Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2018/0452

 

 

 

 

 

 

2018 оны 08 сарын 16 өдөр

 

 

 

 

 

 

Дугаар 221/МА2018/0452

 

 

 

 

 

 

Улаанбаатар хот

 

 

“Ш э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2018/0407 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц давж заалдах гомдлоор, “Ш э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч “Ш э” ХХК-ийн захирал Ж.Р 2018 оны 2 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Ш э” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ……., ………… дугаартай тусгай зөвшөөрлүүдийн хугацааг дуусгавар болгон бүртгэсэн бүртгэлийг хууль бусад тооцуулж, дээрх тусгай зөвшөөрлүүдийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2018/0407 дугаар шийдвэрээр:

“Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.3, 53 дугаар зүйлийн 53.1.1-т баримтлан “Ш э” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Ш э” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ………, ………….. дугаартай тусгай зөвшөөрлүүдийн хугацааг дуусгавар болгон бүртгэсэн бүртгэлийг хууль бусад тооцуулж, дээрх тусгай зөвшөөрлүүдийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...“Ш э” ХХК-д Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 441 дүгээр шийдвэрээр Дорнод аймгийн Г сумын нутагт орших ……… тусгай зөвшөөрлийг, мөн аймгийн Б сумын нутагт орших ……… тусгай зөвшөөрлийн гэрчилгээнүүд болон хавсралтуудыг бичиж олгохдоо анх олгосон огноог 2014 оны 10 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн тооцохоор тогтоосон.

Энэ нөхцөл байдлаас харахад тус компани Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д “Энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд цацраг идэвхит ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар, 3 удаа сунгуулах эрхтэй” гэж зааснаар нийт 9 жилийн хугацаанд эзэмших хуулиар олгосон боломж байгаа юм.

“Ш э” ХХК нь дээрх тусгай зөвшөөрлүүдийг 2014 оны 10 дугаар сарын 8-ны өдрөөс эхэлж эзэмшсэнээс хойш Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн бүхий л эрх үүргийг зохих ёсоор биелүүлэн ажиллаж, тусгай зөвшөөрлийн талбайдаа олон сая төгрөгийн хөрөнгө мөнгө, хүч, хөдөлмөр зарцуулж ажилласан.

Манай компани 2017 оны 9 дүгээр сард Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар тусгай зөвшөөрлүүдийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө хугацаа сунгуулах өргөдлийг төрийн захиргааны байгууллагад, мөн зүйлийн 22.1.2-22.1.4-д заасан баримтыг хавсаргаж хүсэлтээ гаргахаар байсан боловч компаний захирал Т.Б эрүүл мэндийн шалтгааны улмаас мөн хуулийн 22.1.3-д заасан байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг орон нутагт явж батлуулж чадаагүй байсан тул Ашигт малтмал, газрын тосны газарт гаргасан 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 10 дугаар өргөдөлдөө хүндэтгэн үзэх шалтгаанаа дурдаад орон нутагт явж бичиг баримт бүрдүүлэх боломжит хугацаа буюу 1 сарын хугацаагаар сунгаж өгнө үү гэсэн санал, хүсэлтээ гаргасан.

Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газраас 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 7/8458 дугаар мэдэгдэл, 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 7/350 дугаар мэдэгдлээрээ “...Танай компани Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаар өмнө 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь мөн зүйлийн 22.1.1-22.1.4 дэх хэсэгт заасан бичиг баримтыг хавсарган тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлөө гаргаагүй тул тусгай зөвшөөрлүүдийн хүчин төгөлдөр байх хугацаа 2017 оны 10 дугаар сарын 8-ны өдөр дуусгавар болсон” гэж хариу өгсөн.

Манай компани дээрх тусгай зөвшөөрлийн дагуу хөрөнгө, хүч хөдөлмөр зарцуулсан газартаа цаашид үйл ажиллагаагаа явуулах хүсэл зоригтой байсан бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдөр буюу тусгай зөвшөөрлүүдийн хүчин төгөлдөр байх хугацаандаа захиргааны байгууллагад өргөдлөө гаргасан боловч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс өргөдөлд дурдсан нөхцөл байдлыг үл хайхарч, тухайн талбайд оруулсан олон сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг үнэгүйдүүлж, хохироож, өргөдөл гомдлыг хуулийн дагуу шалгаж, нөхцөл байдалд зөв үнэлэлт, дүгнэлт өгөхгүйгээр, өргөдөл гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагаанд компаний төлөөллийг оролцуулж санал хүсэлтийг сонсолгүйгээр дангаараа шийдвэрлэж хуулийг зөв хэрэгжүүлээгүй.

Тухайлбал Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “Бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах үүрэгтэй”, мөн хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу нөхцөл байдлыг тогтоохтой холбоотой ажиллагаа хийх, мөн хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан оролцогчийг сонсох, сонсох ажиллагаа явуулах, 95 дугаар зүйлийн 95.1.3-д өргөдөл гомдлыг шийдвэрлэхдээ өргөдөл гомдол гаргагчид хурлын товыг урьдчилан мэдэгдэх, уг ажиллагаанд хүсэлтээр нь байлцуулах гэж заасныг зөрчиж хуулийг зөв хэрэглэж хэрэгжүүлээгүй байдаг.

Ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг цуцлах, дуусгавар болгох үндэслэлийг Ашигт малтмалын тухай хуульд тодорхой заасан байдаг. Тухайлбал Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт тусгай зөвшөөрөл дуусгавар болох үндэслэлүүдийг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлүүдийг тус тус тодорхойлон зааж, уг шийдвэрийг гаргах этгээдийг ч мөн заасан.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, газрын тосны газрын газрын дарга тушаал, шийдвэр гаргахгүйгээр зөвхөн албан мэдэгдлээр тусгай зөвшөөрлүүдийг Ашигт малтмалын газрын Уул уурхайн компьютерын мэдээллийн системд тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болсон гэж бүртгэсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Засгийн газрын агентлагийн эрх зүй байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-д “Агентлагийн дарга энэ хууль болон холбогдох бусад хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргана” гэж заасан байхад тус газрын даргын ямар нэгэн тушаал, шийдвэрийг гаргаагүй байж “Ш э" ХХК-ийн маргаан бүхий тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгож бүртгэсэн нь хууль бус.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлд дурдсан үйл баримтыг тал бүрээс нь зөв дүгнээгүй, мөн хэрэглэвэл зохих хуультай нь уялдуулж хуулийг зөв хэрэглээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд хохироож, хариуцагчийн хууль зөрчсөн, хууль бус үйл ажиллагааг дэмжиж, хэт нэг талыг баримталж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд хянаж, дээрх хуулийн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Ш э” ХХК-ийн захирал Ж.Р, итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй болохыг тэмдэглээд дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хэвээр үлдээв.

Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар тусгай зөвшөөрөл дуусгавар болох нэг үндэслэл нь тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан байх явдал бөгөөд энэ тохиолдолд тусгайлан шийдвэр гаргах талаар хуулиар зохицуулаагүй, өөрөөр хэлбэл давж заалдах гомдолд дурдсан уг хуулийн 56 дугаар зүйлд заасан цуцлах зохицуулалттай үүнийг адилтгах боломжгүй.

Тэр тусмаа дуусгавар болж байгаа тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчид урьдчилан мэдэгдэх үүргийг ч хариуцагчид хуулиар хүлээлгээгүй байдаг.

Нэхэмжлэгчийн тухайд Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 441 дүгээр шийдвэрээр Дорнод аймгийн Б сумын нутагт ……… гектар талбайд …….., мөн аймгийн Г сумын нутагт …….. гектар талбайд ……… дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсан, иймд эдгээр тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа 2017 оны 10 дугаар сарын 8-ны өдөр тус тус дуусах байсантай нэхэмжлэгч маргадаггүй, гэвч Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-т заасны дагуу байгаль орчны менежментийн төлөвлөгөөг сумдын Засаг дарга нараар батлуулах үүргээ хуульд заасан хугацаанд төдийгүй Ашигт малтмалын газарт гаргасан 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн хүсэлтэд заасан 30 хоногтоо ч, цаашлаад шүүхэд нэхэмжлэл гаргахдаа мөн адил биелүүлээгүй байна.

Өөрөөр хэлбэл байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан баримтыг хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлдөө хавсаргаж, хуулийн 22.1-д заасан хугацаанд гаргаагүй тул дээрх тусгай зөвшөөрлүүдийг дуусгавар болсныг 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр кадастрын бүртгэлийн системд тэмдэглэснийг буруутгах үндэслэлгүйгээс гадна байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй байгаа нөхцөлд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах боломжгүй.

Уг хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргах”-аар заасны дагуу нэхэмжлэгч 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдрөөс өмнө энэхүү хүсэлтээ гаргах шаардлагатай байсан, хэдийгээр байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулж чадаагүй шалтгаанаа компанийн тухайн үеийн захирал Т.Б өвчтэй байсан гэж тайлбарлагдсан ч хэрэгт авагдсан “Г” эмнэлгийн тодорхойлолтоос үзэхэд тэрбээр 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 9 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл тус эмнэлэгт зүрх судасны хэм алдагдсан гэсэн оноштойгоор хэвтэн эмчлүүлсэн байх бөгөөд үүнийг хүндэтгэн үзэх шалтгаанд тооцохгүй.

Учир нь удаан хугацаагаар бус 10 гаруй хоног эмнэлэгт хэвтсэн, иймд цаг хугацааны хувьд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Сумдын Засаг дарга нараар батлуулах боломж хангалттай байсан байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

Түүнчлэн тусгай зөвшөөрөл дуусгавар болох тохиолдолд Захиргааны ерөнхий хуульд заасанчлан нэхэмжлэгчид урьдчилан мэдэгдэх, сонсгох ажиллагаа хийгдэх шаардлагагүй болно.

Харин шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч “Ш э” ХХК-ийн нэрийг “Ш э” гэж “и” үсгийг орхигдуулан бичсэн алдаа гаргасныг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2018/0407 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН