Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дамдинсүрэнгийн Гансүх |
Хэргийн индекс | 188/2016/0143/э |
Дугаар | 705 |
Огноо | 2016-11-03 |
Зүйл хэсэг | 096.1., |
Улсын яллагч | А.Ганзориг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 705
Г.Ариунзаяад холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Д.Гансүх нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор А.Ганзориг,
ялтан Г.Ариунзаяа /Цагдан хорих 461 дүгээр ангиас онлайнаар/,
түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг, О.Баярбаясгалан, Д.Энхцэцэг,
хохирогч Г.Баттөмөр, түүний өмгөөлөгч А.Энхтүвшин,
нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулж,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, Г.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 130 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Г.Ариунзаяа, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг, хохирогч Г.Баттөмөр, түүний өмгөөлөгч А.Энхтүвшин нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Г.Ариунзаяад холбогдох 2016 2601 1241 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Гансүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Боржигон овгийн Ганбаатарын Ариунзаяа, 1984 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Номин” ХХК-ийн их дэлгүүр дэх салбарт худалдагч ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Баганарангийн 13 дугаар гудамжны 54 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ХК84102801/:
Г.Ариунзаяа нь согтуугаар 2016 оны 5 дугаар сарын 6-ны өдөр өөрийн гэртээ нөхөр Г.Баттөмөртэй хамт архи ууж байгаад гэр бүлийн асуудлаас үүдэн маргалдаж, улмаар гэртээ байсан хар иштэй хутгаар хохирогч Г.Баттөмөрийг хутгалж биед нь “цээжний баруун талд цээжний хөндий руу нэвтэрсэн шарх, цээжний хөндийд цус хуралдалт, зүүн ташаанд шарх, цээжний зүүн талд зулгаралт” бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан өөрөөр хэлбэл, амь биед нь аюултай гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Г.Ариунзаяад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овогт Ганбаатарын Ариунзаяаг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэм буруутайд тооцож, Г.Ариунзаяад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан тус хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн суран тэлээ, хөх өнгийн жинсэн өмд, хар өнгийн бариултай хутга, хэргийн газраас бэхжүүлсэн цус мэт хүрэн өнгийн нунтгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, Г.Ариунзаяа нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Ялтан Г.Ариунзаяа тус шүүхэд гаргасан давж заалдах гомдол болон онлайнаар өгсөн тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Би өөрийн нөхрийг санаатайгаар хутгалж гэмтээсэн зүйл байхгүй, тухайн үед нөхөртөө цохиулсандаа сандраад эргэж харахад намайг дэгээдэж унагахдаа зүүн хажуугаа зүссэн байна. Шүүх хуралдааны явцад би яг хэзээ орилсоноо санадаггүй бөгөөд цохиулсны дараа хутгалахаасаа өмнө орилсон байхаа гэж тайлбарласныг миний эсрэг ашиглаж яллах үндэслэл болгосонд гомдолтой байна. Түүнчлэн мөрдөн байцаалтын явцад санамсар болгоомжгүйгээр хутгалсан талаар хэлэхэд “нөхрөө хоёр удаа болгоомжгүй хутгална гэж юу байдаг юм бэ, хутгалсан гэж хэлээч” хэмээн мэдүүлэг авсан. Би тухайн үед болсон явдлын талаар бүдэг санаж байгаагаа хэлж, татаж унадаг талаараа цухас дурдаж байсан ч хэрэгт хамааралгүй гээд мэдүүлэг тайлбаруудад бичиж байгаагүй. Нөхөр бид хоёр дундаасаа хоёр хүүхэдтэй, том хүү цусны өвчтэй, бага охин тархины цусан хангамж муутай тул хүнд төрлийн таталт өгдөг. Би өөрөө цусны өвчтэйн дээр татаж унадаг тул хоёр хүүхэд маань удамшлын өвчтэй төрсөн. Энэ талаар мөрдөн байцаагч болон прокурорын хэн ч асуугаагүй, шүүх хуралдаан дээр холбогдох баримтыг өгч чадаагүй. Иймд миний эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж, хэргийг үнэн зөв шийдвэрлэж өгнө үү. Миний бие өөрийн нөхрөө санамсар болгоомжгүйгээр хүнд гэмтэл учруулсандаа маш их гэмшиж нөхөр Г.Баттөмөрөөс уучлал хүсч байна” гэв.
