Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 236

 

 

 

“ЭК” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

СА-ийн МХГ-т холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:          Ч.Тунгалаг,

            Шүүгчид:                        М.Батсуурь,

                                                    Б.Мөнхтуяа,

                                                    Д.Мөнхтуяа,

            Илтгэгч шүүгч:               П.Соёл-Эрдэнэ,

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,

Гомдлын шаардлага: СА-ийн МХГ-ын, техникийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 02 дугаар сарын 30-ны өдрийн 0063829 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах,

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 05 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 260 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх, өмгөөлөгч Г.Нацагдорж нарыг оролцуулж,

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 05 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 5.2, Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6, 37 дугаар дугаар зүйлийн 37.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.23 заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “ЭК” ХХК-ийн СА-ийн МХГ-ын техникийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 0063829 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 260 дугаар магадлалаар: Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 05 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн өмгөөлөгч Э.Туулын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хяналтын гомдлын үндэслэл:

3. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Эрчим хүчний яамнаас олгосон “Эрчим хүчний барилга байгууламж барих ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн гэрчилгээний үндсэн дээр тухайн барилгын ажлын гүйцэтгэгчээр оролцож эхэлсэн ба зураг төслийн дагуу ажил явагдаж эхлэхэд зураг төсөл нь тухайн барилга байгууламжийг барихад болохгүй байсан тул зураг төслийг Эрчим хүчний хөгжлийн төвтэй ярилцсаны эцэст өөрчлөлт оруулж тухайн ажлаа үргэлжлүүлсэн. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс Зөрчлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дүгээр зүйлийн 5.2-д заасан зөрчил гаргасан хэмээн дүгнэж хууль хэрэглээний хувьд алдаа гаргаж байна.

4. Барилгын тухай хуульд “эрчим хүчний барилга байгууламж” барих асуудлыг нарийвчлан зохицуулаагүй тул Эрчим хүчний сайдын 125 дугаар тушаалаар эрчим хүчний барилга байгууламж барих ажлын журмын 1.3-т барилга байгууламжийг шинээр барих, ...ажил эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрлийг Эрчим хүчний яам олгоно гэсний дагуу “Эрчим хүчний яам”-наас зөвшөөрлийг олгосон.

5. Магадлалд “...нөхцөлийг биелүүлэх” гэж тус тус заасан гэжээ. Гэтэл “ЭК” ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр “Нартын хаяа” ХХК оролцож байгаа тул захиалагч байх боломжгүй ба Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.18 барилгын ажил гүйцэтгэгч туслан гүйцэтгэгчийг ажиллуулж, ерөнхий гүйцэтгэгчийн чиг үүргийг хэрэгжүүлэх тохиолдолд туслан гүйцэтгэгчийн ажлын үр дүн, эрсдэлийг захиалагчийн өмнө хариуцах үүрэгтэй гэж заасан.

6. Иймд, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

7. Анхан болон давж заалдах шатны шүүхээс гомдлыг хэрэгсэхгүй болгож, хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

8. Гомдол гаргагч “ЭК” ХХК нь СА-ийн МХГ-ын техникийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 02 дугаар сарын 30-ны өдрийн 0063829 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага гаргасан байна. Уг шийтгэлийн хуудсаар “барилга захиалагчийн үүргээ биелүүлээгүй, аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалт газраас зөвшөөрөл аваагүй, зураг төсөлгүй барилгын ажил гүйцэтгэсэн” гэх үндэслэлээр 5,000,000 төгрөгөөр торгосон, гомдол гаргагчаас “Эрчим хүчний яамнаас зөвшөөрөл авч барилга барьсан, хууль зөрчөөгүй” гэж маргажээ.

9. Гомдол гаргагч “ЭК” ХХК нь Эрчим хүчний яам, Эрчим хүчний хөгжлийн төвтэй 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр “Сэлэнгэ аймгийн Мандал суманд Шинэ суурьшлын бүсийн цахилгаан дамжуулах агаарын шугам, 250кв АТП-ны ажлыг гүйцэтгэхээр захиалагч, гүйцэтгэгчийн хооронд ЭХА-034/2018 дугаар гэрээг байгуулсан. Мөн “Нартын хаяа” ХХК-тай 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр “Шинэ суурьшлын бүсийн цахилгаан дамжуулах агаарын шугам, 250 квт АТП-ны /Сэлэнгэ, Мандал сум/ ажлын хүрээнд хийгдэх шинээр баригдах 6кв-ын хуваарилах байгууламжийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэх” 19/2018 дугаар гэрээг байгуулжээ.

