Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 62

 

 

 

 

 

2020 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 207/МА2020/00062

 

 

Орхон аймгийн Нийгмийн даатгалын

хэлтсийн нэхэмжлэлтэй, хариуцагч

******* ХХК-д холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 142/ШШ2020/00365 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* ХХК холбогдох,

Нийгмийн даатгалын шимтгэлийн өр, алданги 7.597.714 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Прокурор Б.Оюун-Эрдэний гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хулан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Пүрэвбаатар, прокурор Б.Оюун-Эрдэнэ, нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.

Нэхэмжлэгч Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Анар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Тэгнэх Трейд ХХК нь 2018 оны 12 дугаар сараас 2019 оны 09 дүгээр сарыг дуусталх хугацаанд хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогыг Нийгмийн даатгалын хэлтэст тайлагнаж байсан ч хуулийн хугацаанд шимтгэлийг төлөлгүй 5.065.142.90 төгрөгийн авлага үүсгэсэн байна. Иймд нийгмийн даатгалын шимтгэлийн өр 5.065.142.90 төгрөг түүнд ногдох алданги 2.532.571.45 төгрөг, бүгд 7.597.714.35 төгрөгийг Тэгнэх Трейд ХХК болон ерөнхий захирал Бүдрагчаа овогтой Цэдэндорж нараас гаргуулж Нийгмийн даатгалын санг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Тэгнэх трейд ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Цэрэндорж шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Тус компани нь Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст 2019 оны үлдэгдэл 5.065.142.90 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өглөгтэй байна. Манай компани түрээсийн үйл ажиллагаа явуулдагч түрээслүүлэгч зарим байгууллагаас нилээд хэмжээний түрээсийн төлбөр авч чадаагүй байгаа юм. Одоогоор бага хэмжээний талбай түрээслүүлж байгаа ба түүнээс орсон орлого 3 хамгаалагчийн цалин, цахилгааны зардалд зарцуулагдаж байна. Иймд түрээсийн төлбөр орсон тохиолдолд 2020 оны 2-р улиралд багтаан үндсэн төлбөр болох 5.065.142.90 төгрөгийн төлбөрийг барагдуулах болно гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2020/00267 дугаар шийдвэрээр:

Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 1.1-д заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас 4.668.862.38 /дөрвөн сая зургаан зуун жаран найман мянга найман зуун жаран хоёр төгрөг, гучин найман мөнгө/ төгрөгийг аргуулан Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст олгож, нэхэмжлэлээс 3.928.851.97 /гурван сая есөн зуун хорин найман мянга найман зуун тавин нэг төгрөг ерэн долоон мөнгө/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, .41.1.4-т зааснаар тухайн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 зааснаар хариуцагч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 89.651 /наян есөн мянга зургаан зуун тавин нэг/ төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Оюун-Эрдэнэ шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Оюун-Эрдэнэ би тус аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 142/ШШ2020/00365 дугаартай шийдвэрээр Орхон аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй ******* ХХК-аас дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэлийн өр 5.065.142.90 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 2.532.271.45 төгрөг нийт 7.597.714.35 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагаас 3.928.851.97 төгрөгийг хэрэгсэхгүй болгон 4.668.862.38 төгрөгийг гаргуулан шийдвэрлэхдээ хугацаа хэтрүүлсэн алдангийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Анхан шатны шүүхээс ******* ХХК нь 2018 оны 12 дугаар сараас 2019 оны 9 дүгээр сарыг дуустал хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг хуулийн хугацаанд төлөөгүй 5.065.142.90 төгрөгийн өр авлага үүсгэсэн гэж нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэсэн боловч хэрэгт нотлох баримтаар авагдсан Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 83 тоот Зөрчил арилгаж өр авлага барагдуулах тухай албан шаардлагад дээрх хугацаанд 4.668.862.38 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөртэй болох нь тогтоогдож байх ба уг албан шаардлагыг хариуцагч байгууллага хүлээн авч гарын үсэг зурсан байна. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг нотлох баримтаар гаргаж ирүүлээгүй, зөвхөн 2019 оны 09 дүгээр сарын тайланг нотлох баримтаар өгсөн боловч уг баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, хариуцагч байгууллага хэзээнээс эхэлж нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрийг төлөөгүй болох, хариуцагчаас алдангийг ямар хугацаагаар, ямар хэмжээгээр тооцож нэхэмжилж буй нь тодорхойгүй байна гэж дүгнээд ******* ХХК-иас төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэлийн өр 4.668.862.38 төгрөгийг гаргуулан Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст олгож, нэхэмжлэлээс үлдэх 3.928.851.97 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нийгмийн даатгалын хэлтэс нь ******* ХХК-иас хугацаандаа төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл 5.065.142.90 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 2.532.271.45 төгрөг нийт 7.597.714.35 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нийгмийн даатгалын шимтгэлийн өр болох 5.065.142.90 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч үндсэн төлбөр болох 5.065.142.90 төгрөгийг 2020 оны 2 дугаар улиралд багтаан төлөхөө илэрхийлсэн байдаг. Харин алданги болох 2.532.271.45 төгрөгийг төлөхгүй гэж маргадаг. Гэтэл шүүх хуримтлагдсан өр үүссэн тухайд талууд маргаагүй, гагцхүү 2.532.271.45 төгрөгийн алдангийг төлөх эсэх дээр маргаж байхад нэхэмжлэлийн шаардлагаас нийгмийн даатгалын шимтгэлийн өр болох 396.280.52 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна. Мөн шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нотлох баримтаас нотлогдохгүй байна гэж үзэж нэхэмжпэлийн шаардлагаас нотлох баримтаас нотлогдох хүрээний буюу 4.668.862.38 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн атлаа түүнд ногдох алдангийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл нь хариуцагчаас нийгмийн даатгалын шимтгэл шаардах эрхтэй, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасны дагуу хариуцагч нь алданги төлөх үүрэгтэй гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байх тул Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдпага болгох Орхон аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 142/ШШ2020/00365 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаалгахаар гомдол гаргав гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч ******* ХХК-иас Нийгмийн даатгалын шимтгэлийн өр, алданги нийт 7.597.714.35 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрч алдангийг төлөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Нийгмийн даатгалын хэлтсийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 83 дугаар улсын байцаагчийн албан шаардлагад үндэслэн тодорхойлжээ.

