Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 84

 

 

 

 

 

2020 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 207/МА2020/00084

 

 

*******ын нэхэмжлэлтэй,

хариуцагч *******т холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Баттөр, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 142/ШШ2020/00511 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******т холбогдох,

Зээлийн төлбөр 2.616.160 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагч *******ийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Болортуяа, хариуцагч *******, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр миний үл хөдлөх хөрөнгө болох хашаа байшингийн гэрчилгээг барьцаалан зээл авах үед манай нөхрийн хамаатан хариуцагч ******* нь намайг зээл авах гэж байгааг мэдээд өөрийн үйлчлүүлдэг Тэгш саятан Банк бус санхүүгийн байгууллагаас урт хугацаатай хүү багатай гардаг хэмээн ятган миний авах гэж буй 6 000 000 төгрөг дээр нэмж 3 000 000 төгрөг нэмж авч өгөхийг гуйсан юм. Үүнээс хойш 8 сар хүртэл хугацаанд ******* нь ******* миний Хаан банкин дахь 5096058861 тоот дансанд 2019 оны 04 сараас 150 000 төг хийж байгаад 9 сараас хойш хугацаа хэтрүүлэн асуудал үүсгэж эхэлсэн. Ингээд 12 сараас хойш эргэн төлөлт хийхгүй, надад хохирол учруулж байна, миний бие 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр монетон ээмэгээ ломбард тавьж 2020 оны 01 дүгээр сарын төлөлтөө мөн оны 01 дүгээр сарын 20-ны өдөр өөрийн гар утсаа мөн ломбардад тавьж эргэн төлөлтийг хийсэн. Иймд 3.000.000 төгрөгийн үндсэн зээлээс хасагдах 383.840 төгрөгийг хасч гаргасан 2.616.160 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би *******аас 3 сая төгрөг аваад 4 дүгээр сарын 20-ны өдрөөс сар болгон 150.000 төгрөгөөр төлж дуусгахаар тохиролцож 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл төлөөд 1.200.000 төгрөгийг дансаар болон бэлэн төлөөд явж байсан. Мөн 700.000 төгрөгийн буйдан надаас мөнгөнөөсөө суутгуулна гэж авсан. Ингээд нийт 1.900.000 төгрөгийг өгөөд байхад огт өгөөгүй гэж хувийн өс хонзонгоор шүүхэд худал мэдүүлж нэхэмжлэл гаргасан байна. Миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. ******* нь мөнгөний асуудлаас болж намайг хэл амаар доромжилж мөн гэрт ирж зодож намайг дутуу төрүүлж хүүхдийг минь санаатайгаар зулбуулах шахаж одоо эрүүгийн хэрэг үүсгэж шалгуулж байгаа. Энэ мөнгөнөөс болж хүн амины хэрэг гарах шахсан юм гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 142/ШШ2020/00511 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч *******ээс 1,805,000 төгрөг гаргуулан *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 811,160 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 56,809 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 43,830 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Миний бие *******аас мөнгө авсан боловч бид хоёр тохиролцож зээлсэн мөнгөнөөс буйданг 700.000 төгрөгөөр үнэлж хасахаар ярилцаж тохирсон. ******* буйдангийн талаар худал хэлж байгаад гомдолтой байна. Тиймээс буйдангийн үнийн зөрүү 550.000 төгрөгийг хасаж өгнө үү? Энэ хүнд 700.000 төгрөгөөр өгсөн болохоос 150.000 төгрөгөөр тооцож өгөөгүй. Хүсэлтийг минь хүлээж авна уу гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Д.Батмөнх зээлийн төлбөр 2.616.160 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч ******* ...нийт 1.900.000 төгрөг төлсөн, буйдан өгсөн, намайг хэл амаар доромжилсон тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэх тайлбар гаргаж, мэтгэлцсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч ******* Тэгш саятан ББСБ-аас зээлсэн мөнгөнөөс 3.000.000 төгрөгийг хариуцагч *******ийн Хаан банкны 5096088295 тоот дансанд бэлэн бусаар шилжүүлсэн, хариуцагч сар бүр 150.000 төгрөг буюу нийт 1.045.000 төгрөг төлсөн, буйдан өгсөн болох нь тогтоогдсон байна.

Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******д зээлийн төлбөрт тооцож буйдан өгөхдөө хэдэн төгрөгөөр үнэлж өгсөн, тухайн буйдан хэдэн төгрөгийн үнэтэй болохыг нотолж чадаагүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүх буйданг 150.000 төгрөгөөр үнэлж нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцсоныг буруутгах үндэслэл байхгүй байна.

Шүүх ...талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн, нэхэмжлэгч зээлийн хүү авах эрхээ алдсан, харуицагч зээлийн төлбөрт тооцож 1045.000 төгрөг, буйдан буюу 150.000 төгрөг төлсөн... гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж хариуцагч *******ээс 1.805.000 төгрөг гаргуулж, үлдэх 811.160 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасантай нийцсэн байна.

Хариуцагч *******ийн гаргасан ...бид хоёр тохиролцож зээлсэн мөнгөнөөс буйданг 700.000 төгрөгөөр үнэлж хасахаар тохирсон тул 550.000 төгрөгийг хасаж шийдвэрлэж өгнө үү?... гэх давж заалдах гомдлын үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогттогдохгүй бөгөөд хүлээн авах боломжгүй байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажилагааны журам болон хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 142/ШШ2020/00511 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч *******ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17.150 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ

ШҮҮГЧИД Б.БАТТӨР

Б.ОЮУНЦЭЦЭГ