Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 219

 

“ЗТГ” ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй,

НЗД, СБД-ийн ЗД нарт

холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:         Б.Мөнхтуяа

Шүүгчид:                       М.Батсуурь

                                       Д.Мөнхтуяа

                                       Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч:              П.Соёл-Эрдэнэ

Нарийн бичгийн дарга:Т.Даваажаргал

Нэхэмжлэлийн шаардлага: СБД-ийн ЗД-ын 2007 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 377 дугаар захирамж, 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/435 дугаар захирамжуудын “ИЭӨ” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, нийслэлийн Засаг даргын 2015 оны А/829 дүгээр захирамжийн “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 2016 оны А/524 дүгээр захирамжийн “ИЭӨ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2019/0899 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 112 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Содномдаржаа, гуравдагч этгээд “АТ” ХХК-ийн өмгөөлөгч Н.Оролжмаа, гуравдагч этгээд “ИЭӨ” ХХК-ийн өмгөөлөгч Б.Эрдэнэмөнх нарыг оролцуулж,

Гуравдагч этгээд “ИЭӨ” ХХК-ийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2019/0899 дүгээр шийдвэрээр: Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны/ 9 дүгээр зүйлийн 9.1.7, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.2, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, СБД-ийн ЗД-ын 2007 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 377 дугаар захирамжийн “ИЭӨ” ХХК-д холбогдох хэсэг, СБД-ийн ЗД-ын 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/435 дугаар захирамжийн “ИЭӨ” ХХК-д холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоож, Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/829 дүгээр захирамжийн Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-д холбогдох хэсгийг, Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/524 дүгээр захирамжийн “ИЭӨ” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 112 дугаар магадлалаар: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 899 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Гуравдагч этгээд “ИЭӨ” ХХК-ийн өмгөөлөгч Г.Даваахүү хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч болон гуравдагч этгээд “АТ” ХХК нар нь нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг “...Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т заасан инженерийн шугамд холбогдсон, холбогдохоор төлөвлөгдсөн, холбогдох боломжтой газар учраас дүүргийн Засаг даргын хувьд бусдад газар эзэмшүүлэх шийдвэр гаргах эрхгүй, уг газрыг харин НЗД бусдад эзэмшүүлэх эрхтэй..." гэж тайлбарласан. Харин хариуцагч болон гуравдагч этгээд “ИЭӨ” ХХК нарын хувьд “...хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тухайн газар нь дээрх шаардлагын дагуу Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээнд хамаарах газар гэдэг нь нотлогдоогүй. Иймд, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д заасны дагуу дүүргийн Засаг дарга шийдвэрлэх эрхтэй буюу СБД-ийн ЗД-ын 2007 оны 377 дугаар захирамж нь хууль ёсны захирамж гэж, мөн нэхэмжлэгчийг хөөн хэлэлцэх хугацаагаа хэтрүүлж нэхэмжлэл гаргасан байх тул шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох боломжтой...” гэж мэтгэлцсэн.

4. Гэтэл анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3 дахь заалтыг хэрэглэх ёстой гэдэг нь огт нотлогдоогүй байхад “Хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн” гэх үндэслэл, мөн үүнийг нөгөө талаас нь авч үзвэл Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь заалтыг хэрэглэх ёстой байсан гэдэг нь тодорхой байх тул “Хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэх үндэслэлээр хэргийг буруу шийдвэрлэсэн.

5. Үүнээс гадна шүүх зайлшгүй анхаарах ёстой бөгөөд талууд маш олон талаас нь тайлбарлаж мэтгэлцсэн зүйл бол хуулийг буцаан хэрэглэхтэй холбоотой асуудал байсан. Тодруулбал, маргаан бүхий захиргааны актууд нь бүгд Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиудыг үйлчилж эхлээгүй байх үед гарсан буюу Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай 2002 оны хууль болон Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд хандан гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулиуд хүчин төгөлдөр үйлчилж байхад батлагдан гарсан байдаг. Мөн “ЗТГ” ОНӨААТҮГ (тухайн үеийн нэрээр Автобус 3 компани УҮГ) уг захирамжийг дэмжсэн байр сууриа 2008 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 64 тоот албан бичгээр илэрхийлсэн байдаг. Гэтэл тухайн хуулийн этгээдийн удирдлага солигдсоноор өмнөх байр суурь өөрчлөгдөж тухайн захирамжийг дэмжсэн байр сууринаас татгалзаж захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байгаа нь буруу юм.

6. Түүнчлэн энэхүү 2008 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн дэмжсэн албан бичигт үнэлэлт дүгнэлт өгвөл Сүхбаатарын дүүргийн Засаг даргын 2007 оны 377 дугаартай захирамжийн талаар 2008 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хангалттай мэдсэн гэдэг нь нотлогдож байна гэсэн үг.

7. Гэтэл шүүх энэхүү хөөн хэлэлцэх хугацаагаа хэтрүүлж нэхэмжлэл гаргасан тухайд дүгнэлт хийхдээ Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиудыг буцаан хэрэглэж болно гэж үндсэндээ дүгнэсэн байна. Өөрөөр хэлбэл, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болж дагаж мөрдөж эхэлсэн хуулиар ямар ч хууль зүйн болон онолын үндэслэлгүйгээр 2007, 2015, 2016 оны 6 дугаар сард үүссэн эрх зүйн харилцааг зохицуулж хэргийг шийдвэрлэж байгаатай хуульч хүний хувьд огтхон ч санал нийлэхгүй байна. Үүнд миний бие мөн л “шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй" гэж ойлгоход хүргэж байх тул давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн алдааг засч нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө гэдэгт итгэж байна.

