| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүйсэнбекийн Көбеш |
| Хэргийн индекс | 130/2019/00450/И |
| Дугаар | 212/МА2020/00065 |
| Огноо | 2020-09-21 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 212/МА2020/00065
А.Бы нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч М.Нямбаяр, Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй, тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 130/ШШ2020/00701 дүгээр шийдвэртэй, Өлгий сумын 3 дугаар багт оршин суух, С овогт А-н Бы нэхэмжлэлтэй, тус аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Ж.Ахмарал, нэхэмжлэгч А.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжан, хариуцагчийн өмгөөлөгч К.Ержан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Б/22 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын сахиулын ажилд эгүүлэн тогтоолгох тухай.
Нэхэмжлэлд: А.Б миний бие 2008 оноос эхэлж хариуцагч байгууллагад сахиулаар ажиллаж ирсэн. Гэтэл шинээр томилогдсон дарга Х.Знь намайг үндэслэлгүйгээр хавчин гадуурхаж байгаад ажлаас халчихлаа. Үндэслэлийг нь асуухад төсөв байхгүй гэсэн бүдэг бадаг хариулт өгч байна. Төсөв дутсан асуудалд миний буруу байхгүй. Хариуцагч өөрөө дур мэдэн төсөв хэтрүүлж олон хүн авч ажиллуулчхаад дараа нь төсөв хүрэхгүй байна гэсэн үндэслэлээр 10 гаруй жил тогтвор суурьшилтай ажилласан намайг ажлаас халж, өөрийнхөө хүмүүсийг ажиллуулж байгаа нь шударга бус юм. Өөрөөр хэлбэл миний хууль ёсны итгэл хамгаалагдах ёстой гэж бодож байна. Иймд Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Б/22 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын сахиулын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн тайлбарт: Миний бие Х.Знь аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргаар 2016 оны 9 дүгээр сараас томилогдон ажиллаж байгаа ба эдүгээ 3 жил гаруй хугацаа болоод байна. Үүнийг шинээр томилогдсон гэж үзэх боломжгүй. Тус газарт манаачаар ажиллаж байсан А.Быг аль нэг шалтгаанаар хавчин гадуурхаж байсан удаа байхгүй. 2019 оны эцэст А.Быг оны шилдэг үйлчилгээний ажилтнаар шалгаруулсан нь түүнийг дэмжиж ажилласны илрэл. Хариуцагч буюу аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга дур мэдэн төсөв хэтрүүлсэн удаа байхгүй, тийм эрх ч үгүй. Төсөв дутсан асуудалд дарга, ажилтнуудын аль нь ч буруугүй, дараа жилийн төсвийн төслийг хийхдээ орон тоо, цалингийн санг хангалттай тусгадаг боловч төдийлөн дэмжигдэхгүй батлагддаг. 2019 оны Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлд Монгол Улсын төсвөөс 2019 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчид доор дурдсан төсөв зарцуулах эрхийг олгосугай гэсний дагуу мөн хуулийн 25 дугаар заалтаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын багцыг баталж, Боловсрол, соёл, шинжлэн ухааны сайд Ц.Ц2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 1а/490 тоот албан бичгээр аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын 2019 оны батлагдсан төсвийг ирүүлсэн. Уг төсөвт 22 орон тоогоор буюу дарга 1, гүйцэтгэх ажилтан 18, үйлчлэх ажилтан 3 хүнтэй үйл ажиллагаа явуулахаар орон тоог цөөрүүлж баталсан ба энэ онд төсөвт тодотгол хийгдэхгүй талаар хатуу анхааруулсан. Тус газрын төсөв, цалингийн сан олон жил дутуу батлагдаж ирж байсан бөгөөд 2016 онд 40,906,6 сая төгрөг, 2017 онд 32,2 сая төгрөг, 2018 онд 25,8 сая төгрөгөөр тус тус өртэй байсныг Боловсрол, соёл, шинжлэн ухаан, спортын яам, аймгийн Засаг даргад хүсэлт хүргүүлэн тодотголоор шийдвэрлүүлж ирсэн. Үүнийг Боловсрол, соёл урлагийн газарт зарим орон тоо илүү байгаатай холбоотой гэж тухайн үед үзэж байсан. Боловсрол, соёл, шинжлэн ухаан, спортын яамнаас 2019 оны төсөвт орон тоог 22 орон тоогоор баталж ирүүлсэн үүнтэй уялдуулан цомхотгол хийгдэх талаар оны эхэнд хамт олны хурлаар танилцуулж байсан. Эдгээр орон тоог хадгалж үлдэх гэж хөөцөлдөж явсаар 6 сарын хугацаа алдсан ба А.