Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 771

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Цэцэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: “Б*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Гаалийн ерөнхий газарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараахь шалгалтын Гаалийн улсын байцаагчийн 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 06/14 дүгээр актаар тогтоосон 54,542,772.0 төгрөгийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу өршөөлд хамруулах” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Б*******” ХХК-ийн захирал Г.Б*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М*******, хариуцагч Гаалийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Б*******цэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Б*******” ХХК-ийн захирал Г.Б******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гаалийн ерөнхий газар нь 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 06/14 дүгээр актыг “Б*******” ХХК-д Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2.1-ийг баримтлан тогтоосон бөгөөд бид актын хуулийн үндэслэлтэй эсэх талаар Захиргааны хэргийн шүүхэд гомдол гарган хэлэлцүүлж байсан билээ. 

Гааль, татварын ерөнхий газраас Өршөөлийн хуулийг хэрэгжүүлэхийн тулд акт тогтоолгосон байгууллагуудаас тус хуульд хамрагдах хүсэлтүүдийг хүлээн авч эхэлсэн ба энэ журмын дагуу бид 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 09/16 дугаар албан бичгээр Өршөөлийн хуульд хамрагдах хүсэлтээ Гааль, татварын ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараахь шалгалтын албаны дарга н.Б*******д гэж бичиг хэрэгт нь өгсөн ба удтал хариу өгөхгүй байсны эцэст 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 02/3960 дугаар албан бичгээр манай дээр тавигдсан 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 06/14 дугаар актыг Өршөөлийн хуульд хамрагдах боломжгүй гэж мэдэгдсэн болно. 

2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 06/14 дүгээр акт нь Өршөөлийн хуулийн дараах хэд хэдэн заалтуудын шаардлагыг хангасан тул энэ акт бүхэлдээ өршөөлд хамрагдах ёстой гэж үзэж байна. Үүнд: 

1. Өршөөлийн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасныг хангасан, Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-ийн дагуу 2014 оны 06/14 дугаар актыг бидэнд 2014 оны 3 дугаар сард танилцуулсан өдрөөс хүчин төгөлдөр болсон билээ. Бид 2014 онд Захиргааны хэргийн шүүхэд уг актыг хууль зүйн үндэслэлтэй эсэх талаар хэлэлцүүлсэн бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 96 дугаар зүйлийн 96.2-т заасны дагуу уг акт 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүртэл болон өнөөг хүртэл хүчин төгөлдөр байсан билээ. Энэ хугацаанд уг актыг хүчингүй болгох, цуцлах ямар нэг шийдвэр эрх бүхий байгууллагаас гараагүй болно.

2. Өршөөлийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасныг хангасан, 2014 оны 06/14 дүгээр актыг Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2.1 дэх хэсгийг үндэслэн тогтоосон бөгөөд уг хуулийн 290.2 хэсэг нь захиргааны шийтгэл гэж тодорхойлогдсон тул актыг бичсэн 290.2.1 үндслэл нь бүхэлдээ захиргааны шийтгэл болж байна. Иймд Өршөөлийн хуулийн дагуу захиргааны хариуцлагын шийтгэл хэсэг өршөөгдөж байгаа тул акт бүхэлдээ өршөөлд хамрагдах боломжтой гэж бид үзэж байна.

3. Өршөөлийн хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь заалтыг хангасан, 2014 оны 06/14 дүгээр акт нь Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын улсын байцаагчийн акт тул Төрийн захиргааны эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл мөн болно.

Иймд Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараахь шалгалтын Гаалийн улсын байцаагчийн 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 06/14 дүгээр актаар тогтоосон 54,542,772.0 төгрөгийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу өршөөлд хамруулж өгнө үү” гэв.

Хариуцагч Гаалийн ерөнхий газраас шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр батлагдсантай холбогдуулах гаалийн байгууллагаас тус хуулийн хэрэгжэлтийг хангах зорилгоор акт тогтоолгосон байгууллага, аж ахуйн нэгжүүдээс хүсэлтийг нь авч өршөөл үзүүлэх, эс үзүүлэх талаар ажлын хэсэг гарган зохион байгуулсан.

Өршөөл үзүүлэх тухай хуульд 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарах бөгөөд дээрх хугацаанаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна гэж з******* байгаа юм.

“Б*******” ХХК-д хийсэн бүрдүүлэлтийн дараах шалгалтаар тогтоосон 06/14 дугаар актыг хэвээр үлдээх тухай Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 26 өдрийн 417 дугаар шийдвэр, Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 17 өдрийн 444 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 16 өдрийн 324 дүгээр тогтоолоор актыг хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн бөгөөд Захирааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдааны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байна” гэж з******* байна. Шүүхийн эцсийн шийдвэр 2015 оны 11 дүгээр сарын 16 өдрийн 324 дүгээр тогтоол гарсанаар “Б*******” ХХК нь өршөөлд хамрагдах боломжгүй.

Гааль, татварын ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах ажлын хэсгээс нэгж, газруудруу чиглэл хүргүүлэх тухай албан бичгийг өгсөн. Энэ албан бичгийн 1.1.3 дахь заалтыг бариад боломжгүй гэж хариу өгсөн.

Монгол Улсад орж ирээгүй байхаасаа өмнө төлөх ёстой мөнгөн дүн байсан. Энэ нь Монгол Улсын хуулийг ямар нэгэн байдлаар зөрчиж оруулж ирсэн бараа байгаа юм. Гаалийн улсын байцаагчийн актаар тогтоосон төлбөр нь захиргааны хариуцлага хүлээлгэж байгаа явдал биш, улсад орох ёстой байсан төлбөр, гаалийн албан татвар юм. 

Энэ хууль батлагдан гарсантай холбогдуулж хуулийг яаж хэрэгжүүлэх талаар тухайн үеийн Гааль, татварын ерөнхий газраас комисс гаргаад хуралдсан байдаг. Энэ хурлын тэмдэглэлд Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа 210 орчим хуульд з******* захиргааны зөрчлийг хамааруулан хэрэгжүүлэх ёстой гэсэн томьёоллоор санал хурааж, “...Алданги, хүү, торгууль бол өршөөлд хамрагдана. Харин нөхөн татвар төлөх үндсэн үүргээс чөлөөлөгдөхгүй гэж ойлгоно” гэсэн шийдвэр гарсан. Иймээс хүү, торгууль, алдангийг өршөөлд хамааруулж үзнэ, бусад нь бол улсад орох ёстой байсан татвар учир өршөөлд хамруулахгүй гэсэн шийдвэр гарсан байгаа. 

Захиргааны хариуцлага хүлээлгэж байгаа асуудал биш учир үүнийг татварын өршөөлд хамруулах үндэслэл байхгүй юм. Иймд “Б*******” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд з******* журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд болон хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед гаргасан тайлбар зэргийг хянан хэлэлцээд дараахь хууль зүйн үндэслэлээр “Б*******” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Нэхэмжлэгч “Б*******” ХХК-иас “Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараахь шалгалтын Гаалийн улсын байцаагчийн 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 06/14 дүгээр актаар тогтоосон 54,542,772.0 төгрөгийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу өршөөлд хамруулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын Гаалийн улсын байцаагч Д.Ариунцэцэг, Гаалийн улсын байцаагч Ө.Зоригт /цаашид “Гаалийн улсын байцаагч” гэх/ нар 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 06/14 дүгээр актаар  “Б*******” ХХК-ийн 2010-2012 онд улсын хилээр нэвтрүүлсэн бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлсэн эсэхийг хянан шалгаад, зарим барааг гаалийн байгууллагад мэдүүлээгүй гэж үзэн мэдүүлээгүй барааны үнийн дүн болох 54,542,772.0 төгрөгийг гаргуулж улсын төсөвт төвлөрүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч “Б*******” ХХК-иас “Өршөөлийн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.2 дахь заалтуудын шаардлагыг хангасан тул Гаалийн улсын байцаагчийн 2014 оны 06/14 дүгээр актаар ногдуулсан захиргааны хариуцлага нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах ёстой” хэмээн маргаж байна.

Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Хууль тогтоомжийн дагуу хувь хүн, хуулийн этгээдийн орлого, эд хөрөнгө, бараа, ажил, үйлчилгээнд тодорхой хугацаанд тогтоосон хувь, хэмжээгээр ногдуулж, хариу төлбөргүйгээр улс, орон нутгийн төсөвт оруулж байгаа мөнгөн хөрөнгийг албан татвар гэнэ”, 7 дугаар зүйлийн 7.3-д “Улсын Их Хурал, Засгийн газраас хувь хэмжээг нь тогтоосон бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэрт нийтлэг үйлчлэх дараахь татвар улсын татварт хамаарна”, 7.3.2-т “гаалийн албан татвар”, Гаалийн тухай хуулийн 235 дугаар зүйлийн 235.2.2-т “гаалийн бүрдүүлэлтийн дараахь шалгалт хийх, зөрчлийг арилгуулах”, 290 дүгээр зүйлийн 290.2-т “Гаалийн хууль тогтоомж зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол дор дурдсан захиргааны шийтгэл ногдуулна”, 290.2.1-д “барааг гаалийн мэдүүлэгт бичээгүй орхих, эсхүл ..., тухайн зөрчилд холбогдох барааг хураах, эсхүл үнийг гаргуулж улсын төсөвт төвлөрүүлэх” гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн заалтуудаас үзвэл Гаалийн улсын байцаагч 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 06/14 дүгээр актаар улсын төсөвт төвлөрүүлэхээр тогтоосон 54,542,772.0 төгрөг нь хууль тогтоомжийн дагуу иргэн, хуулийн этгээдийн төлөх ёстой гаалийн албан татвар бөгөөд хариу төлбөргүйгээр улс, орон нутгийн төсөвт оруулж байгаа мөнгөн хөрөнгө байх тул захиргааны хариуцлага гэж үзэх боломжгүй юм.

Монгол Улсын Их Хурлын 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр баталсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль /цаашид “Өршөөл үзүүлэх тухай хууль” гэх/-ийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь ..., зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж, 4 дүгээр зүйлийн 4.3-т “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ” гэж, 10 дугаар зүйлийн 10.2-т ”Энэ хуулийн 4 дүгээр зүйлд з******* өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна” гэжээ.

Нэхэмжлэгч “Б*******” ХХК-ийн хувьд улсын хилээр нэвтрүүлж буйг барааг гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлж, зохих албан татвар төлөх үүрэгтэй тул Гаалийн тухай хуулийн 235 дугаар зүйлийн 235.2.2-т заасны дагуу гаалийн байгууллагад мэдүүлээгүй барааны үнэ 54,542,772.0 төгрөгийн татварыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэснийг тус компанид захиргааны шийтгэл хүлээлгэж байгаа гэж үзэхгүй юм. 

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь ..., зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэсэн хуулийн зорилт, хэрэгжилтийг хангах хүрээнд Өршөөл үзүүлэх хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссын 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаас  “... Захиргааны зөрчилд бол зөвхөн алданги, хүү, торгууль зэрэг хамаарна. Татвар, төлбөр, хураамж болох үндсэн үүрэг нь чөлөөлөгдөхгүй гэж ойлгоно” гэж шийдвэрлэсэн байна.

Дээрхээс үзвэл хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.2 дахь заалтуудад зөвхөн захиргааны шийтгэл буюу хариуцлага хүлээсэн этгээд хамрагдах боломжтой байх бөгөөд маргаан бүхий актаар “Б*******” ХХК-д захиргааны хариуцлага болох алданги, хүү, торгуулийг ногдуулаагүй , харин Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, 7.3.2, Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2.1-т зааснаар “гаалийн албан татвар”-т 54,542,772.0 төгрөгийг нөхөн төлөхийг үүрэг болгосон байх тул нэхэмжлэгчийн “манай компанид Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2.1-д з******* шийтгэл ногдуулсан тул Гаалийн улсын байцаагчийн 2014 оны 06/14 дүгээр акт бүхэлдээ Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдана” гэх тайлбар үндэслэлгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна.

Иймээс нэхэмжлэгч “Б*******” ХХК нь хуулийн дагуу албан татвар төлөх үндсэн үүргээс чөлөөлөгдөхгүй, Гаалийн улсын байцаагчийн 06/14 дүгээр актаар улсын төсөвт төвлөрүүлэхээр тогтоосон гаалийн албан татвар нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.2 дахь з******* хуулийн зохицуулалтад хамаарагдахгүй байх тул Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараахь шалгалтын Гаалийн улсын байцаагчийн 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 06/14 дүгээр актаар тогтоосон 54,542,772.0 төгрөгийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу өршөөлд хамруулах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.  

 

                 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1.1, 4.3,   10.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б*******” ХХК-ийн Гаалийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан, “Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараахь шалгалтын Гаалийн улсын байцаагчийн 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 06/14 дүгээр актаар тогтоосон 54,542,772.0 төгрөгийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу өршөөлд хамруулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               М.ЦЭЦЭГМАА