Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2017/00360

 

С.Оюунбаатарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 167 дугаар шийдвэр,        

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 118 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч С.Оюунбаатарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Зэвсэгт хүчний 305 дугаар тусгай салбарт холбогдох,

Зэвсэгт хүчний 305 дугаар тусгай салбарын захирагчийн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 5/05 тоот тушаалыг хүчингүй болгож, гэрээт харуулын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Оюунбаатар би тус ангид 2006 онд галчаар орж ажиллаж байгаад 2011 оноос гэрээт харуулын орон тоонд албан ёсоор шилжин ажиллаж байтал 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр салбарын захирагч тушаал гаргаж, намайг ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Учир нь миний бие ажиллах хугацаанд ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй.Иймд Зэвсэгт хүчний 305 дугаар салбарын захирагчийн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 5/05 тоот тушаалыг хүчингүй болгож, намайг гэрээт харуулын ажилд эгүүлэн тогтоож, миний ажилгүй байсан хугацааны цалинг олгуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:Манай байгууллагын орон тоо, бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх талаар 2015 оны 01 дүгээр сард дээд удирдлагаас мэдэгдэл ирж байсан. Тус мэдэгдлийн дагуу С.Оюунбаатартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар Хөдөлмөрийн хуульд заасны дагуу мэдэгдэл өгсөн. Зэвсэгт хүчний жанжин штабын даргын Н106, 5/754 дугаар тушаалын дагуу салбарын гэрээт харуул гэдэг орон тоог мэргэжлийн ахлагчаас бүрдсэн харуул гэдэг албан тушаал болгон өөрчилсөн. Гэрээт харуул С.Оюунбаатар нь ахлагчийн албан тушаалд тэнцэхгүй.Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ. 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүх 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 167 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар С.Оюунбаатарыг Зэвсэгт хүчний 305 дугаар салбарын харуулын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Зэвсэгт хүчний 305 дугаар тусгай салбараас ажилгүй байсан хугацааны цалин 4 042 944 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Оюунбаатарт олгож, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэжээ.

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 118 дугаар магадлалаар Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 167 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурджээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38, 40 дүгээр зүйл, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг шүүх хүлээн авч хангаж шийдвэрлэсэн атлаа уг баримт шүүхэд ирээгүй байхад хэргийг шийдвэрлэж мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн алдааг давж заалдах шатны шүүх анхааран үзэлгүй орхигдуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнд гомдолтой байна.Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

                                                                         ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч С.Оюунбаатар нь Зэвсэгт хүчний 305 дугаар салбарын захирагчийн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 5\05 тоот тушаалыг хүчингүй болгуулж, гэрээт харуулын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрыг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй тайлбар гаргасан боловч шүүх хуралдаанд ажилд эгүүлэн тогтоох шаардлагыг зөвшөөрч, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэсэн боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

Хэрэгт нэхэмжлэгчийг ажилд авсан тушаал, шийдвэр, хөдөлмөрийн гэрээ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт авагдаагүйгээс гадна “2006 онд тус ангид галчаар орж ажиллаж байгаад 2011 оноос гэрээт харуулын орон тоонд албан ёсоор шилжин ажилласан” гэх нэхэмжлэгчийн тайлбар баримтаар нотлогдоогүй байна. Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт “Зэвсэгт хүчний 305 дугаар тусгай салбарт гэрээт харуулаар 2011 оноос ажилласан” тухай тэмдэглэл байна.

Гэрээт харуулын орон тоо тухайн ангид байгаа эсэх, орон тоо бүтэц хэрхэн өөрчлөгдсөн тухай баримт мөн хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна. Шүүх хариуцагчийг холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүйгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох,  нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзсэн нь учир дутагдалтай болжээ.

Хариуцагч Зэвсэгт хүчний 305 дугаар тусгай ротын захирагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Зэвсэгт хүчний Жанжин Штабаас 2015 оны н\106 дугаар тушаал гаргуулах хүсэлт гаргасан байхад шүүх уг баримтыг Завхан аймгийн Улиастай сум дахь Зэвсэгт хүчний 325 дугаар ангиас гаргуулахаар Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд даалгавар явуулсан нь ойлгомжгүй болжээ \хх-ийн 101, 102-107 дугаар тал\. Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн захирагч дээрх тушаал тус ангид хадгалагддаггүй, гаргаж өгөх боломжгүй гэх хариу өгсөн байхад шүүх зохих этгээдээс нотлох баримт гаргуулах ажиллагаа явуулалгүй хэргийг хянан шийдвэрлэжээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.-д зааснаар шүүх хэрэг  хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх үүрэгтэй. Энэ хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй боловч мөн зүйлийн 38.6.-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7.-д зааснаар нотлох баримтыг хуулийн 38 дугаар зүйлийн 38.6.-д заасан тохиолдолд шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болдог бөгөөд давж заалдах шатны шүүх энэ зүйлийн 168.3.-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, тухайн хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах ёстой байна. Гэтэл давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн алдааг илрүүлээгүй, залруулах хуульд заасан арга хэмжээ аваагүй байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл офицер ахлагчийн албан тушаалд энгийнээр ажиллах харуулыг Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга томилдог байна \хх-ийн 22 дугаар тал\. Нэхэмжлэгч  С.Оюунбаатарын ажиллаж байсан гэрээт харуулын ажил дээрх ангилалд хамааралтай эсэх нь тодорхой бус, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын уг тушаал энэ хэрэгт ямар хамааралтай болох нь ойлгомжгүй байна.

Нэхэмжлэгч С.Оюунбаатар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө төлөөлөх этгээдээр Ц.Ариунжаргалыг томилж, түүнд 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 6 сарын хугацаатай итгэмжлэл олгожээ \хх-ийн 32 дугаар тал\. Гэтэл хэрэгт Ц.Ариунжаргалд 2 жилийн хугацаатай мөн өдөр олгосон итгэмжлэл авагдсан байна \хх-ийн 139 дүгээр тал\. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлөөллийн хугацаа дууссан бол нэхэмжлэгч итгэмжлэлийн хугацааг сунгах, эсхүл шинэ итгэмжлэл олгох үндэслэлтэй. Харин нэг өдөр хоёр өөр хугацаатай итгэмжлэл олгосон явдал ойлгомжгүй байхад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бүрэн эрхийн талаар шүүх ямар нэг дүгнэлт хийгээгүй нь учир дутагдалтай болжээ. Нэхэмжлэгч төлөөлөгчдөө нэхэмжлэгчийн эдлэх бүх эрхийг олгосон гэж үзэхээр боловч хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчтэй эвлэрэн хэлэлцэх тухай саналыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрөөгүй, түүний төлөөллийн хүчин төгөлдөр байдал, бүрэн эрх эргэлзээтэй байгаа тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс энэ талаар тодруулах шаардлагатай байжээ. 

Хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байхад шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4., 106.5.-д заасан ажиллагааг хийгээгүй нь ойлгомжгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журам зөрчигдсөн, талуудын маргааны зүйлийн талаар мэтгэлцэх эрхийг шүүх зохих журмаар хангаагүй нөхцөлд хяналтын шатны шүүх маргааны үйл баримт, шүүхийн хууль хэрэглээний талаар дүгнэлт хийх, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 167 дугаар шийдвэр, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 118 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН