Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 05

 

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Одбаатар даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Электрик ком ХХК

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдох,

Сэлэнгэ аймгийн мэргэжлийн хяналтын газрын техникийн хяналтын улсын байцаагч Б.Гэрэлмаагийн 2019 оны 02 дүгээр сарын 30-ны өдрийн 0063829 дугаартай шийтгэлийн хуудсыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй зөрлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ц.Пүрэвжал

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Туул

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэлмаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: ... Манай компани Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Б.Гэрэлмаагийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн шийтгэлийн хуудсыг хууль бус болох, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаж байна. Сэлэнгэ аймгийн Мандал суманд баригдаж буй барилгад манай компани гүйцэтгэгчээр ажиллаж байгаа. Эрчим хүчний яамтай 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гэрээ байгуулан ажилласан. Энэхүү барилгын ажил нь 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр дуусгавар болох байсан. Гэрээний хугацаа дуусах байсан ажлын хугацаа давчуу, өвлийн улирал дөхсөн, зураг төслийн дагуу гүйцэтгэх боломжгүй, тухайн үеийн зураг нь техникийн нөхцөлийн дагуу зурагдаагүй, өөр материалаар хийгдэхээр зурагдсан байсан. Эрчим хүчний яамны техникийн зургийн дагуу ажлын зургийг өөрчлөөд, барилга гүйцэтгэсэн Нартын хаяа ХХК-тай туслан гүйцэтгэгч болон ерөнхий гүйцэтгэгчийн гэрээ байгуулан энэ барилгын ажлыг 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр эхлүүлсэн байгаа. Энэ ажлыг гүйцэтгэх явцад туслан гүйцэтгэгч компани санхүүжилтээ биднээс аваад, 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ажлаа гүйцэтгэж байгаад өвлийн улирал болсон ажлаа гүйцэтгэх боломжгүй гэж хэлээд барилгын ажлыг зогсоосон байгаа. Ингээд 2019 оны 01 дүгээр сард манай компанид зөрчлийн хэрэг нээсэн тухай тогтоол албан бичгээр ирсэн. Үүний дагуу 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс өмнө зөрчлийн хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар шүүхэд гомдол гаргасан гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хариуцагчийн хариу тайлбарыг сонслоо. Энэ зөрчлийн хэргийг нээхдээ Мандал сумын Засаг даргын хүсэлтийн дагуу зөрчлийн хэрэг нээсэн гэж тайлбарлаж байна. Мэргэжлийн хяналтын улсын байцаагч үйл ажиллагаандаа Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг баримтлах ёстой байдаг. Төрийн хяналтын шалгалтын тухай хуульд зааснаар төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус, гүйцэтгэлийн гэсэн шалгалтуудын тухай заасан байдаг. Аж ахуйн нэгжээс өргөдөл гомдол ирсний дагуу Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2-т зааснаар төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг явуулах ёстой байдаг. Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг явуулахдаа холбогдох ямар хуулийн заалтыг зөрчсөн талаар тайлбарлая. Өргөдөл нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг явуулахдаа өргөдөл, хүсэлтийг зохих нотлох баримтын хамт ирүүлэх ёстой байсан. Гэвч хавтас хэрэгт цугларсан нотлох баримт нь нэг хуудас баримт буюу Мандал сумын Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн албан бичиг байдаг. Өргөдөл гомдлын мэдээллийг үндэслэлтэй байна гэж үзсэн бол хяналт шалгалтыг ажлын 5 хоногийн дотор эхлүүлнэ гэсэн хуулийн зохицуулалттай. Энд юу зөрчигдсөн бэ гэхээр Мандал сумын Засаг даргаас 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Мэргэжлийн хяналтын газарт албан хүсэлт илгээсэн байдаг. Энэхүү албан хүсэлтийг илгээсний дараа маргааш нь буюу 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр зөрчлийн хэрэг нээсэн тухай тогтоол гарсан байдаг. Зөрчлийн хэрэг нээсэн тогтоолын үндэслэл нь фото зураг, албан бичиг зэрэг баримтуудаар зөрчлийн хэрэг болох нь тогтоогдсон гэж дурддаг. Бид зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол-ыг Мэргэжлийн хяналтын газраас шуудангаар 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авсан. Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол нь Мэргэжлийн хяналтын газрын дарга Ж.Отгонхүүгийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн албан бичигтэй хамт ирсэн. Зөрчлийн хэрэг нээхдээ фото зураг, албан бичиг, гэрээ зэргийг үндэслэн төрийн хяналт шалгалт хийх удирдамж, шийдвэрүүдийг шалгуулагчид танилцуулаагүй, хуулиар олгосон эрхийг нь зөрчсөн. Өөрөөр хэлбэл бидэнд албан бичгээс өөр эрх бүхий байгууллагын шийдвэр, батламж, удирдамж гэх албан бичгүүдийг өгөөгүй. Бид үүнийг хууль бус гэж үзсэн. Үүнд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т зааснаар төрийн хяналт, шалгалтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулна 4.1.6-д зааснаар хяналт шалгалтыг зөвхөн хууль болон нийтээр дагаж мөрдөхөөр бүртгэгдсэн эрх зүйн актыг үндэслэн явуулах. Төрийн хяналтын шалгалтын зарчмыг баримтлахгүйгээр энэ хуулийн 5.2-т заасан төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу эсхүл 5.3-т заасан төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр удирдамжгүйгээр хийж болохыг хуульд заасан байх-ыг Мэргэжлийн хяналтын газрын дарга Ж.Отгонхүүгийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн албан бичгийн хавсралтаар зөрчлийн хэрэг нээсэн тухай тогтоолын хуулбарыг ирүүлсэн байсан. Мандал сумын Засаг даргын хүсэлт нь нэгдүгээр ХХ-ийн 48 дугаар талд авагдсанаар 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ирсэн гэж зөрчлийн хэрэг нээх тухай тогтоолд бичсэн. 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Мэргэжлийн хяналтын газарт Мандал сумын Засаг даргын албан хүсэлт хүргүүлсэн байхад зөрчлийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр нээсэн нь ойлгомжгүй албан бичиг байсан. Үүнийг бид 19-ний өдрийг нь 09-ний өдөр ирсэн болов уу гэж үг үсгийн алдаа гарсан гэж залруулж, ойлгож байна. Мандал сумын Засаг даргын хүсэлтийг 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авсан атлаа нэг өдрийн дараа буюу 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр тогтоолд .... Нартын хаяа ХХК-тай байгуулсан гэрээний 2.2-т заасныг үндэслэсэн. Барилга угсралтын ажлыг 2018 оны 12 дугаар 07-ны өдөр эхэлсэн гэж бичээд дээрх зөрчлийг фото зураг, гэрээ албан тоотоор тогтоогдож байна... гэж дурдсан. Энэ нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т заасан Мандал сумын Засаг даргаас ирүүлсэн хүсэлт, гомдлыг зохих нотлох баримтгүйгээр дан ганц нэг хуудас ирүүлсэн байсан бөгөөд уг хүсэлт гомдлыг үндэслэлтэй гэж үзэн хяналт шалгалтыг ажлын 5 хоногийн дотор эхлүүлж, хууль тогтоомж зөрчсөн.