Быг 2019 оны 6 дугаар сарын 24-нийг хүртэл тасралтгүй ажиллуулж цалинг бүрэн олгосон. Үүнээс болж төсөвт 3,778,904 төгрөгийн хохирол учраад байна. Боловсрол, соёл, урлагийн газраас орон тоо хасагдсан, цалин дутуу батлагдсан гэж зүгээр суугаагүй 2019 оны төсөвт хасагдсан орон тооны талаар жилийн эхнээсээ Монгол Улсын Сангийн яаманд 2019 оны 36 тоот албан бичиг, Боловсрол, соёл, шинжлэн ухаан, спортын яамд 2019 оны 40, 99 тоот албан бичгүүдийг тус тус хүргүүлэн орон тоогоо хадгалж үлдэх талаар хүсэлт тавьж ажилласан боловч дэмжлэг авч чадаагүй. Иймд 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Боловсрол, соёл, урлагийн газар бүтэц орон тоо, төсөв, ажлын байранд хийсэн хяналт шинжилгээний дүн зэргийг тус тус үндэслэн бүтэц, орон тоог шинээр батлуулах саналаа аймгийн Засаг даргад хүргүүлэн бүтцээ батлуулсан. Байгууллагын үндсэн 25 хүнээс гадна аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2017 оны 30 дугаар тогтоолоор баталсан Элсэлтийн ерөнхий шалгалтын үр дүнг дээшлүүлэх, Бага боловсрол, эх хэл, монгол хэлний сургалтын чанарыг сайжруулах аймгийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Бага боловсрол, бага боловсролын аймгийн дэд хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр З овогтой М, Монгол хэл, уран зохиолын боловсрол, аймгийн дэд хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр С овогтой Г, 2016 оны аймгийн Засаг даргын А/556 дугаар захирамжийн дагуу Соёлын өвийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтнээр М овогтой Ермек нарыг тус тус шинээр 2018 оноос авч ажиллуулж байгаа ба цалингийн санг 2018 онд аймгаас нэмж өгсөн. 2019 оны эхний улиралд дээрх 3 хүний цалинд аймгаас 9.0 сая төгрөг нэмсэн ба үлдсэн мөнгийг улирал болгон төсөвт нэмж өгөхөөр төлөвлөөд байна. Энэ нь тус байгууллагын цалингийн сан, төсөв хүрэлцэхгүй байгаа, орон тоо хасагдсантай холбогдолгүй болно. Иймд нэхэмжлэгч Х.Бы нэхэмжлэлийг хүчингүй болгож, хариуцагчийн тушаалыг хэвээр үлдээж өгөхийг хүсье гэжээ.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 130/ШШ2020/00701 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч А.Бы Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Б/22 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын сахиулын ажилд эгүүлэн тогтоож өгөх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарласан бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзээд давж заалдах журмаар гомдол гаргаж байна. 2008 оны 10 дугаар сард анх аймгийн Боловсролын газарт ээлжийн сахиул тушаалтай ажилд орж байсан. Түүнээс хойш тасралтгүй 11 жил ажиллаж ирсэн. Ажиллаж байх хугацаанд ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Ажлын онцлогоос шалтгаалж амралтын цаг өдрүүдэд хувиараа хөдөлмөр эрхэлж амьдралаа авч явж байгаа нэгэн. 2019 оны 6 дугаар сард БСУГ-аас үйлчилгээний ажилтан 5 хүнийг нэг доор цомхотголд оруулсан. 3 манаач, 1 архивч, 1 мэдээлэл технологийн мэргэжилтэн 5 хүнийг аймгийн Засаг даргаар захирамж гаргуулан, түүнийг үндэслэн халсан. Бодит байдал дээр орон тоо хасагдаагүй, харин ч нэмэгдсэн байхад манаачийн орон тоо хасагдсан гэж ажлаас халсанд гомдолтой байна. Манаачийн орон тоо нэг мөсөн хасагдаагүй, зөвхөн нэр нь өөрчлөгдөж "өдрийн жижүүр" гэсэн нэртэй болсон. Гэхдээ урьд 3 манаачтай байсан бол тухайн орон тооны нэрийг өөрчилснөөр 1 хүн 8 цагаар ажиллах болсон. 3 орон тоог цөөрүүлж 1 болгохдоо тухайн байгууллагад манаачаар ажиллаж байсан 3 манаачийг орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлж, урьд нь түр хугацаагаар манаачийн орон тоонд нөхөөсөөр ажиллаж байсан Т.