Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 65

 

 

 

 

 

2020 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 207/МА2020/00065

 

 

М.Энхтуяагийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Их тавт ХХК, Б.Цэнджав нарт

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Баттөр, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 142/ШШ2020/00329 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: М.Энхтуяагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Их тавт ХХК, Б.Цэнджав нарт холбогдох,

М.Энхтуяа болон Б.Болор-Эрдэнэ нар нь Их тавт ХХК-ийг 50%, 50%-иар худалдаж авсан болохыг тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй, М.Энхтуяагаас 12.768.043 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг,

Хариуцагч Их тавт ХХК-ийн захирал Б.Болор-Эрдэний гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Энхтуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг, хариуцагч Б.Цэнджав, хариуцагчийн төлөөлөгч Б.Болор-Эрдэнэ, хариуцагчийн өмгөөлөгч О.Сарантуул, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

Нэхэмжлэгч М.Энхтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

М.Энхтуяа миний бие ЭМЯ-наас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр Б.Болор-Эрдэнэ эмчтэй Их тавт ХХК-ийн дотрын эмнэлгийг хамтран ажиллуулахаар тохиролцож 2017 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн билээ. Бид хамтарч ажиллаж эхлэх яг тэр үед миний ээж нас барж би эмнэлэгийн үйл ажиллагааны эхний үед оролцож чадаагүй. Бүгдийг нь Б.Болор-Эрдэнэ эмчид даатгаад түүнд итгээд саяхныг хүртэл бүх юм хуулийн дагуу тохиролцсоны дагуу явж байгаа гэж бодож явлаа. Гэтэл сүүлийн үед Б.Болор-Эрдэнэ нь намайг илтэд гадуурхаж чиний хувь оролцоо байхгүй, өөр эмч хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулна ч гэж яриад улмаар зээлээ төл гэж 20.0 сая төгрөг надтай ярилцахгүй дансанд минь шилжүүлээд одоо бүүр харьцахаа болилоо. Тэгээд сурагласан чинь Их тавт ХХК нь ганц гишүүнтэй гэсэн Улсын бүртгэлийн гэрчилгээ авчихсан байна. Уг нь 2 гишүүнтэй, захирал нь Б.Болор-Эрдэнэ байна гээд дүрэм журмаа хоёулаа батлаад бүх зүйлийг хуулийн дагуу хийсэн байсан юм. Ярилцаж тохиролцоод бичиг баримтаа бүрдүүлж явах тэр үед ээж минь нас барж бүгдийг түүнд найдаад орхисныг минь далимдуулж дан ганц өөрийгөө Их тавт ХХК-ийн гишүүнээр бүртгүүлжээ. Би Б.Болор-Эрдэнэ эмчид маш их гомдож байна. Тэр бол дотрын эмч биш юм. Миний дотрын эмчийн мэргэшсэн байдлыг түшиглэж дотрын эмнэлэг байгуулж байна гэчихээд одоо болохоор иргэдэд өөрийгөө дотрын эмч гэж ойлгуулж мэргэжлийн бус үйл ажиллагаа явуулж байна. Би энэ компанид оруулбал зохих хувь хөрөнгөө оруулсан. Үйл ажиллагаанд нь ч оролцоод явсан. Иймд М.Энхтуяа намайг Их тавт ХХК-ийн 50%-ийн хувьцаа эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч М.Энхтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө:

Б.Цэнджав эмч нь 2017 онд дотрын эмнэлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Их тавт ХХК-ийг худалдана. Чи дотрын мэргэжлийн эмч юм чинь худалдаж аваач гэсэн санал тавьсан. Би тэгээд хамтран ажиллах эмчээ хайж байгаад Б.Болор-Эрдэнэ эмчийг сонгоод түүнд хамтран ажиллах санал тавьсан. Тэр зөвшөөрч бид хоёр Б.Цэнджав эмчээс 90.000.000 төгрөгөөр Их тавт ХХК-ийг худалдаж авсан. Б.Болор-Эрдэнэ эмч Их тавт ХХК-ийн захирлаар ажиллах, би эмчилгээгээ хариуцан 2 гишүүнтэй компани болгож ажиллахаар тохиролцсон. Анх Б.Цэнджав эмчтэй тохирсон үнийн 70.000.000 төгрөгийг нь төлсөн байгаа. Иймд М.Энхтуяа болон Б.Болор-Эрдэнэ нарыг Их тавт ХХК-ийг тус бүр 50, 50%-иар худалдаж авсан болохыг тогтоож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна гэжээ.

Нэхэмжлэгч М.Энхтуяа сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

Б.Болор-Эрдэнэ бид хоёр Их тавт ХХК-ын эмнэлгийн тусгай зөвшөөөрлийг 90.0 сая төгрөгөөр худалдан авахаар тохироод одоогийн байдлаар 70.0 сая төгрөгийг төлөөд байгаа. Эхний удаа 40.0 сая төгрөгийн урьдчилгаа төлөх шаардлагатай байсан тул үүний 50% болох 20.0 сая төгрөгийг бүрдүүлэхийн тулд би өөрөө 12,8 сая төгрөгийг Хас банкнаас цалингаа барьцаалан зээлсэн. Дутуу 10.0 сая төгрөгийг Хаан банкнаас Б.Болор-Эрдэнийн нэр дээр зээлж авсан. Энэ мөнгийг би тусгай зөвшөөрөл худалдан авахад зориулж авсан тул Их тавт ХХК төлсөн. Учир нь би Их тавтХХК-д хөрөнгө оруулж ,бас цалингүй ажиллаж байсан учраас надад зохих цалингаар уг зээлийг компани төлж байгаа. Тийм учраас Б.Болор-Эрдэнийн нэхсэн 12.768.043 төгрөгийг би төлөх ёсгүй. Би сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Банзрагч овогтой Болор-Эрдэнэ миний бие нь 2017 оны 5 дугаар сард Их тавт ХХК-г худалдан авах тухай М.Энхтуяа эмчтэй аман яриа хийсэн. Би 2010 онд ЭМШУИС-ын дотрын эмчийн мэргэжлийг 1100174 тоот дипломтой төгссөн. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг тусгай зөвшөөрлийн эрхийг эрүүл мэндийн яам олгодоггүй. Үүнийг тухайн орон нутгийн эрүүл мэндийн удирдах байгууллага олгодог. Их тавт ХХК-ыг худалдаж авахдаа тухайн үеийн үнийн дүнгээр 20 сая төгрөгийг тус бүр өөрөө, өөрсдөө гаргаж худалдаж байгаа компанийн захирал Б.Цэнджавт шилжүүлсэн. Их тавт ХХК эмнэлгийн үйл ажиллагааг явуулахдаа хамтарч ажилаад, хоёулаа ажлаасаа гарна гэж тохиролцсон. 2015 оны 05 дугаар сарын 15 ны өдөр би ээлжийн амралтаа аваад харилцан тохиролцсны дагуу ажлаасаа гарсан. Бид нарын үйлдсэн аман яриа тухай үедээ энэ байгууллагыг хэрхэн цааш авч явах, хэн удирдах, эрүүл мэндийн байгууллагыг хэвийн хэмжээнд үйл ажиллагааг нь алдагдуулахгүй явуулах талаар огт яригдаагүй. Мөн аман ярианд хамтрагч нарын эрх, хүлээх үүрэг хариуцлага, ашиг алдагдлын байдал, эрүүл мэндийн байгууллагын эрсдэл, барилга байгууламжийн түрээс, эм тариа, авч ажиллуулах, ажилчдын цалин, нийгмийн даатгал, татвар, урсгал хэрхэн яаж хийх, хэн удирдах талаар огт яригдаагүй. Их тавт ХХК-ныг 2017 оны 05 сарын 15-наас 2017 оны 07 дугаар сарын 17-ны хооронд 2 сарын туршид худалдах, худалдан авах талаар М.Энхтуяад олон удаа хэлсэн. Бичиг баримтын шилжилт, компани шилжүүлэх, эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааны шилжилт хийх тул хүрч ирж гарын үсэг зурах, албан ёсоор хүлээн авах, бусдад үлдсэн мөнгийг шилжүүлэх шаардлагатай удаа дараа тайлбарлан хэлсэн боловч чи өөрөө хий, би ямар ч завгүй байна, надгүй хийчих гэсэн өөрийн хүсэлтийн дагуу 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр уул компанийн эрхийг шилжүүлэн авсан. Энэ хугацаанд тохирсон ёсоор М.Энхтуяа эмч Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн ажлаасаа гараагүй ажлаа хийж л байсан. Их тавт эмнэлэг нь эмнэлгийн үйл ажиллагааг явуулах өөрийн байргүй, Орхон аймаг, Өндөр сум, Дэнж багт байрлах Эрдэнэ буудлыг 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн эмнэлгийн зориулалтаар түрээслэн ашиглах хамтарсан гэрээ байгуулах гэхэд бас өөрөө ирээгүй иймээс би өөрийн нэр дээр гэрээг бас дахин хийсэн. 2017 оны 05 дугаар сарын 15-нд нд Дэнж багт байрлах Эрдэнэ зочид буудлыг эмнэлгийн хэмжээнд шинэчлэн засварлах шинээр ажилчид авах асуудал гарсан. Ингээд хамтран ажиллах сувилагч, тогооч, үйлчлэгч нарыг ажилд авч, ажиллуулж эхэлсэн. Зарим үед надад амьдралын асуудал гараад чи нэг хоёр хоног ажил дээрээ очооч гэж хүртэл залгахад утсаа авахгүй тохиолдол гардаг байсан. Үнэхээр үйл ажиллагаандаа хамтардаг юм бол 50 хувийн ажлаа хийсэн шиг хийх хэрэгтэй байх. Эмнэлэгийн үйл ажиллагаанд ингэж хөндлөнгийн хүн шиг хөлс авах байдлаар ажилласан учраас 50 хувийг эзэмшигч гэдгийг нотлох эрх зүйн үндэс байхгүй гэж үзэж байна. Мэргэжлийн бус үйл ажиллагааг явуулж байгаа гэдгийг М.Энхтуяа мэддэг зүйл биш. Үүнийг Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Орхон аймгийн эрүүл мэндийн газар, Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгодог. Эрүүл мэндийн яамны харъяа Эрүүл мэндийн хөгжлийн төв шийдвэрийг гаргадаг. Одоо энэ байгууллагад мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 8 хүн ажиллаж байна. М.Энхтуяагийн гаргасан Их тавт ХХК-ийн 50%-ийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж үзэж байна. Түүний хүссэний дагуу 20 сая төгрөгийг буцааж шилжүүлсэн билээ.

Төлөвлөгөөт болон төлөвлөгөө бус хяналт шалгалтанд хамрагдах, дотоодын үйл ажиллагааг хэвийн хэмжээнд ажиллуулах, эрүүл мэндийн сургалт сурталчилгаа, нийт хамт олныг хамарсан эрүүл мэндийн өдөрлөг, нийгэмд суурилсан үйл ажиллагаанд 60 хувийг зарцуулдаг. 2019 оны эхний 10 сарын байдаар Их тавт эмнэлэгийн үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт шалгалт 13 удаа хийгдсэн. 2019 оны эхний 11 сарын байдлаар дээрхи 13 хяналт шалгалтанд М.Энхтуяа нь нэг ч удаа оролцоогүй байгаа байдлыг дээрхи байдлаас харж болно. Хяналт шалгалтын хуудас нь чиглэл бүрээр архивлан хадгалагдсан. М.Энхтуяа нь дараах 3 хүсэлтийг гаргасны дагуу холбогдох материалыг бүрдүүлсэн гэжээ.

Хариуцагч ******* нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн гэж байгаа энэхүү хүсэлт нь 2019 оны 11 дүгээр сарын 07 ны өдрийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй утга нэг байна. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болгондоо энэ хүн дотрын эмч биш миний нэрийг ашигласан гэж илтэд хүний эмчлэх эрхийн үйл ажиллагаанд халдан гутаан доромжилж хүний эрхийг зөрчиж байгаа тул миний нэрийг сэргээж өгнө үү. Миний бие нь 2003-2008 онуудад эмгэг судлаач шинжээч эмч, 2010 онд дотрын эмчийн мэргэжлийг 1101174 тоот дугаарын дипломтой төгссөн. Их тавт эмнэлэг нь 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс үйл ажиллагаа явуулж эхэлсэн боловч Их тавт ХХК-ыг 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хууль эрхийн хүрээнд хүлээн авсан. 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 31-ны өдрийг хүртэл аман хэлэлцээрийн дагуу 15.000.000 / арван таван сая / төгрөгийг Б Цэнджав эмч Их тавт ХХК -ны 407001424 тоот данснаас авсан. Их тавт эмнэлгийн Худалдаа хөгжлийн банкны 407001424 тоот дансыг 2017 оны 08 дугаар сарын 31-ны өдөр Б. Болор-Эрдэнэ миний бие хүлээн авсан. 2017 оны 9 дүгээр сард 5.000.000 / таван сая / төгрөг, 2017 оны 10 дугаар сард 4.000.000 /дөрвөн сая төгрөг /2017 оны 11 дүгээр сард 4.000.000 / дөрвөн сая / төгрөг нийт 13.000.000 / арван гурван сая / төгрөгийг энэ компанийн нэр дээр биш би өөрийн нэрийн өмнөөс шилжүүлсэн. Хувьцааны үндсэн өртөгийн 68.000.000 / жаран найман сая/ төгрөгийг шилжүүлсэн болно гэжээ.

