Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 142/ШШ2020/0051

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, тоотод оршин суух, Д.Б /Регистрийн дугаар: /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, тоотод оршин суух, Л.У /Регистрийн дугаар: /-д холбогдох

2,616,160 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Болортуяа, хариуцагч Л.У, гэрч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр миний үл хөдлөх хөрөнгө болох хашаа байшингийн гэрчилгээг барьцаалан зээл авах үед манай нөхрийн хамаатан хариуцагч Л.У нь намайг зээл авах гэж байгааг мэдээд өөрийн үйлчлүүлдэг Тэгш саятан Банк бус санхүүгийн байгууллагаас урт хугацаатай хүү багатай гардаг хэмээн ятган миний авах гэж буй 6 000 000 төгрөг дээр нэмж 3 000 000 төгрөг нэмж авч өгөхийг гуйсан юм. Үүнээс хойш 8 сар хүртэл хугацаанд Л.У нь Д.Б миний Хаан банкин дахь 5096058861 тоот дансанд 2019 оны 04 сараас 150 000 төг хийж байгаад 9 сараас хойш хугацаа хэтрүүлэн асуудал үүсгэж эхэлсэн.

Ингээд 12 сараас хойш эргэн төлөлт хийхгүй, надад хохирол учруулж байна, миний бие 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр монетон ээмэгээ ломбард тавьж 2020 оны 01 дүгээр сарын төлөлтөө мөн оны 01 сарын 20-ны өдөр өөрийн гар утсаа мөн ломбардад тавьж эргэн төлөлтийг хийсэн. Иймд 3 000000 \гурван сая\ төгрөгийн үндсэн зээлээс хасагдах 383840 төгрөгийг хасч гаргасан 2616160 \Хоёр сая зургаан зуун арван зургаан мянга нэг зуун жаран\ төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.У шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Л.У нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Д.Баас 3 сая төгрөг аваад 4 дүгээр сарын 20-ны өдрөөс сар болгон 150,000 төгрөгөөр төлж дуусгахаар тохиролцож 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл төлөөд 1,200,000 төгрөгийг дансаар болон бэлэн төлөөд явж байсан. Мөн 700,000 төгрөгний буйдан надаас мөнгөнөөсөө суутгуулна гэж авсан. Ингээд нийт 1,900,000 төгрөгийг өгөөд байхад огт өгөөгүй гэж хувийн өс хонзонгоор шүүхэд худал мэдүүлж нэхэмжил гаргаж нэхсэн байна. миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. Д.Б нь мөнгөний асуудлаас болж намайг хэл амаар доромжилж мөн гэрт ирж зодож намайг дутуу төрүүлж хүүхдийг минь санаатайгаар зулбуулах шахаж одоо эрүүгийн хэрэг үүсгэж шалгуулж байгаа. Энэ мөнгөнөөс болж хүн амьны хэрэг гарах шахсан юм гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт зохигчийн тайлбар, бичгийн баримтуудыг нотлох баримтаар шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Л.У-ээс2,616,160 төгрөг гаргуулахаар нэхэмжлийн шаардлага гаргажээ.

            Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “ 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр намайг үл хөдлөх хөрөнгө болох хашаа байшингийн гэрчилгээг барьцаалан зээл авах үед хариуцагч Л.У нь энэ тухай мэдээд өөрийн үйлчлүүлдэг Тэгш саятан Банк бус санхүүгийн байгууллагаас урт хугацаатай хүү багатай гардаг хэмээн ятган миний авах гэж буй 6 000 000 төгрөг дээр нэмж 3 000 000 төгрөг нэмж авахыг гуйж дээрх зээлийг авсан.  Үүнээс хойш 8 сар хүртэл хугацаанд Л.У нь Д.Б миний Хаан банкин дахь 5096058861 тоот дансанд 2019 оны 04 сараас 150 000 төгрөг хийж байгаад 11 дүгээр сараас хойш мөнгөө төлөхөө больсон” гэж тайлбарлаж байна.

            Хариуцагч нь 3 сая төгрөг авснаа хүлээн зөвшөөрч байгаа боловч нэхэмжилж байгаа мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй. 1.200.000 төгрөгийг бэлнээ болон дансаар төлсөн, мөн 700,000 төгрөгний буйдан өгсөн нийт 1.900.000 төгрөг төлсөн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тайлбарлаж байна.

            Нэхэмжлэгч Д.Б нь 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр “Тэгш саятан” ББСБ-аас 9,000,000 сая төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй өрхийн хэрэглээний зориулалтаар зээл авсан байх бөгөөд, зээлийн барьцаанд Орхон аймаг, Баян-Өндөр сум, Яргуйт баг, Овоот 8-9 тоотод байрлах, 817 метр квадрат талбайтай газар, 67,3 метр квадрат талбайтай хувийг сууцыг барьцаалсан, 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 7,323,512.95 төгрөгний зээлийн үлдэгдэлтэй болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон зээлийн барьцааны гэрээ, зээлийн дансны хуулгаар нотлогдож байна.

Нэхэмжлэгч нь 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хариуцагчийн 5096088295 тоот данс руу 3,000,000 сая төгрөгийг шилжүүлсэн байх ба, хариуцагч нь 3,000,000 сая төгрөгийг хүлээн авсан талаар маргахгүй байна.

Харин зээлсэн 3,000,000 төгрөгнөөс бэлэн болон дансаар нийт 1,200,000 төгрөгийг өгсөн, зээлийн төлбөрт 700,000 төгрөгний буйдан өгсөн маргаж байна.

Зээлдүүлэгч Д.Б нь зээлдэгч Л.Уийн өмчлөлд 3,000,000 төгрөг шилжүүлсэн, зээлдэгч Л.У нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд төлөх үүрэг хүлээсэн шинжээс нь зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэлээ.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ.Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан.

            Хэдийгээр нэхэмжлэгч нь хариуцагчид 3,000,000 төгрөгийг шилжүүлсэн байх боловч, зээлийн гэрээ байгуулаагүй байх тул хүү шаардах эрхгүй байна.

            Хэрэгт авагдсан нотлох баримт болох Л.Уийн дансны хуулгаар хариуцагч нь нэхэмжлэгчид нийт 1,045,000 төгрөгийг төлж барагдуулсан байх бөгөөд буйданг нэхэмжлэгч 150,000 төгрөгөөр тохирч авсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон гэрчийн мэдүүлэгээр тогтоогдож байна.

Ийнхүү хариуцагч нь нэхэмжлэгчид нийт 1,195,000 төгрөг төлж барагдуулсан байх тул хариуцагчаас 1,805,000 төгрөг гаргуулж, 811,160 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.

Улсын тэмдэгтийн хуурамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Л.У-ээс1,805,000 төгрөг гаргуулан Д.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 811,160 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 56,809 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 43,830 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                                        ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                    Б.БЯМБАСҮРЭН