Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 212/МА2020/00067

 

 

Я.Сийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч М.Нямбаяр, Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 130/ШШ2020/00796 дугаар шийдвэртэй, Өлгий сумын 8 дугаар багт оршин суух И овогт Я  Сийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Ж.А, нэхэмжлэгч Я.С, төрийг төлөөлж прокурор Х.Ө нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирол болох олгогдоогүй цалин хөлс 65.441.916.00 (жаран таван сая, дөрвөн зуун дөчин нэгэн мянга есөн зуун арван зургаа) төгрөг, хууль зүйн туслалцаа авсны хөлс 19.580.000.00 (арван есөн сая таван зуун наян мянга) төгрөгийг нөхөн төлүүлэх, Я.С миний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санааны үр дагаврыг арилгуулах буюу сэтгэл санааны хохиролд 300.000.000.00 (гурван зуун сая) төгрөг бүгд 385.021.916.00 (гурван зуун наян таван сая хорин нэгэн мянга есөн зуун арван зургаа) төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлд: ... 1. Миний бие уг гэмт хэрэгт холбогдох үед Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлөгдөөгүй байсан. Иймээс 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх цалин хөлс 13.098.432 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх цалин хөлс 14.518.790 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх цалин хөлс 14.518.790 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх цалин хөлс 14.518.790 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх цалин хөлс 14.518.790 төгрөг нийт 71.173.592 төгрөгийн эдийн засгийн хохирол,

2. Я.С би хүнд гэмт хэрэгт холбогдон цагдан хоригдсон үед Улаанбаатар хотод оршин суудаг, өмгөөлөгч Б.Э, Г.А нараас хууль зүйн туслалцаа авч байсан. Ялангуяа өмгөөлөгч Б.Э цагдан хорих 461 дүгээр ангид 7 хоногт заавал нэг удаа ирж уулзаж сэтгэлийн тайтгарал өгч, үнэлж баршгүй хууль зүй туслалцаа үзүүлж байсан. Өмгөөлөгч Б.Э-д 14.850.000 төгрөг, өмгөөлөгч Г.А 5.000.000 төгрөг нийт 19.580.000 төгрөг төлсөн хөлс,

3. Сэтгэл санааны хохиролд 250.000.000 /хоёр зуун тавин сая/ төгрөг нэхэмжилж байна. Сэтгэл санааны хохирлын хэмжээг дээр дурдсан байдлаар тодорхойлоход дараах хүчин зүйлүүд буюу бодит нөхцөл байдлуудыг харгалзан үзлээ. Үүнд: а) Би Баян-Өлгий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа цагдан хорих байр болон ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангийн хорих байранд 9 сар буюу 270 хоног цагдан хоригдсон. б) Уг хилс гэмт хэрэг 7 жил буюу 2555 хоног шалгагдсан.в) Баян-Өлгий аймгаас 1700 км алсад орших Улаанбаатар хотод 1 жил 6 сар гаруй биечлэн байж, үүнээс 9 сард гадуур хувийн батлан даалтад байсан.г) Цагдан хорих 461 дүгээр ангийн хорих байранд байхдаа бие маань муудаж 2 удаа хорих газрын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.д) Улаанбаатар хотод удаан хугацаагаар цагдан хоригдож байхад Баян-Өлгий аймгаас эхнэр, ах дүү нар олон удаа ирж байсан. Улаанбаатар хотод байдаг үр хүүхдүүд 7 хоногт нэг удаа эргэлт оруулж уулзалт хийж байсан.е) Монголын өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгсэл буюу сонин, телевизэд, интернэт орчинд миний талаар таагүй мэдээлэл цөөнгүй гарч миний нэр төр, алдар хүнд маш их унасан.ж) Улаанбаатар хотод хувийн батлан даалтад байх зарим үед амьдралын зайлшгүй шаардлага гарч Баян-Өлгий аймагт байдаг ар гэрийнхнийг эргэхээр Улаанбаатар-Баян-Өлгий, Баян-Өлгий-Улаанбаатарт олон удаа онгоцоор болон автомашинаар ирж, очиж айсан. з) Надад хийгээгүй хилс хэрэгт Дүүргийн 2 дугаар прокурорын газраас 85 хуудас бүхий яллах дүгнэлт үйлдэж, олон өдөр цагдаа, прокурор, шүүхийн хаалгыг сахиж шүүх хуралдаанд оролцсон.к) Би хийгээгүй гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад мөрдөгч, прокурор нарын хууль зөрчсөн үйл ажиллагааг арилгах, удаан хугацаагаар цагдан хоригдож байсан тул хувийн батлан даалтад гаргаж өгөх тухай төрийн дээд байгууллага, хууль хяналтын байгууллагад 62 удаа өргөдөл, гомдол, хүсэлт гаргаж байсан.л) Намайг Баян-Өлгий аймгаас Улаанбаатар хотод гар, хөлд минь гав хийж, 2 өдөр, 2 шөнө унтуулахгүйгээр хуяглан Улаанбаатар хотод хүргэж байсан байдал.м) Миний улсын хилээр гарах эрхийг хязгаарласан.н) Би хилс хэрэгт холбогдох үед ямар нэгэн ажил эрхлэх боломжгүй байсан тул эдийн засгийн хувьд маш хүнд байдалд орж байсан нөхцөл байдал.к) Миний охин С.Айтгүл нь ааваа үгүйлэн улмаар 2014 оноос эхлэн сэтгэл гутралын хүнд өвчинд нэрвэгдэж аймгийн Нэгдсэн эмнэлгийн хөдөлмөр чадвар алдалтын комиссын шийдвэрээр 2014 оноос эхлэн 2019 оны 04 дүгээр сар хүртэл групп тогтоолгон эхийн байнгын асрамжид орсон нөхцөл байдал. Иймд Засгийн газрын нөөц сангаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирол болох олгогдоогүй цалин хөлс 71.173.592 төгрөг, хууль зүйн туслалцаа авсны хөлс 19.580.000 төгрөгийг нөхөн төлүүлэх, нэр төр алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санааны үр дагаврыг арилгуулах буюу сэтгэл санааны хохиролд 250.000.000 төгрөг бүгд 340.753.592 төгрөгийг гаргуулах тухай шүүхийн шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна. гэжээ.

 

Нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагад: ...Хүсэлтийнхээ эхний шаардлага буюу ...эд хөрөнгийн хохирол болох олгогдоогүй цалин хөлс 71.173.592 төгрөг гаргуулах тухай хэсгийг дараах байдлаар тодруулж байна. Я.С миний 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал цалин хөлсөнд ноогдох нийгмийн даатгалын шимтгэлийг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын санхүүгээс нөхөн төлж өгсөн. Тухайлбал, 2013 оны 12 дугаар сарын цалин хөлс 12.624.996 төгрөг, үүнээс нийгмийн даатгалын шимтгэл 984.744 төгрөгийг хасаад 11.640.252 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын цалин хөлс 13.098.432 төгрөг, үүнээс нийгмийн даатгалын шимтгэл 1.132.452 төгрөгийг хасаад 13.386.288 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын цалин хөлс 14.515.640 төгрөг, үүнээс нийгмийн даатгалын шимтгэл 132.452 төгрөгийг хасаад 13.326.288 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын цалин хөлс 14.518.640 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл 1.132.452 төгрөгийг хасаад 13.326.288 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын цалин хөлс 14.518.740 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл 1.132.452 төгрөгийг хасаад 13.236.288 төгрөг гарч байна. Ингээд 2013-2018 онд олгогдоогүй цалин хөлс 77.082.168 төгрөгийг нэхэмжилж байна. Хүсэлтийнхээ гурав дахь шаардлагын хэсэг буюу Я.С миний нэр, нэр төр, ажил хэргийн нэр төр, алдар хүндийг олон нийтийн дунд унагаасны буюу сэтгэл санааны хохиролд 250.000.000 (хоёр зуун тавин сая) төгрөг нэхэмжилснийг 50.000.000 (тавин сая) төгрөгөөр нэмэгдүүлэн бүгд 300.000.000 (гурван зуун сая) төгрөг нэхэмжилж байна. Сэтгэл санааны хохирлыг нэмэгдүүлсэн болон төрөөс нэхэх болсон учир шалтгааныг шүүх хуралдааны үед дэлгэрэнгүй тайлбарлах болно. Одоо эцсийн байдлаар хүсэлтийнхээ шаардлагуудыг дараах байдлаар тодруулан томьёолж байна. Иймд Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирол болох олгогдоогүй цалин хөлс 77.082.168 төгрөг, хууль зүйн туслалцаа авсны хөлс 19.580.000 төгрөгийг нөхөн төлүүлэх, нэр төр алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санааны үр дагаврыг арилгуулах буюу сэтгэл санааны хохиролд 300.000.000 төгрөг бүгд 396.662.168 төгрөгийг гаргуулах тухай шүүхийн шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна. гэжээ.

 

Баян-Өлги амйаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 130/ШШ2020/00796 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирол болох олгогдоогүй цалин хөлс 65.441.916 (жаран таван сая, дөрвөн зуун дөчин нэгэн мянга есөн зуун арван зургаан) төгрөг, хууль зүйн туслалцаа авсны хөлс 19.580.000 (арван есөн сая таван зуун наян мянган) төгрөгийг нөхөн төлүүлэх, Я.С миний нэр, нэр төр, ажил хэргийн нэр төр, алдар хүнд, эрүүл мэнд, сэтгэл санааны үр дагаврыг арилгуулах буюу сэтгэл санааны хохиролд 300.000.000 (гурван зуун сая) төгрөг бүгд 385.021.916 (гурван зуун наян таван сая хорин нэгэн мянга есөн зуун арван зургаан) төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч И овогт Я н Сийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд: ...Анхан шатны шүүх иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчиж, иргэний хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь бодитой агуулгаар нь үнэлж чадаагүй, хууль зүйн үндэслэл муутай шийдвэр гарган нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон явдалд гомдолтой байна.

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Үүгээр Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор нь хүсэлтийг хангах болон доод шатны прокурорын шийдвэрт өөрчлөлт оруулсан хоёр өөр шийдвэрийг Хүсэлт хангах тухай нэг тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон шийдвэрлэсэн, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 5-д энэ зүйлийн 1.1 дэх хэсэгт ... заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоолд яллагдагч энэ хуульд заасны дагуу хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэй болохыг тусгасан байна" гэж заасан боловч энэ талаар Хүсэлт хангах тухай нэг тогтоолд тусгаагүй зэрэг нь учир дутагдалтай байна гэжээ. Аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн тогтоолоор аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч А.И2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 5\22 дугаартай Зарим яллагдагчид холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолын Тогтоох хэсгийн 1 дэх заалтад дээд шатны прокурор буюу аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор өөрийн тогтоолд өөрчлөлт оруулсан ба 2 дахь хэсэгт Яллагдагч Я.Сэд авсан 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, тус аймгийн Прокурорын газрын 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 5\123 тоот албан бичгээр тогтоосон хилийн хоригийг цуцалж, 3 дахь хэсэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Я.Сийн УАЗ-Э1512, 41-98БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, 4 дэх хэсэгт хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу яллагдагч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгчид 7 хоногийн дотор гардуулах, 5 дахь хэсэгт энэ шийдвэрийг оролцогч нар эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тогтоолыг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн прокурорын газрын дээд шатны прокурорт гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж, 6 дахь хэсэгт энэ шийдвэрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 7 хоногийн дотор ирж гардан авахыг яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөс бусад оролцогч нарт мэдэгдсүгэй гэж тус тус дурдаж өөрөөр хэлбэл уг тогтоолын тогтоох хэсгийн 6 заалтуудыг хөндөөгүй хэвээр үлдээсэн. Нөгөө талаас Я.С надтай уг эрүүгийн хэрэгт хамт шалгагдаж байсан А.П, О.С нарт холбогдох үйлдэл, эрүүгийн хэргийг аймгийн Прокурорын газрын 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 5\21, 5\23 дугаартай Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар буюу гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 5 дахь заалтыг дурдаагүй байна. Анхан шатны шүүхийн аймгийн Прокурорын газрын 2020.04.27-ны өдрийн 5\12 дугаартай Хүсэлтийг хангах тухай тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 5 дахь заалтыг дурдаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгаа нь яллагдагч гэх Я.С миний буруутай үйл ажиллагаа байхгүй гэж үзэж байна. Прокурорын хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.6 дугаар зүйлийн 5 дахь заалтыг заавал тусгаж байхаар хуульчлаагүй. Түүнчлэн шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийг цагаатгах тогтоол гаргахдаа заавал хохирлоо нэхэмжлэх эрхийг тусгадаггүй. Я.С би маргаан бүхий гэх тогтоолд уг заалтыг тусгах үүрэг бүхий этгээд биш 7 жилийн турш хилс хэргийн золиос болж явсан яллагдагч гэх этгээд. Аймгийн прокурорын газрын тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.6 дугаар зүйлийн 5 дахь заалтыг тусгаагүйг ч Я.С би хохирлоо арилгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байдлыг анхан шатны шүүх анхаарч үзээгүй.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Мөн Эрүүгийн 201604000093 дугаартай хэргээс Я.Сэд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч А.И2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 5\22 дугаартай Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолыг дээд шатны прокурорууд хянаад эцсийн шийдвэр гаргасан болох нь Монгол Улсын Ерөнхий Прокурорын газрын 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 1\518 дугаартай хариу мэдэгдэх хуудас болон Монгол Улсын Ерөнхий Прокурорын газрын 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 1\1169 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар тус тус нотлогдож байхад дахин Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Т.Б хүлээн авч хянаад гаргасан 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 5\12 дугаартай Хүсэлтийг хангах тухай тогтоол гаргасан нь эргэлзээтэй байна гэжээ. Анхан шатны шүүхийн дээр дурдсан дүгнэлтийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна.

2.1. Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14-т ...Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэм буруутайд тооцож үл болно... гэсэн заалт бий. Гэтэл анхан шатны шүүх УЕП-ын газрын хоёр хуудас мэдэгдэх хуудсаар Я.С намайг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэгтэн мэтээр хууль зүйн дүгнэлт хийж байгаа нь маш их эргэлзээтэй дүгнэлт гэж үзэж байна. Монгол улсад аливаа иргэн гэм буруутай эсэхийг шүүх эцэслэн тогтоодог хуультай. УЕП-ын газар нь иргэнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна, үйлдсэн хэрэг нь нотлогдсон гэж эцсийн байдлаар шийдвэр гаргах субъект биш. Эцсийн эцэст гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг гагцхүү шүүх тогтооно. Гэмт хэрэг үйлдсэн этгээд гэм буруутай байна, шалгагдсан, хэрэг нь батлагдсан, нотлогдсон гэдгийг прокурорын 2 хуудас хариу мэдэгдэх хуудсаар тогтоодоггүй. Иймээс анхан шатны шүүх Улсын ерөнхий прокурорын газрын хариу мэдэгдэх хуудсуудыг Я.С намайг гэм буруутай байсныг нотлох бичиг баримт гэж үнэлж байгаа явдалд гомдолтой.

