Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 1251

 

                                        

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батням,

Улсын яллагч И.Ариунсанаа,

Шүүгдэгч Б.Т ,

Шүүгдэгч Ө.Б , түүний өмгөөлөгч Д.Бум-Аюуш нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Т , Ө.Б  нарт холбогдох эрүүгийн 1806 04632 1295 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

 

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Баянгол дүүргийн   тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй,

-Баянзүрх дүүргийн шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 138 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Нийслэлийн шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн магадлалаар уг хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар  , Он  Б  Т .

 

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,  мэргэжилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Сэлэнгэ аймгийн тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар, Б  овогт Ө  Б .

 

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч Б.Т , Ө.Б  нар нь 2018 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр “Өлгийн” 17-243 тоотод оршин суух Д.Үүрийнтуяагийн гэрт нууцаар, хууль бусаар нэвтрэн орж 32 инчийн зурагт хулгайлж бусдад 256.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т  мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

  

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Б  мэдүүлэхдээ: “…2018 оны 5 дугаар сарын 27-ны өдөр манай хичээл дуусаад би маргааш нь каринтинд гарах гээд гэрээ нүүлгэж байсан. Тэгээд Б.Т , Э.Золжаргал нарыг дуудаад бид гурав гэрийн юмыг аваад дараа нь 1 том пиво уусан. Тэгээд Э.Золжаргал гаднаас орж ирэхдээ хажуу талын айлын охин гэрийнхээ түлхүүрийг доогуураа хийж байна гэж хэлж орж ирсэн. Тэгээд тэр талаар ярихад Б.Т  орж шалгаад цонхоор нь шагайгаад “зурагт байна, зурагтыг нь авъя” гэхээр нь бид хоёр “хэрэггүй” гээд юмаа ууж дуустал байж байгаад Э.Золжаргал бид хоёр гарсан. Тэгээд тамхи татаад гадаа зогсож байхад Б.Т  нилээн удаад байхаар нь Б.Т ийг нөгөө зурагтаа авна гээд авсан юм байх гэж бодоод болиулахаар ортол Б.Т  зурагтыг авчихсан мишокинд ороогоод өрөөнд байж байсан. Тэгээд чиний бичиг баримт байгаа биз дээ гээд намайг дагуулаад хороолол ороод зурагтыг ломбарданд тавьсан. Би яг юу болсоныг мэдээгүй.” гэв.

 

            Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Д.Үүрийнтуяагийн өгсөн мэдүүлэг /хх-25, 27/, Д.Үүрийнтуяаг гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-30/, гэрч Ж.Өлзийбатын өгсөн мэдүүлэг /хх-33/, гэрч М.Гантөмөрийн өгсөн мэдүүлэг /хх-29, 102/, эд зүйлийн үнэлгээ /43/, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-6-7, 17/, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-6-18/, шүүгдэгч Б.Т ийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-34/, шүүгдэгч Ө.Б гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-36-37/, гэрч Э.Золжаргалын өгсөн мэдүүлэг /хх-38/, “Дамно” ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-41/, шүүгдэгч Э.Б ял шалгах хуудас /хх-47/, шүүгдэгч Э.Б хувийн байдлын тухай баримтууд /хх-48-49/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-91/, шүүгдэгч Э.Б яллагдагчаар өгсөн тухай мэдүүлэг /хх-96/, хохирогч Д.Үүрийнтуяагийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан өргөдөл /хх-118/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Т , Ө.Б  нар нь бүлэглэн 2018 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр “Өлгийн” 17-243 тоотод оршин суух Д.Үүрийнтуяагийн гэрт нууцаар, хууль бусаар нэвтрэн орж 32 инчийн зурагт хулгайлсан болох нь:

 

          Мөрдөн байцаалтад хохирогч Д.Үүрийнтуяагийн өгсөн: “…Би Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо 17-243 тоотод хашаанд байх нийтийн байранд өөрийн дүүгийн  хамт нийтийн байр түрээслэн амьдардаг. Тухайн байрны өрөө нь дугаар номер байхгүй. Би өдөр 14 цаг өнгөрч байхад өөрийн төрсөн дүү Баасандоржийг аваад Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх өөрийн хамаатаны ах Эрдэнэбилэгийн гэрт очсон. Тэгээд Эрдэнэбилэг ахын гэрт байж байхад манай эмэгтэй дүү “Д.Үүрийнцолмон зурагт алдагдсан байна” гэж надад хэлсэн. Тэгээд 18 цаг болж байхад ирэхэд гэрийн хаалга үүд зүгээр байсан. Тэгээд гэртээ ороход  нийтийн байрны өрөөний хана хэсгийн ширээн дээр байсан 32 инчийн зурагт хулгайд алдагдсан байсан. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй байна. Манай өрөөний өөдөөс харсан өрөөнд өчигдөр хүмүүс архидаад байсан. Мөн өдөр гэрээс гарах гэж байхад өөдөөс харсан өрөөний залуу болон түүнтэй хамт байсан хүмүүсийг сэжиглэж байна. Мөн уг өрөөний залуу өнөөдөр нүүгээд явсан….Хулгайд алдагдсан зурагтаа бүрэн бүтэн хүлээж авсан учир гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” /хх-23-25, 27/ гэх мэдүүлэг

 

Мөрдөн байцаалтад гэрч М.Гантөмөрийн өгсөн: “…Би Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хангайн үндэс” барьцаалан зээлдүүлэх газрыг ажиллуулдаг. 2018 оны 5 дугаар сарын 27-ны өдөр ажил дээрээ байж байхад Өлзийбат овогтой Бат-Эрдэнэ гэх залуу хар өнгийн 32 инчийн зурагтыг 7 хоногийн хугацаатай 100.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Ө.Б  нь нэг залуутай хамт орж ирсэн. Би бичиг баримтыг үндэслэж авсан болохоор хулгайн зурагт гэдгийг мэдээгүй.” /хх-28-29/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Үүрийнцолмонгийн өгсөн: “…Би Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өлгийн 17 дугаар гудамжны 243 тоот хашаанд байх нийтийн байранд эгч, дүү нарын хамтаар түрээслэдэг. Би 2018 оны 5 дугаар сарын 27-ны өглөө ажилдаа яваад 17 цаг 10 минутын үед гэртээ ирээд ороход гэрийн зүүн талд байрлах хар өнгөтэй 32 инчийн манай зурагт байхаар нь эгч Д.Үүрийнтуяа руу залгаад зурагт хаана байгаа талаар асуухад “юу яриад байгаа юм бэ, гэрт л байгаа ш дээ” гэсэн. Тэгээд хулгай орсоныг мэдээд цагдаад хандсан. “ /хх-30/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч Э.Золжаргалын өгсөн: “…Би 2018 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 17-243 тоот нийтийн байранд найз Ө.Б гэрт нь би ойролцоогоор 13 цагийн орчимд очсон. Тэгээд ороход Ө.Б , Б.Т  хоёр ачаагаа зөөгөөд явуулсан хэвтэж байсан. Тэгээд бид гурав ойр зуурийн юм яриад нэг том пиво хувааж уусан. Би 00 ороод гарч ирж байтал Ө.Б эсрэг талын өрөөний охин гарч ирээд хаалгаа түгжээд түлхүүрээ доороо хулдаасан доогуур хийсэн. Тэгээд би ороод тухайн эмэгтэйгийн талаар ярьсан. Тэгэхэд бид нар мөнгөгүй байсан. Тэгтэл Б.Т  “эднийх руу орох уу” гээд нөгөө охины талаар хэлсэн…Б.Т  Ө.Б  хоёр гарч ирсэн. Б.Т  зурагтыг барьчихсан нэг юманд ороосон байсан. Би чемоданыг өгөөд би харьлаа гээд харьсан.” /хх-38-39/ гэх мэдүүлэг, 

 

