Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2020/00775

 

 

 

 

 

2020 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2020/00775

 

 

 

Б.А - ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2020/00331 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.А - ХХК-ийн хариуцагч Д.Д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 58 500 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, орон сууцны талбайн үнийн зөрүү 14 850 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчБ.Э , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Түвшинтөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.А - ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Талууд 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулж, гэрээний үнийн 85 000 000 төгрөгийг бэлнээр, 65 000 000 төгрөгт нь бараа материал өгөхөөр тохиролцсон. Өнөөдрийн байдлаар 85 000 000 төгрөгийн 71 000 000 төгрөг, 65 000 000 төгрөгийн бараа материал өгөхөөс 16 308 000 төгрөгийн цемент өгсөн 48 696 000 төгрөгийн бараа материал огт өгөгдөөгүй байна. Мөн хариуцагч тал 2017 оноос хойш гараашийг худалдаж авна гээд хүүхдүүд нь мотоцикл, автомашинаа байрлуулж, бусдад худалдан борлуулах боломж олгоогүй. Хариуцагч мөнгөтэй болмогц гараашийг худалдан авсан мөнгөө төлнө гэсэн хүсэлт гаргасных нь дагуу бусдад худалдаагүй. Иймд мөнгөн хөрөнгөөр төлвөл зохих үүргийн үлдэгдэл 14 000 000 төгрөг, гараашийн төлбөр 25 000 000 төгрөг, 39 000 000 төгрөгт тооцох алданги 19 500 000 төгрөг нийт 58 500 000 төгрөг анх нэхэмжилсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг шаардлагаа бараа материалын үлдэгдэл 48 696 000 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 107 192 000 төгрөг хариуцагчаас гаргуулна гэжээ.

 

Хариуцагч Д.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчтэй 100 м.кв орон сууцыг 1 м.кв нь 1 500 000 төгрөгөөр, 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээж авах нөхцөлөөр гэрээ байгуулсан. Гэрээний төлбөрийг 2015 оны 8 дугаар сараас мөн оны 11 дүгээр сарын хооронд 30 000 000 төгрөгийн үнэ бүхий цемент, 2015 оны 10 дугаар сард Худалдаа хөгжлийн банк ХХК-аас зээл авсан 5 000 000 төгрөг, дансаарБ.Э т 35 000 000 төгрөг, З.М д 9 000 000 төгрөг, н.Хандсүрэнд 9 000 000 төгрөг, бэлнээр үлдэгдэл 12 000 000 төгрөгийгБ.Э т тус тус өгсөн. Талууд 3 удаа тооцоо нийлсэн. Нийт 100 000 000 төгрөг өгсний дараа 11 дүгээр сард бүх айлуудаас мөнгө авч байгаа, 12 сард байранд оруулна гэсэн. 121 700 000 төгрөгийн тооцоо нийлэхэд, 28 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. Орон сууцны заслыг өөрөө хийхээр болж засал хийлгэсэн 14 000 000 төгрөгийг хассанаар 2 дахь удаагаа тооцоо нийлэхэд 14 000 000 төгрөгийн үлдэгдэл байсан. Орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг авсны дараа 2 000 000 төгрөгийг З.М гийн дансанд, 8 000 000 төгрөгийгБ.Э т өгсөн ба үлдэгдэл 4 000 000 төгрөг болсон. Орон сууцанд орсны дарааБ.Э цахилгаан, ус таслаад байхаар нь талбайн хажуудБ.Э т бэлнээр мөнгө өгсөн. МөнБ.Э ийн охин н.Пагмасүрэнгийн дансанд 500 000 төгрөг шилжүүлсэн. Үлдэгдэл 1 500 000 төгрөгийг хэзээ төлөх талаарБ.Э бичиг хийж өгсөн. Нийт 3 удаа тооцоо нийлээд, 1 500 000 төгрөгийн үлдэгдэл үлдсэн. Мөн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж байгаа худалдан авагч нарт гарааш өгч байгаа гээд чи гарааш ав гэхэд нь гэрчилгээ авахын тулд гараашийг авна гэсэн. Ингээд 14 000 000 төгрөгийн үлдэгдэл дээр гараашийн 25 000 000 төгрөг нэмэгдээд 39 000 000 төгрөгийн үнийн дүнг нотариатаар гэрчлүүлэх гэсэн боловч нотариатч хүний нэр гарсан хөрөнгийг баталж өгөхгүй гэсэн тул З.М бид 2 бичиг үйлдсэн гэжээ.

 

Хариуцагч Д.Д шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Миний бие 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Б.А - ХХК-тай байгуулсан гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлсэн. Гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр гарснаар орон сууцыг хүлээн авсан даруйд хэмжилт хийлгэхэд 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дүгнэлтээр орон сууцны нийт талбай 90.10 м.кв болох нь тогтоогдсон. Иймд Б.А -" ХХК-аас орон сууцны м.кв-ын зөрүү төлбөр нийт 14 850 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Гэрээний төлбөрийг бүрэн төлөөгүй байхад орон сууц хугацаандаа ашиглалтад орох боломжгүй. Манайх авлагатай учраас нөгөө талд мөнгө өгөх үндэслэлгүй. 2017 оны 9 дүгээр сард байрандаа орсон гэх боловч төлбөрөө бүрэн төлсөн айлууд 2015 онд байрандаа орсон. Хариуцагч төлбөрийг бүрэн төлөөгүй ч гэсэн түүний гуйлтаар байрыг хүлээлгэн өгсөн. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Д.Д аас 6 300 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.А - ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлээс 100 892 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 921 450 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Д аас улсын тэмдэгтийн хураамжид 115 750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 231 450 төгрөгийг гаргуулж, хариуцагчид, нэхэмжлэгч Б.А - ХХК-аас шинжээчийн зардалд 500 000 төгрөг гаргуулж Эрдэм түм ХХК-д тус тус олгон шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Түвшинтөгс давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаа үүссэн талаар зөв зүйтэй дүгнэлт хийсэн боловч төлбөр тооцооны талаарх маргааны талаар буруу дүгнэсэн. Хариуцагч орон сууцны төлбөр болох 150 000 000 төгрөгийг мөнгөөр болон бараа материалаар төлөхөөр харилцан тохиролцож улмаар төлбөрийн тодорхой хэсэгт бараа материал /цемент/ өгсөн. Гэвч хариуцагч нь 30 000 000 төгрөгний цемент нийлүүлсэн гэдэг боловч нэхэмжлэгч 65 000 000 төгрөгийн цемент нийлүүлэхээс 16 308 000 төгрөгийн цемент авсан ба бараа материалын төлбөртэй холбоотой 48 696 000 төгрөгийг нэхэмжилж мэтгэлцдэг. Анхан шатны шүүх талууд хэдэн төгрөгийн цемент өгч, авалцахаар тохиролцсоноос хэдэн төгрөгийн бараа материал нийлүүлсэн талаар ямар нэгэн дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.