2.2. 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.7 дугаар зүйлийн 2-т Яллагдагч өөрийн гэм буруугүйг шүүхээр тогтоолгон цагаатгах шүүхийн шийдвэр гаргуулахаар хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээлгэж шалгуулахаар дээд шатны прокурорт гомдол гаргаж болно гэсэн зарчмыг тусгасан.Энэ бол өмнөх Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд байгаагүй хүний эрхийг хангах чухал баталгаа болсон цоо шинэ заалт. Эрүүгийн хилс хэрэгт холбогдогч Я.С би өөртөө холбогдох хэргийн талаар УЕП-ын газраас эцэслэн шийдвэрлэсэн гэх хариу мэдэгдэх хуудас гарсан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.7 дугаар зүйлийн 2-т заасан хүсэлт гаргах эрхийг эдэлж Баян-Өлгий аймгийн Прокурорын газарт 2018 оны 7 дугаар сарын сүүлчээр хүсэлт гаргасан. Уг хүсэлтийг аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Т.Б хүлээн авч, тус газрын 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 5\14 дугаартай Гомдлыг хүлээн авах тухай тогтоолоор Я.Сийн надад холбогдох хэргийг сэргээж гэм буруутай эсэхийг шүүхээр тогтоож өгнө үү гэсэн гомдлыг хүлээн авч гомдолд дурдсан асуудлыг шалгахыг мөрдөгчид даалгаж, хэргийг сэргээж шүүхэд шилжүүлэхийг аймгийн Прокурорын орлогч А.Турдыбект даалгасан юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар яллагдагчид хэрэгт мөрдөн байцаалт явуулах, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэх эрхийг олгоогүй. Я.С надад холбогдох эрүүгийн хэргийг сэргээн мөрдөн байцаалт явуулах шийдвэр гарснаас хойш 1 жил 8 сар 11 хоногийн дараа аймгийн Прокурорын газраас надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд хэргийг сэргээснээс хойш 1 жил, 8 сар 11 хоногийн хугацаанд надад холбогдох хэрэгт мөрдөн байцаалт явуулаагүй, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлээгүй явдалд Я.С миний буруутай үйл ажиллагаа байхгүй.

2.3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлд хохирлыг нөхөн төлүүлэх үндэслэлийг заасан. Мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 яллагдагч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон, эсхүл шүүгдэгч, ял шийтгүүлсэн этгээдийг цагаатгасан, Монгол улсын Дээд шүүхийн 2006 оны Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгах тухай Эрүүгийн байцаан шийтгэх болон иргэний хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 45 дугаар тогтоолын 5-д Хуулийн 389 дүгээр зүйлийн 389.1, 389.2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс суллагдсан, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй эсхүл тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон гэдгийг баривчлагдсан болон цагдан хоригдсон, өөр бусад таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, ажил албан тушаалаа түдгэлзүүлсэн этгээдэд холбогдох хэргийг аль нэг шатны прокурорын болон шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болгосныг хэлнэ гэж тус тус хуульчилсан. Баян-Өлгий аймгийн прокурорын газрын 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Хүсэлтийг хангах тухай 5\12 дугаар тогтоолын тогтоох хэсэгт 1. Я.Сээс гаргасан ...надад холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д эсхүл 2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийг хангасугай. 2. Аймгийн прокурорын газрын 2017-12-28-ны өдрийн Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 5\22 тоот тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг 1. Эрүүгийн 201604000093 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилсүгэй. 3. Энэ тухай хүсэлт гаргагч Я.Сэд мэдэгдсүгэй. 4. Гаргасан хүсэлт, шийдвэрлэсэн тогтоол, холбогдох материалыг хавтаст хэрэгт тусгасугай. Аймгийн ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Т.Б гэж дурдсан. Өөрөөр хэлбэл Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн "Хүсэлтийг хангах тухай 5\12 дугаартай тогтоолоор Я.С надад холбогдох эрүүгийн 201604000093 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5-ын 1-ийн 1.1-д зааснаар буюу гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон эцэслэн шийдвэрлэсэн гэж үзэж байна. Баян-Өлгий аймгийн прокурорын газрын тогтоол нь одоо хуулийн хүчин төгөлдөр байна. Гэтэл анхан шатны шүүх аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх бүрэн эрхийн хүрээнд гаргасан тогтоолыг эргэлзээтэй гэж үзээд миний нэхэмжлэлийн шаардлагыг дээрх үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгох буюу маргаан бүхий гэх тогтоолыг агуулгаар нь бүрэн гүйцэд судлаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2. Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагад нийцэхгүй байгааг давж заалдах шатны шүүх анхаарч үзэхийг хүсье.

2.4. Шүүх хуралдаанд төрийг төлөөлөн оролцсон хяналтын прокурор Х.Өрөн нь дээд шатны прокурорын шийдвэрийг үгүйсгэн, хууль бус мэтээр тайлбарлаж, Улсын Ерөнхий прокурорын газрын хариу мэдэгдэх хуудсыг туйлын үнэн, маргашгүй эцсийн шийдвэр мэтээр улайран тайлбарлан энэ нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл болно гэж мэтгэлцээнд оролцсон явдалд харамсаж байна. Прокурорын байгууллагын тухай болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар дээд шатны прокурорын тогтоол хэлбэрээр гарч хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэр, тогтоолыг үгүйсгэх эрх доод шатны прокурорт олгогдоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүйд тооцож хүсэлт гаргагч Я.С миний анхан шатны шүүхэд гаргасан Монгол улсын Засгийн газрын нөөц сангаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирол болох олгогдоогүй цалин хөлс 65.441.916 \жаран таван сая, дөрвөн зуун дөчин нэгэн мянга есөн зуун арван зургаа\ төгрөг, хууль зүйн туслалцаа авсны хөлс 19.580.000 \арван есөн сая таван зуун наян мянга\ төгрөгийг нөхөн төлүүлэх, Я.С миний нэр, нэр төр, ажил хэргийн нэр төр, алдар хүнд, эрүүл мэнд, сэтгэл санааны үр дагаврыг арилгуулах буюу сэтгэл санааны хохиролд 300.000.000 гурван зуун сая\ төгрөг бүгд 385.021.916 \Гурван зуун наян таван сая хорин нэгэн мянга, есөн зуун арван зургаа\ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгөхийг давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байх тул нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Я.С нь Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирол болох олгогдоогүй цалин хөлс 65.441.916.00 (жаран таван сая, дөрвөн зуун дөчин нэгэн мянга есөн зуун арван зургаа) төгрөг, хууль зүйн туслалцаа авсны хөлс 19.580.000.00 (арван есөн сая таван зуун наян мянга) төгрөгийг нөхөн төлүүлэх, Я.С миний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санааны үр дагаврыг арилгуулах буюу сэтгэл санааны хохиролд 300.000.000.00 (гурван зуун сая) төгрөг бүгд 385.021.916.00 (гурван зуун наян таван сая хорин нэгэн мянга есөн зуун арван зургаа) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ Баян-Өлгий аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Т.Бийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 5/12 дугаартай Хүсэлтийг хангах тухай прокурорын тогтоолоор аймгийн прокурорын газрын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 5/22 дугаар тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтаар Эрүүгийн 201604000093 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчилсөн тул гэж тайлбарлажээ.

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон Баян-Өлгий аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Т.Бийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 5/12 дугаартай Хүсэлтийг хангах тухай прокурорын тогтоолыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудтай тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэхэд, Я.Сэд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтаар буюу гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Т.Бийн дээрх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчид хохирол нөхөн төлүүлэх эрх үүсгэсэн эсэх нь эргэлзээтэй байна.

 

Учир нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар дараах нөхцөл байдлууд тогтоогджээ. Үүнд, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч А.И2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 5/22 дугаартай Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор эрүүгийн 201604000093 дугаартай хэргээс Я.Сэд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтаар буюу тухайн үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосныг Я.Сийн гомдлоор Баян-Өлгий аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Т.Б хянаад, 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 5/03 дугаартай Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай прокурорын тогтоол гаргажээ.

Я.С нь дээд шатны прокурорын уг тогтоолыг эс зөвшөөрч Монгол Улсын ерөнхий прокурорт гомдол гаргасныг Улсын ерөнхий прокурорын орлогч Б.Амгаланбаатар хянаад, 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 1/13 дугаар Доод шатны прокурорын шийдвэрийг хүчингүй болгох тухай тогтоолоор Баян-Өлгий аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Т.Бийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 5/03 дугаартай Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэснээр Я.Сэд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтаар буюу тухайн үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч А.И2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 5/22 дугаартай прокурорын тогтоол хуулийн хүчин төгөлдөр хэвээр үлджээ.

 

Үүний дараа Я.С нь 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч А.Турдыбект түүний гаргасан 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 5/22 дугаартай тогтоолд өөрчлөлт оруулах тухай хүсэлт гаргасныг прокурор А.Турдыбек хянаад, 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 5/20 дугаартай Хүсэлтийг хангахаас татгалзах тухай тогтоолоор түүний хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Я.С нь уг шийдвэрийг эс зөвшөөрч, аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорт гомдол гаргаж амжилт олоогүй тул энэ талаар Улсын ерөнхий прокурорт дахин гомдол гаргажээ.

Я.Сийн уг гомдлын хариуг Монгол Улсын ерөнхий прокурорын газрын 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 5/1169 дүгээр мэдэгдэх хуудсаар хүргүүлсэн бөгөөд үүнд Таны гомдолд дурдсан асуудлыг өмнө нь мөн таны гомдлын дагуу эрүүгийн хэргийг татаж хянаад, Улсын ерөнхий прокурорт танилцуулж, түүний нэрийн өмнөөс Улсын ерөнхий прокурорын орлогч 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 1/518 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар гомдлыг шийдвэрлэж, хариу өгсөн байна. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр танд холбогдох хэргийг Зарим сэжигтэн яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 5/22 дугаартай тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэн, тус газрын эцсийн шийдвэр болохыг танд мэдэгдсэн тул дахин шийдвэр гаргах боломжгүй. гэжээ.

Дээрх мэдэгдэх хуудаст дурдсан Монгол Улсын ерөнхий прокурорын газрын 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 1/518 дугаар мэдэгдэх хуудаст Баян-Өлгий аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 5/03 дугаар Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай хүчингүй болгож шийдвэрлэлээ. Энэ шийдвэр нь тус прокурорын газрын эцсийн шийдвэр болно. гэж тодорхой тусгасан байна.

 

Үүнээс дүгнэвэл, Я.С холбогдох эрүүгийн хэргийг Баян-Өлгий аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч А.И2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 5/22 дугаар тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтаар буюу тухайн үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон, энэ нь Улсын ерөнхий прокурорын орлогчийн шийдвэрээр баталгаажиж, хуулийн хүчин төгөлдөр болсон төдийгүй Улсын ерөнхий прокурорын газрын хоёр удаагийн хариу мэдэгдэх хуудсаар тухайн шийдвэр нь прокурорын эцсийн шийдвэр болохыг мэдэгдсээр байхад Баян-Өлгий аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Т.Б 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 5/12 дугаартай прокурорын тогтоолоор хуулийн хүчин төгөлдөр аймгийн прокурорын газрын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 5/22 дугаар тогтоолыг өөрчилснийг дээрх нөхцөл байдалтай харьцуулан, нэхэмжлэгчид хохирол төлүүлэх эрхийг хууль ёсоор үүсгэсэн гэж үзэхэд эргэлзээ төрүүлж байна.

Тодруулбал, Прокурорын тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.3 дахь заалтад прокурорын үйл ажиллагааны нэгдмэл төвлөрсөн удирдлагатай байх зарчмыг тусгайж, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт Прокурор дээд шатны прокурорын өмнө ажлаа хариуцна. Прокурор дээд шатны прокурорын хууль ёсны шийдвэр, даалгаврыг заавал биелүүлнэ. гэж хуульчилсан бөгөөд дээд шатны прокурор болох Улсын ерөнхий прокурорын шийдвэрээс зөрүүтэй аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын шийдвэрийг эргэлзээтэй гэж үзэн, хэргийг хэрэгсэхгүй болгож эцэслэн шийдвэрлэсэн Улсын ерөнхий прокурорын шийдвэр, хариу мэдэгдэх хуудаснуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаараа аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын шийдвэрээс илүү чухал гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр, дүгнэлт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчимд нийцсэн, нотлох баримтад үндэслэгдсэн байна.

 

Анхан шатны шүүх дээр дурдсанчлан хэргийн үйл баримтын талаар хууль зүйн болон бодит үндэслэлтэй дүгнэлт хийсэн боловч аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын дээрх тогтоолын агуулга, хэлбэрийн талаар иргэний хэргийн шүүхийн эрх хэмжээнд хамааралгүй асуудлаар хууль зүйн дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд нийцээгүйг, нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд тусгагдсан энэ талаарх гомдол үндэстэйг тэмдэглэх нь зүйтэй. Гэвч анхан шатны шүүхийн уг зөрчил Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлд заасан үндэслэлүүдийн аль нэгэнд хамаарахгүй, хэргийн оролцогчийн эрхийг хасаж, хязгаарласан агуулгагүй, хэргийн шийдэлд нөлөөлөхгүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд тооцогдохгүй бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлгүй болно.

 

2. Я.С нь 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Баян-Өлгий аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Т.Бэд хандаж, прокурорын орлогч А.И2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 5/22 дугаартай Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолыг хүчингүй болгуулан, өөрийн гэм бурууг шүүхээр тогтоолгон цагаатгах шүүхийн шийдвэр гаргуулахыг хүсэж гомдол гаргасныг тус прокурорын газрын 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 5/14 дугаартай Гомдлыг хүлээн авах тухай тогтоолоор Я.Сийн хэргийг сэргээж, гэм буруутай эсэхийг шүүхээр тогтоолгох тухай гомдлыг хүлээн авч, гомдолд дурдсан асуудлыг шалгахыг мөрдөгчид даалгаж, хэргийг сэргээж шүүхэд шилжүүлэхийг орлогч прокурор А.Турдыбект даалгажээ.

 

Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Яллагдагч өөрийн гэм буруугүйг шүүхээр тогтоолгон цагаатгах шүүхийн шийдвэр гаргуулахаар хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээлгэж шалгуулахаар дээд шатны прокурорт гомдол гаргаж болно. гэж заасны дагуу гаргасан Я.Сийн өөрийн гэм буруугүйг шүүхээр тогтоолгох тухай хүсэлтийг хангасан аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын шийдвэр бодитой хэрэгжээгүй, биелэгдээгүй, Я.Сэд холбогдох хэрэгсэхгүй болгосон хэргийг дээрх үндэслэлээр сэргээн шалгаагүй, түүний гэм буруутай эсэхийг нь тогтоолгохоор хэргийг шүүхэд шилжүүлээгүй нь шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгч болон прокурорын тайлбар, 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Я.Сийн Баян-Өлгий аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорт гаргасан хүсэлт, ерөнхий прокурорын орлогч А.И2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 1/34 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар тус тус тогтоогдож байна.

 

Хэрэгт нэхэмжлэгч Я.Сийн гэм буруугүйг тогтоосон шүүхийн цагаатгах тогтоол авагдаагүй бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугүйгээ шүүхээр тогтоолгох үндсэн эрхээ хэрэгжүүлсний дараа нэхэмжлэгч Я.С нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтын дагуу хохирол нөхөн төлүүлэх тухай шүүхэд дахин нэхэмжлэл гаргахад Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 130/ШШ2020/00796 дугаар шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн энэхүү магадлал саад болохгүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт заасныг баримтлан, хэрэгт цугларсан нотлох баримтаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нэхэмжлэгчид хохирол төлүүлэх үндэслэл тогтоогдоогүй тул Я.Сийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтыг үндэслэлтэй тогтоож, түүнд хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн учир шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулах тухай давж заалдах гомдлыг дээрх үндэслэлүүдээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол хуульд зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 130/ШШ2020/00796 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД М.НЯАМБАЯР

 

Д.КӨБЕШ