Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 218

 

“ҮАК” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 ХУД-ийн ТХ-ийн ТУБ нарт холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:             Б.Мөнхтуяа

Шүүгчид:                           М.Батсуурь

                                          Д.Мөнхтуяа

                                          Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч:                 П.Соёл-Эрдэнэ

Нарийн бичгийн дарга:   Т.Даваажаргал

Нэхэмжлэлийн шаардлага: 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 230014129 дүгээр актын Тогтоох хэсгийн 1.1-д заасан “2013 онд 63,77,9900 төгрөгийн худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тайлагнаж, төлөх татварын дүнг бууруулсан зөрчилд 6,377,990 төгрөгийн нөхөн татвар”, 1.3-д заасан “2013 онд 63,779,900 төгрөгийн баримтаар нотлогдоогүй зардлыг аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайланд хасч тайлагнасан зөрчилд 6,377,990 төгрөгийн нөхөн татварыг” тус тус хүчингүй болгуулах,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2020/0031 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 227 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, хариуцагч Ц.Цэвэлмаа, Б.Мөнхбаатар нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2020/0031 дүгээр шийдвэрээр: 1 дэх заалтаар Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 18 дугаар зүйлийн 18.1.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 14 дүгээр зүйлийн 14.3, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2006 оны/ 15 дугаар зүйлийн 15.1.2-т заасныг тус тус үндэслэн “ҮАК” ХХК-ийн нэхэмжлэлтэй ХУД-ийн ТХ-ийн ТУБ- Б.Мөнхбаатар, Б.Ариунгэрэл, Ц.Цэвэлмаа нарт холбогдуулан гаргасан ХУД-ийн ТХ-ийн ТУБ- Б.Мөнхбаатар, Б.Ариунгэрэл, Ц.Цэвэлмаа нарын оногдуулсан 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 230014129 дүгээр актын Тогтоох хэсгийн 1.1-д заасан 2013 онд 63,77,9900 төгрөгийн худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тайлагнаж, төлөх татварын дүнг бууруулсан зөрчилд 6,377,990 төгрөгийн нөхөн татвар, 1.3-д заасан 2013 онд 63,779,900 төгрөгийн баримтаар нотлогдоогүй зардлыг аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайланд хасч тайлагнасан зөрчилд 6,377,990 төгрөгийн нөхөн татвар-ыг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 2 дахь заалтаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг үндэслэн ХУД-ийн ТХ-ийн ТУБ- Б.Мөнхбаатар, Б.Ариунгэрэл, Ц.Цэвэлмаа нарын 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 230014129 тоот актаар тогтоогдсон 358.518.495,9 төгрөгийн зөрчилд ногдуулсан нийт 63.167.110,4 төгрөгийн төлбөрөөс 29.637.249 төгрөгийн торгууль, 19.907.181,4 төгрөгийн алданги, нийт 49.544.430,4 төгрөгийн төлбөрийг өршөөлд хамруулж шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 227 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 31 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хасч, 3 дахь заалтыг 2 болгон өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээн, нэхэмжлэгч “ҮАК” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэлээ “...нэхэмжлэгч хуулиар хүлээсэн татвар төлөгчийн үүргээ биелүүлээгүй буюу шаардлага хангасан холбогдох нотлох баримтууд болон анхан шатны баримтуудыг хяналт шалгалт хийх тухайн үед хариуцагчид гаргаж өгөөгүй, зардлаа шаардлага хангасан баримтуудаар нотлоогүй...” гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.

4. Гэтэл “ҮАК” ХХК нь Архангай аймгийн Цэцэрлэг сум, Хужирт багийн малчин Н.Мөнхжингөөс мал авдаг тухай малын эмчийн тодорхойлолт, багийн Засаг даргын тодорхойлолт, малчин Н.Мөнхжингийн өөрийн гараар бичиж малчны тамгаа дарсан тодорхойлолт, Төв аймгийн Баянчандмань сумын малчин Д.Уртнасангийн талаар багийн Засаг даргын тодорхойлолт, Н.Мөнхжингөөс малын мах авсан зарлагын баримтуудыг эх хувиар нь нотлох баримтаар гаргаж өгсөн байхад шүүх үнэлж дүгнээгүй. Багийн засаг даргын тодорхойлолт, малын эмчийн бичиг, малчны тодорхойлолтууд нь “ҮАК” ХХК-ийн мах авсан гэх зарлагын баримтыг дэмжсэн, тус баримтыг баталсан нотлох баримтууд юм. Гэтэл шүүх зөвхөн зарлагын баримтын хүрээнд үнэлэлт дүгнэлт өгсөнд гомдолтой байна.

5. “ҮАК” ХХК нь Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт рестораны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд мах нь хоолны үндсэн орцын нэг юм. 2013 онд манай байгууллага нь махаа ченжүүдийн гар дээрээс дундын зуулчлалын өртөг шингэсэн авахаас илүүтэй малчин өрхөөс өөрсдөөс нь авах бодлого барьж байсан. Малчин өрхөөс шууд худалдан авах нь нэг талаас малчид махаа зах зээлийн үнээр борлуулах, нөгөө талаас худалдан авагч ресторан нь ченжийн үнэ нэмэгдээгүй хямд үнээр худалдах авах боломж үүсгэдэг.

