Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2020/00331

 

2020 оны 02 сарын 04 өдөр Дугаар 183/ШШ2020/00331 Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, дайчдын хөшөө,  тоот хаягт байрлах Б А ХХК -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, -р хороо,  байр, тоот хаягт оршин суух Ш овогт Д-н Д- д холбогдох

 

Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 58,500,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, орон сууцны талбайн үнийн зөрүү 14,850,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, түүний өмгөөлөгч Б.Т, хариуцагч Д.Д, түүний өмгөөлөгч Г.Б нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Оюундарь шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б А ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б А ХХК Д.Д нар нь 2015 оны 10 сарын 08-ны өдөр үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээ байгуулахдаа 85,000,000 төгрөгийг бэлнээр өгье, 65,000,000 төгрөгт нь бараа материал өгье гэж тохиролцож гэрээ хийсэн. Гэтэл өнөөдрийн байдлаар энэ хүмүүс 85 000 000 төгрөг өгөхөөс 71,000,000 төгрөг өгөөд 14,000,000 төгрөг өгөөгүй байгаа тул энэ мөнгөө алдагдалтай нь нэхэмжилж байна. Мөн 65,000,000 төгрөгийн бараа материал өгөхөөс 16,308,000 төгрөгийн цемент өгсөн 48,696,000 төгрөгийн бараа материал огт өгөгдөөгүй байна. Тийм учраас хариуцагч талаас бэлэн мөнгөөр өгөх ёстой байсан 14,000,000 төгрөг, бараа материал өгөх байсан 48,696,000 төгрөг, нийт 62,500,000 төгрөг нэхэмжилж байна. Шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа гаргахдаа нэг алдаа гаргасан нь 62,000,000 төгрөгөөр шууд ихэсгэж бичихдээ тэндээсээ 14,000,000 сая төгрөгөө хасаагүй 62,500,000 гээд бичсэн байсан. Мөн хариуцагч тал 2017 оноос хойш гарааж худалдаж авна гээд өөр хүмүүст заруулахгүй байдаг. Хүүхдүүд нь ирээд мотоцикл, машинаа тавьдаг. Тэгээд хүнд зарах гэхээр түрээсээ төлөөд явж байя хол газар гараа хэрэгтэй байна гэж гуйгаад өнөөдрийг хүртэл хадгалуулаад явж байна. Зун ажлаа хийгээд мөнгөтэй болохоороо өгнө гээд хэлдэг байсан. Банкнаас зээл авахаараа энэ мөнгөө хэрэглэж, эргэлдүүлж байгаад дараа нь өгнө гэж хэлдэг байсан. Бэлэн мөнгөөр төлөх ёстой байсан мөнгөний үлдэгдэл 14,000,000 төгрөг, гаражийн төлбөр 25,000,000 төгрөг, 50 хувийн алданги 19,500,000 төгрөг болох 58,500,000 төгрөгийг анх нэхэмжилж байгаад, 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа бараа материал хүлээлгэж өгөх байсан 65,000,000 төгрөгийн үлдэгдэл болох 48,696,000 төгрөгөөр нэмэгдүүлээд нийт 107,192,000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч Д.Д шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 100 м.кв байрыг 1,500,000 төгрөгөөр худалдаж авахаар гэрээ байгуулсан. 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээлгэж өгнө гэж анх гэрээ хийсэн. Төлбөрөө гэрээ байгуулаад 1,2 хоногийн дараа 30,000,000 төгрөгийн цемент өгөөд, 2015 оны 10 сард худалдаа хөгжлийн банкнаас зээл аваад 5,000,000 төгрөгийг Эт бэлнээр 35,000,000 төгрөгийг дансаар шилжүүлээд, Мөнхтуяагийн дансанд 9,000,000 төгрөг, Хандсүрэн гэж хүний дансанд 9,000,000 төгрөг, үлдсэн 12,000,000 төгрөгийг Эт бэлнээр өгсөн. Эдгээр мөнгийг би 2015 оны 8 дугаар сараас 2015 оны 11 сарын хооронд төлж барагдуулсан. 3 удаа тооцоо нийлсэн. 100,000,000 төгрөг өгсний дараа 11 сард бүх айлуудаасаа мөнгө авч байгаа, 12 сард байранд чинь оруулах гэж байна гэсэн. Би Худалдаа хөгжлийн ард талд ирж уулзаад 121,700,000 төгрөгийн тооцоо нийлээд, 28,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. Анх засалтай нь бодож авсан боловч өөрөө байрны заслаа хийе гээд, бүх зүйлээ хийгээд заслын мөнгө 14,000,000 төгрөгийг хасуулаад, хоёр дахь удаагаа тооцоо нийлэхэд 14,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй үлдсэн. Байрны гэрчилгээгээ авсны дараа 2,000,000 төгрөгийг М-н дансанд хийгээд, 8,000,000 төгрөгийг Эт өгсөн. Тэгээд 4,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй болоод байрандаа орсон. Байрандаа орсны дараа Э гэрэл, ус таслаад байхаар нь талбайн хажуугийн тэнд машинтай очоод Э зам хөндлөн гарч ирээд 2,000,000 төгрөгийг Эт бэлнээр өгөөд, 500,000 төгрөгийг Эийн охин болох Пагмасүрэнгийн дансанд хийсэн. Үлдэгдэл мөнгийг хэдэн сарын хэдэнд 1,500,000 төгрөгийг хий гэсэн бичгийг Э хийж өгсөн. Нийт 3 удаа тооцоо нийлээд, 1,500,000 төгрөгийн үлдэгдэл үлдсэн. Энэ хугацаанд шүүхэд дуудагдаж үзлээ. Эрүүгийн хэрэг үүсгүүлж ч үзлээ.Тэгээд сөрөг нэхэмжлэл өгөхөд Эт хамааралгүй гээд байдаг. Мөн үл хөдлөхөө гаргаж өгч байгаа айлуудад гараж өгч байгаа гээд Хан-Уул дүүргийн нотариатын тэнд цайны газар уулзаад чи гараш ав гээд би байрны гэрчилгээгээ гаргаж авахын төлөө авъя гэсэн. Тэгээд 14,000,000 төгрөгийн үлдэгдэл дээр гаражийн 25,000,000 төгрөг нэмэгдээд 39,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй гээд нотариатаар гэрчлүүлэх гэж орсон.Тэгсэн нотариатч хүний нэр гарсан хөрөнгийг баталж өгөхгүй гэхээр нь хоосон цаасан дээр Мөнхтуяа бид хоёр иргэний үнэмлэхээ канондуулаад нотариатын тамга даруулаад нөгөө талд нь бичсэн гэв.