Ялтан Г.Ариунзаяагийн өмгөөлөгч Г.Ганцэцэг тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “Миний үйлчлүүлэгчийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэм буруутайд тооцож, түүнд 3 жил 5 cap хорих ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй.
Учир нь: 1. Г.Ариунзаяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй. Уг хэргийг хэрхэн, яаж үйлдэгдсэн талаар мэдэх хоёрхон хүн байдаг. Энэ нь Г.Ариунзаяа болон түүний нөхөр Г.Баттөмөр нар юм. Хохирогч Г.Баттөмөр нь анх өгсөн тайлбараасаа эхлээд шүүхийн хэлэлцүүлэгт хүртэл болгоомжгүй үйлдэл байсан гэж мэдүүлсээр байтал түүний эхнэр Г.Ариунзаяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар санаатай гэж ял шийтгэл оногдуулж байгааг ойлгохгүй байна. Үүнээс гадна гэрч Г.Ган-Отгон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ ширээн дээр хэрчсэн мах байсныг шүүс нь гарчихна гээд хөргөгчид хийсэн гэж мэдүүлдэг. Тэгтэл анхан шатны шүүхээс Г.Баттөмөрт цохиулчихаад бусдаас тусламж хүссэн байх тул болгоомжгүй гэж үзэх боломжгүй гэжээ. Шүүх хуралдааны явцад Г.Ариунзаяа нь яг хэзээ орилсноо санадаггүй бөгөөд цохиулсны дараа хутгалахаасаа өмнө орилсон байхаа гэж тайлбарласныг түүнийг яллах үндэслэл болгосон нь учир дутагдалтай.
Г.Баттөмөрийн баруун талын суганы дор цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх гэмтэл тогтоогддог. Энэ гэмтэл нь зөвхөн Г.Баттөмөрийг гараа өргөж байх явцад үүсгэгдэх боломжтой. Энэ үйл явдал нь Г.Баттөмөр нь эхнэр Г.Ариунзаяаг толгойн тус газар нь цохиод гараа буулгаж амжаагүй байхад болсон. Г.Баттөмөр Г.Ариунзаяаг цохьчихоод гараа буулгах хугацаанд бусдаас тусламж хүсэж орилох цаг хугацааны боломжгүй. Түүнчлэн анхан шатны шүүхээс хүнийг хутгалахад тодорхой хэмжээний хүч хэрэгтэй, тийм учраас болгоомжгүй гэж үзэх боломжгүй хэмээн шүүх хуралдаан дээр шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг тайлбарлахдаа хэлсэн. Гэтэл бодит байдал дээр эд мөрийн баримтаар хураагдсан хар иштэй хутга нь маш хурц үзүүртэй, урт нарийхан хутга байсан. Түүнчлэн хоёр хавирганы завсар хэсэг бол хүний биеийн хамгийн нимгэн хэсэг байдаг бөгөөд аливаа хурц үзүүртэй зүйл эгзэг нь таарвал хичнээн ч гүн орох боломжтой, хохирогч маш туранхай хүн гэдгийг тооцоолсонгүй. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолгооны зүйл болох гэмт хэрэг хэрхэн үйлдэгдсэн талаар мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн гэж үзэх байна.
2. 2016 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Г.Баттөмөр нь өгсөн тайлбартаа “...байцаалт өгөхгүй, хуулийн байгууллагаар шалгуулахгүй...” гэж тайлбар өгсөөр байтал хүчээр тайлбар, мэдүүлэг авч, шүүх эмнэлэг өөрөө ирж үзэн гэмтлийн зэрэг тогтоосныг ойлгохгүй байна. Үндсэн хуульд заасан эрхийнхээ дагуу Г.Баттөмөр гэр бүлийн гишүүнийхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй байх эрхтэй. Харин Г.Ариунзаяагаас шүүх эмнэлэгт үзүүлэх эсэх талаар асууж, Г.Ариунзаяа нөхрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй гэсний дагуу Г.Ариунзаяаг Г.Баттөмөр цохисон үйлдлийг шалгаагүй. Мөрдөн байцаалтыг дутуу явуулсан гэж үзэж байна.
