Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 89

 

 

 

 

 

2020 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 207/МА2020/00089

 

 

Бамбай фарм ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч С.Одонтунгалаг,

Н.Эхлэнтогтох нарт холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 142/ШШ2020/00533 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Бамбай фарм ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С.Одонтунгалаг, Н.Эхлэнтогтох нарт холбогдох,

Хууль бус эзэмшлээс өмчлөлийн талбайг чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Жанчивын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Байгальмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Сарантуул, хариуцагч С.Одонтунгалаг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбат, Г.Мөнхбуян, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн захирал Ж.Байгальмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Манай компани нь 2010 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 270 тоот Засаг даргын захирамжийн хавсралтын дагуу Зэст баг, Захиргааны 3 дугаар байрны урьд байрлах Барилгачдын клубт үйлчилгээний зориулалтаар 142.72 м.кв талбай бүхий 2101012151 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгө өмчилдөг. 2014 оноос манай компанийн хажууд 140.50 м2 талбайг өмчилдөг хөрш байгууллагаас *******зоогийн газар нь түрээслэн авч ажиллуулж байхдаа манай өмчлөлийн талбайн 25 м2 талбайг бидний зөвшөөрөлгүй өөрсдийн эзэмшилд ашиглалтанд оруулж, өнөөдрийг хүртэл эзэмшиж байна. Манай компанийн үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээгээр газрын эзэмшлийн татвар, дулаан, эрчим хүчний төлбөрийг төлдөг тул энэ хууль бус эзэмшлээс өмчлөлийн талбайг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан байсан. Нотлох баримтын хүрээнд 24 м.кв дундын эзэмшил тул өөрийн 12 м2 талбайг чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа гэжээ.

Хариуцагч *******рестораны эрхлэгч С.Одонтунгалаг шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

С.Одонтунгалаг миний бие *******зоогийн газрыг 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс түрээслэн авч ажиллуулж байна. ******* эмийн сангаас гаргасан нэхэмжлэл С.Одонтунгалаг надад хамааралгүй гэжээ.

