөгөөр 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1000 цагт анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар болжээ.

Тогтоолыг 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 03/1677 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр төлбөр төлөгч ******* болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Н.Ганбат нарт мэдэгдэхээр албан бичгийг шуудангийн ажилтанд 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр тэмдэглэл үйлдэн хүлээлгэн өгчээ.

2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр *******ын утсаар өөртэй нь холбогдож Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо 4-28 тоот Нямдаваа гэх хүний хаягаар явуул гэж хэлснээр мэдэгдлийг хүргүүлж 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр тэмдэглэл үйлджээ.

Төлбөр төлөгч ******* нь оршин суух хаягтаа байхгүй, утсаар нь удаа дараа холбогдоход очиж авна гэсэн боловч аваагүй, хадгалах хугацаа дууссан тул шуудангийн илгээмжийг гардуулаагүй гэх шалтгаанаар албан бичгийг буцаан ирүүлжээ.

2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр явагдсан анхны албадан дуудлага худалдааны явцад дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг худалдан авах талаар үнийн санал ирээгүй байна.

Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01/01 дугаар тогтоолоор *******ын төлбөрт хураагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2101019544, Ү-210019540 дугаар авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийн шинжээчийн үнэлгээ болох 132.000.000 төгрөгийн 50 хувь болох 66.000.000 төгрөгөөр 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 10 цагт хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар болжээ.

2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Зууны мэдээ сонинд зарыг нийтлүүлж, тогтоолыг тус газрын 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 03/16 дугаар албан бичгээр төлбөр төлөгч *******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганбат нарт түүний хаяг болох Улаанбаатар хотр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Нарны зам үйлдвэрийн хотхон 61-259 тоот хаягаар шуудангаар хүргүүлж тэмдэглэл үйлджээ.

Хоёр дахь албадан дуудлага худалдаанд 22 дугаартай авто зогсоолыг худалдан авахаар Д.Энхжаргал, Г.Мягмар гэх 2 хүн оролцогчоор бүртгүүлж, Д.Энхжаргал 12.000.000 төгрөгөөр худалдан авах ялагчаар тодорч худалдан авахаар болжээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, нэхэмжлэгч *******ын төлбөрт хураагдсан авто зогсоолуудыг албадан дуудлага худалдаанд оруулах тухай Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 12/06 дугаар албадан дуудлага худалдаан зохион байгуулах тогтоол, 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01/01 дугаар хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолуудыг тус тус төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч *******т хүргүүлсэн гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлтэй, 2 удаагийн албадан дуудлага худалдаа явуулсан нь хууль зөрчөөгүй шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нийцжээ.

Албадан дуудлага худалдаанд төлбөр төлөгч ******* болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарыг оролцуулаагүй гэх боловч Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.3.-т зааснаар тэдгээр нь дуудлага худалдаанд оролцох эрхтэй байжээ.

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан ... шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх ..., мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан ... өөрийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах ..., мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.7.-т заасан нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх, үүргээ биелүүлээгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтүвшингийн гаргасан давж заалдсан гомдол хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хүлээн авах боломжгүй юм.

Шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтүвшингийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05ы өдрийн 142/ШШ2020/00182 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтүвшингийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтүвшингийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ

Б.БАТТӨР