Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 142/шш2020/00365

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багт байрлах, Орхон аймгийн НДХ-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багт байрлах ТТ-ХХК-д холбогдох

 

Нийгмийн даатгалын шимтгэлийн өр, алданги 7597714.35 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.П, прокурор Б.Оюун-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ТТ-ХХК нь 2018 оны 12 дугаар сараас 2019 оны 09 дүгээр сарыг дуусталх хугацаанд хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогыг НДХ-т тайлагнаж байсан ч хуулийн хугацаанд шимтгэлийг төлөлгүй 5065142.90 төгрөгийн авлага үүсгэсэн байна. Иймд нийгмийн даатгалын шимтгэлийн өр 5065142.90 төгрөг түүнд ногдох алданги 2532571.45 төгрөг, бүгд 7597714.35 төгрөгийг ТТ-ХХК болон ерөнхий захирал Б овогтой Ц нараас гаргуулж Нийгмийн даатгалын санг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ТТ-ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус компани нь Орхон аймгийн НДХ-т 2019 оны үлдэгдэл 5065142.90 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өглөгтэй байна. Манай компани түрээсийн үйл ажиллагаа явуулдагч түрээслүүлэгч зарим байгууллагаас нилээд хэмжээний түрээсийн төлбөр авч чадаагүй байгаа юм. Одоогоор бага хэмжээний талбай түрээслүүлж байгаа ба түүнээс орсон орлого 3 хамгаалагчийн цалин, цахилгааны зардалд зарцуулагдаж байна. Иймд түрээсийн төлбөр орсон тохиолдолд 2020 оны 2-р улиралд багтаан үндсэн төлбөр болох 5065142.90 төгрөгийн төлбөрийг барагдуулах болно гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийгмийн даатгалын хууль, Зөрчлийн тухай хуулийн дагуу манайх алданги, торгуулийг чөлөөлөх хууль, эрх зүйн акт байхгүй. ТТ-ХХК нь 2018 оны 12 дугаар сараас хойш үйл ажиллагаа явуулж, манайд тайлан өгч байсан боловч 2019 онд 2.000.000 төгрөгийн ногдуулалт хийгээд сар бүр хийх ёстой Нийгмийн даатгалын хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу тухайн сардаа багтааж мөнгөө төлөөгүй өр авлагыг хуримтлуулсан байгаа. Тийм учраас хжримтлуулсан өр авлага дээр алдангийг чөлөөлөх боломж байхгүй. 5.065142.90 төгрөг гэдэг нь алдангитайгаа хамт тооцогдсон байгаа юм. Алданги 2.532.571.45 төгрөг буюу нийт 7.597.714.35 болж байгаа. Нийгмийн даатгалын ерөнхий газраас гаргасан журам байдаг. 120 хоногоос илүү хэтэрсэн шимтгэлийг шүүхийн журмаар шийдвэрлүүлэх гэж заасан байдаг учраас шүүхэд хандах болсон. ... Тухайн компани сар бүр тайлангаа өгдөг. Шүүхэд өгөх хооронд дараа дараагийн сарын үлдэгдэл орсон байгаа. Тухайн байгууллагын үлдэгдлийг хараад бичсэн байгаа. 09 дүгээр сард 4,6 сая төгрөгийн өр төлбөртэй байсан. Бид нар албан шаардлага өгөөд тодорхой хугацаа өгдөг. 10 дугаар сарын ногдуулалт ороод тэгж өссөн байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.П шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манайх түрээсийн үйл ажиллагаа явуулдаг. Сохо тавилгын дэлгүүрт талбайгаа түрээслүүлдэг байсан. Тус компани нь түрээсээ өгөхгүй удсан учраас түрээсийн авлага үүсээд 05 дугаар сард гаргасан. Одоогоор 4-5 жижиг түрээслэгчтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Сарын 1 .000.000 төгрөгийн түрээс авдаг. 3 харуулын цалин, гэрэл цахилгааны мөнгө хүрдэггүй. Ийм шалтгаанаас нийгмийн даатгалын шимтгэлийг төлж чадаагүй. Сохо тавилгатай түрээсийн үлдэгдэл мөнгө авахаар акт үйлдсэн. Сар бүр 30.000.000 төгрөг авахаар тохиролцоод акт үйлдсэн. Хуулийн нөхөрлөлтэй гэрээ хийж, мөнгө гаргуулахаар хөөцөлдөж байгаа. Цаад компаниас орлого муу байна. 3 сарын хугацаатай хойшлуулж өгөөч гэсэн хүсэлт ирүүлснийг хүлээж авсан. Одоо 04 дүгээр сараас эхэлж мөнгө орж ирэхээр Нийгмийн даатгалын мөнгийг төлнө. Гэхдээ үндсэн төлбөрийг л төлнө. Алдангийг төлөхгүй гэв.