Хариуцагч Н.Эхлэнтогтох шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Н.Эхлэнтогтох миний бие Орхон аймаг, Баян-Өндөр сумын 1 дүгээр баг, Зэст баг 21 байр, Барилгачин клубт байрлах Грави төв үйлдвэр, үйлчилгээний зориулалттай 140.50 м2 талбайтай Ү-2101012497 улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 000633169 дугаар гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгийг 2014 онд худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр өөрийн нэр дээр шилжүүлэн авч тухайн объектод засвар үйлчилгээ хийн "Маэстро" нэртэй зоогийн газар байгуулан таван жил идэвхтэй үйл ажиллагаа явуулан өнөөдрийг хүрсэн бөгөөд "Бамбай Фарма" ХХК нь энэ хугацаанд ямар нэгэн гомдол шаардлага гаргаж байгаагүй билээ. Гэтэл 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хөрш байгууллага болох Бамбай Фарма" ХХК шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо "Бамбай Фарма" ХХК-ний 25 м2 талбайг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэвч нэхэмжлэгчийн маргаж буй үл хөдлөх эд хөрөнгө нь иргэн Н.Эхлэнтогтох миний нэр дээр бүртгэлтэй байдаг ба Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон кадастрын зургаар маргаан бүхий талбай нь иргэн Н.Эхлэнтогтохын өмчлөл болох нь /хавсаргасан баримтаар/ тодорхой харагдана. Мөн тус талбай нь нэхэмжлэгчийн өмчлөлийн талбай гэдгийг нотолсон аливаа үйл баримт байхгүй болохыг дурдах нь зүйтэй. Мөн нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасан үндэслэлээр хариуцагчийг хууль бус эзэмшилээс чөлөөлүүлэх шаардлага гаргахдаа шаардлага гаргах эрх бүхий этгээд нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байж шаардах эрх үүсэхээр хуульчилсан байдаг. Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч "Бамбай Фарма ХХК нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 142/ШШ2020/00533 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан хариуцагч Н.Эхлэнтогтохын Орхон аймгийн Баян-Өндөр сумын 1 дүгээр баг, Зэст 21 байр Барилгачин клуб-д байрлах Ү-2101012497 улсын бүртгэлийн дугаартай үйлчилгээний зориулалт бүхий 140.50 м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлөөс 7.72 м2 үүдний хэсгийн талбайг чөлөөлөн нэхэмжлэгч Бамбай фарм ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4.28 м2 талбайг чөлөөлүүлэх болон хариуцагч *******рестораны эрхлэгч С.Одонтунгалагт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Эхлэнтогтохоос 35.100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Бамбай фарм ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Жанчив шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Орхон аймгийн Баян-Өндөр сумын 1 дүгээр баг, Зэст 21 байр, Барилгачин клуб-д байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2101012497 дугаарт бүртгэлтэй 140.5 м2 талбайтай үл хөдлөх хөрөнгийг Н.Энхлэнтогтох нь бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлэн авсан бөгөөд Н.Эхлэнтогтохын өмнөх өмчлөгч болох А.Батцэцэг нь тухайн үл хөдлөх хөрөнгийг Д.Нямдоржоос 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 150.000.000 төгрөгөөр худалдан авсан болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байгаа болно. Гэтэл анхан шатны шүүх хэт нэг талыг барьж нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаагүй нэхэмжлэгч 2008 онд Грави ХЗХ-ноос өөрийн худалдан авсан талбай, түүний хэмжээг нотолсон 2008 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн 02/08 дугаартай гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг зөрчсөн хэлцэл гэж үзэн нотлох баримтаар үнэлэх боломжгүй хэмээн дүгнэсэн үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлох үүднээс анх Грави ХЗХ-той байгуулсан гэрээгээ оллоо энэ гэрээний 1.2-д дахь хэсэгт бичигдсэн талбайг Грави ХЗХ-оос худалдан авсан гээд тус гэрээний Г, Д дэх хэсэгт бичигдсэн 18 болон 21-р дүгээр хэсгийн 50 хувийг эзэмших эрхтэй гэтэл миний эзэмших ёстой 50 хувийн талбайг *******ресторан зөвшөөрөлгүй эзэмшиж байгаа тул өөрийн эзэмших эрхтэй талбайг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байгаа хэмээн тайлбарласан.

