Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 407

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн “4” дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Ш ” ХХК,

Хариуцагч: АМГТКХ-т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Ш ” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-*******, XV-******* дугаартай тусгай зөвшөөрлүүдийн хугацааг дуусгавар болгон бүртгэсэн бүртгэлийг хууль бусад тооцуулж, дээрх тусгай зөвшөөрлүүдийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэхийг АМГТКХ-т даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ш и” ХХК нь Дорнод аймгийн Гурван загал сумын нутагт орших ашигт малтмалын хайгуулын ******* тоот тусгай зөвшөөрөл, Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутагт орших ашигт малтмалын хайгуулын ******* тоот тусгай зөвшөөрлүүдийг 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн эзэмшсэнээс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн бүхий л эрх үүргийг хэрэгжүүлэн ажиллаж, дээрх талбайд их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн.

Манай компани 2009 онд 3 хувьцаа эзэмшигчтэйгээр үүсгэн байгуулагдаж, улмаар 2013 онд 1 хувьцаа эзэмшигчтэй болж, компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх цорын ганц этгээд болох гүйцэтгэх захиралтай болсон. Тус компанийн гүйцэтгэх захирал нь эрүүл мэндийн шалтгааны улмаас хэвтэн эмчлүүлж байсан бөгөөд энэ тухайгаа 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 10/05 дугаар албан бичгээр хүсэлт гаргасан. Тухайн үед тусгай зөвшөөрлүүдийн хугацаа кадастрын бүртгэлийн системд хүчин төгөлдөр байсан.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан баримтуудыг хавсаргаж, мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.13-д Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримтыг хавсаргах боломжгүй байгаа байдлаар тодорхойлж, албан бичгээр АМГТКХ-т хүргүүлсэн. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 7/8458 дугаар албан бичгээр тусгай зөвшөөрлүүдийн эрхийг сэргээх, хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч, бүртгэх боломжгүй гэх хариу өгснийг 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “Монгол шуудан” ХК-ийн салбараас хүлээн авч, Ашигт малтмал, газрын тосны газрын даргад 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 12/20 тоот албан бичгээр гомдол гаргасан. Уг гомдолдоо компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь хүнд өвчтэй байсан тул Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй нөхцөл байдлын улмаас хайгуулын тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдлийг хянуулж чадаагүй, мөн дээрх хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаантай байсан тухай нотлох баримтаа хавсаргаж Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад хандахад хүсэлтийг хүлээж авах боломжгүй гэсэн хариу ирүүлсэнд гомдолтой байгаа талаар дурдсан. 

Учир нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол тусгай зөвшөөрлийг 3 жилээс доошгүй хугацаагаар олгоно” гэж, Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д “Энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах” гэж заасны дагуу анх олгогдсон огнооноос тооцон тусгай зөвшөөрлийн хугацаа дуусах хүртэлх хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрөл хүчинтэй байх, хугацаа сунгуулах өргөдлийг гаргаж, шийдвэрлүүлэх эрхэд халдаж, эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэсэн.

 Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Төрийн захиргааны байгууллагын геологийн асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.1–11.1.7, уул уурхайн асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.8 –11.1.12, кадастрын асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.13–11.1.23-т заасан асуудлыг эрхэлнэ” гэж Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн чиг үүргийг нарийн заасан бөгөөд улмаар хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлж, холбогдох нотлох баримтыг хянаж, хууль зүйн үндэслэл бүхий хариуг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс өгөөгүй тул гомдлыг хянаж, зохих шийдвэрийг гаргаж өгөхийг гомдолдоо дэлгэрэнгүй тайлбарласан.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 21.1.5-д заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ” гэж заасан. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс Татварын ерөнхий хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхийг хянаж, шалгаж тогтоолгүй хариу өгсөнд гомдолтой байна. Гүйцэтгэх захирал өвчтэй байсан нь Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8-д хүндэтгэн үзэх шалтгаан гэсэн тодорхой зохицуулалтад хамаарах бөгөөд АМГТКХ- дээрх хянан шалгах үүргээ биелүүлээгүй байна.

Нөгөөтэйгүүр, төрийн захиргааны байгууллагын холбогдох чиг үүргийг хэрэгжүүлэх нэгж нь тухайн харилцаанд оролцогчдын эрх ашгийг хөндсөн шийдвэр гаргахаас өмнө Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-24.5 дахь хэсэгт заасны дагуу бодит нөхцөл байдлыг тогтоохтой холбоотой ажиллагааг хийж, шаардлагатай тохиолдолд ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох, мөн хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулах үүрэгтэй талаар хуульчилсан байна. Үүнтэй холбогдуулан хугацаа хоцроосон хүндэтгэн үзэх шалтгааны бодит нөхцөл байдлыг тогтоох үүднээс тусгай зөвшөөрлүүдийг дуусгавар болгон бүртгэсэн бүртгэлийг түдгэлгэлзүүлж, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу нөхцөл байдлыг тогтоох, хайгуулын тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээх, хугацаа сунгуулах өргөдлийг зохих журмын дагуу хүлээн авч, хууль ёсны дагуу шийдвэрлүүлэхээр агентлагийн даргад гомдол гаргахад Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 7/35 тоот албан бичгээр тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж, хугацаа сунгуулах өргөдлийг бүртгэх боломжгүй гэх хариу өгсөн.

Дээрх нөхцөл байдлаас үзэхэд Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Ашигт малтмал, газрын тосны газар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хууль дээдлэх зарчмыг үйл ажиллагаандаа баримталж ажиллаагүй нь харагдаж байна. Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3-д “Гомдлыг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хүлээн авч, хуульд өөрөөр заагаагүй бол 30 хоногийн дотор хянан шийдвэрлэж хариу өгнө” гэж заасны дагуу хянан шалгаж, хууль зүйн үндэслэл бүхий хариу өгөөгүй, сонсох ажиллагаа явуулж, нөхцөл байдлыг тодруулж тайлбар мэдүүлэг аваагүй, нотлох баримтыг үнэлэх ажиллагаа явуулахгүй байгаа бөгөөд түүний дагуу зохих хариу өгөхгүй байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана” гэж заасны дагуу тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд манай компанийн тусгай зөвшөөрлүүдийн хугацааг дуусгавар болгосон бүртгэлийг хууль бус болохыг тооцож, хугацаа сунгуулах өргөдлүүдийг хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэхийг АМГТКХ-т даалгаж өгнө үү.

Төрийн захиргааны байгууллагаас тухайн оролцогчийн санал, хүсэлтийг сонсолгүй бусдын хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн байна. “Ш и” ХХК нь 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн тусгай зөвшөөрлүүдийг эзэмшиж үйл ажиллагаа явуулахдаа тухайн талбайд тодорхой хэмжээний хөрөнгө оруулж, хүч хөдөлмөрөө зарцуулж ажилласан нь АМГТКХ-т бүртгүүлж, баталгаажуулсан 2015-2017 оны тайлангаар нотлогдоно. 2014-2016 оны ажлын тайлангаар геологийн ажлын зардлын доод хэмжээг баталгаажуулсан байдал харагдаж байна. Хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигч компани тусгай зөвшөөрөл эзэмших хугацаандаа хүсэлтээ гаргахад санал, хүсэлтийг хүлээн авч дүгнэлт гаргаж, үндэслэлтэй шийдвэр гаргасан бол өнөөдөр бид маргахгүй. Хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэлгүй, эрх ашиг хөндсөн шийдвэрийг дангаараа гаргаж, хохирол учруулсан нь захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа байна.

