Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2017/0006

 

“БСБ сервис” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хишигжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цолмон нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 777 дугаар шийдвэртэй, “БСБ сервис” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Ариунцэцэгийн давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 777 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5, 37 дугаар зүйлийн 37.1, 37.2-т заасныг тус тус баримтлан “БСБ сервис” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “БСБ сервис” ХХК-ийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 1600 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн шийдвэрээр Газрын тухай хуулийн 35 дугаар зүйл 35.1.5, 37 дугаар зүйлийн 37.1, 37.2-т заасныг баримтлан “БСБ сервис” ХХК-ийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 1600 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг нийслэлийн засаг даргад даалган шийдвэрлэсэн нь хууль бус шийдвэр гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь маргаан бүхий газар нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 11 дүгээр сарын 17-ны 180 дугаар тогтоолоор Улаанбаатар хотод эзэмшил, ашиглалтанд олгохгүй болон барилга, байгууламж барихыг хориглох газрын байршил, хэмжээг тогтоосон байдаг. Тус байршилд Геологийн төв лабораторын урд талд байрлах газар хамрагдсан байдаг.

Иймд "БСБ сервис"ХХК-д газар эзэмшуүлэх боломжгүй юм.

Газар эзэмших эрхийн хугацааг сунгах асуудлыг Нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний газартай хамтарсан техникийн зөвлөлийн хурлаар оруулсан бөгөөд газрын зориулалтыг өөрчлөх шаардлагатай тул дэмжигдээгүй юм. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 72 дугаар тогтоолд тусгагдсанаар цэцэрлэгт хүрээлэн төлөвлөгдсөн байдаг тул энэ талаар нэхэмжлэгчид эрх бүхий байгууллагуудаас албан бичгээр хариуг өгсөн байдаг.

Нийслэлийн Засаг дарга тус компанийн газар эзэмших эрхийг сунгасан тохиолдолд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2 тогтоолыг зөрчих асуудалтай тул нэхэмжлэгчийн зүгээс газар эзэмших эрхийн зориулалтыг өөрчлөх шаардлагатай юм. Нэгэнт ногоон байгууламж төлөвлөгдсөн газарт Нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний газраас барилга барих зөвшөөрлийг олгох боломжгүй юм.

Дээрхи нөхцөл байдлуудыг шүүх харгалзан үээлгүй Нийслэлийн Засаг даргад газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг даалгасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны 777 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Газрын тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нийслэлийн Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” 195 дугаар захирамжаар нэхэмжлэгч “БСБ сервис” ХХК-д Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээний зориулалттай 1600 м.кв газрыг Нийслэлийн Засаг даргын 2010 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 662 дугаар захирамжтай Б.Жаргалсайханаас нэр шилжүүлэн, газар эзэмшүүлэх тухай гэрээ хийж, газар эзэмших эрхийн 0231033 тоот гэрчилгээг 2011 оны 03 дугаар сарын 28-ны өдөр олгожээ.

Нэхэмжлэгчийн эзэмшиж буй дээрх газар нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 180 дугаар тогтоолоор баталсан эзэмшил, ашиглалтанд олгохгүй болон барилга, байгууламж барихыг хориглох газрын байршилд, мөн 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 72 дугаар тогтоолоор баталсан цэцэрлэгт хүрээлэн төлөвлөгдсөн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд багтсан байх бөгөөд нэхэмжлэгчээс уг асуудлаар маргаж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 655 дугаар шийдвэрээр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас нөхцөл байдлыг тодруулж, дахин шинэ акт гаргах хүртэл дээрх 180 дугаар тогтоолыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн боловч шийдвэр биелэгдээгүй бөгөөд нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ хүчин төгөлдөр байна.

Энэхүү хугацаанд нэхэмжлэгч Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5-д “... эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах;”, 37 дугаар зүйлийн 37.1-д “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах ...” гэж заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээнийхээ хугацааг сунгуулахаар 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн с/053, 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн с/155 дугаар албан бичгүүдээр тус тус ханджээ.

Харин Нийслэлийн өмчийн харилцааны газраас 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 5/1661, 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 5/3706 дугаар албан бичгүүдээр шүүхийн шийдвэрийн дагуу дахин шинэ акт гартал газар эзэмших эрхийн хугацаа сунгах асуудлыг хойшлуулсан тухай мэдэгдэж, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэл нь нь Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана …” гэж заасныг зөрчсөн, уг хариуцагчийн хууль зөрчсөн эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрх зөрчигдсөн байна.

Учир нь газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахад газар эзэмшигчтэй байгуулсан газар эзэмших гэрээний нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг буюу гэрээнд заасны дагуу үүргээ зохих ёсоор биелүүлсэн эсэхийг дүгнэж, сунгах асуудлыг шийдвэрлэх бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Нийслэлийн Засаг дарга тус компанийн газар эзэмших эрхийг сунгасан тохиолдолд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2 тогтоолыг зөрчих асуудалтай тул нэхэмжлэгчийн зүгээс газар эзэмших эрхийн зориулалтыг өөрчлөх шаардлагатай” гэх газар эзэмших гэрчилгээний хугацаа сунгахад хамааралгүй, хуульд заагаагүй үндэслэлээр гаргасан гомдлыг хангахгүй орхилоо.

Харин газар эзэмших гэрээнд газар эзэмших зориулалтыг өөрчилж, иргэдийн төлөөлөгчдийн Хурлын шийдвэрүүдэд нийцүүлэх асуудлыг нэхэмжлэгчтэй зөвшилцөн шийдвэрлэх, эсхүл нэхэмжлэгчийн эзэмшиж байгаа газрыг зохих журмын дагуу хуульд нийцүүлэн нөхөх олговортойгоор эгүүлэн авах зэргээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүйгээр асуудлыг шийдвэрлэхэд энэхүү шийдвэр нь саад болохгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 777 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай. 

                   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮГЧ                                                          Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