Өөрөөр хэлбэл эрх бүхий байгууллагын шийдвэр, удирдамжгүйгээр хяналт шалгалтыг дур мэдэн явуулж, хууль зөрсөн гэж үзэж байна. мөн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбарын 3 дугаарт заасан ...Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын баталсан удирдамж, жагсаалтын хамт 4 хуудас... /ХХ-53-54 дүгээр тал/ баримт авагдсан байдаг. Энэ нь Мэргэжлийн хяналтын байгууллагын газрын баталсан удирдамжийг шалгуулагч этгээдэд танилцуулсан тэмдэглэл, тайлбар байхгүй. Мөн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д Хяналт шалгалт эхлэхээс өмнө эрх бүхий албан тушаалтан шалгуулах этгээдэд шалгалтын зорилго, бүрэлдэхүүнийг танилцуулж удирдамж, хяналтын хуудасны нэг хувийг өгөх бөгөөд улсын байцаагч албаны үнэмлэхээ үзүүлнэ гэсэн заалтыг зөрчиж, 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авсан баримт бичиг энэ нь байхгүй байсан. Удирдамжид Мэргэжлийн хяналтын газрын дарга Ж.Отгонхүүгийн цохолт бичсэн байдлаас харахад огнооны сүүлийн өдрийн тоо харагдахгүй байгаа. 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 гэсэн тоонууд биш. 9 гэсэн тоо гэж тааварлахаар байна. Шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт нь эргэлзээтэй тул нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Хэрэв 9-ний өдөр гэж харах юм бол удирдамж нь 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гарсан бөгөөд зөрчлийн хэрэг нээх тухай тогтоолын үндэслэл болохгүй юм.