Түүнчлэн Б.А - ХХК-ийг төлөөлөн хариуцагч Д.Д аас бараа материал /цемент/ хүлээн авсан цорын ганц гэрч н.Эрдэнэ-Очир 16 308 000 төгрөгийн цемент хүлээн авсан надаас өөр хүн материалыг хүлээн авдаг хүн байхгүй гэж мэдүүлсэн байхад хариуцагчийн 30 000 000 төгрөгийн цемент нийлүүлсэн гэх тайлбарыг үндэслэл болгосон нь ойлгомжгүй. Түүнчлэн талуудын хооронд үйлдсэн цемент нийлүүлсэн гэх баримтуудад ямар нэгэн дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагчаас 48 696 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Бямбажаргал давж заалдах гомдолдоо: Шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас гарааштай холбоотой хэсгийг тус тус үндэслэлтэй шийдвэрлэсэн атлаа үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас орон сууцны төлбөртэй холбоотой хэсгийг хууль зүйн үндэслэлгүй шийдвэрлэсэн. Шүүх талуудын хамгийн сүүлд тооцоо нийлсэн акт болох 1 500 000 төгрөгийн үлдэгдэлтэй байгааг тодорхойлсон баримтыг ...орон сууцтай холбоотой төлбөрийн үлдэгдлийн баримт гэж үзэхгүй гэсэн нь үндэслэлгүй.Б.Э нь хариуцагчтай талуудын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу мөнгө болон цемент авч байсан, өөр хувийн байдлаар бусад гэрээний харилцаа үүсгэж байгаагүй болохоо шүүх хуралдаанд тайлбарласан. Мөн өөр гэрээний харилцаатай байгаад 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн баримт үйлдэгдсэн гэж үзвэл үүнтэй холбоотой нотлох баримт нэхэмжлэгч гаргаагүй, уг баримтыг нэхэмжлэгч орон сууцны төлбөрөөс өөр гэрээний харилцаанд үйлдсэн баримт гэдгийг нотолж чадаагүй байхад шүүх дээрх баримтыг нотлох баримтаар үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийг зөрчсөн. Мөн шүүх хариуцагч Д.Д аас алданги гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Гэрээгээр талууд орон сууцыг 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гэхэд хүлээлгэж өгөхөөр тохиролцсон. Гэтэл ажил гүйцэтгэгч Б.А - ХХК нь 2 жилийн дараа буюу 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр орон сууцыг хүлээлгэн өгч гэрээгээр хүлээсэн үндсэн үүргээ хугацаандаа биелээгүй тул тэрээр Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар хүү, анз авах эрхээ алдсан. Мөн талууд гэрээний 2-р зүйлд гэрээний үнийг төлөх талаар тусгахдаа хамгийн сүүлийн төлөлтийг хэзээ төлөх талаар хугацаа заагаагүй, гэрээний 2.3 дахь заалт нь ямар ч бичилтгүй хоосон байдаг. Иймд мөнгөн төлбөрийн үүргийг гүйцэтгэвэл зохих хугацааг талууд тохиролцоогүй байхад хариуцагчийг ямар хугацаанд төлвөл зохих үүргээ зөрчсөн гэж аль хугацаанаас эхлэн алданги тооцох нь тодорхойгүй байхад алданги гаргуулж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч алданги шаардах эрхийн үндэслэлээ 2017 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн баримтыг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа үндэслэдэг. Уг баримтад Буурал-Алтай ХХК-аас төлөөлж гарын үсэг зураагүй. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дах хэсэгт анзын гэрээг бичгээр байгуулна гэж заасан. Тэгэхээр гэрээг бичгээр байгуулах шаардлага нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт заасны дагуу гэрээг байгуулагч талууд гарын үсэг зурахыг шаарддаг. Дээрх үндэслэлүүдээр шүүхийн алданги гаргуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Түүнчлэн шүүх гэрээний үлдэгдэл төлбөрийг 2017 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 14 000 000 төгрөг гэж үзсэн атлаа үүнээс хойш хариуцагчийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр мөн сарын 16-ны өдрүүдэд тус тус төлсөн 2 000 000 / төгрөгийг хасч тооцоогүй. Шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт сөрөг нэхэмжлэлтэй холбоотой хэсгийг шийдвэрлээгүй орхигдуулсан. Мөн сөрөг нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлийг дүгнэхдээ Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1 гэж буруу дүгнэсэн. Орон сууцны талбайн үнийн зөрүү гаргуулах шаардах эрхийн үндэслэл нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-т заасан заалт болно. Талууд үүргийг харилцан тооцуулах хүсэлт гаргаагүй байхад Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.2 дах хэсгийг шүүх дүгнээгүй атлаа зохигчдын үүргийг харилцан тооцож шийдвэрлэснийг анхаарч өгнө үү.

Дээр дурдсан үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч Б.А - ХХК нь хариуцагч Д.Д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 107 192 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, орон сууцны талбайн зөрүү 14 850 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Талууд 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулан худалдах-худалдан авах гэрээ нэртэй гэрээ байгуулсан, гэрээгээр Д.Д нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дайчдын хөшөө А байр, 1-4 тоотод байрлах, 100 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 150 000 000 төгрөгөөр худалдан авах, Б.А - ХХК-ийн хувьд барилгыг барьж дуусгах, төлбөрөө бүрэн төлсөн захиалагчид барилгыг Улсын комисс хүлээж авсны дараа орон сууцыг шилжүүлэн өгөх үүргийг тус тус хүлээсэн үйл баримт хэрэгт авагдсан гэрээ болон тэдгээрийн тайлбар зэргээр тогтоогдсон байна. /хх-25-28, 177, 178/

Энэ гэрээний агуулгаас үзвэл нэхэмжлэгч нь хариуцагчийн барьж буй буюу ирээдүйд бий болох үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авах, хариуцагч нь уг орон сууцны 1 м.кв-ийг 1 500 000 төгрөгөөр тооцон, 150 000 000 төгрөгийг төлбөрт авах хүсэл зоригийг илэрхийлж хэлцэл хийжээ. Худалдан авагч ажлын гүйцэтгэлд захиалагчийн хэмжээнд хяналт тавих боломжгүй, худалдагч эд хөрөнгийг гэрээнд заасан хугацаа болоход худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээсэн байх тул худалдах-худалдан авах гэрээ гэж үзэх үндэслэлтэй. Анхан шатны шүүх гэрээний талуудын хооронд үүссэн харилцааг буруу тодорхойлсон байгааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэж хууль хэрэглээг зөвтгөн өөрчлөх боломжтой.