Мадет гэгчийг бидний орон тоонд авч ажиллуулсан. Түүнээс биш тухайн ажлын байрны тодорхойлолт өөрчлөгдөөгүй, манаачийн хийж гүйцэтгэх ажил үүрэг хэвээр байсан. Ганц өөрчлөгдсөн зүйл гэвэл урьд нь гурван хүн ажилладаг тул ээлжээр 24 цагаар ажилладаг байсан бол албан тушаалын нэрийг өөрчилж 1 орон тоо болгож өөрчилсний дараа 8 цагаар ажиллахаар болж зохицуулсан. Манаачаар хамгийн олон жил тогтвор суурьшилтай ажилласан намайг тус орон тоонд үргэлжлүүлэн ажиллуулахгүйгээр шинээр хүн авч ажиллуулж байгаад гомдолтой байна. Надаас өөр 2 манаач тус байгууллагад үргэлжлүүлэн ажиллахыг хүсээгүй. Тэгээд ч тэд нарын тэтгэмжийг олгож, гомдолгүй болгосон. Намайг үндэслэлгүйгээр цомхотголд оруулж миний гэр бүлийг маш их хүнд байдалд оруулсан. Анхан шатны шүүх нь манаачийн орон тоо хасагдсан байна гэж буруу дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Манаачийн орон тоо нь ямар ч нэрээр бүтэц орон тоонд орж болно. Жишээлбэл, сахиул, жижүүр, манаач гэх мэтээр бүтэц орон тоонд орж болно.
Шинэ бүтцэд манаачийн орон тоо нь өдрийн жижүүр гэж орж ирсэн ба урьд нь 3 байсан бол энэ удаад 1 болж цөөрч батлагдсан байв. 3 орон тоо бүр мөсөн хасагдаагүй байхад шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад буруу дүгнэлт хийж хууль бус шийдвэр гаргасан. Мөн анхан шатны шүүх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Хөдөлмөрийн тухай 40 дугаар 40.1.1-д заасан "орон тоо хасагдсан", "ажилтны тоог цөөрүүлсэн" гэсэн нь тус тусдаа ялгаатай гэдгийг анзаараагүй. Шүүхээс манаачийн ажил үүрэг нь хэвээр хадгалагдсаар байхад манаачийн орон тоо хасагдсан гэж дүгнэсэн нь буруу. Тэгээд цалин хөлс, төсөв нь байсаар байсан. Үнэхээр орон тоо хасагдсан гэж үзвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу ажилтанд хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх ёстой байсан. Надад орон тоо хасагдсан тул хөдөлмөрийн гэрээг цуцлах гэж байгаа талаар урьдчилж мэдэгдээгүй. Би шуудангаас мэдэгдлийг ажлаас чөлөөлөхөөс хэдхэн хоногийн өмнө авсан. Хариуцагчийн тайлбарлаж байгаачлан надад ажлаас чөлөөлөх гэж байгаа талаар 45 хоногийн өмнө мэдэгдсэн зүйл огт байхгүй, би гарын үсэг зурахаас татгалзсан зүйл ч байхгүй. Бүгд худлаа. Р.Серикбол, Н.Мухтар, Е.Марат, Уранцэцэг нар намайг гарын үсэг зурахаас татгалзсан хэмээн шүүхэд баримт бичиж өгсөн учрыг огт ойлгохгүй байна. Тэд нар надтай ямар ч холбоогүй. Намайг ажлаас чөлөөлөх гэж байгаа талаар тэд нар ч урьд өмнө нь дуугарч байгаагүй атлаа шүүхэд ямар учраас тийм зүйл бичиж өгч байгааг нь ойлгохгүй. Тэдгээр хүмүүс даргын нөлөөнд орж, хуурамч зүйл бичиж өгсөн байх гэж бодож байна. Шүүх нь тэдний бичиж өгсөн баримтыг нотлох баримтаар үнэлэн, нэхэмжлэгч надад түүнийг няцаах баримт байхгүй хэмээн дүгнэсэн нь хууль бус байна. Би түүнийг няцаах баримтыг амаар хэлж байгаа, надад мэдэгдээгүй, зөвхөн хэдхэн хоногийн өмнө шуудангаар мэдэгдэх хуудас авсан гэдгээ нуухгүй байгаа. Харин ч тэдгээр баримт бичиж өгч байгаа хүмүүс өөрсдийгөө гэрчилж байгаа зүйлийнхээ эх сурвалжийг нотолж зааж өгөх ёстой. Тэгснийхээ дараа л тэдний бичгийг нотлох баримтаар тооцох ёстой байсан. Шүүх нь хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн судлан үнэлээгүйд гомдолтой байна. Би ямар ч ажил үүргийг голохгүйгээр хийх бөгөөд цаашид ямар ч ажилд авч ажиллуулахад татгалзах зүйл байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг маань ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч А.Б нь Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Б/22 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын сахиулын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч 2019 оны Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлд Монгол Улсын төсвөөс 2019 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчид доор дурдсан төсөв зарцуулах эрхийг олгосугай гэсний дагуу мөн хуулийн 25 дугаар заалтаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын багцыг баталж, Боловсрол, соёл, шинжлэн ухааны сайд Ц.