8. Давж заалдах шатны шүүхийн магадлалын хувьд Газрын тухай хуулийн холбогдох зүйл заалтуудын талаар талуудын маргасан асуудалд ямар ч дүгнэлт хийгээгүй орхигдуулсан байна гэжээ.

ХЯНАВАЛ:

9. Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул гуравдагч этгээд “ИЭӨ” ХХК-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ. 

10. Нэхэмжлэгч “ЗТГ” ОНӨААҮГ нь “СБД-ийн ЗД-ын 2007 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/377 дугаар захирамж, 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/435 дугаар захирамжийн “ИЭӨ” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/829 дүгээр захирамжийн “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/524 дугаар захирамжийн “ИЭӨ” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

11. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Газар эзэмших эрхийн гэрчилгээг зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгоно”, 31 дүгээр зүйлийн 31.1-т “Газар эзэмших хүсэлт гаргагч нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байна” гэж заасан. Гуравдагч этгээд “ИЭӨ” ХХК-д СБД-ийн ЗД-ын 2007 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 377 дугаар захирамжаар “Автобус-3” компанийн зүүн талд байршуулан, үйлчилгээний барилга барих зориулалтаар, 0,05 га газрыг эзэмшүүлсэн байна.

12. Гэвч тухайн цаг хугацаанд “ИЭӨ” ХХК үүсгэн байгуулагдаагүй, улсын бүртгэлд бүртгэгдээгүй, газар эзэмших хүсэлт гаргаагүй болох нь 2008 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр үүсгэн байгуулагдсан тухай Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ лавлагаа, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 12/10551 дүгээр албан бичгээр тогтоогдож байх тул үүсгэн байгуулагдаагүй хуулийн этгээдэд газар эзэмшүүлсэн шийдвэрийг илэрхий алдаатай захиргааны акт гэж үзсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

13. Түүнчлэн СБД-ийн ЗД-ын 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/435 дугаар захирамжаар гуравдагч этгээд “ИЭӨ” ХХК-д олгогдсон газрын хэмжээг нэмж, 1500 мкв болгож, газрын байршлыг “Автобус-3 компанийн урд” гэж өөрчилж, газрын зориулалтыг “үйлчилгээ, орон сууцны” гэж, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилээр сунгасан байна.

14. Гэтэл энэхүү захирамжийн хууль зүйн үндэслэл тодорхойгүй, ямар үндэслэлээр газрын байршил өөрчилсөн болон газрын хэмжээг нэмсэн шалтгаан тодорхойгүй, харин газар эзэмших эрх 2009 онд дууссан, бусдын эзэмших газартай давхацсан нөхцөл байдал үүссэн байхад холбогдох баримтыг шалгахгүй газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгасан шийдвэр гаргасан зэргээр хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болжээ.

15. Маргаан бүхий газрыг гуравдагч этгээд бодитоор ашиглаж байгаагүй, уг газарт нэхэмжлэгчийн шатахуун түгээх станц байрлаж байгаа болох нь шүүхийн үзлэгээр тогтоогдсон, захиргааны байгууллагын хууль бус шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна.

16. Гуравдагч этгээдийн ““Автобус-3” компанийн 2008 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 64 тоот албан бичгийг үндэслэж газар эзэмших эрх үүссэн, тухайн үеийн удирдлага зөвшөөрсөн” гэх гомдол үндэслэлгүй байна. Учир нь уг албан бичигт “Манай компанийн урд талд газар эзэмшүүлэхээр гаргасан дүүргийн Засаг даргын шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна. Уг газрыг зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулж тусгаарлаж хашихад татгалзах зүйлгүй болно” гэсэн байна. Гэвч энэ албан бичиг нь 2007 оны А/377 дугаар захирамжийн дараа гарсан учраас тухайн үеийн компанийн удирдлага гуравдагч этгээдэд газар эзэмшүүлэхийг зөвшөөрсөн гэж үзэхгүй, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т “Энэ хуулийн 35.1.4, 35.1.6-д заасан эрх төрийн байгууллагад хамаарахгүй” гэж заасны дагуу нэхэмжлэгч хуулийн этгээдийн удирдлага нь газар шилжүүлэх эрхгүй юм.

17. Гуравдагч этгээдийн “шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн” гэх гомдлын тухайд: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт, байгуулсан захиргааны гэрээ илт хууль бус болох, эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох болон захиргааны хэм хэмжээний акттай холбоотой нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа үл хамаарна” гэж заасан, зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг зохицуулсан хууль нь хүчин төгөлдөр болсон өдрөөс эхэлж үйлчлэх зарчимтай, энэ хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон тохиолдолд шүүхээс 2016 оны Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэглэх нь хууль хэрэглээний хувьд алдаагүй юм.

18. Гуравдагч этгээд “ИЭӨ” ХХК-ийн “шүүх хуралдаан хойшлуулах” хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй, өмнө нь гуравдагч этгээд “ИЭӨ” ХХК-ийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулж, шүүхэд мэтгэлцэх эрхээр хангаж байсан, шүүх хуралдааны өдөр өмгөөлөгчөөс татгалзсан нь хүндэтгэн үзэх шалтгаан биш болно.  

19. Иймээс шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2019/0899 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 112 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, гуравдагч этгээд “ИЭӨ” ХХК-ийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар гуравдагч этгээдээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.МӨНХТУЯА

                  ШҮҮГЧ                                                                  П.СОЁЛ-ЭРДЭНЭ