Учир нь, Г.Ариунзаяа нь цусны өвчтэй, үүнээс гадна бага наснаасаа л татаж унадаг байжээ. Гэтэл мөрдөн байцаалтын шатанд Г.Ариунзаяагийн энэ байдлыг тодруулаагүйгээс гадна хэрэг хариуцах чадвартай эсэх талаар сэтгэцийн эмнэлгийн дүгнэлт гаргуулаагүй байна. Нэг удаа хүн татаж унахад тархины хэдэн зуун эс үхэж байдаг бөгөөд ихэвчлэн унаж татах өвчтэй хүмүүс унаж татах болон хүчтэй эм тариа хэргэлдэгээс үүдэн сэтгэхүйд нь өөрчлөлт орох явдал түгээмэл байдаг. Иймд Г.Ариунзаяагийн сэтгэцийг шалгуулах зайлшгүй шаардлагатай байсан. Тухайн хэрэг болох үед унаж татсан, эсэхийг ч мөн тодруулах зайлшгүй шаардлагатай байсан. Гэрч Ган-Отгоноос хэрэг болсон өдөр тухайн гэр оронд ямар нэг зүйл өөрчилсөн, цэвэрлэсэн асуудал байгаа эсэх талаар нэг ч удаа асууж тодруулаагүй байдаг. Түүнчлэн эд мөрийн баримтаар авагдсан хутганаас ямар ч цус болон гарын мөр илрээгүй. Үүнээс гадна эд мөрийн баримтад авагдсан цус 1 дүгээр бүлгийн цус байх бөгөөд Г.Ариунзаяа болон Г.Баттөмөр нар болон гэрч хүртэл 1 дүгээр бүлгийн цустай гэж мэдүүлдэг. Гэтэл мөрдөн байцаах ажиллагааны явцад энэ нь яг хэн хэний цус болохыг тогтоогоогүй. Цусны бүлгийг тодорхойлсон ямар ч баримт хавтаст хэрэгт байхгүй.
3. 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/ нь 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөх ёстой. Дээр дурдсан хуулиудыг буцаан татах Улсын Их хурлын тогтоол анхан шатны шүүх хуралдаан болох үед Төрийн мэдээлэл сэтгүүлд албан ёсоор нийтлэгдээгүй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт “...Эрүүгийн хэрэгт хамааралтай бухий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн Эрүүгийн хууль болон энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасаар байтал Г.Ариунзаяагийн сэдэлт санаатай гэдэг нь хангалттай нотлогдохгүй, гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зөрүүтэй, мөн шинэ болон хуучин Эрүүгийн хуулийн алийг нь хэрэглэх эсэх нь эргэлзээтэй байхад уг заалтыг хэрэглэлгүй хүнд зүйл ангиар зүйлчилж, ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна.
4. Г.Ариунзаяа, Г.Баттөмөр нар нь 2 хүүхэдтэй бөгөөд Г.Ариунзаяагийн цусны болон татаж унах өвчин нь удамшиж, нэг хүүхэд нь цусны өвчтэй, нэг хүүхэд нь татаж унадаг болсон байна. Өмгөөлөгч би энэ талаар анхан шатны шүүх хуралдаанаас өмнө мэдээгүй, холбогдох нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаанд гаргаж өгч чадаагүй юм. Тэдний хүү Ган-Эрдэнэ болон охин Соёл-Эрдэнэ нар нь хүнд өвчтэй байнгын асаргаа сувилгаа шаардлагатай байдаг.
Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 130 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож зүйлчлэлийг өөрчлөн Г.Ариунзаяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.
