Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2019/0298/з |
Дугаар | 237 |
Огноо | 2020-06-17 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 237
БЗД-ийн ИТХ-ын нэхэмжлэлтэй,
МУ-ын ЗГХЭГ, УБЕГ-ын ХЭБГ, ХШГ-ын УБ-д
тус тус холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Ч.Тунгалаг
Шүүгчид: М.Батсуурь,
Б.Мөнхтуяа,
Д.Мөнхтуяа,
Илтгэгч шүүгч: П.Соёл-Эрдэнэ
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал
Нэхэмжлэлийн шаардлага: Улсын бүртгэлийн ерөнхий газрын ХШГ-ын УБ-ийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 01 дүгээр албан шаардлагыг хүчингүй болгуулах, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ХЭГ/2173 дугаартай “Тамга шинээр хийлгэх” тухай зөвшөөрлийг хүчингүй болгуулах, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “БЗД-ийн ИТХ-ын өнөөдөр ашиглаж байгаа тамгыг хүчингүй болгож, дахин шинээр тамга хийлгэх” 1116133459 хяналтын дугаар олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШШ2019/0826 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 148 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч: хариуцагч ХШГ-ын УБ Б.Ганзориг, хариуцагч Засгийн газрын хэрэг эрхлэх газрын өмгөөлөгч Э.Энх-Эрдэнэ, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хонгор нарыг оролцуулж,
Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШШ2019/0826 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6, 24 дүгээр зүйлийн 24.1,24.2, 24.4, 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 43 дугаар зүйлийн 43.1, 94 дүгээр зүйлийн 94.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2, 54 дүгээр зүйлийн 54.1.3, 54.1.4, 54.1.5, 54.1.8, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2015 он/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.8, 9.2-т тус тус заасныг баримтлан “Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 01 дүгээр албан шаардлагыг хүчингүй болгуулах, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ХЭГ/2173 дугаартай тамга шинээр хийлгэх тухай зөвшөөрлийг хүчингүй болгуулах, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын өнөөдөр ашиглаж байгаа тамгыг хүчингүй болгож, дахин шинээр тамга хийлгэх 1116133459 хяналтын дугаар олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах” гэсэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагч Б.Ганзориг, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, УБЕГ-ын ХЭБГ-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 01 дүгээр албан шаардлага, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ХЭГ/2173 дугаартай тамга шинээр хийлгэх тухай зөвшөөрөл, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын өнөөдөр ашиглаж байгаа тамгыг хүчингүй болгож, дахин шинээр тамга хийлгэх 1116133459 хяналтын дугаар олгосон шийдвэрийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 148 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШШ2019/0826 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3, 54.1.4, 54.1.5, 54.1.8,” гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Б.Ганзориг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чиймаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болор-Эрдэнэ, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хонгор нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
3. Хариуцагч Б.Ганзориг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чиймаа нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан маргаан бүхий захиргааны актад гомдол гаргаж, урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэсэн нь хууль зөрчсөн гэсэн нөхцөл байдлын талаар дүгнээгүй, зохих хуулийг хэрэглээгүй давж заалдах шатны шүүх энэ талаар хэлэлцээгүй, дүгнээгүй.
4. Давж заалдах шатны шүүхийн магадлалд “...Хурлын даргаар сонгогдсон Ш.Ганчимэг 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авснаас хойш бүхий л шийдвэрүүдэд дээрх тамга дарагдсан, уг тамгыг ашиглаж Хурлын өдөр тутмын үйл ажиллагаа тасралтгүй хэвийн явагдаж байгаа болох нь тогтоогджээ” гэсэн байна. Гэтэл энэ хугацаанд хэрэглэгдэж байгаа тамга нь 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүчингүй болсон гэдгийг нэхэмжлэгч мэдэж байсан, энэ талаар шүүхэд хандаж шийдвэрлээгүй гэдэг нь хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудаар тогтоогдож байхад шүүх энэ талаар хэлэлцээгүй.