Хариуцагч Б.Цэнджав шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Б.Цэнджав би Их тавт ХХК ийг худалдах тухай саналыг 2017 онд хэд хэдэн эмч нарт тавьсан. Тэдний дотроос М.Энхтуяа эмч миний саналыг хүлээн авсан бөгөөд хэсэг хугацааны дараа Б.Болор-Эрдэнэ эмчтэй ирсэн. Тэгээд тэр хоёр хамт ирээд бид хоёр таны компанийг авъя бид хоёр хамтарч ажиллах юм гэсэн. Би та 2 эхлээд намайг байгаа дээр ажиллаад үз. Болж байвал авдаа гээд 110.0 сая төгрөгөөр зарах саналаа хэлэхэд М.Энхтуяа Б.Болор-Эрдэнэ хоёр ярилцаад 90.0 саяар авна гэхээр би зөвшөөрөөд намайг компанийн захирлаар ажиллаж байх үед эмнэлгийг ажиллуулж үйл ажиллагааны орлогоос төлж эхэлье гэж тохирсон. Манай эмнэлэг хэвийн ажиллаж байсан ба 30.0 сая орчим төгрөгийг үйл ажиллагааны орлогоос төлөөд дараа нь тэр хоёр тус бүрдээ 20.0 сая төгрөг нийт 40.0 сая төгрөг төлсөн. Орлогоос төлсөн 30.0 сая төгрөгтэй нийлээд 70,0 сая төгрөг болсон. Тэгээд Их тавт компанийг шилжүүлж өгсөн. Нотариат дээр хүрээд ир гэхээр нь очсон. Харин шилжүүлэх үед Б.Болор Эрдэнэ яагаад ганцаараа ирсэн тухайд би их сонирхоогүй ноцтой зүйл бодоогүй. Б.Болор Эрдэнэ эмч М.Энхтуяа эмчийг одоохон ирнэ гээд байсан. Нилээд хүлээж байгаад би дотроо М.Энхтуяа эмч улсын эмнэлэгт ажиллаж байгаа болохоор болохгүй юм болов уу гэж бодоод чамд шилжүүлээд өгчихье та хоёр дараа нь хурлаа хийгээд хувиа тогтоодог юм байгаа биз гээд компанийг шилжүүлж өгсөн. Тэгээд энэ 2 юу болсныг мэдэхгүй. Үлдсэн 20.0 сая төгрөгийг захирлаар ажиллаж байгаа болохоор нь Б.Болор-Эрдэнээс хэд хэдэн удаа нэхсэн боловч Та мөнгөөр яах гээд байгаа юм бэ гээд өгөөгүй М.Энхтуяа эмчид хэл гэсэн. М.Энхтуяад хэлэхэд Б.Болор-Эрдэнэ мэднэ гээд өгөөгүй. М.Энхтуяа, Б.Болор -Эрдэнэ хоёр хоёулаа 50, 50 хувиар мөнгө гаргаад авъя гэж тохирсон гэдгийг би сайн мэдэж байна. Мөнгийг нь хоёулангаас нь авсан. Үлдсэн мөнгөө хоёулангаас нь л авна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:

Миний бие Б.Болор-Эрдэнэ нь М.Энхтуяатай хамтран ажиллахаар тохиролцон Их тавт ХХК-ний эмнэлгийг ажиллуулж байхдаа түүний хувийн хүсэлтийн дагуу ХААН банкинд өөрийн өмчлөлийн Ү-2101010553 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг барьцаалан 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Хаан банкны Говил баг дахь салбар тооцооны төвөөс /М.Энхтуяагийн дагуу түүний таньдаг захирал О.Ганчулуун / 10.000.000 / арван сая / төгрөгний зээл авч түүнд өгсөн. Банкны өмнө хүлээсэн үүргийн дагуу 2018 оны 04 сарын 16-наас өнөөдрийг хүртэл /2020 оны 1 сар/ нийт зээлд 8.029.935 төгрөг, хүүд нь 2,670,064 төгрөгийг Их тавт ХХК-аас төлсөн байна. Уг зээлийн мөнгийг М.Энхтуяа нь өөрийн хувийн хэрэгцээндээ зориулсан. Компанийн үйл ажиллагаанд оруулаагүй юм. Банк гэрээ байгуулахдаа зээлийн зориулалтыг асуусан ба бизнес хийнэ гэж зорилгоо бичиж авсан тул Их тавт ХХК-ны данснаас зээлийн төлөлтийг сар бүр шууд авдаг юм. Иймд компанийн үйл ажиллагаанд уг мөнгө зарцуулагдаагүй М.Энхтуяа хувьдаа хэрэглэсэн тухайн үед уг мөнгийг зээлж авч эргүүлж төлнө гэсэн тохиролцоотойгоор авсан тул зээлийн 10.000.000 төгрөг түүний хүү 2.768.043 төгрөг нийт 12.768.043 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 142/ШШ2020/00329 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1,108 дугаар зүйлийн 108.4,108.5-д заасныг баримтлан М.Энхтуяа, Б.Болор-Эрдэнэ нар нь Их тавт ХХК-нийг 50, 50 хувиар худалдаж авсан болохыг тогтоож, хариуцагч Б.Цэнджавд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Нэхэмжлэгч М.Энхтуяагаас 12,768,043 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 219,239 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Их тавт ХХК-аас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Энхтуяад олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Бидний тохиролцоо бол эмнэлгийг үйл ажиллагааны хувьд хамтран ажиллуулна гэж ярилцаад эмчийн үйл ажиллагаагаа нэгтгэсэн. Их тавт ХХК-нд хөрөнгө оруулалт хийгээд шинээр өөрчлөн байгуулж, компанийн тухай хуулинд заасан журмын дагуу компанид хөрөнгө оруулах талаар хамтын гэрээ, хэлэлцээрийг хийсэн тохиролцсон тохиролцоо байхгүй. Ингээд М.Энхтуяа нь БОЭТ-ийн дотрын тасгийн эмчийн ажлаасаа гараагүй тул Их Тавт эмнэлгийн өдөр тутмын үйл ажиллагааг 2017 оны 07 дугаар сарын 28 ны өдрөөс Б. Болор-эрдэнэ миний бие компанийн бичиг баримтын дүрмийн дагуу удирдан авч явж ирсэн. М.Энхтуяа нь хамтран ажиллана гэсэн үйл ажиллагаандаа 10%-тай оролцож байсан. Учир нь БОЭТ-ийн дотрын тасагт эмчээр ажиллаж давхар ажилтай тул бидний үйл ажилагаанд зөрчил үүссэн. Шүүх шийдвэр гаргахдаа: Хариуцагч Цэнджаваас М.Энхтуяа, Б.Болор-эрдэнэ нар хамтарч ажиллана гэсэн юм. 2017 оны 07 дугаар сарын 18-нд Б.Болор-эрдэнэд компанийг шилжүүлж өгсөн гэж тайлбарлаж байна. Б.Болор-Эрдэнэ компанийг шилжүүлж авахдаа М.Энхтуяаг оролцуулааагүй шилжүүлж авч 2017 оны 07 дугаар сарын 28-нд компанийг Улсын бүртгэлд бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ байна. М.Энхтуяад 2018 оны 03 дугаар сараас 2019 оны 9 дүгээр сар хүртэл нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байх ба 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 10 дугаар сарын 14 хүртэл 2-р гарын үсэг зурах эрх олгож мөн хасч байсан нь Их тавт компанийг хамт худалдан авч, хамтран ажиллаж байсныг баталж байна. Мөн 20 сая төгрөгийг зээлээ төл гэж өгсөн байна. Б.Болор-эрдэнэ нь компанийг хамтарч худалдан авахаар тохиролцсон атлаа түүнд мэдэгдэхгүйгээр өөрийн нэр дээр шилжүүлэн авсан нь буруу ... М.Энхтуяа Б.Болор-эрдэнэ нар нь компани хамтран өмчлөгч болсон тул... гэсэн хуулийн үндэслэлгүй, хууль ёсны гэж үзэх боломжгүй гаргасан. Шүүх хуралдаанд талуудын гаргасан тайлбар, нотлох баримтын талаар нэг бүрчлэн хууль ёсны дүгнэлтийг хийсэнгүй. Хариуцагч Цэнджавын тайлбар, компанийн эрхийг гэрээний үндсэн дээр шилжүүлж авч, улсын бүртгнлд бүртгүүлсэн хууль ёсны үйл ажиллагааг хуульд нийцэж байгаа талаас нь дүгнээгүй, М.Энхтуяа компанийн хувьцаа эзэмшигч мөн болох, хөрөнгө оруулах талаар бидний хооронд байгуулсан гэрээ байхгүй байгаа зэрэгт хуулийн үндэслэл бүхий дүгнэлт хийгдсэнгүй. М. Энхтуяа нь 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд компанийн хувьцаа эзэмшигчээр орох тухайгаа албан ёсны хүсэлт тайлбар тавьж, гэрээ байгуулж, шаардаж байгаагүй. Эмнэлгийн үйл ажиллагаанд хоёулаа ажлаасаа гараад хамтран ажиллана гэсэн үүргээ хэрэгжүүлж чадаагүй. Компанийг 50%-иар худалдаж авсан гэдэг нь 2-р зэргийн гарын үсэг зурах эрхийг олгож, хасаж байгаагаар батлагдаж байна ... гэсэн нь хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна. Хамтран өмчлөгч болсон гэж дүгнэсэн нь хуулийн ямар нотлох баримтыг үндэслэж дүгнэлт гаргаад байгаа нь тодорхойгүй байна.