 

Хариуцагч Д.Д шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Миний бие 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Б А ХХК-тай үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулан худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр Хан-Уул дүүргийн -р хороо, Дайчдын хөшөө  байр,  тоотод байрлах, 100 м.кв, 3 өрөө орон сууцыг 1 м.кв нь 1,500,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Уг гэрээгээр хүлээсэн үүргээ би бүрэн биелүүлсэн. Гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр гарч, би орон сууцандаа орсон. Орон сууцанд орсон даруй м.кв-ын хэмжилт хийлгэх хүсэлт гаргаж, хэмжилтийн дүгнэлт 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гарсан ба уг дүгнэлтээр орон сууцны нийт талбай 90.10 болох нь тоггоогдсон. Орон сууц хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдсон. Ингээд илүү төлсөн төлбөр болох 9.9 м.кв талбайд ногдох 14,850,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч эрүүгийн журмаар хэрэг хянагдаж байгаа үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон юм. Хан-Уул дүүргийн прокурорын 2019.05.29-ний өдрийн 673 тоот тогтоолоор эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болж, дахин м.кв-ын зөрүүтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргах эрх маань сэргэсэн. Иймд Б А ХХК-иас орон сууцны м.кв-ын зөрүү төлбөр болох 14,850,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Байр хугацаандаа ашиглалтад ороогүй гэдэг нэгэнт мөнгөө төлөөгүй байхад юу гэж байрандаа хугацаандаа орох вэ дээ. Тиймээс нэгэнт манайх авлагатай учраас нөгөө талд мөнгө өгөх үндэслэлгүй гэж үзэж байна. 2017 оны 9 дүгээр сард байрандаа орсон гэдэг гэхдээ мөнгөө төлсөн айлууд 2015 онд байрандаа орсон байсан. Хариуцагч мөнгөө төлөөгүй байсан ч гэсэн гуйгаад байсан болохоор оруулсан.Тиймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Хариуцагч Д.Дд холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 107,192,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэл, нэхэмжлэгч Б А ХХК-нд холбогдуулан талбайн зөрүү 14,850,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч Б А ХХК нь ...орон сууц болон гараж худалдах-худалдан авах гэрээний дагуу хариуцагчаас нийт 121,000,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа 13,808,000 төгрөгөөр багасгаж үлдэх 107,192,000 төгрөгийг нэхэмжилж байна. Хариуцагч Д.Д нь 2015.10.08-ны өдөр 100 м2 талбайтай орон сууцыг 150,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Үүний 85,000,000 төгрөгийг бэлэн мөнгөөр худалдан авахаар тохиролцсоноос 71,000,000 төгрөгийг бэлэн болон дансаар шилжүүлж төлсөн, үлдэгдэл 14,000,000 төгрөг, алданги 7,000,000 төгрөг нийт 21,000,000 төгрөг, 65,000,000 төгрөгт нь бараа материал оролцуулан төлөхөөр тохиролцсоноос 16,304,000 төгрөгийн цемент авсан, 48,696,000 төгрөгийн бараа материал өгөөгүй тул орон сууцны төлбөрт нийт 69,692,000 (21,000,000+48,696,000) төгрөгийн үлдэгдэлтэй. Мөн гараж 25,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон боловч төлбөрийг төлөөгүй тул гаражийн төлбөр 25,000,000 төгрөг, алданги 12,500,000 төгрөг нийт 37,500,000 төгрөг. Орон сууц болон гаражийн нийт төлөх төлбөр 107,192,000 (69,692,000+37,500,000) төгрөгийг нэхэмжилж байна гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч Д.Д нь ... 2015.10.08-ны өдөр 100 м2 талбайтай орон сууцыг 150,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсонд маргахгүй. Орон сууцны төлбөрт 2015 оны 8 дугаар сараас 11 дүгээр сар хүртэл 2015.10 сард Худалдаа хөгжлийн банкнаас зээл аваад 40,000,000 төгрөг бэлнээр, 30,000,000 төгрөгийн цемент, 30,000,000 төгрөгийг дансаар болон бэлнээр Х гэх хүний дансруу уг төлбөрийн зарим хэсгийг шилжүүлж байсан, 5,000,000 төгрөгийг Эт бэлнээр, 18,000,000 төгрөгийг М, Х-н дансанд шилжүүлсэн. Нийт 121,700,000 төгрөгийн тооцоо нийлж, үлдэгдэл 28,000,000 төгрөгийн төлбөрөөс засварын төлбөр 14,000,000 төгрөгийг хасаж, үлдэгдэл 14,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй гэж тооцоо нийлж батламж хийж өгсөн. Үлдэгдэл 14,000,000 төгрөгийн 2,000,000 төгрөгийг М-н дансанд, 8,000,000 төгрөгийг Эт бэлнээр, 2,000,000 төгрөг бэлнээр, Э-ийн хүүхэд П-н дансанд 500,000 төгрөг төлсөн. Ингээд 1,500,000 төгрөгийн тооцооны үлдэгдэлтэй гэж Э бичиг хийж өгсөн. Орон сууц худалдан авсан айл гараж авах ёстой гээд байхаар нь авъя гэж хэлсэн гэхдээ уг гаражийг худалдан авахаар гэрээ байгуулаагүй, гаражийг өнөөдрийг хүртэл түрээсэлж байгаа тул гаражийн төлбөрийг төлөхгүй гэж маргаж байна.