5. Мөн магадлалд "...Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.2.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4, 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 43 дугаар зүйлийн 43.1, 94 дүгээр зүйлийн 94.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заалтуудыг зөрчсөн талаар болон нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй талаар хуульд нийцүүлэн дүгнэжээ” гэсэн байна. Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар /хуучнаар/-аас 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 4/1811 дүгээр албан бичгээр маргаан бүхий асуудлыг журамд заасны дагуу шүүхэд хандаж шийдвэрлүүлэх талаар хүргүүлсэн баримтыг хуульд заасан журмын дагуу мэдэгдэх ажиллагаа хийгээгүй гэж үзэж Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг баримталсан нь нотлох баримтад үндэслэх хуулийн заалттай нийцэхгүй байна. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3.3 дахь заалтад заасан гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэсэн заалтыг зөрчиж шүүх “хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсний дараа нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэснийг нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй талаар хуульд нийцүүлсэн” гэж дүгнэсэн нь зөрчилтэй байна.
6. Дээр дурдсан нөхцөл байдлыг шүүх харгалзаж үзэж, хууль ёсны дүгнэлт хийгээгүй учир Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 160.2-д шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн заалттай зөрчилдөж байна гэж үзэж байна.
7. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
8. Хариуцагч Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болор-Эрдэнэ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Төрийн байгууллагын тамга тэмдэг хийлгэх, үйл ажиллагаанд хяналт тавих харилцааг зөвхөн Хууль зүйн сайдын 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/42 дугаар тушаалаар батлагдсан журмаар зохицуулдаггүй бөгөөд энэ маргаанд Засгийн газрын 2001 оны 41 дүгээр тогтоолоор батлагдсан “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх заавар”-ыг хэрэглэх нь зүйтэй.
9. Тодруулбал, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Монгол Улсын Засгийн газрын ажлын алба болохынхоо хувьд Монгол Улсын Засгийн газраас гарсан шийдвэрийг үйл ажиллагаандаа удирдлага болгон ажилладаг. Тус эрхийн дагуу БЗД-ийн ИТХ-ын үйл ажиллагааг хуулийн хүрээнд хэвийн явуулах, нөхцөл, боломжийг бүрдүүлэх үүднээс Засгийн газрын 2001 оны 41 дүгээр тогтоолоор батлагдсан “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх заавар”-ын 2-ын “е", 16-гийн “г”-д заасныг тус тус үндэслэн БЗД-ийн ИТХ-ын тамгыг шинээр хийлгэхийг зөвшөөрч, зөвшөөрлийг олгосон.
10. Учир нь Засгийн газрын 2001 оны 41 дүгээр тогтоолоор батлагдсан "Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх заавар”-ын 40-д “Тамга, тэмдэг алдагдвал цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэж харьяа болон харьцдаг байгууллагадаа уг тамга, тэмдэг, баталгааны тэмдэг хүчингүй болсныг зарлана. Алдагдсан тамга, тэмдэг, баталгааны тэмдэг олдвол түүнийг дахин хэрэглэхгүй” гэж заасны дагуу тамга тэмдэг олдохгүй байгаа асуудлаар цагдаагийн байгууллагад хандсан талаарх баримтууд, Өдрийн сонингийн 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн №285 дугаарт хэвлэгдсэн БЗД-ийн ИТХ-ын тамга гээгдүүлсэн тул хүчингүй тооцсон талаарх баримтуудыг тус тус БЗД-ийн ИТХ-аас Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ирүүлсэн тул Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас тамга шинээр хийлгэх зөвшөөрлийг олгохоос татгалзах үндэслэл байгаагүй.