Иймд удирдамж нь хэрэгт хамааралгүй болж байна. Ингээд Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн албан бичиг болон Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол нь дээр дурдсан холбогдох хуулийг зөрчсөн. Удирдамж шийдвэргүйгээр хяналт шалгалтыг хэзээ явуулсан нь тодорхойгүй. Хяналт шалгалтыг нэг өдрийн дотор явуулсан нь худлаа гэж дүгнэж байна. Яагаад худлаа гэж дүгнэж байна вэ гэдэгт тайлбар хийе. Сая хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байна. Газар дээр нь очиж үзсэн гэж ярилаа. Тэгэхээр Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоолд 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ажил эхэлсэн гэх боловч энэ нь нотлох баримтгүй, зөрчлийн хэрэг нээхдээ авагдсан нотлох баримтуудаар нээсэн хаасан гэх үг өгүүлбэр байхгүй. Өвлийн улирал байсан учир үйл ажиллагаа зогссон байсан. Энэ талаар хяналтын улсын байцаагчийн тэмдэглэл байхгүй.

Мөн Нартын хаяа ХХК-тай байгуулсан гэрээний төлбөр 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс өмнө хийгдсэнийг тайлбарлаж байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргаж өгсөн нотлох баримтуудаас дүгнэхэд 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Мандал сумын Засаг дарга нэр бүхий 4 хүнтэй хамт газар дээр нь очиж шалгалт хийж байгаа гэрэл зураг, цахим шуудан зэрэг баримтууд, мөн Нартын хаяа ХХК-ийн үүсгэн байгуулагчаас гэрчийн мэдүүлэг авсан талаарх нотлох баримтууд байдаг. Гэтэл энэ бүх үйл ажиллагаа 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хийгдсэн байгаа. 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр зөрчлийн хэрэг нээхдээ эх сурвалж болгосон нотлох баримт нь 15-ны өдрөөс өмнө хийгдсэн гэсэн ямар ч нотлох баримт байхгүй. Иймд зөрчлийн хэрэг нээсэн тогтоол нь хууль бус байна. Ингээд шийтгэлийн хуудсыг 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр бичсэн байсан. Шийтгэлийн хуудасны 6-т 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн дотор төлбөр төлөхийг мэдэгдэж байна, мөн 12-т 2019 оны 02 дугаар сарын 28-ны дотор Захиргааны хэргийн шүүхэд гомдол гарах эрхтэй болохыг дурдсугай гэж бийсэн шийтгэлийн хуудсыг бид 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр шуудангаар хүлээн авсан. Хариуцагч тал бидэнд шийтгэлийн хуудсыг өгсөн гэж байгаа боловч /ХХ-116-117 дугаар тал/ Мэргэжлийн хяналтын газар шууданд 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хийсэн. Улаанбаатар хотын шууданд 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр авсан шууданчийн тамга, гарын үсэг бичигдсэн. Ингээд бид 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авсан. Бид шийтгэлийн хуудастайгаа танилцаад төлбөр төлөх хугацаа нь өнгөрсөн байна. 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд хандах л боломжтой юм байна гэж үзсэн. Ж.Отгонхүү даргын албан бичигтэй ирсэн тул дээд шатны албан тушаалтан нь танилцсан юм байна гэж ойлгоод 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд хандсан. Шүүх нэхэмжлэлийг буцаасан. Учир нь урьдчилсан шийдвэрлэх арга хэмжээг авах ёстой гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг буцаасан. Ингээд бид Мэргэжлийн хяналтын газрын даргад 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр шийтгэлийн хуудас хүчингүй болгуулах тухай гомдол гаргасан. 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр ямар ч боломжгүй гэсэн хариуг авсан. Анх Ж.Отгонхүү даргын албан бичигтэй хамт шийтгэлийн хуудас ирэхэд нь эрх бүхий дээд шатны дарга нь танилцсан юм байна гэж ойлгож шүүхэд хандаж байсан. Энэ хугацаанд Мэргэжлийн хяналтын газраас гүйцэтгэх хуудас бичсэн хууль зөрчсөн асуудал байдаг гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:... Эпектрик Ком ХХК-ийн нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Б.Гэрэлмаагийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 0063829 дугаартай шийтгэх хуудсыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг эс хүлээн зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

