Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 58

 

 

 

 

 

2020 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 207/МА2020/00058

 

 

******* ХХК-ийн Эрдэнэт салбарын

нэхэмжлэлтэй, хариуцагч З.Отгонгэрэл, Р.Рагчаа

нарт холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Баттөр, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 142/ШШ2020/00312 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн Эрдэнэт салбарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: З.Отгонгэрэл, Р.Рагчаа нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэг 12.680.389.14 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хөрөнгө, орлогоос гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Түмэнбаярын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баярлах, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Түмэнбаяр, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн Эрдэнэт салбарын захирал Б.Энхнасан нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн З.Отгонгэрэл, Р.Рагчаа нар нь Хасбанктай 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 1130037586 дугаартай зээлийн гэрээ байгуулан 10.500.000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар өрхийн хэрэглээний зориулалтаар цалингийн зээл авсан. Банк нь 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр зээлдэгч З.Отгонгэрэлийн Хасбанк дахь 5001115821 дансанд 10.500.000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 2.068.939.68 төгрөг, зээлийн хүүд 2.103.235.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2.691.04 төгрөгийг төлсөн. Гэтэл зээлдэгч нь банктай байгуулсан 1130037586 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж байсан. Банкны зүгээс зээлдэгчийн өөрийн хүсэлтийг үндэслэн удаа дараа боломж олгож, дараа дараагийн авах арга хэмжээг хойшлуулж байсан. Гэтэл зээлдэгч амлалтаа зөрчиж зээлийн төлөх төлбөрийг 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш гэрээний дагуу төлөөгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 789 хоног хугацаа хэтрүүлээд байна. Хасбанк нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1130037586 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 8.337.145.86 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаарх хүү 4.086.884.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 256.359 нийт 12.680.389.14 төгрөгийг З.Отгонгэрэл, Р.Рагчаа нараас гаргуулах, З.Отгонгэрэл, Р.Рагчаа нар нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагааг явуулж Шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж, зөвшөөрөл олгож өгнө үү гэжээ.

Хариуцагч З.Отгонгэрэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Түмэнбаяр шүүхэд гаргасан тайлбартаа:

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно., 4 дэх хэсэгт Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно. гэж тус тус заажээ. Гэтэл Хасбанкны 5001115821 тоот данс нь З.Отгонгэрэлийн харилцах данс тул зээл олгогдсон гэж үзэхгүй. Иймд хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэх үндэслэлгүй. З.Отгонгэрэлийн Хасбанканд төлсөн 4.174.865 төгрөгийг З.Отгонгэрэлд шилжүүлсэн 10.500.000 төгрөгөөс хасч тооцох ёстой. Р.Рагчаа нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр зээлийн гэрээнд гарын үсэг зурсан боловч уг мөнгийг төлөх үндэслэлгүй. Уг мөнгийг З.Отгонгэрэлийн дансанд шилжсэн тул Р.Рагчааг *******наас зээл авсанд тооцохгүй гэжээ.

Хариуцагч Р.Рагчаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Түмэнбаяр шүүхэд гаргасан тайлбартаа:

Р.Рагчаа нь Хасбанкнаас зээл авах хүсэлт гаргаагүй. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан зээлийн хувийн хэрэгт зээл олгохыг хүссэн өргөдөл хавсаргах ёстой байна. Р.Рагчаа зээл олгохыг хүссэн өргөдөл гаргаагүй Р.Рагчаа гарын үсэг зураагүй. Уг мөнгийг З.Отгонгэрэлийн дансанд шилжсэн тул Р.Рагчааг *******наас зээр авсанд тооцохгүй гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 142/ШШ2020/00312 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1., 242.3., 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д заасныг баримтлан хариуцагч З.Отгонгэрэл, Р.Рагчаа нараас зээлийн гэрээний үүрэгт 12.680.389.14 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хасбанк ХХК-ийн Эрдэнэт салбарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 217 836,22 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Р.Рагчаа, *******нараас 217 836,22 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Түмэнбаяр шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрөхгүй талаар хариуцагч нар маргаж тайлбар гаргаж мэтгэлцсэн. Учир нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно, 4 дэх хэсэгт Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэж тус тус заасан тул үндсэн төлбөрийг төлөх үүрэгтэй хүү, болон нэмэгдүүлсэн хүүг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна. ******* ХХК-ийн 5001115821 тоот данс З.Отгонгэрэлийн харилцах данс тул зээл олгогдсон гэж үзэхгүй. Иймд хүү, нэмэгдүүлсэн хү нэхэмжлэх үндэслэлгүй. Хариуцагч *******нь уг зээлээс үндсэн зээл болон 8.337.145 төгрөг төлөх боломжтой ба хүү 4.086.884 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 256.359 төгрөг нийт 4.343.243 төгрөгийг төлөх боломжгүй юм. Мөн хариуцагч Р.Рагчаа уг зээлийг аваагүй тул *******зээлийн үндсэн төлбөрийг барагдуулах ёстой. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү? гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн Эрдэнэт салбар хариуцагч З.Отгонгэрэл, Р.Рагчаа нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 12.680.389.14 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд зохигчийн хооронд 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр № 1130037586 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, 10.500.000 төгрөгийг сарын 1.8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлсэн ба зээлийн гэрээний хугацаа 2020 оны 07 дугаар сарын 08-нд дуусахаар байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Түмэнбаяр ... банк зээл олгохдоо зээлийн данс нээж зээл олгоогүй тул хариуцагчийн харилцах дансанд шилжүүлсэн 10.500.000 төгрөгнөөс банкинд төлсөн 4.174.865 төгрөгийг хасч тооцох, нэхэмжилж байгаа зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн Эрдэнэт салбар нь зээлийн гэрээний үүргийн үлдэгдэл төлбөрийг гэрээний хугацаа дуусахаас өмнө шаардсан тохиолдолд шүүх гэрээ цуцлах үндэслэл байгаа эсэх, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг хэрхэн тооцсон талаар дүгнэлт хийх ёстой. Гэтэл нэхэмжлэгч зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах талаар хариуцагчид мэдэгдсэн эсэх, зээлийн хүү 4.086.884.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 256.359 төгрөгийг хэрхэн тооцсон тухай баримт, зээлийн тооцоолол хэрэгт авагдаагүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч тал шүүхэд анх хоёр нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр гаргуулах тухай шаардлагад иргэний хэрэг үүсгэж, хэргийг шийдвэрлэсэн ба үүргийн гүйцэтгэлийг хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагааг явуулж шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5.-д заасны дагуу шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт зааж, зөвшөөрөл олгуулах тухай шаардлагыг шийдвэрлээгүй орхигдуулжээ.

Зохигчийн хооронд үүссэн зээлийн гэрээний харилцааны зарим үйл баримтыг тогтоосон нөхцөлд хариуцагч нарын хүлээх үүргийн хэмжээг тогтоох боломжгүйгээс гадна, шүүх хийвэл зохих дүгнэлтийг хийгээгүй, хэрэгт ач холбогдол бүхий асуудлаар талууд мэтгэлцээгүй, хэрэгт авагдсан нотлох баримт хангалттай бус байхад хэргийг шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Түмэнбаярын гаргасан ... хүү 4.086.884 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 256.359 төгрөг нийт 4.343.243 төгрөгийг төлөх боломжгүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэх давж заалдсан гомдолд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 142/ШШ2020/00312 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Түмэнбаярын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ

ШҮҮГЧИД Б.БАТТӨР

Б.ОЮУНЦЭЦЭГ