11. Түүнчлэн Засгийн газрын 2001 оны 41 дүгээр тогтоолоор батлагдсан “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх заавар”-ын 40-д зааснаар алдагдсан тамга, тэмдэг, баталгааны тэмдэг олдвол түүнийг дахин хэрэглэхгүй гэж заасны дагуу БЗД-ийн ИТХ-ын хуучин тамгыг хэрэглэх боломжгүй болохыг анхан болон давж заалдах шатны шүүх анхаарч үзэлгүй холбогдох журмыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл, БЗД-ийн ИТХ-ын хуучин тамга олдсон ч дахин ашиглах, хэрэглэх ямар ч боломжгүй байхад анхан шатны шүүхээс холбогдох журмыг буруу тайлбарлаж, хуучин тамгыг дахин ашиглах боломжтой мэтээр дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
12. Иймд, шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
13. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хонгор хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 0826 тоот шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэй шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад гуравдагч этгээд миний давж заалдах гомдолтой илтгэгч шүүгч Б.Тунгалагсайхан урьдчилан уншиж танилцаагүй, гомдол гаргасан эсэхийг мэдээгүй байсан зэрэг нь шүүх алдааны явцад илэрч, шүүх хуралдаан даргалагч ерөнхий шүүгч Д.Батбаатар нь илтгэгч шүүгчээс энэ талаар тодруулж асууж байсан бөгөөд захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн энэхүү үйлдэлд туйлын гомдолтой байна.
14. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 0826 тоот шийдвэрийг гаргасан шүүгч н.Сарангэрэл нь нэхэмжлэгчтэй нэгдмэл ашиг сонирхолтой байж болзошгүй талаар анхан шатны шүүхийн шийдвэр нэгэнтээ гарсан хойно мэдсэн учраас татгалзан гаргаж чадаагүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
15. Шүүхээс энэхүү 2 тамганы асуудлаар давж заалдах шатны хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа шүүхийн хараат бус байдлыг хангаж, шударга ёсны зарчимд нийцүүлэн, талуудын эрх тэгш байдлыг хангах зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчигдсөнд гомдолтой байна. Энэ нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 148 тоот магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШШ2019/0826 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3, 54.1.4, 54.1.5, 54.1.8,” гэснийг хасч шийдвэрлэсэн байдлаас маш тодорхой харагдаж байна.
16. БЗД-ийн ИТХ-ын тамганы дардас дээр өмнө нь огт бүртгэлийн дугааргүй байсан төрийн байгууллагын тамга нь регистрийн болон хяналтын бүртгэлийн дугаартай болсон.
17. Шүүхээс улсын байцаагчийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 01 дугаартай албан шаардлагыг “захиргааны акт” гэж үзсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 82 дугаар зүйлийн 82.2.1-д заасны дагуу захиргааны шийдвэрийг гүйцэтгэх хүрээнд 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 01 дугаартай албан шаардлага нэхэмжлэгчид хүргэгдсэн. Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ХЭГ/2173 дугаартай “тамга шинээр хийлгэх” тухай шийдвэртэй холбогдуулж хэн алинаас тухай үед гомдол гараагүй бөгөөд уг шийдвэр хүчин төгөлдөр болсон байдаг. Мөн түүнчлэн Улсын бүртгэлийн тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд төрийн байгууллагын тамгыг шинэчилсэн бүртгэлд хамруулах ажил нь хяналт шалгалтын журмаар хийгдэх ёстой байсан нь маш тодорхой болсон.
