Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 777

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Цэцэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: “Б*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Нийслэлийн Засаг даргад холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “ “Б*******” ХХК-ийн С******* дүүргийн  ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 1600 м2 газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг Нийслэлийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х*******, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баасанцэцэг нар оролцов.                                                   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Б*******” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай байгууллага нь Нийслэлийн Засаг даргын 2010 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 662 дугаар захирамжаар С******* дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээний зориулалттай 1600 м2 газрыг анх эзэмшсэн. Дараа нь Нийслэлийн Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 195 дугаар захирамжаар С******* дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт нэгж талбарын 40/ дугаар бүхий 1600 м2 газрыг 5 жилийн хугацаатайгаар эзэмшихээр Нийслэлийн Газрын албатай гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон.

Энэ газар дээрээ барилга барихаар хүсэлт өгөхөд 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн *******0 дугаар тогтоолоор танай газар барилгажихыг хориглосон бүсэд хамрагдсан байх тул барилга барих зөвшөөрөл өгөх боломжгүй, өөр газраар сольж авах талаар Өмчийн харилцааны газарт хандана уу гэсэн хариу өгсөн. Энэ дагуу Өмчийн харилцааны газар хандахад 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 5/7776 дугаар албан бичгээр газрын байршлыг шилжүүлэх боломжгүй, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 72 дугаар тогтоолд тусгагдсан зориулалтын дагуу газраа ашиглана уу гэсэн хариу өгсөн. Гэтэл 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 72 дугаар тогтоолын хавсралт зурагт манай газар дээр усан оргилуур бүхий цэцэрлэгт хүрээлэн зурагдсан болохыг олж мэдсэн. Ингээд манай газар эзэмших эрхийг зөрчиж байгаа талаар Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. 

Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 665 дугаар шийдвэрээр дээрх газар дээр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас нөхцөл байдлыг тодруулж, дахин шинэ акт гартал цэцэрлэгт хүрээлэн болон барилга барихыг түдгэлзүүлсэн. Гэтэл Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өнөөдрийг хүртэл шинэ акт гаргаагүй, хэзээ гаргах нь тодорхойгүй байна. 

Манай компанийн газар эзэмших эрхийн хугацаа биднээс үл хамаарах шалтгаанаар газраа зохих ёсоор эзэмшиж, ашиглаж чадахгүй байсаар 2015 оны 03 дугаар сарын 28-ны өдөр дууссан. 

Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасны дагуу хугацаа сунгуулах өргөдлөө 2016 оны 02 дугаар сарын *******-ны өдрийн с/053 дугаар, 4 дүгээр сарын 29-ний өдрийн с/155 дугаар албан бичгээр тус тус өгсөн. Гэтэл  Нийслэлийн өмчийн харилцааны газраас 2016 оны 03 дугаар сарын *******-ны өдрийн 5/1661, 05 дугаар сарын 30-ны өдрийн 5/3706 дугаар албан бичгээр Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас “Шүүхийн шийдвэрийн дагуу дахин шинэ акт гартал газар эзэмших эрхийн хугацааг сунгах асуудлыг хойшлуулах гэсэн санал ирүүлсэн” гэсэн үндэслэлээр татгалзсан хариу ирүүлээд байна. Энэ нь манай компанийн газар эзэмших, ашиглах эрхийг ноцтойгоор зөрчиж байна.

Иймд “Б*******” ХХК-ийн С******* дүүргийн  ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 1600 м2 газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг Нийслэлийн Засаг даргад даалгах даалгаж өгнө үү” гэв.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н******* шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргын 2010 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 662 дугаар захирамжаар С******* дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт Геологийн төв лабораторын урд үйлчилгээний зориулалттай 1600 м2 газрыг Б.Ж*******д 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна. 

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Улаанбаатар хотод эзэмшил, ашиглалтанд олгохгүй болон барилга, байгууламж барихыг хориглох газрын байршил, хэмжээг тогтоох тухай” *******0 дугаар тогтоолын хавсралтад заасан байршилд Геологийн төв лабораторын урд талд байрлах уг газар нь хамрагдсан байна. 

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас барилга, байгууламж барихыг хориглох газрын байршил, хэмжээг тогтоох тухай 2010 оны *******0 дугаар тогтоолыг өөрчилсөн шинэ акт гаргаагүй байна. 

Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай асуудал нь Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газартай хамтарсан техникийн зөвлөгөөний хурлаар орж шийдэгдэж байгаа. Энэ хурлаар оруулахад дэмжигдэхгүй байгаа юм. Нэхэмжлэгч ногоон байгууламжийн зориулалтаар ашиглахаар хугацаа сунгуулах хүсэлт гаргавал сунгагдах боломжтой.

Мөн Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас маргаан бүхий байршилд үйлчилгээний зориулалтаар газар эзэмшүүлэх боломжтой гэж үзсэн нөхцөлд газар эзэмших эрхийн хугацааг сунгах боломжтой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан болон хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед гаргасан нэмэлт тайлбар зэргийг хянан хэлэлцээд дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч “Б*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь “Б*******” ХХК-ийн С******* дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 1600 м2 газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг Нийслэлийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагчаас “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “барилга, байгууламж барихыг хориглох газрын байршил, хэмжээг тогтоох тухай” *******0 дугаар тогтоолыг өөрчилсөн шинэ акт гаргаагүй, мөн  Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас маргаан бүхий байршилд үйлчилгээний зориулалтаар газар эзэмшүүлэх боломжтой гэж үзсэн нөхцөлд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах боломжтой” хэмээн маргаж байгаа. 

Анх Нийслэлийн Засаг даргын 2010 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 662 дугаар захирамжаар  иргэн Б.Ж*******д С******* дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 800 м2 газрыг “Д*******” ХХК-иас, 800 м2 газрыг иргэн Т.М*******аас тус тус шилжүүлэн эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ. 

Улмаар иргэн Б.Ж******* нь дээрх 1600 м2 газар эзэмшиж эрхээ шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2011 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 195 дугаар захирамжаар  С******* дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт 1600 м2 газрыг 5 жилийн хугацаатай, үйлчилгээний зориулалтаар “Б*******” ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэж, мөн оны 3 дугаар сарын 17-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ  байгуулж, 3 дугаар сарын 28-ны өдөр “Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрх”-ийн 0******* дугаартай гэрчилгээг  олгосон байна.   

Газрын тухай хуулийн 35 дугаар зүйл 35.1-д “Газар эзэмшигч дараахь эрхтэй”, 35.1.5-д “...бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах”, 37 дугаар зүйлийн 37.1-д “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд дараахь баримт бичгүүдийг хавсаргана”, 37.2-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба бүртгэнэ” гэж тус тус заажээ

Хуулийн дээрх заалтуудын дагуу “Б*******” ХХК-ийн Нийслэлийн Засаг даргын 2011 оны 195 дугаар захирамжийн дагуу /5 жилийн хугацаатай/ эзэмшиж буй газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр дуусах байсан тул тус компаниас эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаанд буюу 2016 оны 02 дугаар сарын *******-ны өдрийн с/053 дугаар , мөн 4 дүгээр сарын 29-ний өдрийн с/155 дугаар  албан бичгээр гаргасан “газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах тухай” хүсэлтэд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Өмчийн харилцааны газар 2016 оны 3 дугаар сарын *******-ны өдрийн 5/1661 дүгээр, 5 дугаар сарын 30-ны өдрийн 5/3706 дугаар албан бичгүүдээр “...Шүүхийн шийдвэрийн дагуу дахин шинэ акт гартал газар эзэмших эрхийн хугацааг сунгах асуудлыг хойшлуулж, уг асуудлыг шийдвэрлэгдсэний дараа дахин хүсэлтээ ирүүл” гэсэн хариуг өгч , газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахгүй байгаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус шийдвэр болжээ.

