Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 118

 

С.Оюунбаатарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч С.Өмирбек, шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж, Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 167 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Булган сумын Алагтолгой багт оршин суух Бурд овогт Сүхбаатарын Оюунбаатарын нэхэмжлэлтэй, хариуцагч Зэвсэгт хүчний 305 дугаар тусгай салбарт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Ц.Энхтуяа, нэхэмжлэгч С.Оюунбаатар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ариунжаргал, түүний өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баянжаргал, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Зэвсэгт хүчний 305 дугаар тусгай салбарын захирагчийн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 5/05 тоот тушаалыг хүчингүй болгож, гэрээт харуулын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай.

Нэхэмжлэлийн агуулга: С.Оюунбаатар би тус ангид 2006 онд галчаар орж ажиллаж байгаад 2011 оноос гэрээт харуулын орон тоонд албан ёсоор шилжин ажиллаж байтал 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр салбарын захирагч тушаал гаргаж, намайг ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Учир нь миний бие ажиллах хугацаанд ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй. Иймд Зэвсэгт хүчний 305 дугаар салбарын захирагчийн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 5/05 тоот тушаалыг хүчингүй болгож, намайг гэрээт харуулын ажилд эгүүлэн тогтоож, миний ажилгүй байсан хугацааны цалинг олгуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн тайлбарын агуулга: Манай байгууллагын орон тоо, бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх талаар 2015 оны 01 дүгээр сард дээд удирдлагаас мэдэгдэл ирж байсан. Тус мэдэгдлийн дагуу С.Оюунбаатартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар Хөдөлмөрийн хуульд заасны дагуу мэдэгдэл өгсөн. Зэвсэгт хүчний жанжин штабын даргын Н106, 5/754 дугаар тушаалын дагуу салбарын гэрээт харуул гэдэг орон тоог мэргэжлийн ахлагчаас бүрдсэн харуул гэдэг албан тушаал болгон өөрчилсөн. Гэрээт харуул С.Оюунбааатар нь ахлагчийн албан тушаалд тэнцэхгүй. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 167 дугаар шийдвэрээр: 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар С.Оюунбаатарыг Зэвсэгт хүчний 305 дугаар салбарын харуулын ажилд эгүүлэн тогтоосугай; 2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Зэвсэгт хүчний 305 дугаар тусгай салбараас ажилгүй байсан хугацааны цалин 4.042.944 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Оюунбаатарт олгож, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгасугай гэж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын утга: Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ бодит байдалд нийцсэн шударга шийдвэр гаргасангүй. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.

Шүүх хуралдаан дээр хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баянжаргал би С.Оюунбаатарыг гэрээт харуулын орон тоонд буцаан томилох шаардлагыг хүлээн зөвшөөрч, харин ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн төлүүлэхгүйгээр эвлэрэх хүсэлт гаргасан боловч миний хүсэлтийг шүүх харгалзан үзэлгүйгээр шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 167 дугаартай шийдвэрийг хянан үзэж бодит байдалд нийцсэн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, маргааныг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаагүй байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

С.Оюунбаатар нь Зэвсэгт хүчний 305 дугаар салбарын захирагчийн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/05 тоот тушаалыг  хүчингүй болгуулах, гэрээт харуулын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай шаардлагыг хариуцагч  Зэвсэгт хүчний 305 дугаар тусгай салбарт холбогдуулан   гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хариуцагч тал эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.

            Хэрэгт авагдсан баримтаар Зэвсэгт хүчний 305 дугаар тусгай салбарын захирагчийн  2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/05 тоот тушаалаар   ЗХЖШ-ын даргын 2015 оны н/106 дугаар тушаалын дагуу салбар шинэ зохион байгуулалтад шилжин ажиллах болсон тул салбарын захирагчийн зөвлөлийн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2 дугаар хуралдааны шийдвэрийг үндэслэн гэрээт харуул С.Оюунбаатарыг ажлаас чөлөөлсөн байна. (хх- ийн 5 дугаар  тал)

Хэргийн 89 дүгээр талд С.Оюунбаатарын Нийгмийн даатгалын дэвтэрт даатгуулагчийн ажил албан тушаалын өөрчлөлтийн тэмдэглэлд Зэвсэгт хүчний 305 дугаар тусгай салбарт гэрээт харуулын ажилд 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдөр томилж, 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гэрээт харуулын  ажлаас чөлөөлсөн тухай тэмдэглэжээ. Хариуцагч тал   С.Оюунбаатарыг  ажлаас чөлөөлсөн үндэслэлээ Зэвсэгт хүчний 305 дугаар тусгай салбар шинэчилсэн  бүтэц зохион байгуулалтад орж гэрээт харуулын ажлын байр гэж байхгүй болж мэргэжлийн ахлагчаар солигдсон тул 2015 оны  6 дугаар сарын 11-ний өдөр ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэх хуудас өөрт нь өгч гарын үсэг зуруулсан гэж тайлбарлажээ. Харин нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөх талаар надад 45 хоногийн өмнө мэдэгдээгүй, ажлаас чөлөөлсөн тухай тушаал хуулийн шаардлага хангаагүй, шинэчилсэн зохион байгуулалтад орсон гэдэг үндэслэлээр  ажлаас чөлөөлсөн нь буруу гэж тайлбарласан байна.С.Оюунбаатар Зэвсэгт хүчний 305 дугаар тусгай салбарт гэрээт харуулын ажилд 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдөр орж, 2016 оны 01 дүгээр сарын 06-ны уг ажлаас чөлөөлөгдсөн болох нь 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/05 тоот тушаал, түүний нийгмийн даатгалын дэвтрээр    тогтоогдож байна. /хх-ийн 5, 89 дүгээр тал/ хариуцагч Зэвсэгт хүчний 305 дугаар тусгай салбарын захирагч нь Г.Цагаанцоож Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад солигдож Б.Баянжаргал болсон байна.

Шүүх зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх үүргийг нь /хх-ийн 91, 92 дугаар тал/ тайлбарлаж өгсөн бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг татгалзаж байгаа талаарх нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл Ажил олгогч нь ажилтныг ажлаас чөлөөлсөн үндэслэлээ   шүүхэд нотлох баримтаар нотолж чадаагүй байна.

Анхан шатны шүүхзохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байна.

Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээж шийдвэрлэв. Хуульд зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1. Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 167 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч лсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар  давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.НЯМБАЯР

ШҮҮГЧИД                                                       С.ӨМИРБЕК

                                                                          Н.ТУЯА