Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 110

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баттулга даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунтунгалаг,

Улсын яллагч В.Төгсбаяр,

Шүүгдэгч С.Н /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймаг дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Нд холбогдох эрүүгийн 1729000880048 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

         Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Н нь 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Өмнөговь аймгийн Булган сумын Дал багийн нутаг Цагаан толгойн бууцанд нутаглаж байсан малчин Г.Наранбаясахын гэрээс мотоцикл болон алт, мөнгөн эдлэл хулгайлж бусдад 2.740.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 05 дугаар сарын 06-наас 04-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвийн Өгөөмөрийн 5-15 тоот хашаанд байх иргэн О.Лхагвасүрэнгийн гэрийн цоожийг эвдэн гэрт нэвтэрч дунд гарын хөөрөг, даалин, гэрийн гаднаас О.Даваасүрэнгийн эзэмшлийн Даюун маркийн мотоцикл зэргийг хулгайлан бусдад 2.160.000 төгрөгийн хохирол учруулсан,

 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Могойт багийн нутаг, нүүрс тээврийн замын 61 дэх км-т байх Ж.Отгонбаярын гэрээс гар утас, тамхи зэрэг эд зүйлс хулгайлж бусдад 523.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Н нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийнхээ дагуу шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 13-15-р хуудас/

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл  /хх-ийн 17-28 -р хуудас/

Эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 33, 44, 48 дугаар хуудаст/

Хохирогч Т.Наранбаясахын өгсөн: ”... 2018 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр эхнэр Бүдханд Өмнөговь аймгаас ганцаараа машинаа унаад 16 цагийн үед хөдөө ирсэн, тэгээд эхнэр бид 2 баруун саахалт айлд манай хадмынх байдаг, хадам аав ээж 2-ыг аваад гэрийн хойно байх худаг дээр очичоод буцаж гэрт нь хүргэж өгсөн. Тэгсэн Н ирчихсэн “Саасаагийнд ямаа самначхаад ирлээ” гээд байж байсан. Тэгэхээр нь Нд чи гэр хараад байж бай би аймагт  Бүдхандыг төрүүлчхээд ирье тэр хойгуур мал, гэр хэд хоног харж байх уу гэсэн чинь тэгье гээд гэрээр орж хүнсний мал авчаад 21 цагийн үед аймаг руу бид 2 явсан. Маргааш нь хадам ээж Тунгалаг утсаар Н гэртээ алга байна гээд ярьсан тухайн үед нээх тоогоогүй ойр хавьд байгаа байх гэж бодсон орой хадам ээж залгаад Н чинь ирээгүй байна гэсэн тэгээд тэр өдөр өнгөрсөн маргааш өглөө хадам ээж залгаад Н байдаггүй ээ гэхээр нь юмыг яаж мэдэх бэ гээд “гэрийн хананд зүүлттэй байгаа хазаар ташуур байна уу гэхэд “байна” гэсэн гэрийн баруун авдар дотор мөнгөн аяганууд байна уу үзнэ үү гэсэн чинь “байхгүй байна” гэсэн зүүн авдар дотор сүүжин алтан ээмэг, хүзүүний мөнгөн гинж, мөнгөн бугуйвч, мөнгөн бөгж байна уу гэхэд хүзүүний гинж, сүүжин алтан ээмэг 2 алга гэсэн тэгээд Нямлхагвыг 2 хоног ийш тийшээ хайгаад сураг гараагүй тэгээд Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 дугаар хуудас/

Хохирогч О.Даваасүрэнгийн:”... Би Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Цагаан овоо багийн Шангай гэх газарт хөдөө мал малладаг. Би өөрийн эзэмшлийн Даюун маркийн ногоон өнгөтэй улсын дугааргүй мотоциклыг 2016 онд Цогтцэций сумаас 1.600.000 төгрөгөөр худалдаж авсан. Гэтэл 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Даланзадгад сум руу ажлаар явхаар болоод өөрийн мотоциклыг Цогтцэций сумын төв Өгөөмөр 5-10 тоотод байрлах төрсөн эгч Лхагвасүрэнгийн гэрийн гадаа тавьсан. Тэгтэл 2018 оны 05 дугаар сарын 07-ний өглөө манай эгч надруу залгаад “чиний мотоцикл алдагдсан байна” гэж хэлсэн. ”...2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн орой эгчийн урд талд байрлах айлд ортол нэг өвгөн болон үл таних 2 залуугийн хамт архи ууж байхаар нь би тухайн архинаас нь хувааж ууж дуусгасан нэг танихгүй залуу хүзүүндээ байсан гинжээ би энэ гинжийг 50.000 төгрөгөнд зөрна гэхээр нь би гинжийг авахаар болоод маргааш мөнгийг нь өгөхөөр наймаа хийсэн. Миний мотоциклыг тэр залуу эгчийн гадаа байхад нь хулгайлсан байсан. Манай эгчийн гэрийн хаалгыг эвдээд хөөрөг хулгайлж аваад явсан байсан. Миний мотоциклыг унаж яваад нэг өвгөний гадаа үлдээгээд гэрээс гар утсыг хулгайлж аваад “Марал” буудлын ресепшинд зарсан байсан. Өвгөн араас нь хөөж байгаад утсаа олж аваад миний мотоциклыг буудлын хүмүүст өгсөн байсан. Би мотоциклоо буудлын хүмүүсээс хүлээгээд авсан. Би мотоуциклоо хулгайд алдсан ч эргүүлээд олсон учраас миний хохирол бүрэн барагдсан..” гэх мэпүүлэг /хх-ийн 57-59, 60-62 дугаар хуудас/

Хохирогч О.Лхагвасүрэнгийн:”... Манай гэр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын гэр хороололд Өгөөмөрийн 5а-10 тоот хашаанд байдаг. Өнгөрсөн 05 дугаар сарын эхээр би хөдөө гэр рүүгээ гэрийн хаалгыг гаднаас нь түгжчихээд 05 дугаар сарын 07-ны өдрийн өдрийн 14 цагийн үед гэртээ иртэл  гэрийн хаалганы цоожны цүүг сугалж эвдээд цоожлолгүй зүүгээд орхисон байсан. Мөн манай дүү Даваасүрэн аймаг явахдаа үлдээсэн Давун маркийн мотоцикл нь байхгүй байхаар нь сумын цагдаад мэдэгдсэн. ”...дараа нь юмаа бүртгэж байтал авдарт байсан дунд гарын чүнчигноров хөөрөг даалинтайгаа алга байсан. Түүнийг цагдаад хэлж тэмдэглүүлсэн..” гэх мэдүүлэг /хх-ийн 65-66 дугаар хуудас/

Хохирогч Ж.Отгонбаярын:”... 2018 оны 05 дугаар сарын 09-ны орой Баян-Овоо суманд байрлах гэрт нөхөртэйгөө байж байтал 21 цагийн үед гаднаас танихгүй 30 орчим насны залуу эм сураад орж ирэхээр нь яасан талаар асуухад шаланзны жолооч миний машин Жавхлант бригадад засвартай байгаа бие өвдөөд айл бараадаад ирлээ гэж хэлээд манайд 3 хоног, хажуу айлд 3 хоноод явахдаа манай гэрээс I PHONE-4 гар утас 1 ширхэг, мөнгөн ээмэг том жижиг 2 ширхэг, бөгж 3 ширхэг, зүүлт кулонтой, кулонгүй 2 ширхэг, эрэгтэй мөнгөн гинж 2 ширхэг, зарж байсан парламент нэртэй тамхи 1 ширхэг, эссэ тамхи 20 ширхэг, саарал LD тамхи 20 ширхэг, улаан шонхор 20 ширхэг, Глаб LD 10 ширхэг, улаан вест 10 ширхэг, өгөөж вафли  3 ширхэг, алфен голд шоколад 2 ширхэг, кимчитэй бэлэн хоол 2 ширхэг, 5 литрийн савтай ус 1 ширхэг, тус тус авсан байхаар нь цагдаад мэдэгдсэн. ...манай гэрээс эрэгтэй хүний гинж алдагдаагүй харин эмэгтэй хүний 2 ширхэг гинж алдагдсан, хохирол барагдуулаагүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 69-72 дугаар хуудас/