Тодруулбал нэхэмжлэгч нь Барилгачин клубд байрлах өөрийн өмчлөлийн 142.72 м2 талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2101012151 дугаарт бүртгэлтэй үл хөдпөх хөрөнгөөс 25 м2 талбайг хариуцагч нь хууль бусаар эзэмшиж байгаа тул чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан болно. Гэвч хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар нэхэмжлэгчийн өмчлөх эрх бүхий 142.72 м2 талбайтай үл хөдпөх хөрөнгөөс яаг хэдэн м2 талбай дутуу байгааг нотолсон баримтыг нэхэмжлэгч шүүхэд гаргаж өгөөгүй болно. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн щаардлагын үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй болно. Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн нотлох баримтуудыг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ 40.2-д Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасны дагуу үнэлж үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ. Шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 142/Ш32020/01980 дугаар захирамжийн дагуу Орхон аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс нэхэмжлэгч Бамбай Фарма ХХК-ийн өмчлөлийн Ү-2101012454 дугаарт бүртгэлтэй 142.2 м2 талбай үл хөдлөх хөрөнгийн хувийн хэргийн материалд Грави ХЗХ-ны эзэмшиж байсан Барилгачин клубийн 1 давхрын зохион байгуулалтыг харуулсан зургийн 19, 20 дахь хэсгийг нэхэмжлэгчийн өмчлөх эрхийн талбайд оруулж зурсан план зураг байхгүй байгааг анхан шатны шүүх анхаар ч үзэлгүйгээр шууд ... 19, 20 дугаар хэсгийг Вестибюль, тамбур гэж нэрлэсэн байх ба нийт талбайн хэмжээ 24 м2 байна. Талуудын эзэмшлийн талбайн хэмжээг хэсэгчлэн харуулсан план зурагт дээрх хэмжээ аль алинд хамааралтай байдлаар оруулсан байдаг ... хэмээн хавтаст хэргийн хэддүгээр талд авагдсан ямар нотлох баримтыг үнэлж шийдвэрлэсэн тодорхойгүй, таамаг төдий дүгнэлтийг шүүх хийж хэргийг шийдвэрлэсэн нь хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн үйлдэл боллоо. Хэрэгт цугларсан бичгийн баримтаас А.Батцэцэг нь Барилгачин клубийн байранд байрлах 140.50 м2 талбайтай үл хөдпөх хөрөнгийн өмчлөгч Д.Нямдоржтой гэрээ байгуулж түүнээс 150.000.000 төгрөгөөр худалдаж авсантай зохигчид маргадаггүй бөгөөд тухайн хөрөнгийг хариуцагч Н.Энхлэнтогтох 2018 онд бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлж авсан нь тоггоогдож байгаа ба Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн хавтаст хэргийн 32 дугаар талд авагдсан Грави төвийн 1 давхрын байгуулалтыг харуулсан план зурагт 19, 20 дугаар хэсэг нь Н.Эхлэнтогтохын өмчлөлийн талбайд хамаарч байгаа болохыг анхан шатны шүүх орхигдуулан дүгнэсэнд хариуцагч Н.Эхлэнтогтохын зүгээс гомдолтой байна. Дээр дурдсанчлан үнэхээр нэхэмжлэгчийн өмчлөлийн 142.72 м2 талбайтай үл хөдпөх хөрөнгөөс 25 м2 талбай дутаж байгаа юм бол нэхэмжлэгч түүнийгээ нотлох ёстой гэтэл баримтаар нотолж чадаагүй мөн хариуцагч Н.Энхлэнтогтох нэхэмжлэгчийн өмчлөлийн 25 м2 талбайг хууль бусаар эзэмшиж байгаа тохиолдолд түүний өмчлөх эрхтэй 140.50 м2 талбай 25 м2 талбайгаар нэмэгдсэн байх ёстой гэвч баримтаар хариуцагчийн өмчлөлд бүртгэлтэй ашиглаж байгаа талбайн хэмжээ 134.6 м2 байгаа болох нь баримтаар нотлогдож байгаа болно.

Түүнчлэн анхан шатны шүүх ...нэхэмжлэгч Бамбай Фарм ХХК-ийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулан бүртгүүлэхдээ бүрдүүлсэн план зургийн хэмжээгээр буюу 7.72 м.кв /7.75 м.кв гэж тодорхойлсон боловч гэрчилгээ 7.72 хэмжээгээр гарсан байдаг/ хэмжээгээр нэхэмжлэлийн шаардпагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна... хэмээн дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-д заасныг тус тус зөрчсөн гэж үзнэ. Учир нь хэргийн 213 дугаар талд авагдсан план зураг нь хэн хэзээ үйлдсэн нь тодорхойгүй, мөн тус зурагт тэмдэглэгдсэн 7.75 м.кв талбай гэсэн хэсэг нь Грави төвийн 1 дүгээр давхрын байгуулалтын 19, 20 дахь хэсэгтэй хамааралтай тухайн хэсгийн зураг гэдгийг нотлох баримт хэрэгт байхгүй байхад шүүх тухайн зургийг 19, 20 хэсгийн зураг мэт таамагласан дүгнэлтийг хийн нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн үзэхээр байна. Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 142/ШШ2020/00533 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Бамбай фарм ХХК-ийн захирал Ж.Байгальмаа нь хариуцагч *******рестораны эрхлэгч С.Одонтунгалагт холбогдуулан бусдын хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн талбайг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Эхлэнтогтохыг оролцуулах тухай хүсэлт гаргаж шүүх хамтран хариуцагчаар татан оролцуулсан ба хариуцагч Н.Эхлэнтогтохын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргаж өөрийн татгалзал тайлбараа дэмжин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүх хуралдаанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа чөлөөлүүлэх талбайг 24 м2 үүний 50% болох 12 м2 талбайг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэхэд Грави хадгаламж зээлийн хоршоо нь анх 2008 оны 05 дугаар сарын 29-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж Бамбай фарм ХХК-д 113.693.000 төгрөгийн үнэ бүхий оффисийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хэсэгчлэн худалдсан байх ба мөн 2008 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг Грави хадгаламж зээлийн хоршоо /Ш.Саранчимэг/, Бамбай фарм ХХК /Ж.Байгальмаа/ нар байгуулж Орхон аймаг, Баян-Өндөр сум, Зэст баг Барилгачдын талбайд байрлах 115.15 м2 талбай бүхий 1 давхарын 2 өрөөг 113.693.000 төгрөгөөр худалдан авч үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэлд бүртгүүлэн Ү-2101012454 тоот гэрчилгээ авч баталгаажуулжээ.