 

Прокурор Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн иргэний хэргийн шүүх хуралдаанд төрийг төлөөлж оролцож байна. Нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэг хүлээсэн тус компани нь 2018 оны 12 дугаар сараас 2019 оны 09 дүгээр сар хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийн 5065142.96 төгрөгийн авлага үүсгэсэн. Үүнд ногдох алданги 2532571.45 төгрөг болсон байна. Нийгмийн даатгалын хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэхь хэсэг, энэ хуулийн 20 дугаар зүйлд зааснаар хугацаандаа төлөөгүй тохиолдолд 0.3 хувийн алданги тооцох буюу 5065142.90 төгрөгийн шимтгэлийн 50 хувь болох 2532571.45 төгрөгийг төлүүлэх нь зүйтэй. Улсын байцаагчийн албаан шаардлага өгсний дагуу хариуцагч 2 дугаар улиралдаа багтаагаад төлнө гэж албан бичгээр өр авлагаа төлж барагдуулахаа илэрхийлсэн учраас гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна гэв.

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Орхон аймгийн НДХ- нь хариуцагч ТТ-ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн өр, алдангид 7597714.35 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй тайлбар гаргаж мэтгэлцсэн.

 

Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1.1-т Ажил олгогч болон энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагч нь хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэг хүлээнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч Орхон аймгийн НДХ- нь хугацаандаа төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэхийг шаардах эрхтэй бөгөөд хариуцагч ТТ-ХХК нь төлөх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч Орхон аймгийн НДХ- нь хариуцагч ТТ-ХХК нь 2018 оны 12 дугаар сараас 2019 оны 09 дүгээр сарыг дуусталх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг хуулийн хугацаанд төлөөгүй 5065142.90 төгрөгийн өр авлага үүсгэсэн гэж нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэсэн боловч хэрэгт нотлох баримтаар авагдсан Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2019 оны 10 сарын 02-ны өдрийн 83 тоот Зөрчил арилгаж өр авлага барагдуулах тухай албан шаардлагад дээрх хугацаанд 4668862,38 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөртэй болох нь тогтоогдож байх ба уг албан шаардлагыг хариуцагч байгууллага хүлээн авч гарын үсэг зурсан байна.

Мөн нэхэмжлэгч Орхон аймгийн НДХ- нь 2018 оны 12 дугаар сараас 2019 оны 09 дүгээр сарыг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн өр 5065142.90 төгрөг, алданги 2532571.45 төгрөг нийт 7597714.35 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч уг хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг нотлох баримтаар гаргаж ирүүлээгүй, зөвхөн 2019 оны 09-р сарын тайланг нотлох баримтаар өгсөн боловч уг баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, хариуцагч байгууллага хэзээнээс эхэлж нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрийг төлөөгүй болох, хариуцагчаас алдангийг ямар хугацаагаар, ямар хэмжээгээр тооцож нэхэмжилж буй нь тодорхойгүй байна.

Нөгөөтэйгүүр НДХ-ийн улсын байцаагч нь хариуцагч байгууллагаас нийгмийн даатгалын шимтгэл, хүү торгууль алдангийг үл маргах журмаар гаргуулах, хуульд заасан хариуцлага хүлээлгэх зэрэг эрхийнхээ дагуу ямар арга хэмжээ авсан нь тодорхойгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэлийн шаардлага түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байх ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нотлох баримтаар нотлогдохгүй байна.

Иймд ТТ-ХХК-иас төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэлийн өр 4668862.38 төгрөгийг гаргуулан Орхон аймгийн НДХ-т олгож, нэхэмжлэлээс үлдэх 3928851.97 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч Орхон аймгийн НДХ-ийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд хариуцагч ТТ-ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 89651 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 1.1-д заасныг баримтлан хариуцагч ТТ-ХХК-иас 4668862,38 /дөрвөн сая зургаан зуун жаран найман мянга найман зуун жаран хоёр төгрөг, гучин найман мөнгө/ төгрөгийг гаргуулан Орхон аймгийн НДХ-т олгож, нэхэмжлэлээс 3928851.97 /гурван сая есөн зуун хорин найман мянга найман зуун тавин нэг төгрөг ерэн долоон мөнгө/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, .41.1.4-т зааснаар тухайн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч ТТ-ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 89651 /наян есөн мянга зургаан зуун тавин нэг/ төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