 

1.Элекгрикком ХХК-ийн Захирал Б.Бямбацогтоос тайлбар аваагүй, нотлох баримт гаргаж өгөх боломжоор хангаагүй, хуваарилах байгууламж зураг төслийн баригдаж байгаа эсэхийг шалгаж тогтоогоогүй байж Зөрчлийн тухай хуулийн дагуу 5000 нэгж буюу 5000000 төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэсэн гэсэн нь:

Мэргэжлийн хяналтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагч Б.Гэрэлмаа нь 2019 оны 1 дүгээр сарын 15, 16, 17-ны өдрүүдэд Электрик ком ХХК-ийн захирал С.Бямбацогттой удаа дараа утсаар холбогдож Зөрчлийн тухай хуулийн дагуу зөрчлийн хэрэг нээж, шийтгэлийн арга хэмжээ тооцох тухай мэдэгдэхэд /би очиж чадахгүй та нар түүгээрээ асуудлаа шийд, хэний захиалгаар шалгалт хийгдээд байгаа юм? Тэдэнтэйгээ учраа ол. Бидэнд хамаагүй гэх зэргээр хариултыг өгч байсан нь улсын байцаагчийн утасны дуу хураагуур болон Мобиком компанийн ярианы түүхийн бүртгэлээр тухай бүр мэдэгдэж байсан нь нотлогддог.

 

2.Мөн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 1 дүгээр сарын 17-ны 01/33 дугаартай албан бичгээр Электрикком ХХК-нд Зөрчлийн хэрэг нээсэн тогтоолыг болон ирж мэдүүлэг өгөх, холбогдох нотлох баримтуудыг авч ирж шалгуулах шаардлагатай тухай албан бичиг хүргүүлсэн боловч тус компаниас ямар ч этгээд дурдсан хугацаанд ирээгүй.

Энэ нь МХГ-ын даргын 01/33 дугаартай албан бичгийг Электрикком ХХК-ажилтан Мягмарцэрэн хүлээж авсан нь Сэлэнгэ аймгийн шуудан холбооноос ирүүлсэн лавлагаагаар тус тус нотлогдож байгаа тул тухайн нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа илтэд санаатайгаар мэдэн будилсан үйлдэл бөгөөд Хэрэг бүртгэл, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3-д Холбогдогч шүүх, прокурор, эрх бүхий албан тушаалтан дуудсан цагт хүрэлцэн ирэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

3.Нэхэмжлэлийн шаардлагад Зөрчлийн хэрэг нээсэн талаар мэдэгдэж тайлбар өгөх болон нотлох баримт гаргаж өгөх боломжоор хангаагүй хэрэг бүртгэлийг явуулсан гэсэн нь:

 

2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Мэргэжлийн хяналтын газрын даргын 01/60 дугаартай албан бичгээр Зөрчлийн тухай хуулийн 12.1 зүйлийн 5.2-д Барилгын ажлын захиалагч хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэсэн заалтын дагуу шийтгэлийн арга хэмжээ ногдуулсан тухай мэдэгдэл хүргүүлсэн.

Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.8 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт мэдүүлэг өгөхөөс татгалзсан бол энэ тухай тэмдэглэлд тусгана гэж заасны дагуу эрх бүхий албан тушаалтан энэ тухайгаа Зөрчлийн хэргийн тэмдэглэлд тусгасан байгаагаас үзэхэд Зөрчлийн хэрэг нээснийг мэдэгдэж тайлбар өгөх болон нотлох баримт гаргаж өгөх боломжоор хангаагүй хэрэг бүртгэлийг явуулсан гэсэн нь үндэслэлгүй байна.