18. Иймд, хариуцагчийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны 01 дугаартай албан шаардлага нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасны дагуу бие даасан акт биш болно. Харин Захиргааны ерөнхий хуулийн 82 дугаар зүйлийн 82.2.1-д заасны дагуу “хүчин төгөлдөр акт"-ыг биелүүлэх ажиллагааны явцад үйлдэгдсэн баримт байх тул үүнийг шүүхээс хууль зүйн хувьд хуулийн заалтыг буруу хэрэглэсэн, дүгнэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
19. Шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн талаар: Шүүх “жинхэнэ захиргааны акт” болох Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар нь 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр өмнөх тамганы хяналтын дугаарыг хүчингүй болгож, дахин тамга хийлгэх 1116133459 хяналтын дугаар олгосон шийдвэртэй холбогдуулж нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлээгүй гэж дүгнэснийг хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь тус актын тухайд нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж маргасан. Нэхэмжлэгч нь тус актын талаар хариу тайлбараас мэдсэн гэж анхандаа дурдаж нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн боловч 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байх үедээ энэ талаар аль хэдийнээ мэдэж байсан нь Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 1016 дугаар прокурорын тогтоолд маш тодорхой дурдагдсанаар нотлогддог. Зөвхөн энэхүү “санамсаргүй бус” үйлдэл нь шүүхэд худал мэдүүлэх, шүүхээс үнэн зөв шийдвэр гаргахад нөлөөлөх зэрэг хууль бус үйлдэл сэдэл нь давхар харагдаж байгааг дурдах нь зүйтэй.
20. Мөн нэхэмжлэгч нь өөрөө 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1116133459 хяналтын дугаар олгосон шийдвэрийн талаар нэхэмжлэлдээ дурдаж бичсэн байх зэргээс үзвэл нэхэмжлэгч нь тус актуудыг мэдсэн цагаас хойш Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-т заасны дагуу гомдол гаргаагүй бөгөөд улмаар 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т тус тус заасан хугацааг хэтрүүлсэн болох нь хөдөлшгүй баримтаар нотлогдож байна. Иймд, шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-т “энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” гэж заасны дагуу тус хуулийн 109.2-т заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шийдвэрийг гаргах ёстой байтал “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3, Захиргааны ерөнхий хуулийн 92-94-д тус тус заасныг буруу тайлбарлан, хуулийг буруу хэрэглэж, нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлээгүй” гэж дүгнэсэн нь шүүхээс хууль зүйн хувьд хуулийн заалтыг буруу хэрэглэсэн, дүгнэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
21. Шүүх нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн асуудлын талаар дүгнэхдээ нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т дурдсан Захиргааны ерөнхий хуулийн 92-94-д заасны дагуу гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй байгааг илтэд үл харгалзан, “Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйл нь захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд хамааралгүй” гэж дүгнэсэн нь хууль зүйн хувьд огт үндэслэлгүй, хуулийг илтэд буруу хэрэглэсэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг илтэд зөрчсөн л үзэх үндэслэлтэй байна.
22. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “БЗД-ийн ИТХ-ын тамгыг хүчингүй болгох” шийдвэр одоог хүртэл хүчин төгөлдөр байгаа. Шүүхээс тус актын биелэлтийг түдгэлзүүлээгүй бөгөөд хүчингүй болгосон шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоогүй. Иймд нэхэмжлэгчээс анх шүүхэд хандан 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн нэхэмжлэл гаргах үед тус нэхэмжлэл дээр дарагдсан тамга нь хүчингүй болно. Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын шийдвэрээр хүчингүй болсон тамгыг ашиглан шүүхэд нэхэмжлэл гаргасан үйл баримт нь тус нэхэмжлэл дэх агуулгаас нь тодорхой байхад шүүх хүлээн авч шийдвэрлэсэн нь процессын ноцтой зөрчил гэж үзэж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-т заасан нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангах зэргийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй, хүчингүй тамга дарагдсан нэхэмжлэл нь өөрөө “нэхэмжлэл” биш тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхлүүлэх үндэслэлгүй.
23. Шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой асуудлыг хамтын зарчмаар шийдвэрлэх эрх нь зөвхөн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралд хадгалагдаж, Тэргүүлэгчдийн Хурлын тогтоолоор баталгааждаг. Гэтэл нэхэмжлэгч нь шүүхэд хандсан 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн нэхэмжлэлийг дангаар шийдвэрлэсэн байгаа нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрхэнд халдсан байх бөгөөд энэ нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг ноцтой зөрчсөн, уг нэхэмжлэл нь хууль эрх зүйн хувьд анхнаасаа хүчин төгөлдөр бус болохыг шүүх анхаарч үзээгүй нь бас нэгэн алдаа болжээ.
24. Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын тамганы хяналтын дугаар олгосон захиргааны акт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй. БЗД-ийн ИТХ-ын хэрэглэж байсан хуучин тамга нь Улсын бүртгэлийн тухай хуулийн дагуу тамганы дардас дээр тухайн байгууллагын регистрийн болон хяналтын дугаарыг тавих замаар шинэчлэгдэж, улсын бүртгэлийн нэгдсэн мэдээллийн санд бүртгэгдэх нь гарцаагүй байсан, энэ нь Монгол Улсын хэмжээнд төрийн байгууллагын тамганы хяналтыг боловсронгуй болгох гэсэн хуулийн зохицуулалтын зорилтын нэг салшгүй хэсэг нь болно.
25. БЗД-ийн ИТХ-ын эрх зүйн чадамжийг шийдвэрлэх маргаанууд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн нөхцөлд Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь хүчин төгөлдөр тамгыг хууль ёсоор эзэмшинэ. Өөрөөр хэлбэл, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн БЗД-ийн ИТХ-ын хуучин тамгыг хүчингүй болгож, шинэ тамганы хяналтын дугаар олгосон шийдвэр нь тус хурлын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзэх үндэслэлтэй. Иймд, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
26. Давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
27. БЗД-ийн ИТХ-аас Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчид холбогдуулан 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 01 дүгээр албан шаардлагыг хүчингүй болгуулах, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт холбогдуулан 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ХЭГ/2173 дугаар “Тамга шинээр хийлгэх тухай” зөвшөөрлийг хүчингүй болгуулах, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт холбогдуулан 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн БЗД-ийн ИТХ-ын өнөөдөр ашиглаж байгаа тамгыг хүчингүй болгуулж, дахин шинээр тамга хийлгэх 1116133459 хяналтын дугаар олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
28. Нэхэмжлэгчээс “хуульд заасан үндэслэл үүсээгүй байхад тамга хураалгахыг шаардах эрхгүй, манай байгууллага тамга гээгдүүлээгүй, шинээр авах хүсэлт гаргаж байгаагүй” гэж, хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газраас “Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын шийдвэрийн дагуу өмнөх тамгыг хүчингүй болгож, шинээр дугаар олгосон” гэж, хариуцагч Засгийн газрын хэрэг эрхлэх газраас “иргэдийн Төлөөлөгчийн Хурлын үйл ажиллагааг хэвийн явуулах зорилгоор тамга шинээр хийлгэх зөвшөөрөл олгосон, цагдаад мэдэгдсэн, өдрийн сонинд зарлуулсан, холбогдох баримт бүрэн байсан” гэж тус тус маргажээ.
29. БЗД-ийн ИТХ-ын хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/02 дугаар хуралдаанаар Хурлын даргаар Ш.Ганчимэгийг сонгон баталжээ. Дараа нь БЗД-ийн ИТХ-ын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаар Г.А-г хурлын даргаар сонгосон боловч хурлын төлөөлөгчдийн дунд маргаан үүсч, тамга тэмдгийг хүлээлгэн өгөөгүй нөхцөл байдал үүссэн, улмаар Хурал 2 тамгатай болсон үйл баримт тогтоогдсон байна.
30. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ХЭГ/2173 дугаар албан бичгээр Г.А-д хандан “БЗД-ийн ИТХ-ын тамга шинээр хийлгэх зөвшөөрөл олгосон” байна. Ингэхдээ Засгийн газрын 2001 оны 41 дүгээр тогтоолоор баталсан “Тамга тэмдэг баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх заавар”-ын 2 “е”, 16 “з”-г үндэслэл болгожээ.