Ялтан Г.Ариунзаяагийн өмгөөлөгч О.Баярбаясгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г.Ариунзаяагийн өмгөөлөгчөөр давж заалдах шатны шүүх хуралдаанаас оролцож байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Мөрдөн байцаалтын ажиллагааг хэтэрхий нэг талыг барьж, гүйцэд биш хийсэн. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт “Гэмт хэрэг гарсан байдал, яаж үйлдэгдсэн” гэснийг тогтоогоогүй. Тухайлбал хохирогч Г.Баттөмөр “тухайн үед маргалдаж байгаад болиод бүжиглэсэн. Гэр бүлийн хэрүүлээс болоод эхнэтэйгээ маргалдсан. Хоол хийж байхад нь араас нь тойлгой руу нь цохисон. Манай эхнэр хутгаа барьсан чигтээ эргэж харахад нь би хутгалагдсан” /хх-23 тал/ гэж мэдүүлсэн. Энэ үйлдлийн улмаас цээжний зүүн талд цээжний хөндийг нэвтэрсэн шарх үүссэн. Мөн “Г.Ариунзаяаг дэгээдэж унагахдаа газарт хамт унаж ташаандаа шарх авсан” гэж мэдүүлсэн. Хохирогч Г.Баттөмөрийн мэдүүлгүүд анхнаасаа тогтвортой байхад энэ талаар шинжээч эмчийг байцаагаагүй. Хохирогчид учирсан дээрх гэмтлүүд босоо болон хэвтээ ямар байрлалд үүсэх боломжтой вэ гэж асуух ёстой байтал зөвхөн дээрх гэмтлүүд ямар хүчний үйлчлэлийн улмаас үүссэн бэ гэж асуусан байдаг. Шинжээч эмч “ир үзүүртэй зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүснэ” гэсэн дүгнэлт хийсэн. Шинжээчийн дүгнэлтэд цээжний баруун талд, цээжний хөндий рүү нэвтэрсэн нэг шарх, зүүн ташаанд шарх, цээжний зүүн талд зулгаралт гэсэн гэмтлүүд тусгагдсан. Эдгээр гэмтлүүд ямар байдлаар үүсэх боломжтой вэ гэдгийг тогтоогоогүй. Энэ байдлыг шинжээч эмчээс асууж нэг мөр эцэслэн шийдвэрлэх боломжтой. Ингэснээр хэргийн зүйлчлэлд өөрчлөлт орох боломжтой гэж үзэж байна. Уг хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 131 дүгээр зүйлд зааснаар туршилт хийх боломжтой. Хохирогч аль гартаа хутга барьж байсан, аль тал руугаа эргэхэд хохирогч хутгалагдсан зэргийг тогтоогоогүй. Шүүгдэгчийн хувьд хохирогчоос бага зэрэг намхан. Үүнтэй холбогдуулан туршилт хийх ёстой. Хавтаст хэргийн 31 дүгээр талд Ганбаатар гэх хүнийг байцаасан тэмдэглэлээс харахад бичиг үсэг мэддэггүй хүнийг өмгөөлөгчгүйгээр байцаасан байдаг. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн зөрчил юм. Ганбаатар нь шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой мэдүүлэг өгсөн.
Дээрх үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах зайлшгүй шаардлагатай. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.3 дахь хэсэгт заасан нөхцөл байдлуудыг тогтоосноор хэрэг үйлдэгдсэн, эсэхийг тогтооно. Мөн гэм буруугийн сэдэлт, хэлбэрийг тогтоох ёстой” гэв.
Ялтан Г.Ариунзаяагийн өмгөөлөгч Д.Энхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг шүүгдэгч, хохирогч нараас өөр хэн нэгэн хараагүй байдаг. Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан шалгавал зохих асуудлуудыг шалгаж тогтоогоогүй. Г.Ариунзаяагийн үйлдэл болгоомжгүй байсан гэдгийг хохирогч удаа дараа хэлж мэдүүлсэн. Мөрдөн байцаалтын эхний шатанд шүүгдэгч толгой руугаа цохиулсан эсэхээ мэдүүлэхгүй байж байгаад сүүлд мэдүүлсэн. Г.Ариунзаяа уг явдлыг “өөрөө хэрэгт шалгагдаж байхад Г.Баттөмөрийг бас шалгуулж хоёр хүүхдээ харж хандах хүнгүй үлдээхийг хүсээгүй” гэж тайлбарладаг.
Мөрдөн байцаалтын шатанд шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан туршилтын ажиллагаа огт хийгдээгүй. Туршилтыг хэн нэгний биед гэмтэл учруулахгүйгээр хийх боломжтой. Шүүгдэгч хэрэг гарсан байдлын талаар ярих гэхэд мөрдөн байцаагч “наадах чинь хамаагүй” гээд яриулдаггүй байсан гэдэг. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасныг тогтоох шаардлагатай. Давж заалдах шатны шүүхийн шатанд шинээр нотлох баримт авдаггүй тул хоёр хүүхдэд холбогдох баримтыг нь гаргаж өгөөгүй” гэв.