6. Малчин өрх нь мах авсан байгууллага бүрт Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан баримтыг тэр бүр гаргаж өгөх боломж бололцоо байхгүй. Анхан шатны шүүх нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой үнэлж дүгнэж чадаагүй, хуульд нийцсэн үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадаагүй гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх ч анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвтгөж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хариуцагч нарын татварын хяналт шалгалт хийх томилолтын хугацаа нь 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс эхэлж, 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хугацаа дууссан байдаг.

7. Гэтэл хариуцагч нар маргаан бүхий захиргааны актыг 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр буюу татварын хяналт шалгалтын хугацаа дууссан байхад буюу томилолтгүйгээр татварын улсын байцаагчийн актыг бичсэн нь 2008 оны Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийг зөрчсөн байна. Энэ нь хэрэглэвэл зохих хуулийн заалтыг хэрэглээгүй гэж үзэх үндэслэл болох бөгөөд анхан шатны шүүх 1 хоног хэтрүүлсэн нь нэхэмжлэлийг хангах үндэслэл болохгүй гэж 2008 оны Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дүгнэлтийг зөвтгөсөн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

8. Давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд: Нэхэмжлэгч талын зүгээс давж заалдах гомдол гаргахдаа анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 болон 3 дахь заалтуудыг хүчингүй болгон өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөхийг хүссэн ба анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгуулах шаардлага гаргаагүй болно. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт “Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянах ба хэргийн хоёр, түүнээс дээш оролцогч гомдол гаргасан, эсхүл нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн гомдол гаргасан тохиолдолд хэргийг бүхэлд нь хянан үзэх үүрэгтэй” гэж заасан. Энэхүү маргаанд давж заалдах гомдлыг зөвхөн нэхэмжлэгч тал гаргасан бөгөөд гомдлын агуулгаа шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 ба 3 дахь заалтуудтай холбож гаргасан байхад давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хасч шийдсэн нь хуулийн дээрх хэсгийг зөрчсөн гэж үзэж байна.

9. Иймд, шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх болон 3 дахь заалтууд, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгон өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

10. Давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.  

11. Нэхэмжлэгч “ҮАК” ХХК-иас Татварын улсын байцаагчийн 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 230014129 дүгээр актын Тогтоох хэсгийн 1.1-д заасан “2013 онд 63,77,9900 төгрөгийн худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тайлагнаж, төлөх татварын дүнг бууруулсан зөрчилд 6,377,990 төгрөгийн нөхөн татвар”, 1.3-д заасан “2013 онд 63,779,900 төгрөгийн баримтаар нотлогдоогүй зардлыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд хасч тайлагнасан зөрчилд 6,377,990 төгрөгийн нөхөн татварыг” тус тус хүчингүй болгуулах шаардлага гаргасан.

12. Хариуцагчаас “баримтаар нотлогдоогүй зардлыг хассан” гэж, нэхэмжлэгчээс “хөдөө малчдаас мах худалдан авсан, малчид баримт өгдөггүй учраас зөрчилд тооцох үндэслэлгүй” гэж тус тус маргажээ.

13. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй”, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай /2006 оны/ хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Дараахь тохиолдолд зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцохгүй”, 15.1.2-т “албан татвар төлөгчийн баримтаар нотлогдоогүй зардал” гэж тус тус заасныг маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэхэд нэхэмжлэгч хуулийн этгээд нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтаар тогтоогдоогүй тул албан татвар ногдох орлогоос хасч тооцохгүй, улсын байцаагчийн акт хууль зөрчөөгүй, энэ талаар шүүхүүд зөв дүгнэсэн байна.

14. Нэхэмжлэгчийн “Малчдаас мах худалдан авсан тухай нотлох баримтыг шүүхээс үнэлээгүй” гэх гомдлын тухайд: хэрэгт авагдсан багийн Засаг даргын тодорхойлолт нь “иргэн ... Улаанбаатар хот руу мах нийлүүлдэг нь үнэн” гэсэн байгаа нь тухайн иргэн, нэхэмжлэгч “ҮАК” ХХК-д мах худалдсан болохыг нотолж чадахгүй, бусад баримтын хувьд он сар зөрүүтэй зэргээр нэхэмжлэгчийн тайлбарыг нотолж чадахгүй байх тул шүүхүүдийг “нотлох баримт буруу үнэлсэн” гэж үзэхгүй, нөгөө талаар нэхэмжлэгч хуулийн этгээд нь татварын хяналт шалгалтын явцад санхүүгийн анхан шатны баримтыг өгөөгүй учраас хариуцагчийг буруутгах үндэслэлгүй.

15. Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 025 дугаар тогтоолоор Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд нэхэмжлэгчийг хамруулан, 44,384,077 төгрөгийн төлбөрийг өршөөж, 18,783,032 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоожээ.

16. Гэтэл анхан шатны шүүхээс нэгэнт Маргаан таслах зөвлөлөөс шийдсэн асуудлыг дахин шийдвэрлэж, 49,544,430 төгрөгийг өршөөлд хамруулсан нь хууль зүйн үндэслэлгүй, давж заалдах шатны шүүхээс уг алдааг залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь зөв болжээ.

17. Нэхэмжлэгчийн “давж заалдах шатны шүүх гомдлын хүрээнээс хэтэрч, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хууль зөрчсөн” тухай гомдлыг хангах үндэслэлгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн бол гомдлоор хязгаарлахгүй” гэж заасан.

18. Иймээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 227 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.МӨНХТУЯА

                    ШҮҮГЧ                                                                  П.СОЁЛ-ЭРДЭНЭ