Өмнө нь “Б*******” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 655 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 72 дугаар тогтоолын хавсралт хэсэгчилсэн төлөвлөгөөний зургийн “Б*******” ХХК-д холбогдох хэсэг, С******* дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 1600 м2 газарт “Б*******” ХХК-д барилга барих зөвшөөрөл олгохыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас нөхцөл байдлыг тодруулж, дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлж” шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Дээрх шүүхийн шийдвэрээр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 72 дугаар тогтооолын хавсралт хэсэгчилсэн төлөвлөгөөний зургийн “Б*******” ХХК-д холбогдох хэсгийг нөхцөл байдлыг тодруулж, дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлсэн байхад хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн *******0 дугаар тогтоолыг өөрчилсөн шинэ акт гаргаагүй тул газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах боломжгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Мөн хариуцагчаас “Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас маргаан бүхий байршилд үйлчилгээний зориулалтаар газар эзэмшүүлэх боломжтой гэж үзсэн нөхцөлд газар эзэмших гэрчилгээний хугацааг сунгах боломжтой ” гэж маргах боловч тус компаниас эзэмшил газрын зориулалтыг өөрчлөх талаар шаардлага гаргаагүй, харин С******* дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 1600 м2 газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах нь тус компанийн хүсэл зориг болно.

Шүүхээс захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй байх, алдааг нь өөрөөр нь зөвтгүүлэх зорилгоор хэргийн нөхцөл байдлыг шалган тогтоож, шинээр захиргааны акт гаргах боломжтой гэж үзэж маргаан бүхий захиргааны актын хэрэгжилтийг түдгэлзүүлсэн байхад захиргааны байгууллага болох Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрууд нь одоог хүртэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 655 дугаар шийдвэрийг биелүүлээгүй, дахин шинэ акт гаргаагүй байгаад нэхэмжлэгчийн буруутай үйлдэл байхгүй юм.

Мөн цаашид ч нөхцөл байдлыг тодруулж, дахин шинэ актыг хэзээ гаргах нь тодорхойгүй байх тул нэхэмжлэгч “Б*******” ХХК-д газар эзэмшүүлэх эрх олгосон Нийслэлийн Засаг даргын 2011 оны 03 дугаар 01-ний өдрийн 195 дугаар захирамж хүчин төгөлдөр байгаа, мөн 2011 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 0******* дугаар “Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших гэрчилгээ”-г хүчин төгөлдөр байх хугацаанд гаргасан “газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах” хүсэлтийг Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасны дагуу эрх бүхий байгууллага сунгах үүрэгтэй болно. 

Нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “газар” эзэмшигч” гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг”, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт заасан газар эзэмшигчийн хуулиар хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ирсэн нь хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар , хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар  нотлогдож байна. Нөгөө талаар “Б*******” ХХК-ийг эзэмшил газраа өөрийн мэдэлд байлгахдаа хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж байсан эсэх тал дээр хариуцагч маргаагүй болно. 

Дээрх байдлуудыг нэгтгэн дүгнэвэл, нэхэмжлэгчийн “газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахгүй байгаа” нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйл 35.1.5, 37 дугаар зүйлийн 37.1, 37.2-т тус тус заасантай нийцээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдож байх тул “Б*******” ХХК-ийн С******* дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 1600 м2 газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг Нийслэлийн Засаг даргад даалгах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.1, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйл 35.1.5, 37 дугаар зүйлийн 37.1, 37.2-т заасныг тус тус баримтлан “Б*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Б*******” ХХК-ийн С******* дүүргийн  ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 1600 м2 газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг Нийслэлийн Засаг даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж, Нийслэлийн Засаг даргаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Б*******” ХХК-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    М.ЦЭЦЭГМАА