4.Мөн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Эрчим хүчний яамнаас барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл олгосон гэж нэхэмжлэлийн шаардлагад дурдсан нь:

Монгол улсын Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 317 дугаар тогтоолын дагуу Барилга байгууламжийн төвшилийн ангилал-аас хамаарч барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийн Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар олгохоор тусгасан бөгөөд тухайн шалгалт явуулж байх үед тухайн нотлох баримтыг гаргаж ирүүлээгүй нь нотлох баримтыг санаатайгаар нуун дарагдуулсан үйлдэл гэж үзэхээр байна.

5.Дээрх шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах асуудлыг Сэлэнгэ аймаг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Шийтгэлийн хуудас албадан гүйцэтгүүлэх тухай 30 дугаартай захирамжаар тус захирамжид гомдол гаргах эрхгүй гэж заасан зэрэг нөхцөл байдлыг үнэлэн хуульд заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: ... Мандал сумын Засаг даргаас албан хүсэлт ирүүлсний дагуу 2019 оны 01 дүгээр сард манай байгууллагаас эрчим хүч хариуцсан хяналтын улсын байцаагч, барилгын хяналтын улсын байцаагч бид хоёр газар дээр нь очиж шалгалтыг явуулсан. Газар дээр нь очоод нэхэмжлэгч талын хуучин захирал н.Бямбацогт, үүсгэн байгуулагч н.Гончигсүрэн гэдэг хүнтэй ярьсан. н.Гончигсүрэн нь Мандал сумын Засаг даргын тамгын газарт нэрийн хуудсаа үлдээгээд, ... энэ барилгын ажилтай холбоотой ямар нэгэн асуудал гарахад би төлөөлөлд байх ёстой... гэж хэлээд нэрийн хуудсаа үлдээсэн байсан учир түүнтэй холбогдсон. Энэ утсаар яриад бүгдийг нь дуудсан. Мөн Нартын хаяа ХХК-ийг дуудсан. Гэтэл Электрик ком ХХК-с хүн ирээгүй, Нартын хаяа ХХК-аас хүн ирсэн. Хавтас хэрэгт хэдэн удаа утсаар ярьсан, цахим шуудан бичсэн тухай тэмдэглэл нотлох баримтаар өгсөн байгаа. Газар дээр нь очоод үзэхэд ханын тоосгон өрлөгтэй барилга байсан. Тухайн барилга байгууламжид 2018 оны 12 дугаар сард барилгын ажил нь зогссон байсан. Тоосгон барилгын өрлөгийг харахад Монгол улсад заавал мөрдөгдөх баримт бичгийн тогтолцооны өрлөг өрөх норм дүрмийн шаардлага хангахгүй өрсөн байсан. Өрлөг өрөх барилгын норм дүрэмд тоосгон хэвтээ босоог заасан байдаг. Энэ хэмжээ нь шаардлагад хүрэхгүй байсан.

Хоёрдугаарт: Тухайн бүс нутагт Мандал сум 7 баллын газар хөдлөлтийн бүсэд оршдог. 7 баллын газар хөдлөлтийн бүсэд заавал газар хөдлөлтийн талаар арга хэмжээ авагдсан байх ёстой. Төмөр бетон бүстэй байх ёстой, энэ ажил хийгдээгүй байсан. Нүдээр харсан зөрчил бол энэ. Дээрээс нь барилга угсралтын ажил нь Барилгын тухай хуульд заасны дагуу ашигласан материалын чанарын сертификат, шинжилгээний дүнгүүдээр тодорхойлогддог. Тухайн өрлөгт бүтээсэн ажлын гүйцэтгэл өвлийн нөхцөлд дундаж температур нэмэх 0 градусаас нэмэх 5 градусаас доош орсон, шөнөдөө нэмэх 0 градусаас доош орсон тохиолдолд өвлийн ажлын норм дүрмийн дагуу өрлөгт бүтээлийн ажлыг гүйцэтгэдэг.