10. Энэ тохиолдолд гомдол гаргагч нь барилгын зураг төсөлгүйгээр барилгын ажил эхлүүлсэн зөрчил гаргасан болох нь тогтоогдсон, барилга угсралтын ажлыг технологи, зураг төсөлтэй таарч тохирсон тухай баримтыг хяналт шалгалтын явцад гаргаж өгөөгүй, энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүхээс зөв дүгнэжээ.

11. Эрчим хүчний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т “Эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрөл эзэмшигч нь барилга байгууламжийн зураг төсөл, барилга угсралтын ажлыг эрх бүхий байгууллагаар гүйцэтгүүлж хянуулсан байна”, 12 дугаар зүйлийн 12.1.11-т “Хуулийн этгээд эрчим хүчний барилга байгууламж барих үйл ажиллагааг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ” гэж тус тус заажээ. Гэтэл “ЭК” ХХК нь эрчим хүчний барилга байгууламж барих зөвшөөрлийг авсан боловч уг барилгын ажлын зураг төслийг батлуулаагүй атлаа барилгын ажил эхэлсэн зөрчил гаргасан болох нь шинжээчийн дүгнэлт, гэрч “Нартын хаяа” ХХК-ийн үүсгэн байгуулагч Д.Золбаярын “гэрээ хийж ажил хийгдэж эхлэхэд барилгын зураг төсөл өгөөгүй” гэх мэдүүлэг, Сэлэнгэ аймгийн Мандал суманд “Шинэ суурьшлын бүс”-ийн гадна цахилгаан хангамж, 6кв-ын хаалттай хуваарилах байгууламжийн барилгын ажлын зураг төсөлд хийгдсэн Барилгын хөгжлийн төвийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 257/2019 дүгээр магадлалын ерөнхий дүгнэлтээр тус тус тогтоогдсон байна.

12. Барилгын тухай /2016 оны/ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.23-т “гүйцэтгэгч барилгын ажлын захиалагчийн үүргийг хэрэгжүүлсэн тохиолдолд энэ хуулийн 37 дугаар зүйлд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх”, 37 дугаар зүйлийн 37.1.3-т “барилга байгууламжийн техникийн нөхцөл, зураг төсөл боловсруулах, барилгын ажлын зөвшөөрлийг энэ хуулийн ... зүйлд заасны дагуу авч, түүнд заасан нөхцөлийг биелүүлэх”, 37.1.10-т “барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийлгэж, холбогдох зардлыг хариуцах” гэж тус тус заасан тул “ЭК” ХХК нь захиалагчийн үүрэг хүлээх тухай шүүх дүгнэлт зөв болсон, энэ талаарх гомдол гаргагчийн “захиалагч байх боломжгүй” тухай гомдол үндэслэлгүй.

13. Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-т ““эрчим хүчний барилга байгууламж” гэж эрчим хүчний эх үүсвэр, дамжуулах, түгээх шугам, дэд станц болон технологийн зориулалттай бусад байгууламжийг”, 3.1.10-т ““эрчим хүчний барилга байгууламж барих” гэж эрчим хүчний эх үүсвэр, дамжуулах, түгээх шугам, дэд станцыг барьж байгуулах, технологийн үндсэн тоноглолд техникийн шинэчлэл хийх, сэргээн засварлах, өргөтгөх үйл ажиллагааг эрх бүхий байгууллагаар гүйцэтгүүлэхийг” гэж заасан тул гомдол гаргагчийн “энэ нь 6кв-ын цахилгааныг дахин хуваарилах байгууламж, өөрөөр хэлбэл, өндөр хүчдэлийн шугамуудыг хэрэглэгч нарт хүргэхийн тулд доод талд нь под станц байгаа, эрчим хүчний барилга байгууламжид хамааралгүй” гэх тайлбар үндэслэлгүй, эрчим хүчний барилга байгууламжийн бүрэлдэхүүн хэсэгт хамаарч байна.

14. Гомдол гаргагч нь “эрчим хүчний барилга байгууламжийн зураг төслийг “Ноёдын туурь” ХХК-иар хийлгэсэн боловч шаардлага хангахгүй байсан тул өөрчилсөн” гэж маргаж байгаа боловч уг өөрчилсөн зураг төслийг эрх бүхий байгууллагаар батлуулаагүй, “Мод арч” ХХК-иар зураг төслийг сүүлд хийлгэсэн буюу маргаан бүхий шийтгэлийн хуудас үйлдсэнийг дараа 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Барилгын хөгжлийн төвөөр хянуулж, батлуулсан байх тул улсын байцаагчийн шийтгэлийн хуудас хууль зөрчөөгүй байна.

15. Иймээс шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 05 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 260 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар гомдол гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ч.ТУНГАЛАГ

        ШҮҮГЧ                                                                    П.СОЁЛ-ЭРДЭНЭ