Хохирогч Г.Баттөмөр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 130 тоот шийтгэх тогтоолыг хохирогч би эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Шүүхээс эхнэр Г.Ариунзаяад намайг болгоомжгүйгээр гэмтээсний төлөө санаатайгаар бусдад хүнд гэмтэл учруулсан гэсэн зүйл ангиар зүйлчлэн хорих ял оноож намайг болон миний хүүхдүүдийг хохироож байгаад гомдолтой байна.
Учир нь, би хэрэг явдал болсны дараагаас, анх цагдаа манайд ирэх үеэс л надад ямар нэг гомдол санал байхгүй, би эхнэрийгээ санаатайгаар хүчтэй цохиход эргэж харахдаа хоол хийхээр мах хэрчиж байсан хутгаараа намайг гэмтээсэн, би ямар нэг мэдүүлэг өгөхгүй, цаашид шүүх цагдаагаар явахгүй, бага насны хоёр хүүхэдтэй тул эхнэрийг маань хурдан гэрт нь хариулаач гэж хүссээр байхад намайг эмнэлэгт заавал мэдүүлэг өг хэмээн миний эрх үүргийг тодорхой тайлбарлаж өгөлгүйгээр хохирогчоор мэдүүлэг авсан. Тухайн үед болсон явдлыг харсан ганцхан гэрч болох намайг “энэ явдал цэвэр надаас шалтгаалан маш богино хугацаанд болсон, миний эхнэр намайг хутгалж гэмтээх ямар ч санаа байгаагүй, эхний гэмтлийг эхнэр маань надад цохиулан цочин хутгатайгаа эргэж харахдаа би ард нь ойрхон байсан учраас, хоёр дахь гэмтэл нь хутгыг нь авах гэж байгаад унахдаа баруун талдаа зүсэгдсэн, намайг цохисноос хойш хутгалах хүртэл ердөө 2-3 секунд өнгөрсөн, энэ хооронд эхнэр маань хэн нэгэн хүнээс тусламж гуйж хашгирах ямар ч хугацаа байгаагүй” талаар тайлбарлаж хэлсээр байтал шүүгчид хутгатай эргэж харахад ийм гэмтэл учрах ёсгүй заавал санаатайгаар хүчтэй бүлж байж хүнд гэмтэл гарна, яллагдагчид цохиулчихаад хүнээс тусламж гуйхад нь зориуд санаатайгаар хутгалсан гэж хийсвэрээр дүгнэж байгаад маш их гайхаж байна.
Хэдийгээр би тэр өдөр болсон явдлаас болж гэмтэл аван үүндээ хохирогч болж болох хэдий ч надад ямар ч санал гомдол байхгүй, харин ч надаас шалтгаалан эхнэр маань ийм хэрэгт орооцолдсонд маш ихээр харамсаж байгаа ба болсон явдал ийм тодорхой байхад шүүхээс эхнэрийг маань хүнд гэмт хэрэгт үйлдсэнд тооцож, хорих ял оногдуулсан нь манай гэр бүлд маш хүндээр тусч байгаа ба хоёр хүүхэд маань хүнд өвчтэй, эхнэр бид хоёроос өөр үр хүүхдүүдийг маань харж хандах, туслах хүн байхгүй. Одоо эхнэр маань хорих ял аван шоронд орсон учир би хүүхдээ харахаас гадна тэднийгээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлэхэд маш хүнд болж байна. Одоо би долоо болон дөрвөн настай хүүхдүүдээ ээжийгээ надаас нэхэхэд нь хэлэх үг олдохгүй байна. Эцэг хүн байж “Аав нь та нарын ээжийг чинь цохисон чинь шүүх ээжийг нь шоронд хийчихсэн” гэж би тэдэндээ тайлбарлах уу.
Иймд эрхэм шүүгч та бүхэн хэргийг шударгаар шийдвэрлэж, Г.Ариунзаяаг надад болгоомжгүйгээр гэмтэл учруулсан болохыг тогтоож, хорихоос өөр төрлийн ял шийтгэл оноож өгнө үү” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч А.Энхтүвшин давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 130 тоот шийтгэх тогтоолын дагуу Г.Ариунзаяаг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэм буруутайд тооцон түүнд 3 жил 5 cap хорих ял оногдуулсныг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргав.
1. Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс тус хэргийн мөрдөн байцаах ажиллагааг бүрэн гүйцэд хийж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотлогдвол зохих дараах эргэлзээтэй асуудлуудыг бүрэн нотлоогүй байна.
a. Хэрэг гарах болсон шалтгааны тухай:
Тухайн өдөр Г.Баттөмөр, Г.Ариунзаяа, гэрч нар нь согтууруулах ундаа хэрэглэсэн талаар мэдүүлсэн байхад хэн алинд нь согтуурлын хэмжээ ямар байсныг тогтоогоогүй, хохирогч өөрөө эхнэр “...Ариунзаяагаа эхэлж араас нь толгой руу нь хүчтэй цохисны улмаас ийм явдал болсон...” гэж мэдүүлсэн байхад шүүх хохирогчийн биед хурц, иртэй зүйлээс үүссэн шарх нь ямар зайнаас, ямар хүчний үйлчлэлээс, ямар өнцгөөс тогтоогдсон талаар нотлох баримтгүй байхад шүүгч дотоод үзэмжээрээ хүнд гэмтлийг заавал санаатайгаар хүчтэй бүлж байж учруулна гэж үзсэн нь учир дутагдалтай.
б. Мөн хохирогч “...намайг цохиод эргэж харахад маш богино хугацаа өнгөрсөн энэ үед Ариунзаяа юу ч хэлж амжаагүй гэдэг ба харин гадаа байсан гэрч Ган-Отгон “намайг зодоод байна шүү дээ” гэж хашгирахыг сонссон, яг зодож, хутгалж байхыг бол хараагүй гэж мэдүүлдэг. Ийм байдлаар гэрч, хохирогч, яллагдагчийн мэдүүлэг зөрүүтэй байхад Г.Ариунзаяаг зодуулчихаад тусламж гуйсны дараагаар буюу санаатайгаар хутгалсан гэж дүгнэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлийн 95.2 дахь хэсэгт “нотлох баримтыг тал бүрээс нь, нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзнэ” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна.
в. Тухайн үед Г.Баттөмөр, Г.Ариунзаяа нар нь эвлэрээд хэрүүл намдчихсан, хоол хийж идэхээр будаа агшаасан, мах хэрчиж байсан үйл явдлын талаар мэдүүлгүүд хавтаст хэрэгт авагдсан байдаг хэдий ч энэ талаар буюу хэрчиж байсан мах, агшаасан будаа зэргийг нотлох баримтаар баталгаажуулж аваагүй, эд зүйлийн баримтаар хураагдсан зүйлээс илэрсэн цус 1 дүгээр бүлгийн цус байсан талаар шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан байх ч гэрч, хохирогч, яллагдагч нар бүгд 1 дүгээр бүлгийн цустай, өөрөөр хэлбэл нотлох баримтаас илэрсэн цус нь яг хэнийх болохыг тогтоогдоогүй, яллагдагч толгойн тус газраа хүчтэй цохиулснаас үүсч болох сэтгэл санаа болон бие махбодийн үзүүлэх нөлөөлөл, хариу үйлдлийн талаар ямар дүгнэлт, шинжилгээ хийсэн зүйл бас л байдаггүй.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан:
1. Гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн болон бусад байдал/;
2. Гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр;
3. Гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэрэг нөхцөл байдлыг бүрэн гүйцэд тодруулалгүй шүүхээс талууд хоорондоо хэрүүл хийгээд уг таарамжгүй байдлын улмаас шууд санаатайгаар хүнд гэмтэл учруулсан гэм буруутай гэж дүгнэсэн гэж үзэж байна.
2. Дээрх дурдсан байдлаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн сэдэл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцлийн талаар дүгнэлт өгөхөд хэрэгт авагдсан баримтууд хангалтгүй буюу эргэлзээтэй гэж үзэхээр байна. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт “...Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн Эрүүгийн хууль болон энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ...” гэж заасныг хэрэглэж болох байтал, Г.Ариунзаяагийн сэдэлт санаатай гэдэг нь хангалттай нотлогдохгүй, гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зөрүүтэй эргэлзээтэй байтал уг заалтыг хэрэглэлгүй хүнд зүйл ангиар зүйлчилж, ял шийтгэл оногдуулсан нь шударга бус гэж үзэж байна.
Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 130 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, зүйлчлэлийг өөрчлөн Г.Ариунзаяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.