Өвлийн ажлын норм дүрмийн дагуу өрлөгт бүтээлийн ажлыг гүйцэтгэхдээ тухай зурагт хүйтний ямар хэмжээгээр хийж байгааг технологийн зааварт тусгаад Мэргэжлийн хяналтын газрын барилгын хяналтын улсын байцаагчаар хянаж баталгаажуулсан байх ёстой. Үүнийхээ дагуу журнал хөтлөөд, өргийн ажлыг гүйцэтгэсэн байна. Гэтэл энэ ажил хийгдээгүй. Мөн техникийн баримт бичгийг үзье, ил тод актуудаа аваа ирээч гэж хэлэхэд, барилга угсралтын ажлын суурин нүхийг ухлаа гэхэд, суурийн нүхыг ухангуут өндөржилт нь тухайн зураг төсөлтэй таарч байна уу, үгүй юу гэдгийг мэргэжлийн геодезийн байгууллагаар баталгаажуулсан актыг үйлдэх ёстой. Мөн зураг төсөл зохиогч болон захиалагчийн гүйцэтгэх инженерүүдийн баталгаажуулсан ил тод ажлын актыг хийх ёстой. Суурийн нүх ухаад, өндөржилтөнд таарсан тохиолдолд тэр актыг бичсэнээр дараагийн үе шатны ажил эхэлнэ гэж Барилгын тухай хууль болон холбогдох норм дүрэмд заасан байдаг. Суурийн ажил эхлэнгүүт, сууриа үзээд ашигласан материалын сертефикат, барилга угсралтын ажлын технологи, зураг төсөлтэйгөө таарсан тохиолдолд суурин актын ажлыг зохиогч, захиалагчийн хяналт гүйцэтгэлээр баталгаажуулсан байх ёстой. Зураг төсөлтэй таарсан үзүүлэлттэй материал, чанарын сертефкаттай таарсан, хангасан байна гэж үзээд дараагийн ханын өрлөгийн ажил хийдэг. Мөн тухайн ажлын гүйцэтгэлийг барилга угсралтын ажлын журналд бичсэн байх ёстой. Энэ техникийн баримт бичгүүдийг аваад ирээч ээ гэж удаа дараа шаардлага тавьсан боловч ирүүлээгүй. Газар дээр нь үзлэг шалгалт хийхэд тухайн үед Мандал сумын орлогч дарга, дэд бүтэц хариуцсан мэргэжилтэн, мөн Цахилгаан түгээх сүлжээний Зүүнхараа салбарын инженерүүдтэй хамтарч, хяналт шалгалтын үзлэгийг хийсэн.

Ийм учраас Барилгын тухай хуульд заасны дагуу ерөнхий гүйцэтгэгч нь захиалагчийн өмнө туслан гүйцэтгэгчийн хийсэн ажлын үр дүн чанарыг өөрийн биеэр хариуцна гэж хуульд заасны дагуу Электрик ком ХХК-д зөрчлийн хэрэг үүсгэн, шийтгэлийн арга хэмжээ тооцсон байгаа гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын техникийн улсын байцаагч Б.Гэрэлмаа нь 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 0063829 дугаартай шийтгэлийн хуудсаар нэхэмжлэгч Электрик Ком ХХК-ийг барилгын захиалагчийн чиг үүргээ хэрэгжүүлээгүй үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар 5000 нэгж буюу 5.000.000 төгрөгөөр торгож шийтгэл оногдуулсныг гомдол гаргагч Электрик Ком ХХК нь эс зөвшөөрч дээрх 0063829 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Электрик Ком ХХК нь 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Шинэ суурьшлын бүсийн цахилгаан дамжуулах агаарын шугам, 250 квт АТП-ны Сэлэнгэ, Мандал сум ажлыг гүйцэтгэхээр Эрчим хүчний яамтай захиалагч гүйцэтгэгчийн хооронд гэрээ байгуулж Барилгын тухай хуульд заасан гүйцэтгэгчийн үүргийг, мөн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Шинэ суурьшлын бүсийн цахилгаан дамжуулах агаарын шугам, 250 квт АТП-ны Сэлэнгэ, Мандал сум ажлын хүрээнд шинээр баригдах 6 квт-ын хуваарилах байгууламжийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр Нартын хаяа ХХК-тай гэрээ байгуулж, Барилгын тухай хуульд заасан захиалагчийн үүргийг тус тус хэрэгжүүлэхээр болжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтууд болон шүүх хуралдаанд оролцогч нарын гаргасан тайлбараар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Электрик Ком ХХК нь Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.23-т заасны дагуу гүйцэтгэгч барилгын ажлын захиалагчийн үүргийг хэрэгжүүлсэн тохиолдолд Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд уг үүргээ зөрчиж, Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-д заасан барилга байгууламжийн техникийн нөхцөл, зураг төсөл боловсруулах, барилгын ажлын зөвшөөрлийг энэ хуулийн 22, 23, 26 дугаар зүйлд заасны дагуу авч, түүнд заасан нөхцлийг биелүүлэх гэсэн заалтыг зөрчсөн болох нь нотлогдож байна.