Зохигчид дээрх үйл баримтад, мөн хариуцагч нь орон сууцны үнэ төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй гэдэгт маргаангүй, харин гэрээний үүргийн үлдэгдэл төлбөрийн хэмжээний талаар маргасан байна.

Нэхэмжлэгч тал орон сууцны төлбөрөөс мөнгөн хэлбэрээр төлөх үүргээс 14 000 000 төгрөг, бараа, бүтээгдэхүүнээр төлөх үүргээс 48 696 000 төгрөгийн цемент нийлүүлэх үүргээ тус тус биелүүлээгүй гэх үндэслэл заан хариуцагчаас орон сууцны үнэд 62 500 000 төгрөгийг, алдангийн хамт нэхэмжилсэн байна.

Хариуцагч Д.Д орон сууцны үнийг хэсэгчлэн төлж байсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан ХААН банкны дансны хуулга, цемент нийлүүлсэн зарлагын баримт зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.

Дээрх баримтуудаас үзвэл хариуцагч нь хамгийн сүүлд 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр цемент нийлүүлж, мөн оны 8 дугаар сарын 26-ны өдөр ... орон сууцны үлдэгдэл төлбөрийг 14 000 000 төгрөг, ... 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр үлдэгдэл мөнгийг төлөөгүй тохиолдолд өдрийн 0.5 хувийн алданги тооцно гэсэн агуулга бүхий баримт үйлдэн гарын үсэг зурж, ар талд нь нэхэмжлэгч компанийн захирал З.М , хариуцагч Д.Д нарын иргэний үнэмлэх хуулбарлагдаж, нотариатч баримтын хуулбар үнэн зөвийг гэрчилжээ. /хх-12, 147/

Анхан шатны шүүх уг баримтад тусгагдсан хүсэл зоригийн агуулгыг Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт заасны дагуу зөв тайлбарлан хэрэглэж хариуцагчийг орон сууцны үнэ төлөх үүргийг 14 000 000 төгрөг гэж үзсэн нь мөн хуулийн 236 дугаар зүйлийн 236.5 дахь хэсэгт заасанд нийцжээ.

Учир нь хуулийн уг заалтад өрийг тодорхой хэсгээр төлж байсан бол хамгийн сүүлийн хэсгийг хүлээн авсан тухай баримт бичигт өөрөөр заагаагүй бол өмнөх хэсгүүдийг бүрэн төлсөн гэж үзнэ. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх бараа, материал нийлүүлэх үүргийн гүйцэтгэлд нэхэмжилсэн 48 696 000 төгрөгтэй холбоотой шаардлагад дүгнэлт өгөөгүй хэргийг шийдвэрлэсэн гэх гомдол үндэслэлгүй.

Түүнчлэн хэргийн 24 дэх талд авагдсан Д.Д ,Б.Э нарын үйлдсэн баримтад Б.А - ХХК болон Д.Д нарын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээний үүрэг тооцсон агуулга тусгагдаагүй байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон байх тул хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд талууд гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч Д.Д нь нэхэмжэгч Б.А - ХХК-аас худалдан авсан орон сууцыг доголдолтой байсан гэх үндэслэлээр талбайн зөрүүд 14 850 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ. Шүүх уг сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хуульд заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй боловч худалдах-худалдан авах гэрээний доголдол арилгахтай холбоотой маргаанд Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1, 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Гэхдээ уг алдаа нь хэргийн шийдэлд нөлөөлөхөөргүйн гадна талууд уг шийдвэрт гомдол гаргаагүй болно.

Харин шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд үүргийг харилцан тооцон хариуцагч Д.Д аас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 6 500 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Дээрх үндэслэлээр зохигчдын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2020/00331 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад 343 дугаар зүйлийн 343.1 гэснийг хасаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 401 430 төгрөг, хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 117 750 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Ч.ЦЭНД