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-6-10/,

-Эд хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-20-21/,

-“Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-41-42/,

-Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-47/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч Шүүгдэгч Б.Т , Ө.Б  нар нь бүлэглэн 2018 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр “Өлгийн” 17-243 тоотод оршин суух Д.Үүрийнтуяагийн гэрт нууцаар, хууль бусаар нэвтрэн орж 32 инчийн зурагт хулгайлсан гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж тэдэнд Эрүүгийн хуульд заасан хорих ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бум-Аюушийн гаргасан: “…шүүхийн хэлэлцүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад Ө.Б  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасанд заасан гэмт хэрэгт оролцсон болох нь тогтоогдохгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Яагаад вэ гэхээр тухайн орон байранд нэвтрэх үйлдлийг Б.Т  хийгээд тухайн гэмт хэрэг төгссөний дараа Ө.Б  орж ирсэн байгаа. Ломбарданд тавьсан хэрэг нь тусдаа гэмт хэрэг. Ө.Б үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-д заасан мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж байна.” гэж тайлбар гарган мэтгэлцэх боловч шүүгдэгч Ө.Б  нь Б.Т тэй бүлэглэн 2018 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр “Өлгийн” 17-243 тоотод оршин суух Д.Үүрийнтуяагийн гэрт нууцаар, хууль бусаар нэвтрэн орж 32 инчийн зурагт хулгайлсан болох нь мөрдөн байцаалтад хохирогч Д.Үүрийнтуяагийн өгсөн: “…Би Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо 17-243 тоотод хашаанд байх нийтийн байранд өөрийн дүүгийн  хамт нийтийн байр түрээслэн амьдардаг. Тэгээд 18 цаг болж байхад ирэхэд гэрийн хаалга үүд зүгээр байсан. Тэгээд гэртээ ороход нийтийн байрны өрөөний хана хэсгийн ширээн дээр байсан 32 инчийн зурагт хулгайд алдагдсан байсан. Мөн өдөр гэрээс гарах гэж байхад өөдөөс харсан өрөөний залуу болон түүнтэй хамт байсан хүмүүсийг сэжиглэж байна.” /хх-23-25, 27/ гэх мэдүүлэг, гэрч М.Гантөмөрийн өгсөн: “…2018 оны 5 дугаар сарын 27-ны өдөр ажил дээрээ байж байхад Өлзийбат овогтой Бат-Эрдэнэ гэх залуу хар өнгийн 32 инчийн зурагтыг 7 хоногийн хугацаатай 100.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Ө.Б  нь нэг залуутай хамт орж ирсэн. Би бичиг баримтыг үндэслэж авсан болохоор хулгайн зурагт гэдгийг мэдээгүй.” /хх-28-29/ гэх мэдүүлэг, гэрч Э.Золжаргалын өгсөн: “…Б.Т  Ө.Б  хоёр гарч ирсэн. Б.Т  зурагтыг барьчихсан нэг юманд ороосон байсан. Би чемоданыг өгөөд би харьлаа гээд харьсан.” /хх-38-39/ гэх мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар дээрхи гэмт хэргийг үйлдсэн болох нотлогдон тогтоогдсон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-д зүйлд заасан нотолбол зохих асуудлыг мөрдөн шалгах ажиллагаагаар бүрэн шалгасан, прокурорын хэргийн зүйлчлэл зөв байх тул өмгөөлөгчийн гаргасан тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.   

 

Иймд шүүгдэгч Б.Т , Ө.Б  нарыг бүлэглэн хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялыг оногдуулах нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Хохирогч Д.Үүрийнтуяа нь хулгайд алдагдсан зурагтаа буцааж авсан, гомдол санал гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцлоо. Үүнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 37 дугаар зүйлийн 37.1, 38 дугаар зүйлийн 38.1 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Он  Б  Т , Б  овогт Ө  Б  нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бүлэглэн хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            2. Шүүгдэгч Б.Т , Ө.Б  нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тус бүрийн 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

           

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.Т , Ө.Б  нарт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            4. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

 5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, Б.Т , Ө.Б  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцсугай.

 

   6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

            7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Т , Ө.Б  нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

           

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                     Э.ЧИНГИС