Ц2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 1а/490 тоот албан бичгээр аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын 2019 оны батлагдсан төсвийг ирүүлсэн. Уг төсөвт 22 орон тоогоор буюу дарга 1, гүйцэтгэх ажилтан 18, үйлчлэх ажилтан 3 хүнтэй үйл ажиллагаа явуулахаар орон тоог цөөрүүлж баталсан ба энэ онд төсөвт тодотгол хийгдэхгүй талаар хатуу анхааруулсан. Боловсрол, соёл, шинжлэн ухаан, спортын яамнаас 2019 оны төсөвт орон тоог 22 орон тоогоор баталж ирүүлсэн үүнтэй уялдуулан цомхотгол хийгдэх талаар оны эхэнд хамт олны хурлаар танилцуулж байсан. Эдгээр орон тоог хадгалж үлдэх гэж хөөцөлдөж явсаар 6 сарын хугацаа алдсан ба А.Быг 2019 оны 6 дугаар сарын 24-нийг хүртэл тасралтгүй ажиллуулж цалинг бүрэн олгосон. Үүнээс болж төсөвт 3,778,904 төгрөгийн хохирол учраад байна. гэж тайлбарлан шүүхэд мэтгэлцжээ.
Нэхэмжлэгч А.Быг Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Б/22 дугаартай тушаалаар Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16,5,3 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, Боловсрол, соёл, шинжлэх ухаан,спортын яамны санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын 11/2974 дугаар албан бичиг, аймгийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А/120 дугаартай захирамжийг тус тус үндэслэн Боловсрол, соёл, урлагийн газрын бүтэц шинэчлэгдэн батлагдаж тус байгууллагын манаачийн орон тоо хасагдсан тул А.Быг 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн манаачийн үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан үйл баримт тогтоогджээ.
Ажил олгогч Боловсрол, соёл, урлагийн газрын дарга нь нэхэмжлэгч А.Быг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг баримтлан орон тоо хасагдсан үндэслэлээр тус газрын манаачийн ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасантай нийцжээ.
Хариуцагчийн татгалзлын үндэслэл нь хавтаст хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А/120 дугаар захирамжийн хавсралт /хх-ийн 87-89 хуудас/, Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэгийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 110/ШШ2019/0064 дугаартай шийдвэр, зохигчдын мэдүүлэг, тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
Нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн Бодит байдал дээр орон тоо хасагдаагүй, харин ч нэмэгдсэн. Манаачийн орон тоо нэг мөсөн хасагдаагүй зөвхөн нэр нь өөрчлөгдсөн тухайн орон тооны нэрийг өөрчилснөөр 1 хүн 8 цагаар ажиллах болсон. 3 манаачийг орон тоо хасагдсан гэж ажлаас чөлөөлж, түр ажиллаж байсан хүнийг авсан. Тухайн ажлын байрны тодорхойлолт өөрчлөгдөөгүй, манаачийн хийж гүйцэтгэх ажил үүрэг хэвээр байгаа. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 буруу тайлбарлан хэрэглэсэн, орон тоо хасагдсан гэж дүгнэсэн нь буруу. Надад орон тоо хасагдсан тул хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай урьдчилж мэдэгдээгүй, Шүүх нь хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн судлан үнэлээгүйд гомдолтой гэх давж заалдах гомдлын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзвэл, анхан шатны шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, орон тоо хасагдсан таларх үндэслэлтэй дүгнэлт хийжээ.
Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар нэг сарын өмнө мэдэгдэх үүргээ биелүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтаар нэхэмжлэгч талын давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 130/ШШ2020/00701 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ШҮҮГЧИД М.НЯМБАЯР
Д.КӨБЕШ