Иргэний нэхэмжлэгч Ө.Батнасангийн: “...Би Цогтцэций сумын төвд Марал гэх буудалд рэсепшинээр ажилладаг. 2018 оны 05 дугаар сарын 01-ны өдрийн өглөө өндөр нуруутай, 35 орчим насны өөрийгөө Лхагваа гэж танилцуулсан дээл өмссөн бакаль гуталтай залуу ирж 40.0 төгрөгийн өрөө аваад хонолгүй тэр өдрийнхөө 14 цагийн үед өрөөгөө хүлээлгэж өгсөн. Тооцоогоо бэлэн мөнгөөр хийсэн. Түүнээс 2-3 хоногийн дараа залуу буцаж ирээд “мөнгөний хэрэг гарчихлаа энэ утсыг 30.0 мянгад авчихаач гээд самсунг нөөт 2 маркийн хуучин утас бариад ирсэн. Утас хэвийн ажиллаж байсан болохоор 30.000 төгрөгийг залууд өгөөд утсыг авсан. Дахиад 2,3 хоногийн дараа өвгөжөөр насны хүн ирээд миний утсыг чамд зарсан байна. Утсаа буцааж авах гээд ирсэн. Би тэр хүнд мөнгөөр худалдаж авсанаа хэлхэд “надад нэг мотоцикл барьцаанд тавьсан байгаатэрийг авчраад би утсаа авъя гэж хэлээд удалгүй “ ногоон өнгийн банктай хуучин мотоцикл авчрахаар нь би утсыг нь өгөөд мотоциклыг нь аваад үлдсэн. Түүнээс хойш арваад хоногийн дараа нэг хүн ирээд мотоциклыг хулгайд алдсан манай мотоцикл гэсэн. Тэр талаар сумын цагдаад мэдэгдсэн. Мотоцикыг эзэн нь гэх хүн аваад явсан. Надад утас зарсан хүн дахиж ирээгүй. Би 30.000 төгрөгөөр хохирсон мэдүүлэг /хх-ийн 74-76 дугаар хуудас/

 “Ашид Билгүүн” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний “...208 дугаартай хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ нь хуучин цагийн их гарын мөнгөн аяга 1 ширхэг-350.000 төгрөг, хуучин цагийн дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг-250.000 төгрөг, шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 6ш-720.000 төгрөг, даюун-150 яав 1 ширхэг-800.000 төгрөг, эрэгтэй мөнгөн гинж 1 ширхэг-20.000 төгрөг, 2 цэнгийн алтан хос сүүжин ээмэг 2 ширхэг-600.000 төгрөг нийт 2.740.000 төгрөг үнэлгээгээр тогтоогдсон” гэх дүгнэлт /хх-ийн 110-112 дугаар хуудас/

 “Вендо” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний Ц-18-18 дугаартай “Вендо” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тооцоо нь БНХАУ-д үйлдвэрлэгдсэн DAYUN маркийн 2016 онд худалдаж авсан гэх мотоцикл 930.000 төгрөг, чинчигноров дунд гарын хөөрөг нь 1.200.000 төгрөг, хуучин хэрэглэж байсан даалин 30.000 төгрөг нийт  2.160.000  төгрөгөөр тогтоогдсон.” гэх дүгнэлт /хх-ийн 115-122 дугаар хуудас/

 “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний 102/01 дугаартай “...iphone-4 гар утас 1 ширхэг-140.000 төгрөг, парламент 10 ширхэг-48.000 төгрөг, Эссэ 20 ширхэг-59.000 төгрөг, Саарал LD 20 ширхэг-47.000 төгрөг, Улаан шонхор 20 ширхэг-35.000 төгрөг, Голоб LD 10 ширхэг-27.000 төгрөг, Улаан вест 10 ширхэг-23.000 төгрөг, Өгөөж вафль 3 ширхэг-6000 төгрөг, Алфен голд шоколад 2 ширхэг-4000 төгрөг, Кимчитэй бэлэн хоол 2 ширхэг-6000 төгрөг, цэвэр ус 5 литр 1 ширхэг-2500 төгрөг, мөнгөн бөгж эрэгтэй 2 ширхэг-40.000 төгрөг, мөнгөн бөгж эмэгтэй 2 ширхэг-36.000 төгрөг, Мөнгөн гинж 2 ширхэг-50.000 төгрөг нийт 523.500 төгрөгөөр тогтоогдсон.” гэх дүгнэлт /хх-ийн 125 дугаар хуудас/

С.Нямлхагвын яллагдагчаар өгсөн:  “...Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хулгай хийчхээд байдаг юм. Би бусдад учруулсан хохирлоо бүрэн барагдуулаагүй байгаа ч хохирлыг төлж барагдуулна. Би үйлдсэн хэрэгтээ харамсаж, хүлээн зөвшөөрч байна. Надад холбогдох хэргүүдийг хурдан шийдвэрлэж өгнө үү.” гэх мэдүүлэг /хх-н 146-147-р хуудас/,

Шүүгдэгч нарын хувийн байдлын талаар: 

Шүүгдэгч С.Нямлхагвын иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 43-р хуудас/,

Шүүгдэгч С.Нямлхагвын арилжааны банкнуудад харилцах болон зээлийн данстай эсэх лавлагаа /хх-н 151-157-р хуудас/,

Шүүгдэгч С.Нямлхагвын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 158-159-р хуудас/,

Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 95а дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 161-167-р хуудас/,

Сум дундын 15 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 168-174-р хуудас/,

Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 95 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 175-182-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Шүүгдэгч С.Н нь 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Өмнөговь аймгийн Булган сумын Дал багийн нутаг Цагаан толгойн бууцанд нутаглаж байсан малчин Г.Наранбаясахын гэрээс мотоцикл болон алт, мөнгөн эдлэл хулгайлж бусдад 2.740.000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 05 дугаар сарын 06-наас 04-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвийн Өгөөмөрийн 5-15 тоот хашаанд байх иргэн О.Лхагвасүрэнгийн гэрийн цоожийг эвдэн гэрт нэвтэрч дунд гарын хөөрөг, даалин, гэрийн гаднаас О.Даваасүрэнгийн эзэмшлийн Даюун маркийн мотоцикл зэргийг хулгайлан бусдад 2.160.000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Могойт багийн нутаг, нүүрс тээврийн замын 61 дэх км-т байх Ж.Отгонбаярын гэрээс гар утас, тамхи зэрэг эд зүйлс хулгайлж бусдад 523.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 13-15-р хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл  /хх-ийн 17-28 -р хуудас/, эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 33, 44, 48 дугаар хуудаст/, хохирогч Т.Наранбаясахын мэдүүлэг /хх-ийн 52-53 дугаар хуудас/, хохирогч О.Даваасүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 57-59, 60-62 дугаар хуудас/, хохирогч О.Лхагвасүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 65-66 дугаар хуудас/, хохирогч Ж.Отгонбаярын мэдүүлэг /хх-ийн 69-72 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч Ө.Батнасангийн мэдүүлэг /хх-ийн 74-76 дугаар хуудас/, “Ашид Билгүүн” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний дүгнэлт /хх-ийн 110-112 дугаар хуудас/, “Вендо” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний дүгнэлт /хх-ийн 115-122 дугаар хуудас/, “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний дүгнэлт /хх-ийн 125 дугаар хуудас/, С.Нямлхагвын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 146-147-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна. 

Шүүгдэгч С.Нд ял шийтгэл оногдуулахдаа хохирогч нарт учруулсан хохирлыг төлөхөө илэрхийлсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн зэрэг нөхцөл байдлуудыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан ял шийтгэлийг оногдуулав.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас “…2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Өмнөговь аймгийн Булган сумын Дал багийн нутаг Цагаан толгойн бууцанд нутаглаж байсан малчин Г.Наранбаясахын гэрээс мотоцикл болон алт, мөнгөн эдлэл хулгайлж бусдад 2.740.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх, 2018 оны 05 дугаар сарын 06-наас 04-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвийн Өгөөмөрийн 5-15 тоот хашаанд байх иргэн О.Лхагвасүрэнгийн гэрийн цоожийг эвдэн гэрт нэвтэрч дунд гарын хөөрөг, даалин, гэрийн гаднаас О.Даваасүрэнгийн эзэмшлийн Даюун маркийн мотоцикл зэргийг хулгайлан бусдад 2.160.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд нь эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 6 сарын хугацаатай хорих ялыг нээлттэй хорих ангид , 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Могойт багийн нутаг, нүүрс тээврийн замын 61 дэх км-т байх Ж.Отгонбаярын гэрээс гар утас, тамхи зэрэг эд зүйлс хулгайлж бусдад 523.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид  нийт 6 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар”  гаргасан саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

  Шүүгдэгч С.Н нь  хохирогч О.Даваасүрэнд 2,160,000 төгрөгийн мотоциклыг буцаан өгч хохирол төлбөргүй болсон байна. Харин шүүгдэгчээс 1,670,000 төгрөгийг хохирогч Т.Наранбаясахад, 523,000 төгрөгийг  хохирогч Ж.Отгонбаярт, 30,000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Ө.Батнасанд гаргуулж тус тус олгох нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй. шүүгдэгч нь энэ хэргийн улмаас 63 хоног цагдан хоригдсон, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. Шүүгдэгч Дамдин овогт Сугирсүрэнгийн Нямлхагвыг хулгайлах гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Өмнөговь аймгийн Булган сумын Дал багийн нутаг Цагаан толгойн бууцанд нутаглаж байсан малчин Г.Наранбаясахын гэрээс мотоцикл, алт, мөнгөн эдлэл хулгайлж  2.740.000 төгрөгийн хохирол учруулсан  үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаатай хорих ялаар,

 -2018 оны 05 дугаар сарын 06-наас 04-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвийн Өгөөмөрийн 5-15 тоот хашаанд байх иргэн О.Лхагвасүрэнгийн гэрийн цоожийг эвдэн гэрт нэвтэрч дунд гарын хөөрөг, даалин, гэрийн гаднаас О.Даваасүрэнгийн эзэмшлийн Даюун маркийн мотоцикл зэргийг хулгайлан 2.160.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд нь эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 3 сарын хугацаатай хорих ялаар,

 -2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Могойт багийн нутаг, нүүрс тээврийн замын 61 дэх км-т байх Ж.Отгонбаярын гэрээс гар утас, тамхи зэрэг эд зүйлс хулгайлж бусдад 523.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нийт 6 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Нд оногдуулсан 6 /зургаа/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 36.8  дугаар зүйлийн 1.4-т зааснаар шүүгдэгч С.Нямлхагвын цагдан хоригдсон 63 /жаран гурав/-н хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч С.Нас  1,670,000 төгрөгийг хохирогч Т.Наранбаясахад, 523,000 төгрөгийг хохирогч Ж.Отгонбаярт, 30,0000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Ө.Батнасан нарт тус тус гаргуулж олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч С.Нд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

7. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй С.Нямлхагвын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай. 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1,  38.2 дугаар зүйлийн 1, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд С.Нд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Д.БАТТУЛГА