Миний сөрөг нэхэмжлэлийн тухайд хийсэн дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзэж байна. Би өөрийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг барьцаалж М. Энхтуяагийн хэлснээр түүний таньдаг найзаас Говил багт байрлах Хаан банкны салбараас авч 2018 оны 04 дүгээр сарын 17 ны өдөр 10 сая төгрөгийг зээлж, М.Энхтуяагийн Хаан банкны 5090570262 дансанд 2018 оны 04 дүгээр сарын 18 ны өдөр шилжүүлсэн. Дансанд шилжүүлж өгсөн нотлох баримтыг хэрхэн үнэлж байгаа талаар дүгнэлт хийсэнгүй. М.Энхтуяагийн 50%-ийн өмчлөгч гэдгийг хүлээн зөвшөөрөх үндэслэгүй байгаа нь өөрийнх нь шүүхэд гаргасан 2020 оны 01 дүгээр сарын 14 ны өдрийн сөрөг нэхэмжлэлийн тайлбарт байгаа. Өөрийн оруулсан гэх 50% болох 20 сая төгрөгийг бүрдүүлэхийн тулд 10 сая төгрөгийг Б.Болор-эрдэний нэр дээр зээлж авсан. Үүнийгээ компанийн үйл ажиллагаанд зарцуулсан гэсэн тайлбарыг гаргасан байна. Үүгээр ч гэсэн 50% өмчлөгч биш гэдэг нь харагдаж байна. М.Энхтуяа нь 20 сая төгрөгийн хөрөнгө оруулуулаагүй гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Хаан банкнаас орон сууц барьцаалж авсан зээл нь Их тавт ХХК-ийг худалдан авахдаа Б.Болор-эрдэнээс зээлж авсан гэх цаг хугацаатай тохирохгүй уг зээлсэн мөнгө нь дараа жил байгааг нь нягталж харж үзээгүй байна. Их тавт ХХК-ийн 50%-ийн өмчлөгч мөн гэдгийг ямар нотлох баримтыг үндэслэсэн талаар тодорхой дүгнэлт алга байна. Иймд 2020 оны 03 дугаар сарын 03 ны өдрийн 00329 тоот шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангажээ.

