Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 60

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч П.Долгормаа, шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

         Прокурор В.Төгсбаяр  /онлайнаар/

         Шүүгдэгч С.Н

         Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх

         Нарийн бичгийн дарга Ц.Даваасүрэн нарыг оролцуулан,

          Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 2018/ШЦТ/110 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн давж заалдах гомдлоор С.Н д холбогдох 1829001200091 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

          Монгол улсын иргэн, Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 1987 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, ээж, дүүгийн хамт Өмнөговь аймгийн Даланзадгад сум, ............................ оршин суух, 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1, Эрүүгийн хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-ыг журамлан 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.1, 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял, 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Сум дундын 15 дугаар шүүхээр 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 100000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 хоногийн хорих ялаар шийтгэгдэж 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Дамдин овгийн С.Н  /РД: ................../,

         С.Н  нь 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Өмнөговь аймгийн Булган сумын Дал багийн нутаг Цагаан толгойн бууцанд нутаглаж байсан малчин Г.Н ын гэрээс мотоцикль болон алт, мөнгөн эдлэл хулгайлж бусдад 2.740.000 төгрөгийн хохирол учруулсан,

            2018 оны 05 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвийн Өгөөмөрийн 5-15 тоот хашаанд байх иргэн О.Л гийн гэрийн цоожийг эвдэн гэрт нэвтэрч дунд гарын хөөрөг, даалин, гэрийн гаднаас О.Д гийн эзэмшлийн Даюун маркийн мотоцикль зэргийг хулгайлан бусдад 2.160.000 төгрөгийн хохирол учруулсан,  2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Могойт багийн нутаг нүүрс тээврийн замын 61 дэх км-т байх Ж.О ын гэрээс гар утас, тамхи эд зүйлс хулгайлж бусдад 523.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.     

            Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газраас С.Н ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 5/105 тоот яллах дүгнэлтийг үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.                                                Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: Шүүгдэгч Дамдин овогт С.Н ыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Өмнөговь аймгийн Булган сумын Дал багийн нутаг Цагаан толгойн бууцанд нутаглаж байсан малчин Г.Н ын гэрээс мотоцикль, алт мөнгөн эдлэл хулгайлж 2.740.000 хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаатай хорих ялаар, 2018 оны 05 дугаар сарын 06-наас 04-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвийн Өгөөмөрийн 5-15 тоот хашаанд байх иргэн О.Л гийн гэрийн цоожийг эвдэн гэрт нэвтэрч дунд гарын хөөрөг, даалин, гэрийн гаднаас О.Д гийн эзэмшлийн Даюун маркийн мотоцикль зэргийг хулгайлан 2.160.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 3 сарын хугацаатай хорих ялаар, 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Могойт багийн нутаг нүүрс тээврийн замын 61 дэх км-т байх Ж.О ын гэрээс гар утас, тамхи эд зүйлс хулгайлж бусдад 523.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нийт 6 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйл 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н д оногдуулсан 6 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1.4-т зааснаар шүүгдэгч С.Н ын цагдан хоригдсон 63 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулж тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч С.Н ас 1.670.000 төгрөгийг хохирогч Т.Н ад, 523.000 төгрөгийг хохирогч Ж.О т, 300000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Ө.Б  нарт тус тус гаргуулан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч С.Н д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

          Шүүгдэгч С.Н  давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар Ханбогд сум дахь сум дундын шүүхээс 6 жил 3 сараар хорих ял шийтгэсэн. Шүүх хуралд өмгөөлөгчгүй орсон. Ийнхүү надад оногдуулсан ял хүнддэж байна гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх хуралд хохирол, төлбөрөө төлж, гэм буруугаа ойлгож, өмгөөлөгчөөр И.Олонмөнх өмгөөлөгчийг авч оролцоно” гэжээ.

            Прокуророос шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Хохирлыг бүрэн төлсөн байдал харагдахгүй, шийтгэх тогтоолд заасан хохирлыг төлж дуусгаагүй байна. Хорих ялын хэмжээг шүүх Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тогтоосон. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

            Шүүгдэгчээс шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Хохирол төлбөрийн хувьд Г.Н ын хохирлыг төлсөн. Ж.О т учирсан хохирлын хувьд надаас илүү мөнгө нэхсэн. Бусад зүйлийн хувьд би үнэн зөв мэдүүлсэн гэв.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнхөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Шүүгдэгчид оногдуулсан ял хүндэдсэн. Г.Н ын гэрт хууль бусаар нэвтрээд, хүч хэрэглээд эд зүйлийг нь аваагүй байхад 2 жилийн хорих ял оногдуулсан.    Ж.О ын гэрээс С.Н  нь 10 орчим ширхэг тамхи авсан гэж мэдүүлж байхад хохирогч блок блокоор нь тамхи авсан гэж мэдүүлдэг боловч үүнийгээ нотлоогүй. Хохирогчийн мэдүүлэг нь нотлох баримтаар тогтоогдоогүй байхад түүний мэдүүлгээр хохирлын үнэлгээг гаргуулсан нь үндэслэлгүй. Энэ үйлдэлд 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан байхад 2 жил хорих ял оногдуулсныг 6 сар болгож өөрчлөх. Шүүгдэгч нь О.Л гийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг харгалзан ял шийтгэлийг хөнгөрүүлэн тогтоож өгнө үү. Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 3-т зааснаар нэмж нэгтгэхдээ тухайн төрлын ялын дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байхыг харгалзан үзнэ үү. Г.Н ын хохирлыг төлөхөөр ар гэрийн хүмүүс гэрт нь очиход эзгүй байсан учраас уулзаж чадаагүй  гэв.

     ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх нь шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1,3-т заасны дагуу бүхэлд нь хянаж үзлээ.  

          Шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5.2-д  “шүүх шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шийдвэрлэхдээ зөвлөлдөх тасалгаанд ...тухайн гэмт хэрэгт шүүгдэгч гэм буруутай эсэх...” асуудлыг хэлэлцээд гэм буруутай гэж үзвэл мөн хуулийн 36.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон шийдвэрийг шүүх хуралдааны танхимд танилцуулж, тэмдэглэлд тусгуулсны дараа түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулахаар шүүх хуралдааны явц, дэс дарааллыг тогтоосон байна.

Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг шийдвэрлэлгүй эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлэсэн нь гэм буруугийн талаарх улсын яллагчийн  дүгнэлтийг сонссоны дараа шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг шийдвэрлэхээр шүүх хуралдааныг түр завсарлуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн шийдвэрээ танилцуулсан болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдож байна. /хх-232-233/

Шүүх хуралдааныг хуулиар тогтоосон дараалал, журмын дагуу явуулаагүй нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар гэм буруутай эсэхийг тогтоосны дараа гэм буруутай бол Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх эсэхийг шийдвэрлэнэ гэсэнтэй нийцээгүй байна.

         Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэг нь 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 5/05 дугаартай тогтоолоор яллагдагч С.Н д холбогдох эрүүгийн 1829001290090, 1828000840102 дугаартай хэргийг эрүүгийн 1829001200091 дугаартай хэрэгт нэгтгэж /хх-205-206/, мөн хяналтын прокурор В.Төгсбаяр нь 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 5/105 дугаартай яллах дүгнэлтийг үйлдэн “яллагдагч С.Н ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэхээр тогтоосугай” гэсэн шийдвэрийг гаргажээ. /хх-216-217/

         Гэтэл шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцсон прокурор В.Төгсбаяр нь эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт гаргахдаа С.Н д Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр удаа тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ялыг С.Н д оногдуулах саналыг гаргасан нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлж, яллах дүгнэлтэнд дурьдаагүй зүйл хэсгийг баримтлан эрүүгийн хариуцлага ногдуулах санал гаргаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж, мөн хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулах талаар заасан Эрүүгийн хуулийн заалтыг буруу хэрэглэсэн байна.

        Анхан шатны шүүх шүүгдэгчийн цагдан хоригдсон хугацааг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохдоо Эрүүгийн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4-ийг, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 гэж хууль хэрэглээний талаар алдаа гаргасан учир цаашид хууль хэрэглээний дээрх асуудалд анхаарч ажиллах нь зүйтэй гэж үзлээ.

         Анхан шатны шүүхийн хуульд нийцээгүй гаргасан алдаануудыг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн шийдвэрлэх боломжгүй болсон тул шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч гэм буруутай эсэхэд дүгнэлт хийхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул шүүгдэгчийн давж заалдах гомдлын үндэслэлд дүгнэлт хийгээгүй болно.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 2018/ШЦТ/110 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосугай.

           2. Шүүгдэгч С.Н д холбогдох 1829000340079 дугаартай эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд буцаасугай.

           3. Хэргийг шүүхэд очтол шүүгдэгч С.Н д цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

           4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                                       ШҮҮГЧИД                                          Х.ГЭРЭЛМАА

                                                                                                  П.ДОЛГОРМАА