31. Архивын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т архив албан хэрэг хөтлөлтийн талаарх Засгийн газрын бүрэн эрхийг нэрлэн заасан, 2001 оны 41 дүгээр тогтоолоор төрийн болон бусад байгууллага, хуулийн этгээд тамга тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журмыг зохицуулсан байна. Уг журмын 18-д “тамга хийлгэх зөвшөөрлийг Засгийн газрын хэрэг эрхлэх газар ...олгоно” гэж, мөн төрийн байгууллагад хэрэглэх тамганы хэмжээ, бичээс, тамга хэрэглэх журмыг зохицуулсан байна. Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т зааснаар тухайн маргаанд нарийвчлан зохицуулсан хууль, хэм хэмжээний актыг хэрэглэх зарчмын дагуу хариуцагчийн “энэ маргаанд Засгийн газрын 2001 оны 41 дүгээр тогтоол хэрэглэгдэнэ” гэх гомдол үндэслэлгүй.
32. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /2015 оны/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-д “Улсын бүртгэлийн байгууллага нь иргэн, хуулийн этгээдийн тамга, тэмдэг, баталгааны тэмдэг хийлгэх, ашиглах үйл ажиллагаанд хяналт тавьж, лавлагаа олгох чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 9.2-т “Энэ хуулийн 9.1.8, 9.1.9-д заасан харилцааг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан журмаар зохицуулна” гэж зааснаас үзвэл, энэхүү маргаанд Монгол Улсын Хууль зүйн сайдын 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн тушаалаар батлагдсан “Иргэн, хуулийн этгээдийн тамга, тэмдэг, баталгааны тэмдэг хийлгэх, үйл ажиллагаанд хяналт тавих, лавлагаа олгох журам”-ыг хэрэглэхээр байна.
33. Уг журмын 2.2.4-т “гэмтээсэн, оноосон нэр, хэлбэр өөрчилсөн бол тамга, тэмдэг, баталгааны тэмдгийн хяналтын дугаарыг дахин олгохдоо тамга, тэмдэг, баталгааны тэмдгийг хураан авч өмнөх хяналтын дугаарыг хүчингүй болгоно” гэж заасныг маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэхэд тамгыг үрэгдүүлсэн, гэмтээсэн, хуулийн этгээдийн оноосон нэр нь өөрчлөгдсөн бол тамгыг хүчингүй болгохоор заасан, тухайн тохиолдолд эдгээр нөхцөлийн аль нь ч бүрдээгүй олгох урьдчилсан нөхцөл үндэслэл бүрдээгүй байхад Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаар албан бичигт “БЗД-ийн ИТХ-ын Анхдугаар хуралдаан 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хуралдаж, ...Г.А-г БЗД-ийн ИТХ-ын даргаар сонгосон. Шинээр сонгогдсон иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга тамга тэмдэг болон өрөөгөө хүлээн авч чадахгүй байгаагаас үүдэн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хэвийн үйл ажиллагаа алдагдаж байна. ...БЗД-ийн ИТХ-ын тамга, тэмдэг шинээр хийлгэх зөвшөөрөл олгохыг хүсье” гэснийг үндэслэн тамга хийлгэх зөвшөөрөл олгосон нь буруу болжээ.
34. Хариуцагч Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “тамга тэмдэг олдохгүй байгаа асуудлаар цагдаагийн байгууллагад хандсан талаарх баримтууд, Өдрийн сонингийн 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн №285 дугаарт хэвлэгдсэн БЗД-ийн ИТХ-ын тамга гээгдүүлсэн тул хүчингүй тооцсон талаарх баримтуудыг тус тус БЗД-ийн ИТХ-аас Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ирүүлсэн тул тамга шинээр хийлгэх зөвшөөрлийг олгохоос татгалзах үндэслэл байгаагүй” гэх гомдлын тухайд: Засгийн газрын 2001 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн тогтоолоор баталсан “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх заавар”-ын 40-д “Тамга, тэмдэг алдагдвал цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэж харьяа болон харьцдаг байгууллагадаа уг тамга, тэмдэг, баталгааны тэмдэг хүчингүй болсныг зарлана. Алдагдсан тамга, тэмдэг, баталгааны тэмдэг олдвол түүнийг дахин хэрэглэхгүй” гэж заасан, гэвч энэхүү үндэслэл үүсээгүй, тамга тэмдэг алдагдаагүй, цагдаагийн байгууллага уг асуудлыг шалгаж дуусаагүй байсан тул “захиргааны байгууллага шийдвэр гаргахаас өмнө хэргийн нөхцөл байдлыг тодруулаагүй” тухай анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.
35. Түүнчлэн “алдагдсан тамга олдвол түүнийг дахин хэрэглэхгүй” тухай гомдол үндэслэлгүй, тухайн тохиолдолд тамга алдагдаагүй, хурлын үйл ажиллагаанд хэрэглэгдэж байсан тул тамга дахин хэрэглэгдэхгүй байх урьдчилсан нөхцөл үүсээгүй, энэ үндэслэлээр нэхэмжлэгчийг буруутгахгүй.
36. Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын “Засгийн газрын хэрэг эрхлэх газрын шийдвэрийн дагуу өмнөх тамгыг хүчингүй болгож, дахин шинээр тамга хийлгэх шийдвэр гаргасан” гэх тайлбараар түүнийг энэхүү маргааны оролцогч биш гэж үзэхгүй, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /2015 оны/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.8-д “Улсын бүртгэлийн байгууллага иргэн, хуулийн этгээдийн тамга, тэмдэг, баталгааны тэмдэг хийлгэх, ашиглах үйл ажиллагаанд хяналт тавьж, лавлагаа олгох чиг үүргийг хэрэгжүүлнэ”, Улсын бүртгэлийн ерөнхий /2009 оны/ хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.3-т “улсын бүртгэгч нь энэ хуулийн 11.5.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах” гэж тус тус заасан, тамга шинээр олгох үндэслэл бүрдсэн эсэхийг тодруулах, холбогдох баримтыг бүрэн дүүрэн судлах чиг үүргээ хэрэгжүүлээгүй буруутай байна.
37. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “хэрэглэж байгаа тамга нь 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүчингүй болсон гэдгийг нэхэмжлэгч мэдэж байсан, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн” гэх гомдлыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй, “хуурамч зар сонинд өгч, хууль бус аргаар тамга хийлгэсэн” гэх үндэслэлээр эрүүгийн журмаар гомдол гаргаж, шалгах ажиллагаа үргэлжилж байсан тул хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзэхгүй.
38. “БЗД-ийн ИТХ-ын тамганы дардас дээр өмнө нь огт бүртгэлийн дугааргүй байсан бол төрийн байгууллагын тамга нь регистрийн болон хяналтын бүртгэлийн дугаартай болсон, энэ нь хяналт шалгалтаар хийгдэх байсан тул нэхэмжлэгчийн эрх зөрчигдөөгүй” гэх гомдол нь энэ маргаанд хамааралгүй, тамгыг хуульд нийцүүлж бүртгүүлэх, дугаар авах ажиллагаа нь маргаан бүхий захиргааны актын үндэслэл болоогүй тул хэрэгт ач холбогдолгүй юм.
39. “Хүчингүй тамга дарагдсан нэхэмжлэл нь өөрөө “нэхэмжлэл” биш тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлэх үндэслэлгүй, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийн нэхэмжлэлээр хэрэг үүсгэсэн” гэх гомдол үндэслэлгүй, шүүхэд нэхэмжлэл гаргах үед хэрэглэсэн тамгыг “хүчингүй тамга” гэж үзэх хуулийн үндэслэл бүрдээгүй, дээр дурдсанаар тамга тэмдэг алга болоогүй, хүчин төгөлдөр байгаа тул нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэхгүй.
40. Иймээс магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 148 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар гуравдагч этгээдээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