Тухайлбал нэхэмжлэгч нь 2018 онд уг барилгын ажлыг эхлүүлэхдээ Барилгын тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан барилга байгууламжийн зураг төсөлгүйгээр барилгын ажлыг эхлүүлсэн болох нь Барилга хот байгуулалтын яамны харьяа Барилгын хөгжлийн төвөөс шүүхэд ирүүлсэн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1/156 дугаартай албан бичиг, зураг төслийн баримт бичгийн магадлалын ерөнхий дүгнэлт-ээр нотлогдож байна. Учир нь уг барилгын зураг төслийг хийж гүйцэтгэсэн Мод-Арч ХХК-ийн зураг төслийн магадлалын ерөнхий дүгнэлтийг Барилгын хөгжлийн төвөөс 2019 оны 03 дугаар сарын 26-ний өдөр гаргасан нь барилгын ажлыг эхлүүлэхдээ зураг төсөлгүйгээр эхлүүлснийг нотолж байна.

Мөн нэхэмжлэгч нь 2018 онд барилгын ажлыг эхлүүлэхдээ Барилгын тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан зөвшөөрлийг 35 дугаар зүйлийн 35.1.6-д заасны дагуу Сэлэнгэ аймгийн Засаг даргад хүсэлт гаргаж барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг авах ёстой байтал Эрчим хүчний яамнаас барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авч барилгын ажлаа эхлүүлсэн болох нь Эрчим хүчний яамнаас 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр олгосон АЭЗ/66Ц/ 2018 дугаартай зөвшөөрлийн гэрчилгээ нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байна.

Барилгын тухай хуульд барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг Аймаг, Нийслэлийн Засаг дарга олгохоор зохицуулснаас гадна Монгол улсын Засгийн газрын 2017 оны 68 дугаартай тогтоолоор Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм-г баталсан байх бөгөөд уг дүрмийн 2.2-т Захиалагч Барилгын тухай хуулийн 28.2, 28.3, 28.4-т заасан баримт бичгийг бүрдүүлэн барилгын ажлын зөвшөөрөл авах хүсэлтийг Барилгын тухай хуулийн 32.1.5-д заасан барилга байгууламжийн хувьд холбогдох төрийн захиргааны төв байгууллагад, бусад тохиолдолд аймаг, нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал хариуцсан байгууллагад гаргана гэж заасныг нэхэмжлэгч нь зөрчжээ.

Нэхэмжлэгч нь дээрх Барилгын тухай хуулийн заалтууд, Засгийн газрын тогтоолоор баталсан Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм-н заалтуудыг зөрчиж барилгын ажлыг эхлүүлсэн, мөн үргэлжлүүлсэн болох нь Сэлэнгэ аймгийн газрын харилцаа, хот байгуулалтын газраас томилогдсон шинжээч нарын 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01/2020 дугаартай дүгнэлтээр давхар нотлогдож байна.

Мөн Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын техникийн хяналтын улсын байцаагчийн тухайн нэхэмжлэгч компанийн барилга барихтай холбоотой үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалт нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг зөрчөөгүй, хяналт шалгалтыг хуулийн дагуу хийж гүйцэтгэсэн нь хэргийн материалд цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байгааг дурьдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 5.2, Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6, 37 дугаар дугаар зүйлийн 37.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.23 заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Эликтрик Ком ХХК-ийн Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын техникийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 0063829 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Л.ОДБААТАР