    Захиргааны ерөнхий хуулийн 95 дугаар зүйлийн 95.1.3-д заасан өргөдөл, гомдол хүлээж авах тухай заалтыг зөрчиж, санал хүсэлтийг сонсолгүй шийдвэр гаргасан нь хууль бус байна. Хууль зөрчин гаргасан шийдвэрт хуулийн хүчин төгөлдөр үйлчлэл байхгүй. Иймд тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгосон үйлдэл нь хууль бус байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хоёр. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “Ш ” ХХК-д дээрх тусгай зөвшөөрлүүдийг олгох шийдвэр нь 2010 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөр огноологдож гарсан. Түүний дараа Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай хууль шинээр батлагдсан тул тусгай зөвшөөрөл олгох боломжгүй болсон. 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсон бөгөөд нэхэмжлэгч компанид тусгай зөвшөөрөл олгох боломжтой болсон. 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөр огноологдож дээрх 2 тусгай зөвшөөрлүүдийг нэхэмжлэгч компанид олгосон. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.8-д хайгуулын тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатайгаар олгохоор заасан. Тэгэхээр нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийн хугацаа 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хүчинтэй байна. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч уг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө хугацаа сунгуулах өргөдлийг бичиг баримтын шаардлага хангуулан төрийн захиргааны байгууллагад гаргах хуулийн зохицуулалттай. Гэвч нэхэмжлэгчийн хувьд хуульд заасны дагуу хугацаа сунгуулах өргөдлийг гаргаагүй. Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.4.1-д зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байх хугацаа дууссан байсан тул 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр кадастрын бүртгэлийн системд дуусгавар болгон бүртгэсэн.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ компанийн гүйцэтгэх захирал Т.Батбаяр нь эрүүл мэндийн шалтгааны улмаас эмчлүүлж байсан, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж тайлбарлаж байна. 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр албан бичиг ирүүлэх бус 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс өмнө Ашигт малтмалын тухай хуульд заасан хугацаанд холбогдох баримтуудаа бүрдүүлж төрийн захиргааны байгууллагад өргөдлөө өгөх хуулийн зохицуулалттай. Нөгөөтэйгүүр компанийн захирал Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталдаггүй, сумын Засаг дарга баталдаг. Нэхэмжлэлд дурдсан Татварын ерөнхий хуулийн 22 дахь заалт нь тус хуулийн 3 заалтад үйлчилдэг. Мөн Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг явуулаагүй гэж тайлбарлаж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д зааснаар тухайн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах эсэх нь тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийн асуудал тул Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигчээс энэ эрхээ хэрэгжүүлэхийг шаардах буюу хугацаа сунгуулах талаар мэдэгдэх боломжгүй. Тухайн эрхээ эдлэх эсэх нь түүний бүрэн эрхийн асуудал.

Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д зааснаар тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан тохиолдолд төрийн захиргааны байгууллага буюу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс ямар нэг шийдвэр, захиргааны акт гардаггүй. Тодруулбал, тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргах талаар Ашигт малтмалын тухай хуулиар тодорхой зохицуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Ш ” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-*******, XV-******* дугаартай тусгай зөвшөөрлүүдийн хугацааг дуусгавар болгон бүртгэсэн бүртгэлийг хууль бусад тооцуулж, дээрх тусгай зөвшөөрлүүүдийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэхийг АМГТКХ-т даалгуулах” гэж тодорхойлжээ.

Хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргээс “Ш ” ХХК нь Дорнод аймгийн Гурванзагал болон Баянтүмэн сумын нутагт ашигт малтмалын хайгуулын XV-*******, XV-******* тоот тусгай зөвшөөрлүүдийг 2014 оноос эхлэн эзэмшиж байсан бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гүйцэтгэх захирал Т.Б атбаярын эрүүл мэндийн шалтгааны улмаас Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулсан баримтыг хавсаргах боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай тухай захиргааны байгууллагад мэдэгдсэн байхад хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авах боломжгүй талаар хариу ирүүлсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргасан үйл баримт болжээ.

          Нэхэмжлэгч тал “Компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх цорын ганц этгээд болох гүйцэтгэх захирал өвчтэй байсан гэсэн хүндэтгэн үзэх шалтгаанаа нотолсон баримтыг хавсарган захиргааны байгууллагад хандахад хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж хянан шалгах үүргээ биелүүлэхгүйгээр мөн сонсох ажиллагаа явуулахгүйгээр манай эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн” гэж, хариуцагч тал “Ш  ХХК-ийн тусгай зөвшөөрлүүдийн хүчин төгөлдөр байх хугацаа 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүртэл байсан хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т зааснаар хугацаа дуусахаас 1 сарын өмнө хугацаа сунгуулах өргөдлийг холбогдох баримтын хамт төрийн захиргааны байгууллагад ирүүлэх эрхтэй байхаар хуульчилж өгсөн бөгөөд энэ хугацаанд өргөдлөө гаргаагүй” гэж маргаж байгаа болно.         

            Шүүх болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар  хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж, нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар дүгнэлээ.

            Анх Ашигт малтмалын газрын Геологи, Уул уурхайн кадасрын хэлтсийн даргын 2010 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 377 дугаар шийдвэрээр “Ш ” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн боловч Улсын Их хурлаас “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох”-ыг хориглох тухай хууль баталснаар тус компанид тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтыг бичиж олгоогүй байсан бөгөөд Нийслэлийн Ззахиргааны хэргийн шүүхийн 2012 оны 10 дугаар  сарын 08-ний өдрийн 398 дугаар шийдвэрийг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 441 дүгээр шийдвэрээр Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутагт 243.80 гектар талбайд XV-015998 дугаартай, мөн Гурванзагал сумын нутагт 601.26 гектар талбайд XV-******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтыг бичиж олгожээ.

           Ингэхдээ дээрх тусгай зөвшөөрлүүдийн анх олгосон огноог энэхүү шийдвэр гарсан өдрөөс буюу 2014 оны 10 дугаар  сарын 08-ны өдрөөс эхлэн тооцож, 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хүчин төгөлдөр байхаар заажээ.

           Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д “энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах” гэж заасан байх тул “Ш ” ХХК нь XV-015998, XV-******* дугаартай тусгай зөвшөөрлүүдийг сунгуулах эрхтэй байна. Гэхдээ энэ эрхээ тус хуулийн  22 дугаар зүйлийн 22.1-т “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана” гэсний дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө нэг сарын өмнө гаргахаар мөн 22.1.2-д “үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт”, 22.1.3-д “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт”, 22.1.4-д “хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт” зэргийг хавсаргаж хүсэлтээ төрийн захиргааны байгууллагад гаргахаар байна.

           Нэхэмжлэгч төрийн захиргааны байгууллагад дээрх хуулийн дагуу шаардлагатай баримтуудыг хавсаргаж тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтээ гаргааүй гэдэгт маргаагүй ба харин хүндэтгэн үзэх шалтааны улмаас хүсэлт, болон шаардлагатай баримтуудыг гаргаж өгөх хугацааг сунгаж өгөхийг хүссэн хүсэлтээ гаргасан гэж тайлбарлаж байгаа болно.

          “Ш ” ХХК нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийнхээ хугацааг сунгуулах өргөдлөө 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс өмнө гаргаж, харин хавсаргах баримт бичиг болох “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г харьяалах сумын Засаг даргаар 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс өмнө батлуулахаар байна. Хавтаст хэрэг авагдсан “Ш ” ХХК-ийн АМГТКХ-т ирүүлсэн 10/05 дугаар албан бичгийг харахад 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн огноотой байх бөгөөд уг албан бичгийн хариуг захиргааны байгууллага 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр өгсөн байх ба тусгай зөвшөөрлийн хугацааг 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр дуусгавар болгож бүртгэсэн байна.

            Нэхэмжлэгч талаас гаргасан “...гүйцэтгэх захирал Т.Батбаяр нь эрүүл мэндийн шалтгаанаар хэвтэн эмчлүүлж байсан” гэх шүүхэд ирүүлсэн нотлох баримт болох амбулаториор эмчлүүлэгсдийн картаас үзэхэд 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн “Халдварт өвчин судлалын үндэсний төв”-ийн эмч н.Болормаагийн хийсэн эхо үзлэг, 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн зүрх судасны эмчийн үзлэг, он бичигдээгүй 02 дугаар сарын 06-ны өдрөөс 02 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хэвтэн эмчлүүлсэн эмнэлгээс гарах үеийн дүгнэлт, 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн зүрх уушигны эмчийн үзлэг, “Гурван гал” нэгдсэн эмнэлэгт 2017 /засвартай/ оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 09 сарын 10-ны өдөр хүртэл хэвтэн эмчлүүлсэн гэх эмчийн тэмдэглэлээс үзэхэд 2017 онд “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-өө батлуулах боломжгүй, 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

           Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын “Ш ” ХХК-ийн  ашигт малтмалын хайгуулын XV-015998, XV-******* дугаартай тусгай зөвшөөрлүүдийн хүчин төгөлдөр байх хугацааг 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр дуусгавар болгож бүртгэснийг буруутгах боломжгүй, Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-т “тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан” гэж  зааснаар “Ш ” ХХК-ийн ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлүүд нь дуусгавар болсон байна.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.3, 53 дугаар зүйлийн 53.1.1-т баримтлан “Ш ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Ш ” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-*******, XV-******* дугаартай тусгай зөвшөөрлүүдийн хугацааг дуусгавар болгон бүртгэсэн бүртгэлийг хууль бусад тооцуулж, дээрх тусгай зөвшөөрлүүүдийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэхийг АМГТКХ-т даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                    Д.ЧАНЦАЛНЯМ