2008 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Грави хадгаламж зээлийн хоршоо нь Д.Нямдоржтой 150.7 м2 талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 148.500.000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх эрхийн гэрчилгээ авсан байна.

Д.Нямдорж өөрийн өмчлөлийн үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгөө А.Батцэцэгт худалдсан. А.Батцэцэг нь 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр тухайн үл хөдлөх эд хөрөнгөө Н.Эхлэнтогтоход бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн. Н.Эхлэнтогтох нь 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр С.Одонтунгалагт түрээслүүлсэн зэрэг үйл баримт тогтоогджээ.

Бамбай фарм ХХК нь өөрийн өмчлөлийн 12 м2 талбайг хариуцагч *******ресторан бидний зөвшөөрөлгүй өөрсдийн эзэмшил ашиглалтад эзэмшиж байгаа тул хууль бус эзэмшлээс өмчлөлийн талбайгаа суллуулна гэсэн шаардлага гаргаж талууд маргаж мэтгэлцжээ.

Шүүх гэрч С.Мөнхцэцэгийн мэдүүлэгт ... анх ашигтай талбайгаар тооцон Бамбай фарм ХХК 115.15 м2 Д.Нямдоржид 150.7 м2 талбай бүхий хэмжээ оногдсон байсан. Сүүлд хананы хэмжээ орох ёстой гэсэн тул бүх худалдаж авсан объектийн хэмжээнд өөрчлөлт орж гэрчилгээнүүд солигдсон, нэг хаалгатай байсан тул коридор, вестибюлийн хэсгийг энэ 2 байгууллагад хувааж тооцохоор болсон гэсэн мэдүүлэг нь нэхэмжлэгчийн тайлбар, улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн хувийн хэргийн баримтаар нотлогдож байх ба 1 дүгээр давхрын зохион байгуулалтыг харуулсан план зурагт 19, 20 дугаар хэсгийг вестибюль, тамбур гэж нэрлэсэн, нийт талбай нь 24 м2 байгаа ба дээрх зурагт талуудын эзэмшлийн аль алинд нь хамааралтай байдаг гэсэн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэл муутай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6., 47 дугаар зүйлүүдэд нийцээгүй байна.

Талуудын маргаанд хэрэгт авагдсан гэрээнүүд болон Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн хувийн хэргийн материалд авагдсан нотлох баримтуудыг үнэлж шийдвэрлэх боломжгүй. Талуудын маргаж буй 24 м2 гэх талбай нь нэхэмжлэгч Бамбай фарм ХХК-ийн өмчлөлийн, эзэмшлийнх болох эсвэл хоёр байгууллагын дундын өмчлөлийн талбай болох эсэх нь нотлох баримтаар батлагдан тогтоогдоогүй байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр бүрдүүлэх хэдий ч хэргийг шийдвэрлэхэд тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд шүүх өөрийн санаачлагаар шинжээч томилж шийдвэрлүүлэх боломжтой юм.

Маргаж буй талбайн асуудлыг тодруулахын тулд шинжээчийн дүгнэлт гаргуулж эцэслэн шийдвэрлэх шаардлагатай байхад анхан шатны шүүх хэргийн оролцогч хүсэлтээсээ татгалзсан байдлыг харгалзан шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй шийдвэрлэсэн үндэслэлгүй байна.

Иймд шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7.-д заасан үндэслэлээр хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.3. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 142/ШШ2020/00533 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Жанчивын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧИД Б.ОЮУНЦЭЦЭГ

С.УРАНЧИМЭГ