Прокурор А.Ганзориг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Мөрдөн байцаалтын шатанд Г.Ариунзаяагийн хувийн байдлыг тогтоогоогүй гэж байна. Гэтэл хэргийн оролцогч нарын зүгээс уг хэрэгт хяналт тавьж байсан прокурорт энэ талаар хүсэлт огт гаргаж байгаагүй. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, хэргийн санаа, сэдэлтийг тогтоох ямар ч боломжгүй. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Г.Ариунзаяагийн үйлдлийг дүгнэж, хөнгөрүүлэн зүйлчлэх боломжтой гэж үзэж байна. Хэргийн нэмэлт мөрдөн байцаалтад буцааснаар хэргийн санаа, сэдэлтийг тогтоох боломжгүй гэж үзэж байна” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар Г.Ариунзаяад холбогдох хэргийг зөвхөн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлүүдэд хязгаарлагдахгүйгээр анхан шатны шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэв.
Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан, анхан шатны шүүх эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлд заасныг баримтлан хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Г.Ариунзаяагийн гэм бурууг хэлэлцсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 320 дугаар зүйлд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Анхан шатны шүүхээс Г.Ариунзаяад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, түүнд ял шийтгэл оногдуулахад эргэлзээ бүхий онцлог нөхцөл байдал үүссэн байх тул түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг зөвтгөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Шүүгдэгч Г.Ариунзаяа нь согтуугаар 2016 оны 5 дугаар сарын 6-ны өдөр өөрийн гэртээ нөхөр Г.Баттөмөртэй гэр бүлийн асуудлаас үүдэн маргалдсаны дараа хохирогч Г.Баттөмөр нь эхнэр Г.Ариунзаяаг гал тогтоондоо хоол хийхээр хутгаар мах хэрчиж байхад нь толгойн ар талаас гэнэт хүчтэй цохиход нь Г.Ариунзаяа хутгатайгаа эргэн харсан ба Г.Баттөмөр цохисон гараа татан авч буулгаж амжаагүй үед хохирогч Г.Баттөмөрийн баруун суганы орчимд 5, 6 дугаар хавирганы завсар хутгалагдсанаас “цээжний баруун талд цээжний хөндий руу нэвтэрсэн шарх, цээжний хөндийд цус хуралдалт бүхий хүнд гэмтэл учирсан ба хохирогч Г.Баттөмөр хутгалагдах үедээ эхнэр Г.Ариунзаяагийн хөлийг дэгээдэж газарт хамт унахдаа зүүн ташааны орчимд нь “…2 см хутгалагдсан шарх, цээжний зүүн талд зулгаралт” бүхий гэмтэл авсан гэх үйл баримт хохирогч Г.Баттөмөрийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, Г.Ариунзаяагийн яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 6361 тоот шинжээчийн акт, дүгнэлт, гэрч Г.Ган-Отгон, шинжээч эмч Г.Энхбаатар нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгээр тогтоогдсон байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэн үзэхэд уг гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн зүй бус үйлдэл ийнхүү шууд нөлөөлсөн байхаас гадна шүүгдэгч Г.Ариунзаяагийн хохирогч Г.Баттөмөрт хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгтээ гэм буруугийн санаатай хэлбэрээр хандсан гэх сэтгэхүйн харьцааг тогтоосон нотлох баримт хэрэгт цуглараагүй байна.