Нэхэмжлэгч нь Их тавт ХХК-ийн 50%-ийн хувьцаа эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад М.Энхтуяа болон Б.Болор-Эрдэнэ нар нь Их тавт ХХК-ийг 50%, 50%-иар худалдаж авсан болохыг тогтоолгох тухай болгон өөрчилсөн, хариуцагч ******* 12.768.043 төгрөг гаргуулах тухай тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх М.Энхтуяа, Б.Болор-Эрдэнэ нар нь Их тавт ХХК-нийг 50,50 хувиар худалдаж авсан болохыг тогтоож, хариуцагч Б.Цэнджавд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар Их тавт ХХК нь 2000 оноос эхлэн Дотрын хувийн эмнэлгийн эмчилгээ, үйл ажиллагаа явуулах, оношлогооны лаборатори, оношлогоо эмчилгээний аппарат, хэрэгсэл ажиллуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн, 2017 оны 5 дугаар сард тус компанийн захирал Б.Цэнджав нь нэхэмжлэгч М.Энхтуяатай харилцан тохиролцсоны үндсэн дээр тус компанийг 90.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож улмаар 40.000.000 төгрөг төлж, 30.000.000 төгрөгийг тус компанийн үйл ажиллагааны олсон орлогоор төлсөн, үлдэгдэл 20.000.000 төгрөг төлөгдөөгүй үйл баримт тогтоогдсон ба энэ талаар талууд маргаагүй байна.

Их тавт ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээг 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хариуцагч Б.Болор-Эрдэнэ ганцаараа байгуулж улмаар тус компанийн захирлаар Б.Болор-Эрдэнэ томилогдсон нь хууль зөрчөөгүй ба талууд тус компанийг худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр худалдан авсан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасантай нийцжээ.

Нэхэмжлэгч М.Энхтуяа, хариуцагч Б.Болор-Эрдэнэ нар тус компанийг худалдан авах талаар анхнаасаа харилцан тохиролцсон, компанийг худалдан авсан үнээс 40.000.000 төгрөгийг тэнцүү хэмжээгээр хувааж төлсөн, эмнэлгийн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай эд хөрөнгийг хэн хэн нь өөрсдийн боломжоор гаргасан, тухайн компанийг эмнэлгийн үйл ажиллагаа явуулах зохих зөвшөөрлийг сунгах, тогтвортой үйл ажиллагаа явуулахад нэхэмжлэгч М.Энхтуяагийн оролцоо болон тус компанийн дансыг хамтран эзэмшиж байсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан Их тавт эмнэлгийн хийсэн ажлын тайлан, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа зэрэг баримтаар тогтоогдсон ба шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Харин хариуцагч Б.Болор-Эрдэнэ тус компанийн эмнэлгийн үйл ажиллагаанд нэхэмжлэгч М.Энхтуяа оролцдоггүй, ажлаасаа гарч хамтран ажиллана гэж тохирсон боловч ажлаасаа гараагүй, намайг өөрөө шийд гэсэн байдлаар хандаж байсан, өөрийнх нь оруулсан 20.000.000 төгрөгийг буцааж өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбар, татгалзлал нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй үндэслэл болж чадахгүй юм.

Тухайлбал хариуцагч Б.Болор-Эрдэнэ нь нэхэмжлэгчид анх оруулсан 20.000.00 төгрөгийг буцааж төлсөн тул М.Энхтуяа нь компанийн 50 хувь өмчлөгч биш болох нь харагдаж байгаа гэх давж заалдах гомдлын шаардлага, үндэслэл нь нэхэмжлэгч М.Энхтуяагийн гаргасан М.Энхтуяа болон Б.Болор-Эрдэнэ нар нь Их тавт ХХК-ийг 50%, 50%-иар худалдаж авсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй хамааралгүй байна.

Хаан банкны салбар нь зээлдэгч Б.Болор-Эрдэнэтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 10.000.000 төгрөгийн зээл олгосон ба уг зээлийн гэрээнд Их тавт ХХК оролцоогүй, уг зээлийн төлбөрийг тус компанийн үйл ажиллагааны орлогоос төлсөн тухай баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ..

Хариуцагч Б.Болор-Эрдэний гаргасан ... шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй, нотлох баримтыг тал бүрээс нь судлаж дүгнэл гаргаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтыг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэх давж заалдах гомдлын үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул түүний гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Иймд хариуцагч Их тавт ХХК-ийн захирал Б.Болор-Эрдэний гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 142/ШШ2020/00329 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Их тавт ХХК-ийн захирал Б.Болор-Эрдэний давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч Их тавт ХХК-ийн захирал Б.Болор-Эрдэний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 289.639 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ

ШҮҮГЧИД Б.БАТТӨР

Б.ОЮУНЦЭЦЭГ