Хариуцагч ******* ХХК нь 2018 оны 12 дугаар сараас 2019 оны 09 дүгээр сарыг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл 4.668.862.38 төгрөгийг хуулинд заасан хугацаанд төлж барагдуулаагүй өр үүсгэсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Нэхэмжлэгч Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч ******* ХХК-д нийгмийн даатгалын шимтгэлийн өр, алданги 4.668.862.38 төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төлж дуусгах талаар албан шаардлага хүргүүлж байсан ба тогтоосон хугацаанд төлөхгүй бол алданги тооцох хуулийн хариуцлага хүлээлгэх талаар мэдэгдэж байжээ.

Хариуцагч ******* ХХК нь нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг нэхэмжлэгчээс тогтоосон хугацаанд төлөөгүй учраас нэхэмжлэгч Нийгмийн даатгалын хэлтэс нь алданги 2.532.571.45 төгрөг төлүүлэхээр тооцсон байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагчаас нийгмийн даатгалын шимтгэл 5.065.142.90 төгрөг, алданги 2.532.571.45 төгрөг, нийт 7.597.714.35 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч улсын байцаагчийн албан шаардлагад 4.668.862.38 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөртэй болох нь тогтоогдсон нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийн тайланг нотлох баримтаар ирүүлээгүй, ямар хугацаагаар, ямар хэмжээгээр тооцож нэхэмжилж буй нь тодорхойгүй гэсэн дүгнэлт хийж хариуцагчаас үндсэн төлбөр 4.668.862.38 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй Нийгмийн даатгалын тухай хуульд нийцжээ.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлд 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар тооцооны алдаа гарснаас шимтгэлийг дутуу төлсөн тохиолдолд алданги тооцохоор өөрчлөлт орсон бөгөөд тухайн маргаан нь хуулийн өөрчлөлт орохоос өмнө үүсэн байх боловч нэхэмжлэгч болон төрийг төлөөлж эрх ашгийг хамгаалж шүүх хуралдаанд оролцсон прокурор нь хуучин үйлчилж байсан хуулийн зохицуулалтаар алданги төлүүлэх тухай гомдол гаргасан тул гомдлыг хүлээн авах боломжгүй.

Иймд прокурор Б.Оюун-Эрдэний гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 142/ШШ2020/00365 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, прокурор Б.Оюун-Эрдэний давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14.-т зааснаар прокурор Б.Оюун-Эрдэнэ давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧИД Б.ОЮУНЦЭЦЭГ

С.УРАНЧИМЭГ