Түүнчлэн хохирогч Г.Баттөмөрийн мөрдөн байцаалтад өгсөн “…Тэгээд манай эхнэр Г.Ариунзаяа хутга барин хоол хийхээр махаа хэрчих гээд зогсож байсан. Тэгсэн бид хоёрын хэрүүл даамжраад маргалдаж байгаад манай эхнэр намайг санамсаргүй хутгалсан. …Эхлээд дээр хэлсэнчлэн би эхнэрийнхээ араас толгой руу нь цохиход манай эхнэр эргэж харахдаа барьж байсан хутгаараа миний баруун суганд санамсаргүй нэг удаа хутгалсан. Би цохьчихлоо л гэж бодсон. Гар луу нь харсан хутга байхаар нь хутгыг нь барьж аваад булаалцалдаж газар унасан, тэгэхдээ бөөрний хэсэг дээр дарж унасан юм…” гэх мэдүүлэг /хх-30-31/,
хохирогч Г.Баттөмөрийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “…Г.Ариунзаяа бид хоёрын дунд хэрүүл маргаан гарсан. Гэтэл Г.Ган-Отгон та хоёр хэрэлдэж маргалдах юм бол би явлаа гэхээр нь эхнэр бид хоёр эвлэрээд …Ариунзаяа хоол хийх гээд гал тогооны өрөөнд мах хэрчиж байхад нь би араас нь очоод түүний толгой руу баруун гараараа цохисон чинь Ариунзаяа баруун талаараа эргэж хараад намайг цохьчих шиг болсон. Ариунзаяагийн гарыг харсан чинь хутга байсан. Тэгэхээр нь Ариунзаяаг зүүн талаар нь дэгээдэж унагаасан чинь түүний барьж байсан хутган дээр дарж унасан байсан…” гэх мэдүүлэг /хх-112-113/,
гэрч Г.Ган-Отгоны мөрдөн байцаалтад өгсөн “...Г.Ариунзаяа, Г.Баттөмөр нар хоорондоо манайхан, танайхан гээд хэрэлдсэн юм. Тэгэхээр нь та хоёр хэрэлдэхээ боль, хэрэв болихгүй бол би явлаа гэж хэлэхэд тэр хоёр хоорондоо хэрэлдэхээ больсон. Тэгээд тэр хоёр хэрэлдэхээ болиод хамт бүжиглэхээр нь би зүгээр боллоо гэж бодоод гарч 00 орсон…” гэх мэдүүлэг, шүүгдэгч Г.Ариунзаяагийн “…Нэг мэдэхэд манай гэрийнхнээс болж маргалдаж байсан. Тэрнээс хойш санахгүй байна. Нэг сэргэтэл 103 ирчихсэн, би нөхрөө хутгалсан байсан…/хх-110-112/,
шүүгдэгч Г Ариунзаяагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “…Баттөмөр бид хоёрын дунд жаахан маргаан үүссэн.. Манай найз Ган-Отгон битгий маргалд гэхээр нь Баттөмөр бид хоёр эвлэрээд будаа агшаачихаад мах хэрчих гээд зогсож байхад Баттөмөр миний араас толгой руу маш хүчтэй цохихоор нь гартаа байсан хутгаа тавилгүйгээр баруун мөр дагуу эргэж харах үед Г.Баттөмөр миний барьж байсан хутга руу орсон. Баттөмөр бид хоёр зууралдаад баруун талаараа газар унасан. …Бид газар унах үед Баттөмөр хутган дээр унасан байсан…” гэсэн мэдүүлгүүдийг үгүйсгэх баримт хэрэгт байхгүй байна.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Г.Ариунзаяа нь өөрийн үйлдлийн улмаас хохирогчид хүнд гэмтэл учирч болохыг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт хүсэж эсхүл зориуд хүргэсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Түүнчлэн хайхрамжгүй хандах нь гэмт этгээд үйлдэл буюу эс үйлдлээсээ учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй, ухамсарлан ойлгоогүй байдаг, мөн хор уршиг учирч болохыг урьдчилан мэдэх ёстой ч мэдэлгүй үйлдсэн байдаг онцлогтой.
Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн Эрүүгийн хууль болон энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэсэн заалтыг баримтлан шүүгдэгч Г.Ариунзаяа нь гэмт үйлдэлдээ хайхрамжгүй хандсан буюу гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр нөхөр Г.Баттөмөрийн бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэн, шүүгдэгч Г.Ариунзаяа, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг, хохирогч Б.Баттөмөр, түүний өмгөөлөгч А.Энхтүвшин нарын гаргасан “...хэргийн зүйлчлэлийг өөрчлөн Г.Ариунзаяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулж өгнө үү…” гэх давж заалдах гомдлууд болон хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлүүлэх талаар гаргасан прокурорын саналыг тус тус хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Г.Ариунзаяа болон хохирогч Г.Баттөмөр нарын хүүхдүүд болох 7 настай хүү Б.Ган-Эрдэнэ, 5 настай охин Б.Соёл-Эрдэнэ нар нь байнга татаж унадаг, цусны хүнд хэлбэрийн удамшлын өвчинтэй учир эцэг, эх, асран хамгаалагчийн байнгын асаргаа сувилгаанд байх шаардлагатай, мөн шүүгдэгч Г.Ариунзаяа нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, түүний нөхөр, хохирогч Г.Баттөмөр хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Г.Ариунзаяад оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч Г.Ариунзаяа нь энэхүү хэрэгт нийт 62 хоног цагдан хоригдсон болохыг дурдах нь зүйтэй байна.