 

Б А ХХК болон Д.Д нар нь 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 15/08 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулан худалдах-худалдан авах гэрээ гэх нэртэй гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Б А ХХК нь Хан-Уул дүүргийн 11-р хороо Дайчдын хөшөө А байр, 1-4 тоотод байрлах 100 м.кв орон сууцыг 2015 оны 12 дугаар марын 25-нд ашиглалтад хүлээлгэж өгөх, захиалагч Д.Д нь орон сууцны үнэ 150,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцож, гэрээ байгуулсан болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан гэрээгээр нотлогдож байна./хх-ийн 9-10/

 

Талуудын байгуулсан гэрээний зүйл нь ашиглалтанд орсон, бэлэн болсон орон сууц бус, харин ирээдүйд бий болох эд хөрөнгө буюу ажлын үр дүн байх бөгөөд гэрээний агуулга болон гэрээ хэрэгжсэн явц, талуудын тайлбар зэргээс дүгнэхэд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заагдсан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, талуудын хэн аль нь энэ талаар маргаангүй байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ...ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх-ээр байна.

 

Нэхэмжлэгч Б А ХХК нь 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлд хавсаргаж ирүүлсэн хавтаст хэргийн 12 дугаар хуудасд ... 100 м.кв байрыг 150,000,000 төгрөгөөр худалдан авах гэрээ байгуулсан. 2017.08.26-ны өдөр тооцоо нийлсэн актыг байрны үлдэгдэл мөнгө 14,000,000 төгрөгний үлдэгдэл мөн энэ өдөр гаражийг 25,000,000 төгрөгөөр худалдах авахаар болж энэхүү батламжийг үйлдэв ... гэх 2017.08.26 батламжийн тодорхойлолтоор орон сууцны үлдэгдэл төлбөр 62,692,000 төгрөгийн үлдэгдэлтэй гэх нэхэмжлэгчийн тайлбар үгүйсгэгдэж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч уг батламжийг тайлбарлахдаа орон сууцны төлбөр 14,000,000 төгрөг бол биш харин гаражийг 25,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон үйл баримтыг нотлохоор шүүхэд гаргасан гэж тайлбарладаг.

 

Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж заасан бөгөөд 2017.08.26-нд талуудын хооронд хийсэн батламжийн үгийн шууд утга болох ... 2017.08.26-ны өдөр тооцоо нийлсэн актыг байрны үлдэгдэл мөнгө 14,000,000 төгрөгний үлдэгдэл гэх үгийн шууд утга нь орон сууцны үлдэгдэл мөнгө 14,000,000 төгрөг гэж тайлбарлагдаж байх тул шүүх нэхэмжлэгчээс гаргаж өгсөн уг нотлох баримтыг талуудын хооронд орон сууц худалдан авсан тооцоо нийлсэн нотлох баримтаар шүүх үнэллээ.

 

Хариуцагч Д.Д хавтаст хэргийн 24 дүгээр хуудасд авагдсан баримтыг орон сууцны төлбөрийн үлдэгдэл 1,500,000 төгрөг гэж тооцоо нийлсэн баримт үйлдсэн гэж тайлбарладаг боловч уг баримтыг 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 15/08 дугаар гэрээний дагуу тооцоо нийлсэн акт болох нь тогтоогдохгүй байна. Учир нь зохигчдын хооронд уг орон сууц худалдан авах харилцаанаас гадна цемент худалдах-худалдан авах харилцаа үүсэж байсан талаар аль аль нь маргаагүй бөгөөд уг баримтад орон сууцны төлбөрийн талаар дурдагдсан үгийн шууд агуулга тодорхойлогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.3-д хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол үүргийн шинж чанараас шалтгаалан үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг шаардснаас хойш арав хоногийн дотор үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэх үүрэгтэй гэж заасан тул хариуцагч Д.Д нэхэмжлэгчид орон сууцны төлбөрийн үлдэгдэлд 14,000,000 төгрөг төлөх үүрэгтэй байна.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1.3-д Захиалагч нь гэрээнд заасан хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувийн алданги гүйцэтгэгч талд төлнө гэж заасан бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна гэж зааснаар хариуцагчаас алдангид 7,000,000 төгрөг нийт 21,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь гараж худалдах-худалдан авах гэрээний дагуу өмчлөх эрхийн гэрчилгээг худалдан авагчийн өмчлөлд бодитоор шилжүүлээгүй тул хариуцагчаас гараж худалдсан төлбөр нэхэмжилсэн нь үндэслэлгүй бөгөөд хэрэгт авагдсан түрээсийн гэрээнээс үзвэл талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй, бичгийн гэрээ байгуулаагүй тул алданги шаардах эрхгүй байна. Иймд гараж худалдах-худалдан авах гэрээний үүрэгт нэхэмжилсэн төлбөр 25,000,000 төгрөг, алданги 12,500,000 төгрөг нийт 37,500,000 төгрөгийг шүүх хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв. /х.х-ийн 94-95/

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

Гэрээнд заасны дагуу захиалагч буюу хариуцагч Д.Д орон сууцыг өөрийн өмчлөлд 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр шилжүүлж авсан болох нь өмчлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдож байх ба хариуцагч нь Б ХХК-иар орон сууцны талбайг хэмжүүлэхэд талбай 90.10 м.кв болсон бол шүүхээс шинжээчээр томилогдсон Эрдэм түм ХХК-ийн дүгнэлтээр 90.22 м.кв гэж гарчээ. /х.х-ийн 29-36, 68-74 /

 

Шүүхийн журмаар томилсон Э ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар шүүх үнэлсэн бөгөөд Монгол Улсын стандарт MNS 6058:2009 орон сууцны барилгын доторх сууцны талбайг тооцох аргачлалын дагуу 90.22 м.кв талбай гэж талбайн хэмжээг тогтоосон тул Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1-д зааснаар ажил гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч доголдлыг арилгах үүрэгтэй байх тул 9.8 м.кв /100-90.22/ талбайн доголдолд арилгах төлбөрт нэхэмжлэгчээс 14,700,000 төгрөгийг гаргуулж хариуцагч Д.Дд олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүх зохигчдын хооронд үүссэн харилцааг ажил гүйцэтгэх гэрээ гэж дүгнэсэн бөгөөд хариуцагч Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д заасан гомдлын шаардлага гаргах хугацааг хэтрүүлээгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 36/

 

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл хариуцагч Д.Д үндсэн нэхэмжлэлийн дагуу хариуцагчид 21,000,000 төгрөг төлөх үүрэгтэй ба сөрөг нэхэмжлэлээр нэхэмжлэгч хариуцагчид 14,700,000 төгрөг төлөх үүрэгтэй болсон байх тул 6,300,000 /21,000,000-14,700,000/ төгрөгийг хариуцагч Д.Д-аас гаргуулж нэхэмжлэгч Б А ХХК-нд олгож, үндсэн нэхэмжлэлээс 100,892,000 төгрөг, сөрөг нэхэмжлэлээс 150,000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэхь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Д.Д-аас 6,300,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б А ХХК-нд олгож, үндсэн нэхэмжлэлээс 100,892,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 921,450 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Д-аас улсын тэмдэгтийн хураамжид 115,750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 231,450 төгрөгийг гаргуулж хариуцагчид, нэхэмжлэгч Б А ХХК-иас шинжээчийн зардалд 500,000 төгрөг гаргуулж Э ХХК-нд тус тус олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